Read my blog's...

This is....
RSS





Эдийн засгийн хөгжилд хамгийн их хувь нэмэр оруулсан хүнээр Ерөнхий сайд тодорчээ


Эдийн засгийн чиглэлээр тойм судалгаа хийдэг томоохон сэтгүүл болох “ The Mongolian mining journal”-ийн уламжлалт санал асуулгын дүнгээр Засгийн газрын тэргүүн энэ оны эхний хагас жилд монголын эдийн засгийн хөгжилд хамгийн их хувь нэмэр оруулсан хүнээр тодорсон байна. 2010 оны эхний хагас жил нь Монгол улсын эдийн засагт онцгой сонирхолтой цаг үе бөгөөд хөгжлийн суурь болсон олон асуудлыг Засгийн газар шийдвэрлэж галт тэрэг хөдөлгөсөн гэж судалгаанд оролцогсод дүгнэснийг тус сэтгүүл онцолсон байна. Тиймдээ ч Ерөнхий сайд сэтгүүлчдийн бүтээлд хамгийн олон удаа нэр нь дурдагдаж, улмаар тухайн мэдээллийнхээ 77.3 хувьд нь гол эзэн байснаараа энэ номинацийг тэргүүлжээ. Таван толгой, төмөр зам гэх мэт улс орны стратегийн ач холбогдолтой их ажлуудыг хөдөлгөсөн, төрийн өмчийн компаниудыг нээлттэй болгох алхмуудыг эхлүүлж, ТУЗ-д нь иргэний нийгэм, мэргэжлийн холбоодын төлөөллийг оруулах ардчиллын салхийг хагалсан, бизнесийн шинэтгэлийн жил зарласан, эдийн засгийн форум уулзалтыг зохион байгуулсан болоод бусад олон үйл ажиллагаагаараа Засгийн газрын тэргүүн С.Батболд бусдаас онцгойрсон байна. Сэтгүүл зүйн мэргэжлийн байгууллага болох Монголын хэвлэлийн хүрээлэнтэй хамтран тус судалгааг хийжээ. Уг номинацын шагналыг “The Mongolian mining journal” сэтгүүлийн редактор Г.Идэрхангай, С. Болд-Эрдэнэ нарын сэтгүүлчид өнөөдөр Ерөнхий сайд С.Батболдод гардуулан өгсөн юм. Тэд “Эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулсан олон хүн номинацид нэр дэвшиж байснаас Ерөнхий сайд таны нэр хамгийн олон санал авсан” хэмээн тодотгож байв. Ерөнхий сайд шагналыг авсны дараа “ Засгийн газар монгол улсаа хөгжүүлэхийн тулд эдийн засгийн шинэтгэл хийхийг гол зорилтоо болгон ажиллаж байна. Энэ чармайлтыг эдийн засагчид болоод сэтгүүлчид олж харан тодорхойлж байгаад баярлалаа. Цаашид Засгийн газар эдийн засгийн шинэтгэл хийхийн тулд олон ажил хийх болно. Эдийн засгийн ардчилалд томоохон ахиц гарах болно” хэмээн дурдлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

...

Домог мөрөөдлийн цэнхэр говь буюу “Их нүүдэл” далласан амьдрал тэтгэх нутаг

“Ийм халуун өдрүүдэд говь руу яваад ирэв үү” гэж найз маань гайхсан янзаар асуув. Хашир ч юм шиг, гэнэн ч юм шиг асуултад нь “Халуун байна, халуун байна, гэхдээ тэнд амьдрал ид буцалж байна” гэхээс өөр зүйл хэлсэнгүй. Өмнийн цэнхэр говь руу явах хүсэл минь хэд хоног чангаасан болоод ч тэр үү, говь нутагт хөл тавьсан даруйдаа цэнгэг сайхан агаараар нь цээжээ дүүртэл амьсгалав. Даланзадгад хотын нисэх буудлаас алс тэртээд хөхрөх Гурвансайхан уулс цаанаа л ихэмсэг. Нисэх буудал ч гэж янзтай тохилог цэвэрхэн юм. Хот руу сунасан шинэхэн засмал замаар давхих зуур яагаад ч юм ирээдүйд өрнөх нүсэр хөгжлийн далд чимээг энэ зам мэдрүүлэх шиг. Өөдлөх айл үүднээсээ гэдэг дээ. Хэдхэн жилийн дараа Өмнөговь энэ байтугай л зам харгуйтай болно. Тийм болохоор говь руу тэмүүлсэн их нүүдлийн нэг цувааны эхлэл нь энэ зам ч юм бил үү. Тэртээ далаад онд “улстөрийн эсэргүү” гэгдсэн Т.Галсан найрагчийг шийтгэх зорилгоор элсэн далай говьд цөлсөн гэдэг. Гэвч тэнэгэр говь нь тэмээчин сэхээтнээ тэтгэж, хат суусан эр хүн болгож төлөвшүүлсэн тухай домог мэт яриа бий. “Болохгүй бүтэхгүй” гэснийгээ хөөж туудаг газар нь алс хязгаар говь нутаг байсан нь одоо түүх болон үлдэх нь. “Говийн ганц айл” хэмээх алдарт найраг гарч ирэн иртэл эгэл боргил монгол айлын их говь нутгаа сахин үлдсэн ер бусын амьдралыг сониучирхах хүн тэр үед олон байсан юм.
Баян-Овоо, Заг, Сүүж, алдарт Галбын говь… Нэр нь хүртэл уярам сонсголонтой, аглаг номин говьд өнөөдөр “хайртай хүн” дэндүү олон болчихож гэсэн гашуун үнэнийг би Өмнийн говьд очсон хойноо л сонслоо. Гоморхлын аястай юм шиг хэрнээ говиороо бахархдаг, говь нутгийнхны ахуй амьдрал өөдлөнө гэдэгт итгэдэг нэгэн эрхмийн яриа. ”Говьд хүн болж төрснөөс хангайд бух болж төрсөн нь дээр” гэдэг чихэнд чимэггүй үгийг хэн гээч гайхал нь гаргаж ирсэн юм бол?! Тэр хүн лав ХХI зуунд Монголын их нүүдэл говь руу эргэнэ гэдгийг тааварлах сөхөөгүй явсан биз. Голоод орхидог байсан говь нутаг чинь Монголын ирээдүй болох гээд байна, эрхэм анд минь. Үүц баялгаа задлаа ч үгүй байхдаа л Өмнөговь гэдэг нэр дэлхийн чихийг алт болголоо. Удахгүй Солонгост мөнгө олохоор одогсдын цуваа баялагт тэмүүлсэн нүүдэл дунд саарч, анир чимээгүй, аглаг зэлүүд нутаг хэдхээн жилийн дараа үйлдвэрийн хүчит нүргээн, галт тэрэгний гавшгай хурдаар солигдон үй түмэн хүмүүсийн амьдрал буцалсан шинэ талбар болон хувирах нь. Залуус гэр бүлээрээ, анд нөхдөөрөө говь нутагт амьдрал бий гэдэгт итгэн, хүлгийн жолоогоо Өмнөговь руу хэдийнэ хандуулжээ.
Их нүүдлийн шинэ давалгаа
Уурхай дагасан амьдралын эхний үр өгөөжийг Цогтцэцийчүүд амсаж сууна.
“Ажилгүй хүмүүсээ яах билээ” гэж гайхшаа барж байсан нь ердөө хоёр жилийн өмнөх явдал, одоо бол хуучирсан дурсамж. Алслагдсан, бөглүү нэрийг олон жил зүүсэн энэ сум өдөр ирэх бүр өнгө засч, ганц Цогтцэций ч гэлтгүй Даланзадгад, Баян-Овоо, Манлай зэрэг таван сумын иргэд “Энержи Ресурс” компанийн ажилчдын ихэнх хувийг бүрдүүлжээ. Эхэндээ “Энержи Ресурс”-ийнхэн орон нутгаас 20-иос доошгүй хувийг ажлын байртай болгоно гэж төлөвлөж байж. Харин “Ухаа худаг” төсөл эхэлсэн жил хүрэхгүйн хугацаанд нутгийн иргэдийг мэргэжшүүлэн ажилчдынхаа 40 гаруй хувийг Өмнөговиос бүрдүүлжээ. Лав л Цогтцэцийчүүд ажилгүй гэх зовлонгоос бүрэн ангижирсан гэнэ. Ажилчдын хотхон Галерей кэмпэд байрлах зуураа хэд хэдэн хүнээс “Хаанаас ирээд ажиллаж байгааг нь” лавлавал ямар ч эргэлзсэн зүйлгүй ”Цогтцэцийгээс” гэж хариулах. Нэг хэсэг Цогтцэций сум эзэнгүйдэх аюул нүүрлэж байсан бол одоо эндхийг чиглэгсдийн тоо бараг гэрлийн хурдаар нэмэгдэх болжээ.
Л.Энхжаргал гэгч бүсгүйтэй уулзах боломж олдов. Манлай сумаас Цогтцэцийд ирээд амьдрал ахуй нь дээшилж яваа жирийн л эмэгтэйчүүдийн нэг. Одоо тэрээр “Ухаа худаг” уурхайд шинэ цагийн “үлэг гүрвэл” гэгдэх аварга белаз жолоодож байна. -Эмэгтэй хүнд дэндүү ахадсан ажил биш үү? гэж түүнээс асуухад,-Үгүй дээ, би энэ ажилдаа маш дуртай. Сайн жолоодоод сурчихвал илүү том белаз жолоодоно” хэмээн итгэлтэй нь аргагүй хариулав. Орхон аймгийн уугуул, Н.Наран-Эрдэнийн гэр бүлийнхэн энд амьдралаа цоглоохоор иржээ. Нийслэлд Уул уурхайн сургуулийн уулын ашиглалтын инженер мэргэжлээр дүүргэсэн залуу “Цогтцэцийд очсон байхад ажил олдож л таараа” гэж зүтгэсээр байгаад хүрч ирсэн тухайгаа ярьж байна. Алс говь нутагт халбага сэрээ, аяга энэ тэрхэнтэй л ирсэн тэр хоёр анх айлын хажуу гэр хөлсөлж амьдарч байж. Одоо тэгвэл Н.Наран-Эрдэнэ уурхайн хүнд машин механизмын оператор болчихсон, хэнээс ч дутагдахааргүй сайн, сайхан амьдарч явна.
Цогт-Овоо сумын уугуул С.Пүрэв-Очир, түүний гэргий Б.Энхсувд гэж шижигнэсэн залуу гэр бүл. Пүрэв-Очир өөрөө уурхайд операторчин, харин эхнэр нь Оффиснет компанид ажилладаг ажээ. Морин хуур урлах хообийтой тэрээр анхлан уурхайн лабортарийн дээжигчээр ажиллаж байж. Одоо тэрээр “Би жижиг оврын машин унаж явсан болохоос биш 773 белаз жолоодож ч үзээгүй хүн. Бүх зүйлийг эхнээс нь сурсан” хэмээн ярив.
Ажиглаад байхнээ, Цогтцэцийчүүд шинэ юм сурч мэдэх зорилго тэмүүллээр дүүрэн, эрвийх дэрвийхээрээ зүтгэж байна. Яваандаа энэ сум баруун бүсийн хөгжлийн төв болох гэж байгаа учраас ажилгүй гэж гараа хумхин суух хүн ер алга.
Монгол залуус орчин үеийн техник технологиудыг амархан эзэмшдэг нь гадаадын мэргэжилтнүүдийн сэтгэлд их хүрдэг байна. Ямартаа л “Монголчууд өөр юм аа. Хүн хэлээгүй, заагаагүй байхад л харж зогсож байгаад сурчих юм гэж гадаад багш нар шагширдаг” хэмээн Ухаа худаг уурхайн засварын төвийн мастер Ц.Ууганбаатар хэлж байхав. Өмнөговь аймагт ажил олдохгүй биш, харин ч цалингийнх нь хэмжээгээр байгаа ажлаа голох хандлага бий болсон тухай нутгийн нэгэн хүнээс сонслоо. Манай улсын аль суманд байдаг ажилгүй, налайсан хүмүүсийг Ханбогд, Цогтцэцийгээс олж харна гэвэл бүтэхгүй гэж тэрээр хэлж байна. 1960-70-аад онд Эрдэнэтийн чиглэсэн их нүүдэл дундаас, “Эрдэнэтийн овоо өнгөтэй байна
Энэ зууны царай байна аа гэсэн дуу цуурайтсаар өнөөгийн Орхон аймаг сүндэрлэн боссон. Эрдэнэтийн Хүдрийн ил уурхайн дарга Н.Бямбадорж “Намайг сургуулиа төгсөөд энд ирж байхад нэг ч айл байгаагүй. 30-хан жилийн дотор ингэж хөгжих гэж” хэмээн хэлж байсан нь санаанд үлджээ.Аагим халуун өдөр хэрнээ хуурай шороогоор шуурсан саяхны нэгэн өдөр Цогтцэцийд 150 айлын орон сууцны шав тавих ёслол болов. Газар ухагч хүчит трактор эхний хорооллын суурийг тавих ёс үйлдэн аврага шанагаараа шороо хутгах мөчид Цэцийчүүд ер бусын хөөр догдлолд автсан нь илт. Говь нутгийг бараадаж ирсэн дээ алдсангүй ээ гэж, миний архан талд зогсож буй нэгэн залууг хэлэхэд хажуудах нь “Харин тийм ээ. Удахгүй Цэций хороолол баригдаад ирэхээр бидний араас өч төчнөөн залуус говь руу шилжиж ирэх байх. Хаана амьдралын сайхан орчин бүрдэнэ, тэр рүү хүн тэмүүлдэг хойно доо” гэж шивэгнэх аядан хариулав. Говь руу.. Энэ үг шинэ цагийн залуусын уураг тархинд ийнхүү сууж эхэлж байна.
Цогтцэций хот болж өргөжихөөр төмөр зам, дэд бүтэц гээд бүтээн байгуулалт хар аяндаа өрнөнө. Тэр бүхэнд ажиллах орон тоо хэрэгтэй. Ойрын хугацаанд шинээр 1500-3000 хүн Цогтцэцийд ажлын байртай болох нь гэсэн судалгаа ч гарчээ.
Говь рүү чиглэсэн нүүдлийн цуваа ойрын хэдэн жилд бүр эрчимжих нь тодорхой аж. Олон улсын судалгааны Касталиа байгууллага “их нүүдэл”-ийг урьдчилан харсны дүнд Ханбогд суманд хүн амын өсөлт ихээхэн мэдрэгдэхийг тооцоолжээ. Уг судалгаагаар бол Оюутолгой уурхайн ажил байгаа энэ үед 3000 хүн, дараагийн гурван жилд энэ тоо 12000-д хүрч, улмаар 15 жилийн дараа гэхэд 20000 болж нэмэгдэх тооцоог гаргажээ. Үүнийг хүн амын бүтцээр нь авч үзэх юм бол нийт хүн амын 3000 орчим нь сумын оршин суугчид, 1000 гаруй нь уурхайчид, 4000 орчим нь уурхайчдын гэр бүлийн гишүүд, 4000 орчим нь шилжин ирэгсэд байх гэнэ. Энэ мэтээр их говь нутагт яваандаа хүн амын тодорхой төвлөрөл үүсэх нь эргэлзээгүй болжээ. Гадны орны нэгэн жишээг дурьдахад, Индонезийн зэс алтны Гразберг уурхайг анх нээгдэхэд онгон зэлүүд энэ нутагт хэдэн зэрлэг ан амьтан, урц овоохойд амьдардаг цөөхөн тооны хүн л амьдардаг байж. Харин уурхайг 30 гаруй жил олборлосны дараа орд дагасан томоохон хот үүсч, өнөөдөр 100 гаруй мянган хүн амтай болсон байна. Индонезийн Жакарта болон бусад мужаас Гразберг руу чиглэсэн хүн амын томоохон нүүдэл бий болжээ, яг л манай Монголд болж байгаа их нүүдэл шиг.

Ханбогд сумыг 30-50 мянган хүн амтай хот болоход “Оюутолгой” ХХК-ийн зүгээс шат дараатай ажлууд хийхэд бэлэн гэж нэгэн удирдах ажилтан нь мэдэгдэж байсан. Тэгвэл Ханбогдод нь хөгжил төвлөрөхөөр Манлай, Баян-Овоо нь бас өргөжих нь мэдээж.
2015 он хүртэл говийн бүсэд хэрэгжих “Оюутолгой, Тавантолгойн уул уурхайн олборлох болон боловсруулах үйлдвэрийг түшиглэн бүс нутгийн дэд бүтцийг хөгжүүлэх хөтөлбөр”-т тусгаснаар бол Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр аймгийн хэмжээнд нийт 150 орчим мянган иргэн оршин сууж байна. Хэдхэн жилийн дотор энэ тоо хэрхэн нэмэгдэхийг одоогоор яг таг хэлдэг хүн байхгүй. Зөвхөн Өмнөговь аймагт гэхэд 2008 оны эцсээр 47740 хүн амтдарч байсан бол өнөөдөр 51800-д хүрчээ. Хоёрхон жилийн дотор хүн ам нь 10000-аар нэмэгдэж. Энэ нь хот газраас говь руу шилжин ирж буй хүмүүсийн тоо. Говь нутагт ийнхүү хөл хөдөлгөөнд орж эхэллээ. “Говийн ганц айл” гэж хэмээгдэн цагт “эзэнгүйрэх” шахсан домог мөрөөдлийн цэнхэр говьд нүүдэл дагасан амьдрал буцалж байна. “The Mongolian mining journal” дараа дараагийн дугаартаа “Говь руу нүүж байна” булангаа үргэлжлүүлэх болно


2010.07.09

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

...

ГУРВАНТЭСЭЭС ХОНГКОНГ РУУ НИСЭХ БОЛНО


Уул уурхай дагасан их бүтээн байгуулалт өмнийн говьд өрнөж байна. Оюутолгой, Тавантолгой гээд Монгол Улсын хөгжлийг түргэтгэх учиртай баялаг орд газруудад түшиглэсэн томоохон хот, суурингууд хэдхэн жилийн дараа сүндэрлэн босч, Өмнөговь бүс нутгийн хамгийн хөгжсөн аймаг болно гэдэгт орон нутгийн удирдлага болоод ард иргэд итгэж буй. “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” ТББ-ын сэтгүүлчид Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраатай ярилцлаа.


Сүүлийн үед “уул уурхайн өгөөж” гэж ярих боллоо. Энэ өгөөжийг хамгийн түрүүнд хүртэх учиртай улс нь өмнөговьчууд ч гэдэг. Тавантолгой ХХК-ийн 51 хувь нь орон нутгийн өмчлөлд байдаг. Өмчлөлийнх нь дагуу та “Нутгийн хишиг” нэрээр өмнөговьчуудад 50 мянган төгрөг тарааснаас болж багагүй хэл ам дагуулсан. Энэ хөтөлбөр одоо хэрэгжиж байгаа юу?


-Тавантолгойн ХХК-ийн уурхайн 51 хувийн өмчлөлийн ногдол ашгийг орон нутаг жил болгон авдаг. Ашгаасаа шалтгаалаад 7-13 тэрбум орчим төгрөг Өмнөговь аймагт ордог юм. Мэдээж үүнээс тодорхой хэсгийг улсын орлогод төвлөрүүлнэ. Мөн орон нутгийн бүтээн байгуулалтын ажлуудад зарцуулна. Оюутолгой, Тавантолгой гэх мэт томоохон ордууд манай аймагт байдаг учраас уул уурхайгаас олсон ашгийг орон нутагт давуу эрхтэйгээр зарцуулах боломж бий гэж бид үздэг. Тийм ч учраас бид 2008 оны сонгуульд оролцохдоо “Нутгийн хишиг” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр шийдсэн. Ингээд бид үүнийгээ мөрийн хөтөлбөртөө оруулж 2008, 2009 онд тус бүр 50 мянган төгрөгийг иргэддээ олгосон. Энэ бол болж бүтэхгүй зүйл биш. “Нутгийн хишиг”-ийг иргэддээ олгосноор ядахнаа Өмнөговийн иргэдийн бүртгэлээ сайжруулсан. Нэг удаад 50 мянган төгрөг олголоо гэж үзье. Өмнөговь аймаг 50 гаруй мянган хүн амтай. Тэгэхээр 2.5 тэрбум төгрөг шаардагдана биз. Цаашдаа “Нутгийн хишиг” хөтөлбөр хэрэгжинэ. Харин мөнгө хүртээх хэлбэрийн хувьд өөр байх болов уу. Үйлдвэр байгуулаад, түүнийхээ хувьцааг иргэддээ өгвөл илүү үр ашигтай байж магад. Гурван тэрбум гаруй төгрөгөөр Мах комбинат байгуулахын тулд бид техник, эдийн засгийн үндэслэлийг нь боловсруулчихаад байгаа. Тэнд хөргөх зоорь, мах нядалгааны газар, за тэгээд тахиа, гахайны аж ахуй хүртэл хөгжүүлэх ёстой. Өмнөговь аймагт уул уурхайн салбар эрчимтэй хөгжсөн байх үед уул уурхайн компани, аж ахуйн нэгжүүдийн ажилчдын хүнсний хэрэгцээг зайлшгүй хангах шаардлага гарна. Мах комбинат байгуулчихвал наад зах нь хэчнээн хүнийг ажлын байраар хангах билээ. Оёдлын үйлдвэр байгуулах тухай бас яригдах байх. Эрээнээс ажилчдын баахан хувцас авчирч байхын оронд эндээ Оёдлын үйлдвэр барьчихвал хамаагүй дээр. Өмнөговьчууд өөрсдөө уурхайн ажилчдын хувцас хэрэглэл оёод байж чадна. Ядаж уул уурхайгаас олсон мөнгө маань нутагтаа үлдэнэ. Өмнөговьд “Бизнесийн зөвлөл” байгуулагдсан. Энэ зөвлөл миний сая онцолж хэлсэн ажлуудыг хийх ёстой. Ухаа худаг, Нарийнсухайт ч юм уу, уул уурхай хөгжих гол газруудад шаардлагатай зүйлсийг нь нийлүүлдэг үйлдвэрүүд маш чухал.


-Өмнөговь аймгаас улс орны хөгжил дэвшилтэй холбоотой олон зүйл шалтгаалах нь. Орон нутаг уул уурхайн ашиг орлогыг хүртэх давуу эрхтэй гэдэг утгаараа аймгийн хөгжлийн бодлоготойгоо хэр уялдах вэ?


Өмнөговь аймгийг 2020 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөө бий. Хүн амын тоо тэгж өснө, ажилгүйдэл тэдэн хувь буурна, дотоодын нийт бүтээгдэхүүн тийм хэмжээнд очно гэсэн ерөнхий үзүүлэлтийг төлөвлөгөөнд тусгасан. Амьдрал бас сонин л доо. Хүмүүс говь нутгийг мэддэггүй байсан. Элсэн цөл дунд баахан хөрслөг бор хүмүүс амьдардаг, бараг говьд хүн болж төрснөөс хангайд бух болж төрсөн нь дээр ч гэж ярьдаг байлаа. Өнөөдөр говьд хайртай хүн олон болчихож. Говь нутаг бол байгалийн эрс тэс уур амьсгалтай, хатуу ширүүн нөхцөлтэй. Жилийн ихэнх улиралд нь цас, шороогоор шуурдаг. Ийм л нөхцөлд өмнөговийнхон хот газар бараадалгүй амьдарч ирсэн. Уул уурхай гэж энд тэндгүй пижигнэж, бэлчээр нутаг сүйдэж, мал сүрэг хорогдож байсан ч нутаг орноосоо дайжсангүй ээ. Өмнөговьчууд маш хүнд бэрхшээл туулж яваа. Нүүрс тээвэрлэлтийн замын хажууд нутгийн иргэд маань хохирдог. Яг үнэндээ Тавантолгойд хайртай болсон Хөвсгөлийн нөхөрт ямар ч утаа тоос хамаагүй. Тийм болохоор Өмнөговийн иргэд уул уурхайн өгөөж хишгийг давуу эрхтэй хүртэх ёстой. Гэтэл “Нутгийн хишиг” хөтөлбөрөөсөө болоод би маш их хэл аманд орсон. Бадраа гэдэг нөхөр Өмнөговь гэдэг тусгай улс байгуулаад хэдэн хүндээ мөнгө тарааж суудаг гэж боддог хүн олон бий. Уул уурхайгаас болж өмнөговьчуудын эрүүл мэнд, байгаль экологи ихээхэн хохирч байгаа болохоор “Нутгийн хишиг” хөтөлбөр хэрэгжүүлье гэж бодсон юм.

Гэхдээ Оюутолгой, Тавантолгой орд нэгэнт Монголын ард түмний өмч учраас ашиг орлогыг нь бүх ард түмэнд шударгаар хувааж өгөх ёстой гэдэгт би санал нэг байгаа.


-Өмнөговь аймгийн хөгжлийн дүр зургийг та хэрхэн төсөөлж байна вэ?


Манай аймаг ойрын таван жилд асар хурдтай хөгжинө. Хөгжлийнхөө торгон ирмэгт ирсэн. “Ухаа худаг” төсөл хэрэгжиж байгаатай холбоотойгоор Гашуунсухайтын хилийн боомт хүртэл 250 километр зам тавих ажил явагдаж байна. Удахгүй Шивээхүрэнгийн боомтоос Гашуунсухайтын нүүрсний уурхай хүртэл 60 километр замын ажил эхэлнэ. Хоёр боомт 24 цагийн үйл ажиллагаатай боллоо. Мөн уул уурхайн том төслүүд хэрэгжихээр дэд бүтцээс авахуулаад дулааны цахилгааны станц шинээр барих шаардлагатай болно.


Говьд хайртай хүн олон болчихож гэж та хэллээ. Өмнөговь руу чиглэсэн их нүүдэл эхэлж байна. Энэ нь аймагт хүн амын төвлөрөл үүсгэхээс гадна хүн амын бүтцэд томоохон өөрчлөлт оруулах хандлага ажиглагдаж байгаа. Яваандаа хот төлөвлөлт гэж том асуудал гарч ирэх байх. Энэ тал дээр аймгийн удирдлага ямар зохицуулалт хийх вэ?


-Даланзадгад Улаанбаатар шиг болохгүй ээ. Яагаад ингэж хэлэв гэхээр уул уурхайн томоохон олборлолт зөвхөн сумдад өрнөж байна. Тэгэхээр Даланзадгад ганцаараа хөгжинө гэж ойлгож болохгүй. Даланзадгадын баруун талд, 300 гаруй километрийн зайд орших Гурвантэс гэж сум бий. Энэ суманд хүн амын төвлөрөл үүснэ. Гурвантэсийн нутаг дэвсгэрт Шивээхүрэнгийн хилийн боомт байдаг. “Шинхуа МАК”, “Монголын алт”, “Өмнийн говийн элс” зэрэг томоохон компани энд үйл ажиллагаа явуулж байгаа.Тиймээс бид Гурвантэсийг хот болгохоор ирээдүйн төлөвлөгөөндөө оруулчихсан.
“Оюутолгой” төсөл хэрэгжиж байгаа Ханбогд сум байна. Удахгүй 20 орчим мянган хүн амтай хот болно. Цогтцэций сум бас хот болж өргөжинө. Өмнөговь аймаг бол улсдаа хамгийн том газар нутагтай. Том газар нутагтай, цөөхөн хүн амтай учраас гурав, дөрвөн газар хот байгуулагдана. Тийм болохоор Даланзадгад хотод хэт бөөгнөрөл үүснэ гэж болгоомжлох зүйлгүй. Гэхдээ говь руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн маш их. 2008 оны эцсээр Өмнөговь аймаг 47740 хүн амтай байсан бол өнөөдөр 51800-д хүрсэн. Энэ бол шилжин ирж буй хүмүүсийн тоо. Шилжүүлэгт огт хамрагдаагүй буюу Оюутолгой, Тавантолгойд түр хугацаагаар ирж ажиллаж буй хүмүүсийн тоог гаргавал үүнээс хамаагүй их болно.


Гурван газар хот байгуулагдах юм байна. Хот төлөвлөлтийг ямар байдлаар хийх вэ?


-Бүх сумдын газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хийгээд дуусч байгаа. Хоёр жилийн өмнөөс Гурвантэс, Ханбогдын хот төлөвлөлтийг үндсэндээ хийчихсэн. Тэгэхээр 2021 он хүртэл бидэнд ийм тийм гэхээр саад учрахгүй. Зарим нэг газар сум байгуулчихаад гэнэтхэн л хүн ам нь дийлдэхээ болилоо, одоо дахин нүүе сууя гэдэг шүү дээ. Манай говь нутагт ийм асуудал үүсэхгүй. Өмнөговь аймаг Даланзадгад, Гурвантэс, Ханбогд, Цогтцэций гэсэн дөрвөн нисэх буудалтай. Гурвантэсийн онгоцны буудал удахгүй олон улсын нисэх буудал болж өргөжинө. Заавал Улаанбаатараар дамжих биш, эндээсээ Бээжин, Хонконг руу нисдэг болно. Иргэний нисэхийн ерөнхий газраас мэргэжлийн хүмүүс ирээд буудлаа өргөтгөх талаар ярьж байгаа. Холбогдох яамд үүнийг шийднэ гэдэгт итгэж байна. Тэгэхээр дагуул хотууд хөгжих нь гарцаагүй юм.


-Өмнөговь аймагт том хот суурингууд баригдаж, их бүтээн байгуулалт өрнөх нь мэдээж. Гэхдээ уурхай дагасан амьдралд байгаль экологийн хор хохиролтой өч төчнөөн асуудал босч ирдэг. Энэ бүгдийг эхнээс нь цогцоор нь шийдэх боломжтой юу?


Уул уурхайн компаниуд нөхөн сэргээлт хийнэ гэж том ажил бий. Байгаль орчны төлөвлөгөө батлуулахаар Байгаль орчны газар, сумдын дарга нараар явдаг шүү дээ. Ашигт малтмалаа маш эрчимтэй олборлоод хэдхэн жилийн дотор хөгжсөн хэрнээ байгаль экологи нь сүйдчихсэн орнуудын бэлэн жишээ байдаг. Ийм байдалд хүрэхгүйн тулд та нар атга шороо өгсөн ч эргээд тэндээ юм хийлгэж байгаач гэж би сумдын дарга нартаа хэлдэг. Нөхөн сэргээлтийг маш сайн хийлгэж байх ёстой л доо. Хамгийн гол зовлон бол ан амьтдын хохирол. Нутгаасаа дайжиж алга болоод байгаа хулангуудыг бид яаж торгоох вэ. Төмөр зам тавиад өдөр шөнөгүй нүүрс зөөгөөд ирэхийн цагт хулангуудыг тогтоож барихад хэцүү болно. Харамсалтай нэг зүйл хэлье. Өнгөрсөн жил Өмнөговь аймагт зуд нүүрлэж, өдий төдий мал хорогдлоо. Аргал, янгир идэх өвсгүй болж маш олноороо нэрвэгдсэн. Манай байгаль хамгаалах газрын хүмүүс уул хаданд өвс тэжээл тавьж, ганц нэг аргал янгир ч болов аврахыг хичээсэн. Газрын хөрсийг онгилж авсан ч тэндээ мод, ногоо тарьж болно. Нөхөн сэргээлт гэж үүнийг л хэлээд байгаа хэрэг. Компаниуд энэ тал дээр өөр өөрсдийнхөө хэмжээнд тодорхой ажлууд хийж байгаа. Харин ан амьтдаа дайжуулахгүй, үрэгдүүлэхгүй байх тал дээр яах вэ гэж байгаль орчныхон ярьж байгаа. Яг тэгээд хийчихнэ гэсэн тоймтой зүйл алга.


- Өмнөговийн гүний усны нөөц бол маш эмзэг сэдэв. Ирэх арваад жилийн дотор аймгийн усны хэрэгцээ долоо дахин нэмэгдэнэ гэсэн судалгаа бий. Гэвч Дэлхийн банкны гаргасан судалгаагаар бол одоогийн гүний усны нөөц 15-20 жилийн дотор шавхагдах нь. Ус тойрсон асуудал 100, бүр 200 жилийн дараа ч яригдах зүйл шүү дээ?


-Балгасын улаан нуурын цэвэр усыг тодорхой хугацаагаар ашиглая гэсэн судалгааг эрдэмтэд хийсэн байдаг. Говь нутагт ус гэдэг чандмань эрдэнэ. Хөдөөний малчин эрэлд яваад хатаж үхсэн гашуун сургамж бий. Малчид гайгүй бэлчээр сонгох гээд хамаг малаа хил рүү оруулчихсан. Тэнд худаг байхгүй. Өвс ногоотой ч гэсэн малчин усгүй бол яаж амьдрах билээ. Балгасын нуур орчим гүний усны нөөц их байгааг тооцоо судалгаагаар тогтоогоод 50, 60 жил ашиглаж болно гэж байгаа. Гэхдээ бид үүнийг баталгаатай гэж үзэхгүй. Миний бодлоор уул уурхайн олборлолтын хэмжээнд тааруулж усны нөөцийг 40, 50 жилээр яриад байх шиг. Хэрлэн, Орхон мөрний усыг говь руу татна гэдэг. Үнэндээ тэр сайхан элбэг дэлбэг усыг нааш нь татвал бас л сөрөг үр дагавар гарна. Байгалийн зохилдолгоог хүн өөрчлөх гэж оролдох тусмаа эргээд хор хохирлыг нь амсаж л таарна. Үнэхээр Хэрлэн, Орхоныг говь руу татаж болдогсон бол сайхан л байна. Говь нутагт нэг том гол мөрөн урсаад…


Хилийн боомтууд түрүүчээсээ 24 цагийн үйл ажиллагаанд шилжин “олон улсын” гэсэн тодотголтой болох гэж байна. Хилийн боомтууд өргөжих нь орон нутагт хэр өгөөжтэй вэ?


-Би яг энэ асуудлаар Засгийн газарт шүүмжлэлтэй ханддаг. Төр, засгаа төлөөлөн Өмнөговьд аймагт ажиллаж байгаа мөртлөө яагаад Засгийн газрын эсрэг юм яриад байна гэж хэлдэг хүмүүс бий. Хариуцлагагүй зүйл яримааргүй байна. Гэхдээ уул уурхайн зарим компанийн шахалтаар эрх мэдэлтнүүд шийдвэр гаргаад байдаг биш байгаа даа. Нүүрс экспортолж, хилийн боомт ажиллаж байгаа нөхцөлд цаашдаа боомт төчнөөн сая тонн нүүрс гаргана гэх зэргээр урьдчилан нарийн тооцож хийдэггүй. Хилийн хоёр боомтыг 24 цагийн үйл ажиллагаатай болгох Засгийн газрын тогтоол гараад хэчнээн сарын нүүр үзэж байна. Гэтэл 24 цаг ажиллахгүй л байна шүү дээ. Ажиллах хүчний орон тооны асуудлыг одоо болтол шийдээгүй. Анх өдөрт найман цагаар 20 хүн ажиллаж байсан. Тэгвэл 24 цагаар ажиллабал энэ тоо хоёр дахин нэмэгдэх нь. Ажиллах хүний орон тоо нэмэгдэхээр тэдний амьдрах орчныг шийдэх болно. Цалин мөнгөний асуудлыг шийдэх хэрэг гарна. Энэ бүхнийг нэг мөр болгоогүй байж нүүрсээ өдөр шөнөгүй гаргаад бай гэж болохгүй биз дээ. Тогтоол шийдвэрүүд энэ мэтээр амьдрал дээр хэрэгжихгүй байна. Боомт томрохын хэрээр иргэдэд ач холбогдолгүй болж байгаа. Яагаад ингэж хэлэв гэхээр боомтоор том том машинаар нүүрс гаргах гээд байдаг. Гэтэл боомтоор эргээд Монгол руу будаа, гурил орж ирдэг баймаар байна. Хятадын Засгийн газар нэг хүнд нэг л уут гурил, будаа өгч оруулна шүү гэдэг. Үүнээс болж монголчууд ядарч зүдэрч байгаа. Байдал ийм байхад нүүрс гаргах тухай л яриад байх юм. Миний бодлоор нүүрс гаргадаг компаниудын шахалтаар боомтыг 24 цагийн үйл ажиллагаанд шилжүүлэх шийдвэр гаргасан юм биш байгаа. Төр засаг хамгийн гол нь иргэдийнхээ эрх ашгийн төлөө үйлчилж байх ёстой биз дээ.Даланзадгад хотын Дулааны цахилгаан станцын талаар сүүлийн үед таагүй мэдээ сонсогдох боллоо. Өнгөрсөн хоёрдугаар сард станцын хуваарилах байгууламж дээр осол гарч багагүй хохирол амссан. Мэдээж Тавантолгой, Оюутолгой ордын дэргэд цахилгаан станц барих тухай ярьж байгаа ч энэ нь цаг хугацаа шаардах ажил. Тэр хүртэл ганц станцаа яаж хэвийн ажиллуулах вэ?Үнэхээр тийм. Уурхай түшсэн цахилгаан станц наад зах нь хоёр, цаад тал нь дөрвөн жилийн дараа баригдана. Үүнийг хүлээгээд бид зүгээр сууж болохгүй. Өмнөговийн Дулааны цахилгаан станцын талаар олон жил ярьсан. Хэн нэгэн улстөрчтэй холбож ч ярьсан. Тийм биш ээ, уг нь их аятайхан цахилгаан станц баригдсан юм. Барьсан хүмүүс нь хэд хэдэн орны эрээвэр хураавар тоног төхөөрөмж авчирч нийлүүлээд хийсэн ч боломжийн цахилгаан станц байв. “Монголчилно” гэж ярьдаг даа, станцын нэг боолт нь унангуут оронд нь төмөр утсаар бэхлээд орхино. Ингэсээр байгаад станцыг өрөвдмөөр болгочихсон. Мэргэжлийн хүмүүс их дутагдсан даа. Станц зогссоноос болж өмнөговьчууд өвлийн хүйтнийг зүдэрч өнгөрүүлсэн. Харин сүүлийн үед станцын хэвийн үйл ажиллагааг сэргээх зорилгоор нийтдээ 600 гаруй сая төгрөг зарцууллаа. Өмнөговь аймаг хөгжиж байгаа. Улаанбаатар руу чиглэсэн нүүдэл Өмнөговь руу эргэж байна.Гэхдээ хөгжихийн тулд гэрэл цахилгаан, зам харгуй нь бүрэн бүтэн байх ёстой. Одоогоор Гурвантэс сум урдаас цахилгаан авдаг. Мандал-Овоо, Цогт-Овоо сум хойноосоо төвийн эрчим хүчний нэгдсэн системд холбогдчихно. 15 сумаас гурвынх нь цахилгаан хангамжийг цогцоор шийдэх юм. Ноён, Сэврэй сум удахгүй Гурвантэсээс цахилгаан авчихна. Түүнээс гадна Даланзадгад болон зургаан сум дулааны цахилгаан станцаар холбогдсон. Зургаан сумын цахилгаан хангамжийг Даланзадгадын Дулааны цахилгаан станцад 3.9 сая долларын өртөг бүхий өргөтгөл хийж шийднэ. Эрчим хүчний удирдах зөвлөл ТЭЗҮ-ийг нь шийдчихвэл 2010 оны долдугаар сараас өргөтгөлийн ажил хийгдэнэ. Одоо бид ирэх жилээс Баян-Овоо, Манлай сумын цахилгааны асуудлыг шийдэх ёстой. Ирэх жил Өмнөговь аймаг байгуулагдсаны 80 жилийн ой болно. Ойн үеэр бид гэрэл цахилгаангүй сууж болохгүй. Ярилцлагынхаа төгсгөлд “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” ТББ-ын хамт олонд талархал илэрхийлье. Манай говь нутагт өрнөж байгаа их бүтээн байгуулалтын талаар олон сайхан мэдээ, мэдээллийг монголчууддаа түгээнэ гэдэгт итгэж байна.
Тэмдэглэсэн Г.Идэрхангай

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS