Read my blog's...

This is....
RSS

....


Д.Цэвээндорж: Уул уурхайн хайгуул, олборлолтын үед түүхэн эд өлгийг хамгаалахад чиглэсэн ганцхан заалт бий


Сүүлийн үед уул уурхайн салбар эрчимжиж, газар доорхи баялгаараа Монгол улсаа хөгжүүлнэ гэж дээр дооргүй ярьж байгаа. Гэвч уул уурхайн зарим хариуцлагагүй компанийн хөлд түүхэн соёлын дурсгалууд маань устаж буйд монгол хүн бүр сэтгэл зовниж байна.
ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал, Монгол улсын Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, доктор, профессор Д.Цэвээндоржтой сэтгүүлч Г.Идэрхангай энэ сэдвээр ярилцлаа.


Соёлын түүхэн өвүүд уул уурхай дагасан амьдрал дунд сүйдэж байна. Үүнийг зарим хүн Соёлын өвийг хамгаалах хууль хэрэгжихгүй байгаатай холбон тайлбарладаг. Та энэ талаар ямар бодолтой байна вэ?
Би нэг сонин зүйл хэлье. Анх Түүх соёлын дурсгалыг хамгаалах хууль гэж байсан. Түүнийг 1995 онд Соёлын яамны сайд Н.Энхбаяр, УИХ-ын гишүүн Батсуурь нарын санаачлагаар шинэчлэхдээ хуулийн төсөл боловсруулах Ажлын хэсэгт намайг оруулсан юм. Бид байнга санал зөрөлдөнө. Өмнөх хуульд музейн дурсгалуудыг хамгаалах тухай заалт түлхүү тусгасан байснаас биш яг үнэндээ археологийн шинжилгээ юм уу, байгаль орчныг хамгаалах талын заалтууд маш цөөн байсан л даа. Ямар сайндаа Батсуурь гишүүн “Энхбаяр сайд аа. Та Соёлын сайд болохоос музейн сайд биш шүү” гэж хэлж байх вэ. Намайг хүртэл “Та өөрийгөө шинжлэх ухааны эрдэмтэн гэж бодож байна уу. Үгүй шүү, Та бол Монгол улсын эрдэмтэн” гэж шүүмжилнэ. Хуулийн төсөл дээр бид бүтэн долоон сар ажилласан. Тэгж байж би соёлын өвийг хамгаалах олон улсын жишиг бүхий нэг заалтыг санаачилж орууллаа.
Тэр нь ямар заалт юм бэ?
“Хот суурин, барилга байгууламж барих, шинээр зам тавих, усан цахилгаан станц байгуулах, ашигт малтмалын хайгуул хийх, ашиглах зэрэг аж ахуйн үйл ажиллагаа явуулахад зориулан газар олгоход түүх, археологийн мэргэжлийн байгууллагаар урьдчилан хайгуул, судалгаа хийлгэж, түүнээс зөвшөөрөл авна. Урьдчилан хайгуул хийлгэх, илэрсэн түүх, соёлын дурсгалт зүйлийг авран хамгаалах ажилд шаардагдах зардлыг барилга байгууламжийн захиалагч хариуцна” гэсэн заалт.
УИХ-ын гишүүн асан А.Базархүү “Түүх соёлын дурсгал төрийн мэдэлд байдаг.Тиймээс компаниуд биш төр хамгаалсан нь дээр биз дээ” гэж хэлээд, төдөлгүй УИХ ч хуулиа баталчихлаа. Би сандраад УИХ-ын даргаас ч зөвшөөрөл авалгүй микрофон шүүрч аваад “Тэгж ярих юм бол танай Бурханбуудай уулнаас авахуулаад УИХ-ын бүх гишүүний нутагт ямар түүхэн дурсгал устаж байгааг би хэлээд өгье” гээд хэд хэдэн жишээ хэллээ. Харин тэгтэл хуулийн төсөл дээр дахиж санал хураах юм болж өнөө заалтаа ч оруулсан. Уул уурхайн хайгуул, олборлолтын үед түүхэн эд өлгийг хамгаалахад чиглэсэн цорын ганц заалт бол ердөө энэ. Энэ ганц заалтыг уул уурхайнхан сайн мэддэггүй юм билээ. Мэддэггүй биш мэдэн будилдаг ч байж магадгүй. Лав үүнийг мөрдөж байгаа байгууллага тун цөөхөн. Миний бодлоор энэ заалтыг Ашигт малтмалын тухай хуульд заавал шигтгэж өгөх хэрэгтэй. Одоогийн Ашигт малтмалын тухай хууль нь өнгөц харахад эрэл хайгуул, тусгай зөвшөөрөл, нөхөн сэргээх мэдээ, тайлан хэрхэн гаргах мэтээр ердийн эрх зүйн баримт бичиг бүхий зүйлүүдийг тусгасан байдаг.
Уул уурхайн компаниудад сануулж хэлэхэд ашиглалтын лиценз авахдаа эхлээд заавал археологийн мэргэжлийн байгууллагуудаар тухайн газарт түүхэн дурсгал байгаа эсэхийг тогтоолгох хэрэгтэй. Хэрэв үнэхээр хайгуулын явцад түүхэн олдвор олдох юм бол улсын мэдэлд тушаах үүрэгтэй юм шүү дээ. Гэтэл өнөөдөр үүнийг биелүүлдэг байгууллага тун цөөхөн.
Ашиглалт явуулах гэж буй талбайдаа археологийн судалгаа хийлгэсэн ямар байгууллагууд байна вэ?
-Уул уурхайн лиценз авчихаад олборлолт явуулж байгаа хэдэн зуун байгууллагаас ердөө 50 гаруйхан нь л манай хүрээлэнгээр археологийн судалгаа хийлгэсэн. Эдгээрээс хамгийн үлгэр жишээч нь “Айвенхоу Майнз”. “Айвенхоу майнз” компанийн ерөнхий геологичоор Д.Гарамжав ажилладаг нь үүнд нөлөөлдөг гэж би боддог. Д.Гарамжав олон жилийн өмнө Оюутолгой орд дээр очихдоо эртний чулуун зэвсгүүдийг олсон. Энэ олдвор Монголын төмөрлөгийн түүхийг бичихэд маш чухал үнэтэй баримт болж байгаа. Ер нь “Айвенхоу Майнз” компани лиценз авсан талбайдаа манай хэдэн залуу археологчийг аваачиж хайгуул шинжилгээ хийлгэдэг болсон. Оюутолгойгоос мөн хүрэл зэвсгийн үед зэс хайлуулж байсан янз бүрийн зуухнууд олдсон. Эдгээр зуухыг бидэнтэй хамт судалсан Японы эрдэмтэд “Ийм сайхан дурсгалууд байх гэж” хэмээн шагширч байв. Дэлхийн төмөрлөгийн түүхийн тухай ном товхимлуудад Монголын нэр байдаггүй. Японы эрдэмтэд “Бид дэлхийн төмөрлөгийн түүхийг шинээр бичиж байгаа. Үүндээ Монголын нэрийг заавал оруулна“ гэж амлаж байсан. Энэ бол “Айвенхоу Майнз” компанийн түүхэн эд өлгийн дурсгалуудад хариуцлагатай хандаж байдгийн нэг том үр дүн.
Канадын “Каскада” компани Ноён уулын орчимд үйл ажиллагаагаа зохих хууль журмын дагуу хийж байснаа гэнэтхэн л өөр нэг компанид лицензээ зараад явчихсан. Өнөөх нь Ноён уулын, дэлхийд гайхагдсан Хүннүгийн булшийг огт мэдээгүй царайлаад ашиглалт явуулж байх жишээтэй. Бид энэ талаар зохих арга хэмжээ авах гэж Төв аймгийн холбогдох байгууллагуудтай ярьж үзсэн. Аймаг, сумын захиргааг том компаниуд тоодоггүй юм билээ.
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Ухаа худаг уурхайд олборлолт явуулж байгаа “Энержи Ресурс” компани их хариуцлагатай. Анх үйл ажиллагаа явуулахдаа бидэнд археологийн судалгаа хийлгэх хүсэлтээ тавьсан. Энэ компани одоо ч бидэнтэй холбоотой ажилладаг. Тавантолгой орд дээр археологийн маш олон дурсгал бий. Тэр бүгдийг аврах уу, алдах уу. “Энержи Ресурс” шиг хариуцлагатай компани л тэдгээр түүхэн дурсгалыг аварч чадна. “Энержи Ресурс”-ийнхан олдсон түүх, соёлын дурсгалаараа үзэсгэлэн хүртэл гаргасанд бид талархалтай хандаж байгаа.
Хөшөөтийн уурхайг эзэмшдэг “Мо Эн Ко” компани Улсын мэргэжлийн хяналтын шахалтаар саяхнаас манай хэдэн археологч залууг аваачиж, хайгуул хийлгэж байна. Тайширын усан цахилгаан станц гэж бас хэцүүхэн. Хоёр гурван жилийн өмнө бид энэ компанид хандаж “Та нар археологийн хайгуул судалгаагаа хийлгэх ёстой” гэж хэлсэн. Гэтэл биднийг ерөөсөө тоохгүй байсаар нэг мэдэхнээ газраа ухаад эхэлчихсэн байсан. Би энэ мэдээллийн дагуу УИХ-ын гишүүн, оюутан цагийн найз Т.Очирхүү дээр явж ороод “Тайширын цахилгаан станц барих гэж байгаа хүмүүс түүхэн үнэт дурсгалуудыг устгах нь” гэж хэллээ. Тэгтэл маргааш нь станц барьж байгаа өнөө хүмүүс чинь над дээр ирээд “Бидэнд археологийн хайгуул хийлгэх мөнгө байдаггүй” гэж баахан юм ярьсан.
Тэгсний эцэст өвлийн хахир хүйтэнд археологчид маань Говь-Алтайд очиж түүхэн дурсгалуудаа аварсан. Ховд аймгийн Дөргөн сум дахь цахилгаан станцыг барихдаа мөн л археологийн дурсгалуудыг олж тогтоох тал дээр ямар ч хайгуул судалгаа хийгээгүй.
Археологийн хүрээлэнгээс гадна Улсын мэргэжлийн хяналтын газар арахеологийн хайгуул судалгаа хийлгэхийг компаниудад нэлээд шахаж шаарддаг. Ингэснээр үр дүн нь хэр гарч байна вэ?
Өнгөрсөн жил Улсын мэргэжлийн хяналтын газрыхан “Тавантолгой” компанийг археологийн хайгуул хийлгэ гэж шахаж үзлээ. Тэгээгүй бол өдийд өч төчнөөн түүхэн дурсгал устах байлаа. Дашрамд хэлэхэд Улсын мэргэжлийн хяналтын газрын Соёлын өвийн хяналтын улсын ахлах байцаагч Ц.Цэндсүрэн соёлын түүхэн эд өлгийг авран хамгаалах тал дээр ихээхэн санаачлагатай, чармайлттай ажилладаг. Ганцаараа хөөцөлдсөөр байгаад аймаг, сум бүрийн байгаль хамгаалах газрын ажилтнуудад түүх, соёлын дурсгалыг хамгаалах давхар эрх олгож, тодорхой хэмжээгээр цалинжуулах ажлыг хийсэн. Гэтэл цалин авч байгаа нөхдүүд түүхэн өв соёлын дурсгалуудыг устгаж байгаа байгууллагуудтай тэмцэхийн оронд манай хэдэн судлаач залууг торгоно, шалгана гээд байдаг. Нэг зүйлийг хэлэхэд, монголчуудаас ч дутахааргүй гадны эрдэмтэн, судлаачид манай түүхэн дурсгалууд устаж буйг их эмзгээр хүлээж авдаг юм шүү.
Төв аймгийн Заамар сумын нутаг, өөрөөр хэлбэл Заамарын гүүрнээс Дархан-Уул аймаг хүртэлх олон голын хөндийд сүүлийн 15 жилийн турш гадаад, дотоодын 50 гаруй аж ахуйн нэгж уул уурхайн ажил явуулахдаа эртний үнэт дурсгалуудыг бүрмөсөн устгасан. Тэр хавиар явсан дэлхийн том эрдэмтэд бүгд халаглаж байна лээ.Оросын эрдэмтэн А.Ф.Деревянко “Ингэж сүйтгэж байсан газрыг би өмнө нь харж байсангүй” гэж хэлж байсан. Б.Догмид зохиолч хэдэн жилийн өмнө Заамарын алтны уурхайгаас алтаар хийсэн морины дурсгал олсон тухайгаа сонинд бичсэн байв. Даанч энэ мэдээллийн мөрөөр хэн ч ямар ч арга хэмжээ аваагүй.
Өвөрхангай аймгийн Уянга сумын Өлтийн амны уурхайн талбайгаас хэд хэдэн эртний хүний яс гарсан боловч талбайг бульдозероор тэгшилж дурсгалуудыг ямарч баримтгүй болгосон. Хэчнээн сайхан дурсгалууд байхгүй болсныг хэн ч яг таг хэлж чадахгүй. Орхон, Тамир голын эх орчимд “Монгол газар” компанийнхан ашиглалт явуулж байгаа. Нутгийн иргэд компанийн хууль бус үйл ажиллагааг эсэргүүцэж тэмцээд дийлээгүй. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн санаачилсан “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сав бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль”-ийг маш зөв, цагаа олсон хууль гэж би боддог. Үүнийг аль болох хэрэгжүүлэхгүй байх үүднээс зарим хүмүүс хэт улстөржүүлдэг тал бий.
Автозамын ажил гүйцэтгэж байсан компани Булган аймгийн Дашинчилэн сумын нутаг Чин толгойн Хятаны үеийн хэрэмт хотын дэвсгэр газарт тэсэлгээ хийн, эксковатороор ухаж эртний хот суурингийн ул мөрийг устгалаа. Энэ мэт жишээ дурдаад байвал уул уурхайн олон хариуцлагагүй компанийн хөлд манай түүхэн олдворууд устсаар байгаад харамсаж явдаг.
Археологийн хүрээлэн ашигт малтмалын лицензэт талбайнуудад судалгаа хийхэд зардал мөнгөнөөс авахуулаад хүндрэл бэрхшээл гардаг уу?
Манай археологчид тийм том судалгаа хийдэггүй. Ердөө таван метрийн тойрогт булшны малталт хийдэг юм.Тухайн компани хууль ёсны дагуу археологийн судалгаа хийлгэх төлбөрөө л төлчихвөл болох нь тэр. Манай судлаач залуус тэр газар нь очоод л судалгаа хийчихнэ. Хэрэв дурсгал байхгүй бол “Та нар олборлолтоо хий” гэсэн зөвшөөрөл өгнө. Манай байгууллага төрөөс жилдээ ганц удаа экспедицийн хайгуулын зардал авдаг болохоор компаниудаас тодорхой төлбөр авч байж хайгуул, судалгаагаа хийхгүй бол болдоггүй юм. Хамгийн гол нь гадаадын том компаниудад ажиллаж байгаа монгол инженерүүд өөрсдөө Монгол орныхоо түүхэн дурсгалт газруудыг авран хамгаалахад санаа тавих хэрэгтэй байгаа юм. Их мөнгөтэй гадны компаниудын хувьд археологийн судалгаа хийлгэхэд үнэндээ ядах юмгүй шүү дээ. Уг нь манай байгууллагад хүсэлтээ тавиад хууль журмын дагуу археологийн судалгаа хийлгэчихвэл сонин содон дурсгалууд их олддог. Жишээлэхэд, Баянхонгор аймгаас ХIII зууны үеийн дээл хувцаснууд олдлоо. Үнэхээр гайхамшигтай олдвор шүү.
Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын нутаг Олон гүүрийн голд Хятадын нэр бүхий компани 2007 оноос хууль бус олборлолт хийж эхэлсэн. Бид энэ асуудлаар холбогдох бүх газарт хандсан. Сумын дарга нар нь “Бид мэдэхгүй. Дээд удирдлагуудтай ярьсан нь дээр” гэж хэлдэг. Алтай Таванбогдоос эх авдаг голууд өнөөдөр устах аюул нүүрлээд байхад хэн ч үүнийг ярьдаггүй. 2007 онд Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч Б.Чадраа бид хэд гол ус мөхөж байгаа газруудаар явж үзсэн. Бидэнд тэнд явуулж байгаа компаниудыг шалгах эрх байх биш, баахан халаглаж байгаад л буцсан. Онгийн голынхон баахан тэмцэл өрнүүлж байж үр дүнд хүрлээ. Онгийн гол сэргээд хэчнээн сайхан байна вэ.
Миний нэг бодол гэвэл өнөөдөр монголчууд бид Оюутолгой, Тавантолгой, Эрдэнэтээ л ашиглая. Бусад уурхайгаа ингэж олноор нь зэрэг ашиглах хэрэг байна уу. Аймаг бүрт нүүрсээр хангах уурхайнууд бий. Тэр хэмжээндээ л ашиглая. Тэгэхгүй бол энэ олон уурхай Монголын хөрсийг эргүүлээд, хамаг сайхан байгалийг маань сүйтгээд, түүхэн дурсгал ч үгүй үлдэж мэдэх нь.
Чингис хааны анхны нийслэл “Монголын нууц товчоо”-г бичиж дуусгасан алдарт Хөдөө арлыг очоод үзээрэй. Хоёр жилийн өмнө Хятадын газрын тосны “Шэймэн” компани Хэрлэнбаян-Улааны дурсгалт газрыг нүүрсний компанид өгчихсөн. Нутгийн ардууд бидэнд энэ тухай хэлэхээс цаашгүй. Арга ядаад манай хэдэн залуу өвлийн хүйтнээр очоод заргалдаж үзсэн. Гэтэл эндхийн бас нэг газрыг хятадууд өгсөн сураг дуулдсан. Түүнтэй бас “тулалдах” хэрэг гарч байна. Хөдөө аралд газрын тосны компани өрөмдлөг хийгээд эхэлсэн. Уг нь нутгийн иргэд ийм зохисгүй явдлыг зогсоох гэж тэмцэж болох ч аймгийн Засаг дарга, Боловсрол соёл шинжлэх ухааны яам гээд эрх мэдэл бүхий холбогдох газрууд арга хэмжээ авбал хамаагүй үр дүнтэй санагдах юм. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ газар дээр нь очиж хууль бус ажлыг зогсоосон ч өнөө компанийн ажилчид “Ирэх сонгуульд Б.Бат-Эрдэнийг унасан хойно эргэж ирж өрөмдөнө” гэж хэлсэн гэсэн. Би юу хэлэх гээд байна вэ гэхээр, энэ бүх хууль бус үйлдлийн цаана Монгол Улсын тусгаар тогтнол, Үндэсний аюулгүй байдлын асуудал хөндөгдөж байна. Чингис хааны дархлагдсан газарт гадаадын компани газрын тос олборлоно гэдэг юу гэсэн үг вэ. Тамсагбулагт нефть нь оргилж байхад түүнийгээ ашиглалгүй, яагаад Чингисийн нутаг руу дайраад байна вэ.
Төв Азийн хэмжээнд анхны нүүдэлчдийн төр улсыг Хүннү нар байгуулсан. Тэдний жинхэнэ язгууртнуудын дурсгал бол Ноён уулын булш. Тэгэхээр эдийн засаг талаас нь харж уул уурхайн олборлолт явуулахаас гадна төр улсын язгуур түүхтэй холбоотой, үндэсний эрх ашигтай холбоотой маш том асуудал хөндөгдөж байгааг манайхан сайн ойлгох хэрэгтэй. Ганц археологийн олдворууд ч биш, палеонтологийн олдворууд ч ихээр сүйдэж байна. Палеонтологийн хүрээлэнгийн захирал Р.Барсболд бид нар соёлын болон түүхийн эд өлгийгөө хамгаалах гэж адилхан зовж чармайж яваа улс.
Манай археологийн хүрээлэн бол улсын хэмжээнд археологийн судалгаа явуулдаг ганц байгууллага. МУИС дээр гурван хүнтэй тэнхим, Улаанбаатар их сургуульд хоёр хүнтэй тэнхим, Үндэсний түүхийн музейд мөн гурван хүн археологийн судалгаа явуулж байгаа. Монголын археологчид ердөө энэ хэд шүү дээ.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

...


Н.Норов: Монголд цөмийн цахилгаан станц барихгүй л юм бол бид өөрсдөө уран гэж хошуураад гүйгээд байх хэрэг алга


МУИС-ийн Цөмийн судалгааны төвийн секторын эрхлэгч, доктор, профессор Н.Норовтой Г.Идэрхангай ярилцлаа.

Өнөө үеийг “Цөмийн эрчим хүчний дахин сэргэлтийн үе” гэж нэрлэж байгаа

Манай улс 2012 оноос атомын цахилгаан станц байгуулаад 2017 оноос ашиглаж эхлэх төлөвлөгөөтэй гэж зарим эрдэмтэн ярьж байна. Энэ хэр боломжтой хугацаа вэ?

Юуны өмнө, цөмийн эрчим хүчний тухайд нэр томъёоноос эхлэе. Бид “атомын цахилгаан станц” гэж хэлээд сурчихаж. Одоо ганцхан ОХУ л “атомын” гэж хуучин уламжлалаараа гэж нэрлээд байгаа юм. Дэлхий нийтийн сүүлийн үеийн хандлагаа дагаж бид “цөмийн эрчим хүч” буюу /nuclear energy, nucleaг power/ гэж ярих нь оновчтой. Үнэхээр цөмийн эрчим хүчийг хэрэглэх цаг нь ирсэн. Монголд эрчим хүчний хөрөнгө оруулалт ихээхэн шаардлагатай байгаа. Ямар нэг эрчим хүчний технологийн эх үүсвэрийг сонгоод, түүнийгээ цаг алдалгүй барьж, ашиглалтад оруулахад цаад тал нь арван жил шаардагддаг. Цөмийн эрчим хүчний хувьд нэгж массаас асар их энерги авдаг онцлогтой. Жишээ нь, нэг грамм уранаас таваас зургаан сая тонн нүүрснээс ялгарах энерги ялгарч байдаг юм. Энэ талаасаа бол цөмийн эрчим хүчийг ашиглах нь технологи болон эдийн засаг, боловсон хүчний хувьд хамгийн тохиромжтой л доо. Манай улс газар нутаг ихтэй мөртлөө хүн ам цөөхөн. Тийм болохоор нүүрсний уурхай гэж асар том юм барих шаардлага байхгүй. Бурхан бидэнд уран бэлэглэсэн. Тэгэхээр ураны нөөцдөө түшиглээд атомын цахилгаан станц барих хэрэгтэй. Өнөөдөр Монгол улсын хэмжээнд баттай тогтоогдсон 83 мянган тонн уран бий. Энэ бол дэлхийн ураны нэг жилийн л хэрэгцээ.
Ураны нөөц тогтоох стандартууд өөрчлөгдөж байна. Манай улс энэ чиглэлд өмнө нь хойд хөршийн тогтоосон стандартыг барьж байсан.
Олон улсын атомын энергийн байгууллагын тогтоосон стандарт гэж бас бий. Энэ нь 2008 онд өөрчлөгдөж, хуучин баталсан нөөц, нэмэгдэх нөөц гэж ангилдаг болсон. Зарим хэвлэлд Монгол нэг сая тонн ураны нөөцтэй гэж бичсэн байна лээ.
Энэ бол ураны хүдрийн нөөц. Гэхдээ ойрын жилүүдэд дэлхийн ураны үнэд нөлөөлөх хэмжээний нөөц манайд байхгүй.
Уранаа олборлоё, боловсруулж ашиглая гэж бид их ярьдаг. Миний бодлоор ураныг цөмийн эрчим хүчний станц барих бодлогод уялдуулж олборлох нь оновчтой алхам болно. Түүнээс биш гадаадын нэг компани манай нутагт уран олборлоод, түүнээсээ баахан ашиг олж аваад гараад явчихаж болохгүй шүү дээ. Ураныг үнэхээр стратегийн нөөцөд хамруулж байгаа юм бол тэр стратеги нь цөмийн эрчим хүч ашиглахтай зайлшгүй холбогдох ёстой.

Цөмийн цахилгаан станцыг Дорнод болон Дорноговь аймагт барья гэсэн хувилбар хүчтэй сонсогдож байна. Байршлын сонголт хэр оновчтой вэ?

Цөмийн энергийн газар эрдэмтэн, мэргэжилтнүүдийг цуглуулаад цөмийн цахилгаан станцын байршлын талаар ярьсан гэж сонссон. Цөмийн цахилгаан станцын реакторын технологи дотроо олон төрөлд хуваагддаг. Алиныг нь Монголд нэвтрүүлэхээ сайн мэдээгүй байж байршил сонгоно гэдэг өрөөсгөл асуудал. Жишээ нь, сүүлийн үед дэлхийд нүүрс боловсруулаад устөрөгч үйлдвэрлэх зориулалттай өндөр температурын реактор бүхий цахилгаан станцын төслүүд хэрэгжиж байна. Ийм цахилгаан станцыг нүүрсний уурхайд барьдаг юм. Өөр ямар ч сонголт байхгүй. Монгол улсыг эрчим хүчээр хангахуйц их хүчин чадалтай цөмийн цахилгаан станц барья гэвэл эрчим хүчний сүлжээнд ойрхон, газар хөдлөлтийн идэвхгүй бүст орших, хөргөлтийн усны нөөц сав бүхий Хэрлэн голд ойр байрлах Багахангай мэтийн газрыг сонговол зүгээр.

Зөвхөн дулаан үйлдвэрлэдэг станц гэж бий. Улаанбаатар хотыг дулаанаар хангах станц нь нийслэлдээ л байг. Ерөнхийдөө станцыг цахилгаан үйлдвэрлэдэг, дулаан гаргадаг, ус цэнгэгжүүлдэг, нүүрс боловсруулдаг гэсэн үндсэн дөрвөн төрөлд хуваадаг. Цөмийн эрчим хүчний реактор үйлдвэрлэдэг компаниуд олон байдаг. Японы “Мицубиши” компани гэхэд даралтат устай реактор, “Тошиба” буцалсан устай реактор бүтээж байна.

Цөмийн эрчим хүчний дахин сэргэлтийн үе” ирлээ гэж дэлхийн хэвлэлүүд мэдээлж байна. Томоохон гүрнүүд ч цөмийн цахилгаан станцын тоог нэмэгдүүлэх зорилгоор их хөрөнгө хаясан төсөл, хөтөлбөрийг эрчимтэй хэрэгжүүлж эхэллээ?

АНУ, ОХУ, БНХАУ зэрэг том гүрэн цөмийн эрчим хүчийг хөгжүүлэхээр дор бүрнээ хөтөлбөр гаргасан. Ирэх хорин жилийн дотор эдгээр улс бүр өөрийн нутаг дэвсгэр дээр хорь орчим цөмийн реактор барихаар шаргуу ажиллаж байна. Үнэхээр ч өнөөдрийн цаг үеийг “Цөмийн эрчим хүчний дахин сэргэлт” гэж нэрлэж байгаа. Чернобылийн атомын цахилгаан станцын аймшигт ослоос хойш олон жил өнгөрлөө. Энэ хугацаанд дэлхийн улс орнууд шинээр цөмийн цахилгаан станц бараг бариагүй. Гэхдээ цөмийн технологи үйлдвэрлэгч тэргүүлэх компаниуд өөрсдийн барьсан цөмийн реакторуудын аюулгүй байдлыг хангах тал дээр түлхүү ажиллаж, энэ талын судалгаа шинжилгээг ч өргөн явуулсан. Томоохон төсөл хөтөлбөрүүд ч үүнд чиглэсэн.

Цөмийн цахилгаан станцын “Дөрөв дэх үе”-ийн технологийн талаар тодруулж ярина уу. Аюулгүй байдлыг сайтар хангасан, технологийн хувьд өмнөхөөсөө хамаагүй дэвшилттэй гэж хэлж болох уу?

Үнэхээр орчин үеийн дэвшилтэт реакторын аюулгүй байдлын хувьд байгалийн хуулиар хангагдсан технологи л доо. Цахилгаан тасарлаа гэхэд реактор өөрөө байгалийн эргэлтээр хөрж байдаг. Нөгөө талаас реакторын байгалийн “идэвхгүй” аюулгүй байдлын хамгаалалт сайтай реакторын хүчин чадал 500-600 Мвт-аас бага байдаг. Одоо дэлхий дээр эрчим хүчний 440 реактор ажиллаж байгаа. Үүний 90-ээд хувь нь ойролцоогоор 1000 Мвт-аас их чадалтай. Тэгэхээр үүнээс хүчин чадал нь хоёр дахин бага болж байж байгалийн хуульд үндэслэсэн хамгаалалттай реактор болдог. Ийм хэмжээний чадалтай реактор манай улсад яг тохирно. Монголд өнөөдөр дизелийн болон усан, нүүрсний цахилгаан станцуудын хүчин чадал нийлээд 830 Мвт болдог. Тэгэхээр тус бүрдээ 500 Мвт-ын чадалтай хоёр реактор бүхий цөмийн цахилгаан станц барихад Монгол улсын цахилгаан, эрчим хүчний хэрэгцээг хангана гэсэн үг. Ийм станцыг 60 жил ашиглах боломжтой. Нийтдээ 1.2 тэрбум орчим ам.долларын өртгөөр барина гэсэн тооцоо судалгаа гараад байгаа.

Өмнөд Солонгост цахилгаан, дулаан, ус цэнгэгжүүлэх зориулалттай 100 Мвт-ын чадалтай “SMART” реактор зохион бүтээж байна. Энэ бол манай улсад тохиромжтой. Мөн Японд бүтээж байгаа 10 болон 30, 40 Мтв-ын хүчин чадалтай реакторуудыг аймгийн төвүүдэд ашиглаж болно.
Мэдээж манай улс цөмийн цахилгаан станцаа захиалж хийлгэе гэвэл Өмнөд Солонгос, эсвэл Япон зэрэг гол үйлдвэрлэгч улсад саналаа өгөх хэрэгтэй. Олон захиалга авах тусам реакторын үнэ хямдардаг. Нэг хоёр реактор захиалж авна гэвэл үнэ ихтэй. Арав хорин реактор захиалбал үнэ нь арай багасна. “Hyperion” гэдэг реактор зохион бүтээж байна гэсэн мэдээлэл цацагдангуут 200 гаруй улс захиалгаа уралдах шахам өгчихсөн байх жишээтэй. Тиймээс захиалгаа хурдан өгч байж өөрт тохирсон цөмийн эрчим хүчний технологийг эх орондоо нэвтрүүлдэг юм.

Манай эрчим хүчний хэрэглээний одоогийн нөхцөл байдал дэлхий дахины дулаарлыг бууруулах бодлогын эсрэг чиглэж байгаа. Бүх цахилгаан станц нь Улаанбаатар хотдоо төвлөрчихсөн. Нүүрсээ Улаанбаатар руу галт тэргээр зөөж түлдэг. Нүүрсээ ухах гэж валютаар авдаг түлшээ бас шатаана. Дараа нь төмөр замаар зөөхөд валютаар авдаг түлшээ бас шатаана. Мөнгө л урсаад байдаг. Улаанбаатар хотод IV цахилгаан станц гэхэд хоногт 64 вагон нүүрс шатааж байна гээд бод доо. Төмөр замаар зөөж буй нүүрсний 40 хувь нь ус, арав гаруй хувь нь үнс байдаг юм. Үүнийг цэгцлэх гол алхам бол цөмийн эрчим хүчийг ашиглах явдал.

IV цахилгаан станцыг гадны мэргэжилтнүүд ирж үзээд “Пөөх, энэ чинь XVIII зууны технологи шүү дээ” гэдэг

Монгол улс дэлхийн дулаарлыг бууруулахад өөрийн хувь нэмрийг оруулахын тулд “ногоон эрчим хүч”-ийг зайлшгүй хэрэглэх ёстой гэж Òа хэлэх гээд байна уу?

Хүлэмжийн хий гаргадаггүй, эрчим хүчний цэвэр эх үүсвэр бол сэргээгдэх эрчим хүч буюу цөмийн эрчим хүч. Тэр утгаар нь “ногоон эрчим хүч” гэж ярьж байна. Дэлхийн дулаарлын гол шалтгаан нь нүүрс хүчлийн хий СО2. Хаана юм шатна тэнд СО2 ялгарч байдаг. Киотогийн гэрээгээр олон улс амлалт авсан учир нүүрс шатаахаа багасгаж байна. СО2 нь агаарт ихээр хуримтлагдахаар хүлэмжийн хий үүсч, дулаарал бий болгодог.
Энд нэг зүйлийг онцолж хэлэхэд, дэлхийн томоохон орнуудын автомашин үйлдвэрлэгч компаниуд устөрөгчийн түлшний элементийн автомашинууд үйлдвэрлэж эхлээд байгаа. Монголд ч гэсэн устөрөгчөөр ажилладаг машин орж ирлээ. Яндангаасаа утаа тортог бус, ус гаргаж, агаараа чийгшүүлдэг юм. Дэлхийн дулаарлыг бууруулах нэг арга нь энэ.

Миний бодлоор цөмийн цахилгаан станцаа Багануурын уурхай дээр байгуулаад, улсынхаа цахилгааны хангамжийг шийдчихээд, дээр нь Багануурын нүүрсийг хийжүүлэн, устөрөгч гарган, хотынхоо дулааны асуудлыг шийдчихнэ. Устөрөгч бол химийн хамгийн хөнгөн элемент. Тэгэхээр хөнгөн элементийг халаагаад тусгай хоолойгоор Улаанбаатар руу шахаж болно.Жишээ нь, Арабын бүгд найрамдах улс 20 гаруй тэрбум ам.долларын өртгөөр дэлхийд анх удаа устөрөгч үйлдвэрлэдэг хамгийн том цахилгаан станц байгуулж байна. Энэ нь хамгийн цэвэр эрчим хүчийг л нэвтрүүлэх гэж байгаа хэрэг.
Биднийг цөмийн цахилгаан станц барья гэж ярьсаар байтал дараагийн шинэ технологи энэ мэтээр нэвтрэх нь. Гадны мэргэжилтнүүд манай IV станцыг ирж үзээд “Пөөх, энэ чинь XVIII зууны технологи шүү дээ” гэж дуу алдаж байсан.
Монгол улс эрчим хүчний технологийн хувьд дэлхийгээс 200 жилээр хоцорч явааг энэ яриа харуулж байна. Хөгжилтэй орны хойноос хөгжих гэвэл хэзээ ч гүйцэхгүй. Харин орчин үеийн технологиор амдаж, нэг төвшинд очих боломж бидэнд байна. Өнөөдөр тун гайгүй технологи авчихлаа гэхэд тэр нь таван жилийн дараа огт хэрэггүй болчихож байна шүү.

Аймгийн төвүүдэд тохирсон, маш авсаархан цөмийн эрчим хүчний станцыг дэлхийд бүтээж байгаа гэсэн. Энэ нь хэр хүчин чадалтай юм бэ?

20-30 Мвт-ын хүчин чадалтай, цөмийн цахилгаан станцыг бүтээгээд, одоогоор туршилтын шатандаа явж байгаа. Өмнө нь ийм бага чадалтай цөмийн эрчим хүчний станцыг ашигггүй гэж үздэг, голдуу цэрэг дайны шугамаар л ашигладаг байсан. Гэтэл одоо манай нэг сумын хэмжээнд тохирохуйц, 10-12 Мвт-ын чадалтай станц эрэлт ихтэй байна. Хамгийн сүүлд АНУ-д яг ийм “Hyperion” станц зохион бүтээсэн. Авчирч угсраад 15-20 жил ашигласны дараа буцааж авах боломжтой эд. 20 мянган хүн амтай, аймгийн нэг төвийг энэ станц гэрэл цахилгаанаар бүрэн хангачихна. Үүний нийт өртөг нь 25 сая ам.доллар.

Цөмийн цахилгаан станцыг ашиглах норм хугацаа гэж байдаг байх?

Өмнө нь атомын цахилгаан станцыг 30 жил ашиглах нормтой байсан. Тэгвэл сүүлийн үед баригдаж байгаа цөмийн цахилгаан станцуудыг 60 жил ашиглах боломжтой. Энэ бол урт хугацаа.

Цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглахгүй байна гэсэн шүүмжлэлд өртдөг Иран, Хойд Солонгос зэрэг улс орон бий. Энэ нь ураныг баяжуулж байгаа зорилгоосоо шалтгаалдаг болов уу? Үүний гол ялгаа юунд байна вэ?
Э
рчим хүч үйлдвэрлэнэ гэдэг нь хамаагүй өргөн хүрээтэй асуудал. Цөмийн зэвсэг гэдэг нь 45 кг уран-235, эсвэл 8 кг плутон-239-ийг хэлдэг. Харин цөмийн түлшин дэх энэ хоёрын изотопын хэмжээ маш бага байдаг. Орчин үеийн цөмийн цахилгаан станцад дөрвөн хувийн уран-235-ийн агуулгатай түлш ашигладаг. Тэгэхээр Монголын эрчим хүчний хэрэгцээг хангах 1000 Мвт-ын чадалтай цөмийн цахилгаан станц барихад жилд 25 тн уран л хэрэглэнэ.

Могойн голын нүүрсний ордыг түшиглэж барих цахилгаан станцын төсөл удахгүй хэрэгжих гэж байна. Ийм дулааны станцууд хэр ирээдүйтэй вэ?

Энэ станц одоогийн тооцоо судалгаагаар бол хөрөнгө оруулалтаа 50-60 жилээс нааш нөхөхгүй юм билээ. Яагаад гэвэл Могойн голын нүүрсний орд нь сайн чанарын чулуун нүүрстэй ч эрчим хүчний зориулалтынх биш. Нүүрсний уурхайг түшиглэж цахилгаан станцыг 120 сая долларын өртгөөр барина гэж байгаа. Гэтэл АНУ-д бүтээж байгаа цөмийн цахилгаан станцыг баривал ердөө 12 жилийн дараа л хөрөнгө оруулалтаа нөхчихнө. Хэзээ ч хөрөнгөө нөхөж чадахгүй станц бол хий дэмий нүүрс идээд байхаас хэтрэхгүй шүү дээ. Агаараа бохирдуулахын хажуугаар нүүрсний нөөц нь багасна. Станц барьсан компани тухайн үедээ гэрэл цахилгааны үнээс ашгаа олж аваад болчих л байх. Ийм ашиггүй зүйлийн төлөө асар их хөрөнгө мөнгө хаях шаардлагагүй. Үүний дэргэд Багануурын хүрэн нүүрс бол цэвэр эрчим хүч үйлдвэрлэхэд зориулагдсан. Нэг грамм уран гурван тонн нүүрстэй тэнцэх илчлэгтэй. Багануурын нүүрс илчлэг муутай учир зургаан тонн нь нэг грамм уранаас гарах илчлэгтэй тэнцдэг. Тэгээд ч уран олборлох технологи нь газар доор уусган баяжуулах арга байдаг. Тоос шороо, ухсан нүх овоолго үүсгэхгүй, байгаль орчинд халгүй технологи буюу шууд хүдрийн биетээс нь уранаа уусгаад авчихдаг юм. Байгаль орчин болоод эдийн засгийн хувьд энэ мэт давуу тал олонтой.

Японы хөрөнгө оруулалт, дэмжлэгтэйгээр Монголд цөмийн цахилгаан станц барина гэж байгаа. Өөрөөр хэлбэл, манай улс АНУ-д захиалгаа өгөөд Японы мэргэжилтнүүд атомын цахилгаан станцыг барьж өгөх ёстой гэж үздэг хүмүүс бий?

Японы эрдэмтэд энэ талаар бидэнд зөвлөгөө өгдөг. Монголд цөмийн эрчим хүчийг хөгжүүлэх гэж байгаа юм бол танай улс АНУ-д бүтээсэн реактор авах ёстой гэж хэлдэг юм. Нэг үгээр хэлбэл олон улсын хэмжээнд зөвшөөрөл авчихвал атомын цахилгаан станцтай болох ажил хурдан бүтэх боломжтой гэсэн. АНУ-ын цөмийн реактор үйлдвэрлэдэг хамгийн том компанийг Япон худалдаад авчихсан. Тийм учраас цөмийн цахилгаан станцыг Японы мэргэжилтнүүд л ирж барих болов уу. Манай улс АНУ-аас цөмийн реактор барих зөвшөөрөл авах гэхээр ОХУ бас барьцах байх. Тэгэхээр ОХУ-тай ураны боловсруулалтын тал дээр хамтарч ажиллах хэрэгтэй санагддаг. Манайхаас ураны баяжмал гарна. Иркутскийн цаахна, Ангарск гэж ураны изотопийн баяжмалын том үйлдвэр бий. Тэндээ баяжлуулалт хийчихнэ.Цөмийн цахилгаан станцын түлшийг ОХУ-аас уран баяжуулах замаар бэлдэж аваад АНУ-аас худалдаж авсан цөмийн реактороо цэнэглээд байвал улстөр болоод эдийн засаг, технологийн хувьд бэрхшээлгүй болох байх даа.

Цөмийн эрчим хүч ашиглах тухай Монгол улсын хуулийг нэн даруй батлан гаргах шаардлагатай гэсэн байр сууриудад Òа ямар хариулт өгөх вэ?

Өнгөрсөн жилийн зургадугаар сараас Цөмийн энергийн тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Гэхдээ цөмийн энергийн хуулийн агуулга нь ураны лицензийн тал руугаа голлосон. Тэгэхээр үүнийг цөмийн эрчим хүчний тухай биш, ураны лицензийн тухай хууль гэж яриад байгаа. Огт өөр хуулийг лицензийн тухай хуультай хольчихсон. Нэгдүгээрт, Цөмийн энергийн хууль гэдэг нь Монгол улсад цөмийн эрчим хүчийг яаж ашиглах ёстой юм, ашигласны дараа ямар арга хэмжээ авах хэрэгтэй вэ гэдгийг маш ойлгомжтойгоор тусгасан байх ёстой.
Хоёрдугаарт, цацраг идэвхит ашигт малтмал, цөмийн энергийг ашиглах төрийн бодлого ерөнхийдөө гарчихсан. Цөмийн энергийн газар байгуулагдаад жил гаруй болж байна. Энэ хугацаанд Цөмийн энергийн хууль, Цацраг идэвхит ашигт малтмал, цөмийн энергийг ашиглах төрийн бодлого гарчихсан. Бодлогын талаасаа нөхцөл нь бүрдэж л байна.

Цөмийн цахилгаан станц барьсны дараа тэнд бэлтгэгдсэн нарийн мэргэжлийн боловсон хүчнүүд ажиллаж таарна. Манай улс энэ тал дээр боловсон хүчнээ хэр бэлдэж байгаа вэ?

Цөмийн цахилгаан станцад цөөн тооны цөмийн мэргэжилтэн ажилладаг. Ихэнхдээ дулаан, цахилгааны инженерүүд л байдаг юм. Японы Цөмийн эрчим хүчний таван том сургуулийн эрдэмтэдтэй бид уулзаж байсан. Тэд “Монгол улсад цөмийн цахилгаан станц баригдвал монгол хүмүүс л ажиллана” гэж хэлдэг. Тэгэхээр бид энэ чиглэлд боловсон хүчнээ сайн бэлдэх ёстой. Өнөөдөр манай сургуулиас нэг жилд цөмийн технологийн чиглэлээр 15 хүн л суралцаж төгсөж байна. Ирэх жилээс дахиад 25 оюутныг нэмж элсүүлнэ. Жилийн дараа гэхэд нийтдээ 50 хүн цөмийн технологийн чиглэлээр суралцах юм. Мөн гадаадын өндөр хөгжилтэй орнуудад цөмийн технологи, ураны геологийн чиглэлээр оюутан бэлтгэж эхлээд байна.

Эцэст нь нэг зүйлийг онцолж хэлэхэд, өнөөдөр томоохон уурхайнуудын дэргэд цахилгаан станц барьж эхлээд байгаа. Энэ нь нэг талдаа сайн хэрэг боловч нөгөө талдаа тэр уурхайг ашиглаад дуусахад цахилгаан станцын хэрэглэх норм нь бас дуусна. Гадны уул уурхайн компаниудад Монголд цөмийн цахилгаан станц барьж өгье гэсэн сонирхол огт байхгүй. Тиймээс бид өөрсдөө л энэ тал дээр анхаарал тавьж ажиллах хэрэгтэй. Монголд цөмийн цахилгаан станц барихгүй юм бол бид өөрсдөө уран гэж хошуураад гүйгээд байх хэрэггүй л дээ.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS