Read my blog's...

This is....
RSS


Ц.Даваацэрэн: Зэс хайлуулах үйлдвэрийн байршлыгбүсчилсэн хэлбэрээр Эрдэнэт, Сайншанд гэж тогтоож болно


Ашигт малтмалын газрын Уул уурхай, судалгааны хэлтсийн дарга Ц.Даваацэрэнтэй “The Mongolian mining journal”-ийн сэтгүүлч Г.Идэрхангай ярилцлаа.

-
Зэс хайлуулах үйлдвэрийг хаана барих нь өнөөдрийн маргаантай сэдэв болоод байна. Ашигт малтмалын газар Эрдэс баялаг, эрчим хүчний яамтай хамтран энэ чиглэлд тодорхой судалгаанууд хийж байгаа. Судалгааны ажил хэр явцтай байна вэ?

-Зэс хайлуулах үйлдвэр барихыг УИХ ерөнхийдөө дэмжээд байгаа. Тиймээс Эрдэс баялаг, эрчим хүчний яам Ашигт малтмалын газартай хамтран энэ ажлын хүрээнд Зэс хайлуулах үйлдвэрийг хаана баривал оновчтой юм, барилаа гэхэд дэд бүтэцтэйгээ хэрхэн холбогдох, цаашлаад тээвэрлэлт, борлуулалт нь зах зээлтэйгээ хэрхэн уялдах вэ гэдэг дээр судалгаа хийж байна. Энэ бол Засгийн газрын явуулж байгаа маш том бодлого. Судалгааны ажил эцсийн шатандаа орох болоогүй. Одоогоор бид ерөнхийдөө гурван хувилбарыг сонгоод байгаа. Дорноговь аймгийн Сайншанд хотод аж үйлдвэрийн парк байгуулж, тэндээ Зэс хайлуулах үйлдвэр барих шаардлагатай гэсэн чигийг Барилга, хот байгуулалтын яам өгч байгаа.

Гэхдээ Сайншандад хэд хэдэн том үйлдвэр барихаар бол усны хангамж болоод эрчим хүчний асуудлыг эн тэргүүнд шийдэх ёстой болно. Энэ талын тооцоо судалгааг хийж байгаа ч тэнд яг ямар хүчин чадалтай үйлдвэр барихыг одоогоор тодорхойлж чадаагүй байна. Хамгийн гол нь Сайншандад усны нөөц байна уу. Усгүй бол үйлдвэрлэл явагдахгүй шүү дээ.

-
Сайншандын аж үйлдвэр цогцолборт шаардагдах усны хэрэгцээг Хэрлэн мөрнийг тусгай сувгаар татах замаар шийднэ гэсэн байр суур хүчтэй сонсогддог. Энэ үнэхээр бодитой шийдэл болж чадах болов уу?

-Хэрлэн мөрнөөс ус татуулахгүй гэж улстөржөөд байгаа шүү дээ. Нэг жишээ хэлье. Хятадууд Шивээ-Овоогийн нүүрсний уурхайг түшиглэн томоохон цахилгаан станц барихаар манай талтай гэрээ хэлэлцээрээ хийчихсэн. Гэтэл өнөөдөр Шивээ-Овоод цахилгаан станцаа барьж чадахгүй байна. Өнөө л усны хангамжтай холбоотой асуудлаас болоод. Уг нь Хэрлэн мөрнөөс Шивээ Овоо руу суваг татна гэж баахан судалгаа шинжилгээ хийж байсан ч улстөржилтөөс болоод энэ ажил саатчихсан. Цахилгаан эрчим хүчний эх үүсвэрийг яаж шийдэх нь бас тодорхойгүй. Шивээ-Овоогийн цахилгаан станцын ажил ингэж гацаж байгаа юм чинь Сайншанд руу ус татна гэдэг хэцүүхэн л санагдаж байна.

-Зэс хайлуулах үйлдвэр байгуулах тухай тогтоолын төслийг УИХ саяхан баталсан. Тогтоолын төсөл тусгаснаар бол Зэс хайлуулах үйлдвэрийн ТЭЗҮ-г зургаан сарын хугацаанд багтаан боловсруулж, улмаар ирэх оны дөрөвдүгээр сараас барилгын ажил эхлүүлэх юм байна. Ашигт малтмалын газрын хувьд энэ тогтоолын төсөлд хэр ач холбогдол өгч байна вэ?
-Төрөөс баримталж байгаа бодлогын хувьд бол зөв. Гэхдээ үүнээс өмнө уул уурхайн салбар дахь төрөөс баримтлах бодлого үндсэндээ алдагдсан байсан. Геологи, уул уурхайн салбар 1996-2008 он хүртэл цэвэр биеэ даасан, хариуцсан мэргэжлийн яамгүй явж ирсэн. Энэ нь манай геологи, уул уурхайн салбарын ирээдүйд ямар ч бодлого, төлөвлөлтгүй явахад хүргэж, их ч цаг хугацаа алдсан. Харин 2008 оны сонгуулиас хойш уул уурхайн салбараа хариуцсан мэргэжлийн яамтай болж, бид энэ хүрээнд тодорхой судалгаа шинжилгээ хийх боломжтой боллоо. Гэхдээ бид өнөөдөр юунд ч бэлэн биш байна. Энэ том бүтээн байгуулалтад байшин барих гэж байгаа юм шиг хөнгөн хуумгай хандаж болохгүй ээ. Тодорхой хугацаа шаардах ажил шүү дээ.
Ер нь Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Ашигт малтмалын газар хоёр дангаараа энэ ажлыг эцсийн байдлаар тодорхойлоход хүндрэлтэй. Би юу хэлэх гээд байна вэ гэхээр Уул уурхайн хүрээлэн ч юм уу, эрдэмтэн мэргэдийг энэ том ажилд татан оролцуулж санал бодлыг нь тусгах ёстой. Түүнээс гадна Зэс хайлуулах үйлдвэрийн талаар ерөнхий баримжаа гаргасны дараа тендер зарлаж, улмаар ажлыг гүйцэтгэх компаниудад зураг төсөл зохиох боломж олгож, нэг үгээр өөрсдөд нь сонголт хийх гарц гаргаж өгөх хэрэгтэй. Ганц зэс хайлуулах үйлдвэр ч биш, металлургийн цогцолбор, алт цэвэршүүлэх үйлдвэр, коксын үйлдвэр барихдаа заавал шинжлэх ухааны үндэстэй, мэргэжлийн хүмүүсийн үгийг сонсмоор байна.

Эрдэс баялаг, эрчим хүчний яам дэргэдээ Шинжлэх ухааны байгууллагагүй байсан цагт зөв бодлого боловсруулж чадахгүй. Тийм учраас Геологи, уул уурхай, эрдэм шинжилгээний хүрээлэнг дэргэдээ яаралтай байгуулах ёстой. Түүгээрээ дамжуулж уул уурхайн чиглэлийн судалгааг өндөр түвшинд хийж ТЭЗҮ-ийг боловсруулдаг байвал хаа хаанаа ашигтай л даа.

Том том үйлдвэр барина гэдэг одоо байгаа хэдхэн мэргэжлтний хийдэг ажил биш. Орос, Хятад зэрэг улсад уул уурхайн судалгааны томоохон хүрээлэнгүүд маш идэвхитэй ажиллаж байдаг. Тэд яг ямар хүчин чадалтай, дэд бүтэцтэйгээ хэрхэн уялдсан үйлдвэр барих вэ гэдгийг маш нарийн тодорхойлж гаргаж өгдөг. Наад зах нь Зэс хайлуулах үйлдвэрээс ихээхэн хэмжээний хүхрийн хүчил ялгарч байдаг. Энэ бол үнэхээр том асуудал учраас урьдчилсан судалгааг өндөр түвшинд хийх ёстойг гэж би хэлээд байгаа юм.

-Байгаль орчны экологи талаас нь бодолцож үйлдвэрээ байгуулах хэрэгтэй гэж Та хэлж байна уу?

-Тийм ээ. Үйлдвэр барьж болно. Хамгийн гол нь байгаль орчинд хал багатай талаас нь бодолцож шийдвэр гаргах ёстой. Нүүрс угаах үйлдвэр гэж ярьдаг. Гэтэл угаасан нүүрснээс ямар их тоосонцор гардаг билээ. Дээр нь их хэмжээний хаягдал гарна. Хаягдлын аж ахуйтай холбоотой асуудлыг маш нарийн тооцож шийдэхгүй бол нутаг дээрээ баахан хаягдалтай үлдчих вий дээ. Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрт тулгараад байгаа нэг том бэрхшээл бол цагаан тоос. Германы мэргэжилтнүүд цагаан тоосыг судалж байна. Эрдэнэтийн цагаан тоос хаягдлын аж ахуй, хуурайшилт хоёроос үүсч байгаа юм. Баяжмалаа угаагаад гаргасан цутан маягийн хаягдал хуурайшаад ирэхээр асар нарийн тоосонцор болдог. Удахгүй Эрдэнэтийн цагаан тоос гэдэг шиг Тавантолгойн хар тоос гэж ярих байх.
Зэс хайлуулах үйлдвэрээс гардаг хүхрийн хүчлээ бүтээгдэхүүн болгох тал дээр анхаарах хэрэгтэй. Дан хүхрээрээ байгаад байвал байгаль орчинд асар их хор хохиролтой эд.

-Хүхрийг агаарт цацалгүй авч үлддэг технологиудыг Монголд нэвтрүүлэх боломжтой гэж зарим мэргэжилтэн ярьдаг?
-Хүхрийн хүчил бол жижиг асуудал биш. Хэдий хэмжээний хүчин чадалтай үйлдвэр барина төдий хэмжээний хүхрийн хүчил ялгарна. Мэдээж хүхрийн хүчлийг боловсруулдаг технологиуд байгаа. Гэхдээ тэр хүхрийн хүчлийг ашиглаж фосфорийн бордоо хийлээ гэхэд зах зээл нь хаана байгаа вэ. Өнөөдөр хэн ч энэ зах зээлийг судлаагүй л байна.
Хөвсгөлийн Бүрэнхааны фосфоритын ордыг ашиглана гэж ярьдаг. Гэхдээ ашиглалт явуулах талын шинжлэх ухааны үндэстэй тайлбарыг яг таг хийсэн зүйл одоогоор алга. Фосфоритын ордод олборлолт хийх үед их хэмжээний тоосжилт үүснэ. Тоосжилт мэдээж Мөрөн хотын иргэдэд сөргөөр нөлөөлж магадгүй. Үнэхээр фосфоритын ордыг өндөр технологиор ашиглавал хор хөнөөл багатай тусч болох ч үүнийг мөн л шинжлэх ухаан талаас судалгаа хийж байж хортой, хоргүйг нь эцэслэн тогтооно.

-Монголд хоёр Зэс хайлуулах үйлдвэр барих уу, эсвэл нэг байх нь дээр үү. Судалгаа хийх явцад аль нэг хувилбар нь оновчтой, тодорхой болох уу?

-Эрдэнэтийг түшиглэсэн Зэс хайлуулах үйлдвэр барих ёстой гэсэн хувилбар бий. Бас Оюутолгой, Цагаан суваргын зэсийн баяжмалыг хайлуулдаг үйлдвэрийг Сайншандад баръя гэсэн хувилбар зонхилж байна. Зэс хайлуулах үйлдвэр хоёр байх уу, нэг байх уу гэдгийг Ажлын хэсгийнхэн л шийднэ. Эцсийн дүндээ Зэс хайлуулах үйлдвэрийн хүчин чадал, боловсруулах хэмжээнээс шалтгаалж шийдэгдэх болов уу. Бүсчилсэн хэлбэрээр Зэс хайлуулах үйлдвэрийн байршлыг Эрдэнэт, Сайншанд гэсэн байдлаар тогтоож болох юм. Мөн Оюутолгой, Цагаан суварга гээд үйлдвэр тус бүр дээр нь зэс хайлуулж болох ч энэ нь эдийн засгийн хувьд тийм ашигтай байж чадах эсэх нь одоогоор тодорхойгүй. Ашиггүй үйлдвэрлэл явуулж болохгүй учраас эхлээд ТЭЗҮ-гээ сайн боловсруулах шаардлагатай. Оюутолгойн ТЭЗҮ шиг юм хийчихэж болохгүй байх. Бид Францын нэг томоохон компанитай хамтран стратегийн орд газруудад үнэлгээ хийх, уул уурхайн түүхий эд боловсруулах талаар судалгаа хийж байна. Энэ ажлыг хийх явцад бидэнд Уул уурхайн чиглэлийн шинжлэх ухааны байгууллага маш их үгүйлэгдэж байсан.

-Уул уурхайн бодлогын судалгааны байгууллагыг яаралтай байгуулъя гэсэн санаанаас үүдээд өнөөдөр Монголын төмөр замын салбарт хамгийн их дуулиан дэгдээгээд байгаа өргөн, нарийн царигийн асуудлыг танаас асууя. Төмөр замын асуудалд мөн л шинжлэх ухааны үндэслэлтэй, нарийн тооцоо судалгаагаар хандах ёстой биз?

-Миний хувьд төмөр замын өргөн, нарийн царигийг аль боломжтой хувилбараар нь хийх ёстой гэж боддог. Заавал өргөн цариг гэж туйлширсан байдлаар хандмааргүй байна. Зарим хүмүүс өргөн, нарийн царигийг Үндэсний аюулгүй байдалтай холбож тайлбарлаад байдаг. Үнэхээр Үндэсний аюулгүй байдал ярьж байгаа л юм бол хоёр том гүрний нэг нь аюултай, нөгөө нь аюулгүй гэж хэлж болохгүй шүү дээ. Ялангуяа цэрэг дайны талаас нь тайлбарлаж болохгүй. Миний бодлоор хөндлөн төмөр замыг өргөн царигаар, бүр шаардлагатай бол нарийн царигтай төмөр замыг нь урд хөрш рүү тавих хэрэгтэй. Нүүрсний зах зээл Хятадад л байгаа. Өөр газар энэ их нүүрсийг худалдаж авна гэдэг хэцүү. Жишээ нь, Хятад хилээ хаачих юм бол Нарийн сухайтын нүүрсний ордод олборлож байгаа компаниуд хэн ч биш болно. Тэгэхээр төмөр замын царигийг зах зээлтэй уялдуулж өгөх хэрэгтэй. Төрийн зүгээс зах зээлд нь хяналтаа тавиад тодорхой хэмжээний татвар авч болно. Харин борлуулалтад нь хязгаар хамаагүй тавьж болохгүй байх. Баялгаа мэдээж экспортод зах зээлийнх нь үнээр гаргах хэрэгтэй байгаа юм.

Жишээ хэлэхэд, манай Замын-Үүдээс Сэлэнгээр дайрсан ганц төмөр зам байдаг. Үүнийгээ бид Ази, Европыг холбосон төмөр зам болно гэж олон жил ярьж байна. Ярьсаар байтал урд хөршийн хилийг дагуулаад, Хятадын төвөөс Өрөмч рүү, Өрөмчөөс Казахстан руу чиглэсэн төмөр зам татаж байна .Казахстаны нутаг дэвсгэр дээгүүр нарийн царигтай төмөр зам нэвт гарна. Казахстан нарийн төмөр зам тавих төслөө боловсруулаад ажлаа эхлүүлчихлээ. Ингээд Хятад манайхаар биш Казахстанаар дамжуулаад Европтой холбогдож байна. Шивээ хүрэн, Гашуун сухайтын төмөр замын хөрөнгө оруулалтын асуудал хэдийнэ шийдэгдчихсэн. Гэтэл үүнийг Засгийн газар шийдэж чадахгүй байна шүү дээ.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

0 comments:

Post a Comment