Read my blog's...

This is....
RSS

Ким Чен Ир

Ким Чен Ирт “Пхеньяны даяанч-хавч” гэсэн хоч яг зохисон санагддаг. Нүхнээсээ хамраа ч цухуйлгалгүй, далайн ёроолд олон сар жил хэвтэж, толгой дээр нь шуурга дэгдэж, шулам хашгирсан ч ер тоодоггүй, туйлын тэвчээртэй “амьтан” гэвэл тэр байна. Түүнийг далайн кальмар гэдэг амьтантай бас зүйрлэмээр санагддаг. Тэмтрүүлээрээ газар тулж, урдуураа хар үүл шиг юм гаргаж цацаад, тэгснээ ер анзаарагдалгүйгээр саадгүйхэн урагшилна.
Хойд Солонгосын удирдагчийн алхаа гишгээ бүрийг нягт халхлан далдалсан “нууцлаг хөшиг” бол түүний хувьд амьдрах цорын ганц шанс юм. Кимийн энэ хачирхалтай амьдрал сүүлдээ туйлын төвөгтэй, учир начир нь үл ойлгогдом түүх болон хувирсанд гайхах хэрэггүй мэт. Детектив зохиол бичдэг хүмүүсийн толгойд ч ийм гоц сонин санаа орж ирэхгүй л байх. Гэхдээ энэ нь баллуурдаад ч нэмэргүй бодит амьдрал юм даа.
Гурван жилийн өмнө оросуудад Кимийг амьдаар нь харах боломж анх тохиожээ. Чухамдаа тэр үед Пхеньяны даяанч Пхеньян-Санкт-Петербургийн чиглэлд /Москвад түр саатсан. Г.И/ жаахан аялж аваад нутаг буцсан. Кимийн хувьд анхны “урт удаан”, магадгүй Гиннесийн амжилтын номд ч бүртгэчихмээр аялал болсон юм даг. Гурван долоо хоногийн турш Орос орноор аялахдаа тэр хорвоо ертөнцийг дөнгөж таньж ядаж буй хүүхэд шиг гайхаж ханахгүй явжээ. Галт тэрэг зогсоол дээр ирмэгц мань эр аль тэртээ эцэг Ким Ир Сенийг айлчлах үеэр угтан зогсож байсан пионерууд, одоо нас биед хүрсэн бүсгүйчүүдийн гарыг атган мэндчилсэн ч түүнд зориулан бэлтгэж зассан тавцан дээр гарч ирсэнгүй. Улаан-Үдийн зогсоол дээр бөөн цэцэг энэ тэр барьчихаад, эрхэм удирдагчийг өдөржин хүлээсэн нутгийн удирдлагууд, Буриадын урлагийн мастерууд яг л энүүн шиг сэтгэл гонсгор хоцорцгоосон.
Гэсэн ч Ким орос анд нартаа хэсэгхэн хугацаанд ч болов өөрийх нь хүсэл зоригоос шууд хамааралтай солонгос хүмүүс болсон мэт сэтгэгдлийг төрүүлж чадсан юм. Ким Чен Ир яг л гэртээ байгаа юм шиг ойлголтыг тэдэнд төрүүлэхийг оролдож байлаа. Хуягласан галт тэрэг нийслэлийн Ярославын буудал дээр ирэх үед хэдэн мянган москвачууд шахцалдаж үхэх шахан байж угтаж авсныг бодоход Кремль түүнд бараг Америкийн ерөнхийлөгчөөс ч илүү хүндэтгэл үзүүлсэн нь илт.
Хойд Солонгосынг удирдагч умард хязгаар нутагт дахин очно гэсэн баярт мэдээ оросуудад хэдийнэ нисээд оччихож. Бээжингийн нэгэн нууцхан эх сурвалжаас иш татсан мэдээллийг Өмнөд Солонгосын “Йонхап” агентлаг цацсанаар тэр дорхноо л дэлхийд сенсааци дэгдээж орхисон. “Йонхап”-ийн мэдээлэлд, өнгөрсөн оны аравдугаар сард Хойд Солонгост айлчилсан Приморья мужийн амбан захирагч Сергей Дарькин Ким Чен Иртэй уулзах ёстой байсан ч учир битүүлэг шалтгаанаар тэр уулзалт болсонгүй. Харин одоо Ким өөрөө Приморийн захирагч дээр ирэхээр болжээ. Яг үнэндээ Ким ганц Дарькинийг бодож ирэхгүй, гол нь Приморьяд Путиныг тосч уулзахаар зорьсон хэрэг. “Ренхап” ийм л мэдээлэл тараасан. Харин Оросын өндөр тушаалтнуудад лав энэ мэдээллийг үнэн гэж хэлээгүй юм. Сүүлд сонсохнээ, Кимийн долоодугаар сард хийхээр төлөвлөсөн айлчлал есдүгээр сар хүртэл хойшлогдсон дуулдсан.
Ким ер нь гадагшаа тун ховор явдаг хүн. Төрийн эрх барьсан сүүлийн арваад жилд тэр гадаадад ердөө тавхан удаа хөл тавьжээ. Хятадад гурав, ОХУ-ад хоёр…Түүний айлчлал бүр гэнэтийн бөгөөд маш нууцлаг болдог. 2000 оны тавдугаар сард Хятадад хийсэн анхны айлчлал нь бараг өндөрлөсөн хойноо л ил болсон. Кимийг 2001 оны нэгдүгээр сард Хятадын нийслэлд ирсэн өдөр хоёр дахь айлчлалын мэдээ цацагдсан юм. Эцэст нь, энэ оны дөрөвдүгээр сард Ким авхай цөмийн хямралын асуудлаарх байр сууриа БНХАУ-ын удирдагч Ху Жинтаотой хуваалцахаар гурав дахь удаагаа айлчилжээ. Дээрээсээ тушаал авсан Хятад сэтгүүлчид энэхүү айлчлалын талаар бүлх залгичихсан юм шиг таг дуугүй. Ким Чен Ирийг Пхеньянд буусан хойно л Хятадын Гадаад хэргийн яам сая нэг ам нээсэн юм. Сэтгүүлчид эл айлчлалаас хагас хугасхан ч болов мэдэж авах аятайхан боломж олджээ. Өрнөдийн нэг гэрэл зурагчин Ким Чен Ирийг Тяньаньмэнийн талбайн ойролцоох “Бээжин нугас” гэдэг алдартай зоогийн газраас гарч явахад нь зургийг нь дарж орхижээ. Ким Чен Ир Хятадын өмнөх лидер, тухайн үеийн Цэргийн төв зөвлөлийн дарга, Коммунист намын Төв хорооны Улстөрийн товчооны гишүүн Зян Зэминьтай “бээжин нугас” хамтдаа зооглосон нь төө сүүлд л тодорхой болжээ.
Хятадын нийслэлээс Солонгосын хуягласан галт тэрэг хөдлөөд удаагүй байтал маш нууцлаг, эмгэнэлт явдал гарчээ. Ким Чен Ир үхлээс гайхалтайгаар мултрав. Төмөр замын Ренчхан станц дээр түүнийг элбэгхэн устгачихаар хүчит дэлбэрэлт болсон байна. Пхеньяны албан ёсны мэдээлэлдээ уг дэлбэрэлт нь усжуулалтын сувгийн барилгын ажилд ашиглах зориулалттай дарь гэнэт ассан гэж мэдээлж. Ачаа тээврийн хоёр галт тэргийг өөр нэгэн галт тэрэгтэй холбох үед цахилгаан дамжуулагч хоолой өртөж, яах ийхийн зуургүй дэлбэрсэн ажээ. Үрэгдсэн, шархадсан хүний тоо хэдэн мянгад хүрэв.Эл явдлаас ердөө ганцхан хоногийн дараа Солонгосын Засгийн газар үнэнээ хүлээсэн гэдэг. Осол болохын өмнөхөн галт тэрэг станцын дэргэдүүр буухайлан өнгөрөх үед Кимийг дэлбэлж алах оролдлого гарсан гэх цуу яриаг үгүйсгэжээ. Хэдэн зуун албатыгаа бодвол мань үхлийг ч хариулж чадах увьдистай аж. Дэлбэрэлт үнэхээр халдлага байсан эсэхийг мэдэх аргагүй юм. Хойд Солонгост алив юмыг ямагт чанд нууцалдаг хойно доо.
Ким Чен Ирийн эцэг Ким Ир Сен, эх Ким Чен Сук нар коммунист Солонгосыг төр улсын дайтай болж амжаагүй байхад, Манжуурын хойд хэсэгт Японы түрэмгийлэгчидтэй тулалдаж ахуй цагт партизаны отрядад танилцжээ. Үзэсгэлэнт сайхан бүсгүй, цэргийн эмч Ким Чен Сук өөрийн хайрт нөхөр, командлагч Ким Ир Сений гутланд улавч хийхийн тулд урт хар үсээ тайрч дэвсэж өгсөн тухай сэтгэл уярам түүхийг Солонгосын тэр үеийн суртал ухуулагчид чихэнд хоногштол ярьдаг байжээ. Ер нь тэдний талаар энэ мэт олон домог яриа бий.
Ким Чен Сукийн нөхөртөө өгсөн бас нэгэн үнэт бэлэг бол “агуу их эцгийн үйл хэргийг үргэлжлүүлэгч” хүү Ким Чен Ир юм.Тэр үеийн хар цагаан зурган дээр Кимийн бага, залуу нас дурайтал үлджээ.Гялалзсан хоёр эгнээ товчтой хар өнгийн цэмцгэр пальто өмсчээ. Жирийн л нэг Солонгос банди нарын нэг. Солонгосын ардын армийн үзэсгэлэнгийн цогцолборт тэрбээр эцгийгээ гараараар тулаад зогсчихсон байх. Эцэг нь яг л түүн шиг ажил хэрэгч байрын харагдана. Харин хожим эцэг Ким Ир Сений нэрэмжит их сургуулийн оюутан болсон тэрбээр цэрэг анд нарынхаа дунд нисгэгчийн дүрэмт хувцастай зогсож байна.
1970-аад онд Ким Ир Сен хүүгээ албан ёсны залгамжлагчаар зарласны дараахан авахуулсан хэд хэдэн албархуу зурган дээр “агуу жолоодогч”, ”хайрт удирдагч” нар урьдын хэвээр хамтдаа сүр жавхлантай харагдана.
Эхэндээ тэр эцгийнхээ “сүг сүүдэр” шиг л санагдахаар байв. 1994 оны долоодугаар сард аугаа Ким Ир Сен насан өөд болоход хүү нь эцгийнхээ харизмыг өвлөж чадсангүй.гэсэн цуурхал хормын зуур дэгджээ. Бага Ким бүтэн гурван жилийн турш Солонгосын Хөдөлмөрийн намын Ерөнхий нарийн бичгийн дарга, Батлан хамгаалах хорооны даргын ажлыг алба ёсоор хийлгүйгээр, улс орноо де факто маягаар удирдсан эцгийнхээ үлгэр жишээг дагасан байдалтай байлаа.
Ким Ир Сенийг үхсэний дараа Хойд Солонгосын эрх баригчдын дунд засаглалын төлөөх тэмцэл хурцдаж, Ким Чен Ир эцэст нь хяналтаа алдаж, хэзээ мөдгүй “хусагдах” дээрээ тулж ирснийг дээрх хэрэг явдал гэрчилнэ. Гитлер, Сталин, Муссолини, Франко, Салазара, Чаушески, Энвер Хож, Сухарто, за тэгээд Латин-Америк, Африк тивийн өч төчнөөн дарангуйлагч нарыг бодоод байхнээ нэг дарангуйлагч нөгөөгөөр солигддоггүй түүх нотолсон байдаг. Харин 38 дугаар өргөрөг дээр сталинизмыг шүтсэн энэ улс яагаад ертөнцөөс тасарчихав?! Олон янзын тайлбар хийж болно. Гэвч Солонгосын хойг дээр бидний таамагласан бүхэн эсрэгээр эргэж, байдал шал өөр байна. Кимийн дэглэм нурсангүй.
Ким гаднаа зожиг, идэвхгүй харагддаг мөртлөө байр суур нь огт ганхдаггүйн учир юунд байна. Төрийн өндөр албан тушаалуудыг гартаа аажмаар оруулахдаа юун түрүүнд Солонгосын уламжлалт дэг жаягийг хадгалахыг хичээжээ. Тухайлбал, нас барсан эцгээ хүндэтгэн гурван жилийн турш гашуудал илэрхийлж байхыг сургамжилсан Күнзийн сургаалыг даган баримталжээ. Гэхдээ Ким Чен Ир ард түмэнтэйгээ хамт эцэгтээ бүтэн гурван жил гашуудал зарлахдаа гар хумхин зүгээр суугаад байсангүй. 1990-ээд оны дунд үеэс Хойд Солонгосын албан ёсны, амьд сонгодог үзэл суртал болох чучхеинизмыг хэрэгжүүлэхийг оролдож эхлэв. Чучхейзм нь “зөвхөн өөрийн хүч чадалдаа тулгуурласан” философи үзэл санаа /Дэлхий ертөнцөө тасарч хөндийрсөн энэ зожиглолыг Сталины “Төмөр хөшиг”-төй харьцуулж болно/ юм.
Ким чучхегийн үзлээ урагш хүчтэй түрж, төр барьсан эхний жилүүдэд солонгос хүн “Чучхегийн үзэл санааны тухай”,Чучхе болон үндэсний хувьсгалын шинж төлвийг хадгалж, шинэ нийгмийг байгуулах” зэрэг бусад онол сургаалийг нэн даруй судлах үүрэг өгчээ. Эцгийх нь дэлхий ертөнцөөс тусгаарлан босгосон хана хэрмийг илүү өндөрсгөх зайлшгүй шаардлага тулгарсныг дээрх сургаалд номложээ. Социализмын уналтыг чамгүй судалсан Ким Чен Ир, үндэсний үнэт зүйлийг дутуу үнэлж, ихэнх оронд интернационализмыг хэт дэвэргэснээс алдаа гарчээ гэж дүгнэв. Өнөөгийн ертөнцөд социализм зөвхөн үндэсний өвөрмөц онцлогоор л хөгжих боломжтой гэж тэр үзжээ.
Улс орон нь төд удалгүй сүйрлийн ирмэгт тулж ирлээ. Дэлхийн эдийн засгийн хамгийн их гажилттай /Америкийн эдийн засагч Маркус Ноланд”-ын тодорхойлолт/ энэ улсад чучхегийн үзэл санаа ид хүчтэй дэлгэрсэн арав гаруй жилийн дотор төмөр, нүүрс, химийн салбарын аварга аварга үйлдвэрүүд танигдахын аргагүй уналтад оров.
ЗХУ-тай нөхөрлөж байх үед тэд бүх л бараа бүтээгдэхүүнээ “ахын”-хаа тусламжаар үйлдвэрлэдэг байсан бол Зөвлөлт улс задарсны дараа мөнхийн зовлонд унах нь тэр. Өвгөн Кимийг үхсэнээс хойш хоёр жилийн дараа тус улсын хамгийн төмөрлөгийн үйлдвэрийн сүүлчийн зуун нь зогсчээ. Дээр нь байгалийн гамшиг нүүрлэж, жил болгоныг ургацгүй угтдаг болов. Өлсгөлөн гуйланчлал, аймшигт хэрцгийллийн тухай ам хуурайгүй үглэсэн дүрвэгчид Хятадын хилийн дээсийг хэдэн зуугаараа давж байлаа. Гэвч агуу Кимийн удирдлага дор бэхжсэн дэглэм гойд амьдрах чадвартай ажээ. “Наймдугаар сарын 3-ны хөдөлгөөн” гэсэн сүрхий юм гараад ирлээ. Хаалгаа барьсан хүнд аж үйлдвэрүүдийн гологдол бараа түүхий эдийг боловсруулж нэн шаардлагатай бүтээгдэхүүн бэлтгэхийн нөр их ажилд тэтгэврийн насныхан, эмэгтэйчүүд, тахир дутуучуудыг дайчлах болов. Хөдөлгөөн улс орныг хамарлаа. Оролдсон хүн болгон л шүдний ооноос гялгар сав, суулга хүртэл хэдэн мянгаар нь үйлдвэрлэж, эрвийх дэрвийхээрээ зүтгэцгээв. Ким Чен Ир ямар зальтай, овтой эр болохоо харуулав. Эхэндээ тэр хувийн өмчтөнүүдэд хараан зүхэж байлаа. Харин Хятадад хийсэн айлчлал нь түүнийг Хятадын загвартай эдийн засгийн либеральчлалыг сонирхон судлахад хүргэж, түүний бүхий л элементийг Солонгосын хөрсөнд буулгахаар шийджээ. Ким Чен Ир маш өндөр технологийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Бээжингийн эдийн засгийн бүх гэгдэх “Торгоны хөндий”-д нүдээ унагах дөхөв. Ким Ир Сенийг нас барсаны дараахан, 1990-ээд оны дундуур Солонгосын суртал ухуулга нь “Солонгосын загвартай социализм”, “Хятадын онцлогтой зах зээл”-ийн социализмын хоорондох ялгааг онцлон тэмдэглэж байлаа. Одоо энэ ялгаа бүр ч тодорхой харагдах боллоо. Хойд Солонгост өргөсөн “Намын хуучин гварди”, “Шинэчлэлийн төлөөх технократ”-дуудын дунд цусгүй дайн дэгдэж эцэст нь шинэчлэгчид ялалт байгуулах нь тэр.
Эцгийнхээ гадаадын хөрөнгө оруулагчдад хагас дутуухан нээсэн хаалгыг хүү Ким цэлийтэл нээж Солонгосчуудын чихэнд огт дасал болоогүй “өөртөө үйлчлэх”,”ашиг” зэрэг үгс сонсогдож эхэлжээ. Үүний зэрэгцээгээр Ким удирдагч коммунист Солонгост тохирсон хүнсний асуудлыг шийдэх уламжлалт бус аргыг сэдэж оллоо. 1996 оны үерийн гамшигт хамаг ургацаа алдах үед Ким хараал идсэн дайснууд болох Япон, Солонгосчуудаас тусламж гуйхаас аргагүйд хүрчээ. Тусламжийн бараанууд хойд Солонгосын боомт дээр ирэнгүүт л барааны тэмдэгтийг нь шалавхан сольчихож байлаа. Хязгаарлагдмал мэдээлэл дунд амьдардаг Умардын Солонгосчууд өлсөж үхэх шахсан олон хүнийг “Өмнөд Солонгосын дайснууд”,”Арлын үл бүтэх Япончууд” хагас сая тонн тээж явуулсныг огтхон ч мэдэхгүй байв. Чучхе үзлээр зэвсэглэсэн тэдний хувьд гэнэт хоолтой залгасан нь зоригтой, тууштай тэмцэж байгаагийнхан шагнал мэт санагдаж байв. Ким Сен Ир, Ким Чен Ирийг магтан дуулсаар л. Пхеньяны суртал ухуулга үнэн хэрэгтээ хоёр Кимийг “амьд бурхан” хэмээн нэрийдэж байв. Тэдэнд зориулсан сүлд дуу тоймоо алдаж тэдний хөрөг зураг гудамж талбайд алхам бүрт тааралдаж, хөшөө дүрсийг нь хаанаас ч харж болохоор байв.
“Пхеньяны даяанч”-ын амьдрах чадварыг илэрхийлсэн бас нэгэн арга ухаан бол “Солонгосын цөмийн аюул”-аар наймаалцах явдал юм. Орчин үеийн дэлхийн бодлогын детектив санаа гэвэл үнэхээр энэ юм. Хэн нэгэн түүнийг хайр дурлалаар тун аюултай нааддаг хүнтэй жиших юм бол Хойд Солонгос л лав “үзэсгэлэнт бүсгүй”-н дүрд, харин Вашингтон түүнийг эзэмдэх гэсэн догшин эрийн дүрд хувирна. “Үзэсгэлэнт бүсгүй” цөмийн нууц гэгдэх “янагийн эрхтэн”-ээ хагас дутуухан нээж үзүүлээд, Сэм өвөөг тооцоотой нь аргагүй өднө. Үүний дараа тэр бүсгүй өөрт хэрэгтэй бүхнээ салгаж авна. Эцэст нь өнөөх эрийн хүссэнийг нь өгөлгүйгээр хулхидаж орхино.
Ким Чен Ирийн хошигнол бүхий сонирхолтой түүх дээрх тохиолдлын жишээ болно. 2000 оны зун Ким Оросын ерөнхийлөгч Путиныг зочлохыг хүсчээ. Окинава дахь “Их найм”-ын удирдагчдын уулзалтад очих зам зуураа Оросын лидерийн Пхеньянд хийсэн гэнэтийн, богино хугацааны айлчлал бүхэлд нь харлуулсан дуулиан болон хувирав. В.Путины Кимтэй нүүр тулж уулзсан явдал нь Окинавагийн уулзалтын эхний хэлэлцэх асуудал болсон бөгөөд их гүрнүүдийн удирдагч нарт үлэмж сонирхолтой сэдэв байлаа. Ким Чен Ир өөрийн цөмийн хөтөлбөрөө татгалзан гэж Путинд амлачихжээ. Путин ч үнэхээр тэр чуулганы гол баатар болж орхив. Гэвч Солонгосын цөмийн аюулыг дарсан ялалтын хөгжим тийм ч удаан эгшиглэсэнгүй. Хэдэн долоо хоногийн дараа Ким ажлын завсраар хундага франц улаан дарсны ард Өмнөд Солонгосын сэтгүүлчидтэй уулзахдаа В.Путинтэй пуужингийн асуудлаар ярилцсан нь үнэндээ тоглоом байсан гэж пал хийтэл хэлж орхив. Сэтгүүлчид чихэндээ ч итгэсэнгүй. Энэ нь тэгээд галзуу солиотой явдал уу, эсвэл алиа марзагнал уу, эсвэл бүр хянуур болгоомжтой, цэвэр луйвар уу. В.Путинээр “тахил өргөсөн” Ким өөртөө Өрнөдийн ертөнцийн ашиг сонирхлын давалгааг даллан дуудсан юм. Өрнөдийн орнууд Хойд Солонгостой дипломат харилцаа тогтоохоор уралдацгаав. Итали, Канад, Австрали, Шинэ Зеланд, Их Британи… Хойд Солонгосын харилцаанд гарсан эдгээр өөрчлөлт Ази тивд мэдрэгдлээ. Зүүн Өмнөд Азийн орнуудын байгууллага АСЕАН “?коммунизмын эвсэл” гээчийг байгуулаад, Хойд Солонгосын ажиглагчаар эгнээндээ элсүүлэхээр урив. Гэхдээ хамгийн чухал нь “цөмийн үзэсгэлэнт бүсгүй”-д татагдсан Вашингтонд ч мөн гайхалтай өөрчлөлтүүд өрнөлөө. 2000 оны аравдугаар сард Пхеньянд АНУ-ын тухайн үеийн Төрийн нарийн бичгийн дарга Мадлен Олбрайт хүрэлцэн ирэв. Үүний дараа Билл Клинтон өөрөө Хойд Солонгост айлчлахаар бэлтгэж эхэлжээ. Гэтэл тэр ирж амжихааргүй болов. Биллийг айлчлах үеэр АНУ, Хойд Солонгосын дунд түүхэн энхийн тохиролцоо хийгдэнэ гэсэн цуурхал тухайн үед тарчихсан байв. /1953 оны Солонгосын дайн дууссанаас өнөөг хүртэл хоёр улсын д”нд энхийн тохиролцоо дөнгөж л хийгдэх нь/. Ким Чен Ир үгээр тоголлоо ч энэ нь Хойд Солонгос болон өөрт нь ирэх сонирхлын давалгааг няцаахгүй гэдгийг сайтар тооцоолсон байжээ. Үнэхээр ч тийм л явдал болсон. Гойд заль мэхтэй тэрбээр энэ марзан гэмээр явдлыг “дэлхий ертөнц хорон санаатнуудын тоглоом бус, орчуулгын буруугаас болж золиослогдлоо” хэмээн “хоржоонтой” тайлбарлаж чадсан.
Ерөнхийдөө бол орчуулагч нар, дараа нь сенсаацид хорхойтой сэтгүүлчид л дандаа бүгдийг будлиантуулдаг гэнэ. Үгүй дээ, тэр хувийн амьдралаа нууц байлгахыг илүүд үзэн хэвлэлийнхнээс зугтдаг юм шүү дээ.
“Соёлтой улс төрчдийн хүрээлэл дунд Ким Чен Ир сүр дуулиантайгаар орох гэхэд нь Америкийн Ерөнхийлөгч Ж.Буш саад хийж орхив. Тэрбээр Хойд Солонгосыг Саддамын Ирак, исламын Ирантай хамтад нь “ад чөтгөрийн тэнхлэг”-т багтаан оруулав. Кимтэй гэнэт өөрөөр харилцах болсон шалтгаан нь гэнэн, тооцоогүй алхам огт биш байлаа. Бага Буш өмнөх Ерөнхийлөгч Билл Клинтоны үлдээсэн болгоныг ихэнхдээ үгүйсгэх байдлаар өөрийн бодлогоо бэхжүүлж байсан юм.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS