Read my blog's...

This is....
RSS

”Хан ресурсез” ба Орос, Хятадын чимээгүй “тулаан”








ЭЗЭН МОНГОЛЧУУД НЬ ЭНЭ ҮЙЛ ЯВДЛЫГ ЗҮГЭЭР Л НЭГ АЖИГЛАГЧИЙН БАЙР СУУРЬНААС ХАРААД Л...

Сүүлийн жилүүдэд манай Дорнодын ураны нөөц баялаг хөрш хоёр улсын хор шарыг нэлээд хөдөлгөөд байгаа. Магадгүй хоёр гүрний Монгол дахь геополитикийн чимээгүй дайны "халуун цэг'' нь Дорнод нутаг ч болж мэдэхээр байна. Тэд саяхнаас Монголын "Төв Азийн уран"-ы 58 хувийг эзэмшдэг Канадын "Хан ресурсез"-ийн нэр дээрх тусгай зөвшөөрлийг худалдаж авахын төлөө Торонтогийн бирж дээр үнэ хаялцаж эхэлжээ. Ашигт малтмалын төлөөх "дайн"-ы эхний талбар нь тэр болов. Гэтэл баялгийн эзэн монголчууд нь энэ үйл явдлыг зүгээр л нэг ажиглагчийн байр суурьнаас хараад, "добрый" царайлж сууна. "Хан ресурсез" бол монголчуудын хувьд бараг танил болсон компани. Энэ компани Дорнодын районы ураны томоохон орд газарт үйл ажиллагаа явуулж байгаа Төв Азийн ураны компанийн хувьцааны 58 хувийг эзэмшдэг. Одоо батлагдаад байгаа нөөц нь 30 мянган тонн бөгөөд энэ нь Монгол орны ураны нөөцийн бараг тал хувьтай нь тэнцэнэ.

ЦӨМИЙН ЭНЕРГИЙН ХУУЛИАР МОНГОЛ УЛС ТУС ОРДЫН 51 ХУВИЙГ ЭЗЭМШИХ ЭРХТЭЙ

Эхлээд бяцхан тайлбар хийе. Монголын цацраг идэвхит ашигт малтмалын ердөө таван хувийг "Мон Атом" групп эзэмшдэг. Уг групп өнгөрсөн оны сүүлээр ОХУ-ын төрийн өмчит компани болох "Атомредметзолото"-той хамтарч "Дорнод Уран" компанийг байгуулсан. Одоо энэ компаний мэдэлд 27 мянган тонн ураны нөөцтэй "Дорнод" ордын нийт талбайн 42 хувь нь харъяалагдаж байгаа. ОХУ-ын төрийн өмчит корпораци "Росатом"-ын нэг том салбар нь "Атомредметзолото". Тэгвэл "Атомредметзолото" нь Төв Азийн ураны компанийн 21 хувийг эзэмшиж байгаа гэдгийг дурдах нь зөв байх. Харин гурав дахь оролцогч нь Монгол Улсын Засгийн газар бөгөөд мөн хувьцааны 21 хувийг эзэмшдэг, Тэгэхээр Дорнодын ураны төслийн ялагчаар "Хан ресурсез" тодрох нь эхнээсээ л тодорхой байв. Гэхдээ энд нэг хатуу бөгөөд ил тод зарчим байх ёстой. Өнгөрсөн жил баталсан эрхэм гишүүд маань Цөмийн энергийн хуулиа баталсан. Уг хуулиар бол Монгол Улс тус ордын 51 хувийг эзэмших эрхтэй. Нэг үгээр хэлбэл, улсын төсвөөр эрэл хайгуулыг нь хийсэн орд газруудын 51 хувийг Монголын төр эзэмших ёстой гэсэн заалтыг Цөмийн энергийн тухай хуулинд тусгасан юм. Тийм болохоор Канадын "Хан ресурсез"-ээс 22 хувийг нь, Оросын "Атомредметзолото" компанийн найман хувийг нь хуулийн дагуу "Мон-Атом" компани өөрийн нэр дээр шилжүүлэн авах ёстой юм л даа. Тухайн үед Монгол Улс ЗХУ-ын хараат байсан болохоор цэвэр өөрийн төсөв мөнгөөр Дорнодод ураны хайгуул хийнэ гэж юу байх вэ. Монгол, ЗХУ-ын Засгийн газар тэртээ 1970 онд буюу ид найрамдалтай байх үедээ гэрээ хэлцэл байгуулж, ураны геологийн судалгааг Монгол Улсын нутаг дэвсгэрийн зүүн хэсэгт хийж эхэлсэн юм билээ. Уг судалгаа 1990 он хүртэл гүйцэтгэсэн юм билээ. Оросууд энэ том судалгаанд оролцож, санаачлагыг нь гартаа авч байсан болохоор Дорнодын ураныг эзэмших гэж улайраад байгаа биз. Дорнодын ураны бүлэг ордууд нэлээн сайн судлагдсанд тооцдог. Энэ бүс нутагт лиценз эзэмшин ураны хайгуул боловсруулалт хийж байгаа хэд хэдэн компани бий, Тэдний нэг нь Канадын "Хан ресурсез". Энэ компани Японы Марубени корпорацитай 2008 оны 12 дугаар сард Дорнодын ураны төсөл дээр хамтран ажиллахаар гарын үсэг зурж байсныг уншигч та санаж байгаа байх. Монголд ураны хайгуул олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан "Хан ресурсез" компанийн үйл ажиллагааг хэдхэн сарын Монголын Засгийн газраас зогсоосон.
Өнгөрөгч оны наймдугаар сард ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев Монголд айлчлах үеэрээ ураны салбарт хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан. Энэхүү гэрээгээр "Дорнод уран" хамтарсан компанийн асуудалд багагүй ач холбогдол өгсөн байдаг. "Росатом"-ын тэргүүн Сергея Кириенко "Хамтарсан компани нь Дорнодын бүс нутагт уран олборлох, боловсруулах цаашид бүр эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилготой" хэмээн тодорхойлсон.Тэгэхээр энд нэг зүйлийг онцлон дурдах учиртай болж байна. Монголын Засгийн газар ОХУ-тай дээрх хэлэлцээрээ байгуулахаас хэдхэн сарын өмнө Дорнодын ураны ордод үйл ажиллагаа явуулах "Хан ресурсез" компанийн лицензийг зогсоосон ч Канадын компаниудын удирдлага яриа хэлэлцээр хийгдэж эхэлсэн ажлаа цаашид хэвээр үргэлжлүүлэх итгэл найдвараа алдаагүй хэвээр байгаагаа илэрхийлж байлаа. Энэ талаар "Хан ресурсез" компанийн захирал Мартин Квик "Ураны нөөц эзэмших эрхийг Монгол улс ОХУ-д шилжүүлж, тэр нь тухайн улсын эрх ашигт илүү нийцэж байгаа бол бид Монгол улсын сонголтыг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Энэ нь тэдний эрх. Гэхдээ би ийм явдал болохгүй байх хэмээн найдаж байна" гэж гоморхсон аястай ярьж байв.
Иймэрхүү гэнэтийн гэмээр ардчилалгүй шийдвэр нь барууны хөрөнгө оруулагчдыг үргээж болзошгүйг тэр бас онцолсон удаатай. Ер нь Медведевийг Монголд зочилсноос хойш Оросууд Канадаар дамжуулж Монголын ураныг авах нь гэсэн шуугиан хэвлэлээр их цацагдсан даа. Тухайн үед ОХУ-ын төрийн өмчит "Росатом" корпораци Засгийн газраасаа 14.2 тэрбум рубль авахаар болсныг Оросын Ерөнхий сайд Владимир Путин мэдэгдсэн. "Росатом"-ын тэргүүн Сергей Кириенко ч дээрх хөрөнгийг гадаадын ураны ордуудыг ашиглахад зарцуулна гэж байв. Орос дахь ураны бааз сүүлийн үед тав дахин нэмэгдсэн боловч хямралаас болж уг бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн ханш хэсэг хугацаанд унасан үеийг ашиглан гаднын ордуудыг авах нь зүйтэй гэдэг байр суурин дээр очсон юм билээ. "Росатом" гурван ч орны ураны ордыг ашиглахаар хэлэлцэж байгаа аж.Тус корпорацийн охин компани болох "Атомредметзолото" Монгол дахь байр сууриа бататгахын тулд Канадын "Хан ресурсез"-ийг худалдаж авах санал тавьсныг Сергей Кириенко тухайн үед сануулж л байсан. Тэгэхээр Д.Медведев Ерөнхийлөгч "Хан ресурсез"-ийн тусгай зөвшөөрлийг өөрийн мэдэлд авах сонирхол ихтэй байгаагаа Монголын эрх баригчдад тулган шаардсан байх нь. Одоо дуулиант асуудлын хажуугаар Хятадын “CNNG Overseas uranium Holding Ltd” хошуугаа шургуулаад эхэлчихлээ. Тэд Канадын "Хан ресурсез"-ын хувьцааг өндөр үнээр худалдаж авах санал тавьжээ. Гэхдээ яг үнэндээ Хятадын Цөмийн эрчим хүчний үндэсний корпораци "Хан ресурсез"-ийн хувьцааг 52,9 сая ам.доллараар худалдан авсан тухай мэдээлэл бий ч Цөмийн энергийн хуулинд ураны орд газруудын тусгай зөвшөөрлийг компаниуд хоорондоо наймаалцаж болохгүй гэсэн заалт байгаа.Ямар ч байсан Хятадын ураны том компанийн энэ үйлдэлд орос "ах нар"-ын уур хүрэлгүй яахав. Магадгүй оросууд үүнд шаралхаж, Монгол Улсад илүү их шахалт үзүүлсэн байхыг үгүйсгэх аргагүй юм.Тэд "Хан ресурсез"-ийн хувьцааг хятадууд зарахыг зогсоож, Дорнодын орд газрын тусгай зөвшөөрлийг 50:50 хувиар эзэмшихийг тулгаж буй бололтой. Гэтэл Монгол улс хуулинд тусгасан давуу эрхээ ашиглаад тэднээс өмнө 51 хувиа авчихсан хэрэг.

“ХАН РЕСУРСЕЗ” МОНГОЛЫН ХУУЛИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРСӨН НЬ

Торонтогийн биржид бүртгэлтэй "Хан ресурсез" болон Монголын төрийн өмчит "МонАтом"-ын төлөөлөгчид харилцан ойлголцлын санамж бичгийг өнгөрсөн сард үзэглэсэн. Энэ хамтын ажиллагаа Дорнодын ураны ордыг ашиглаж эхлэх замыг нээж байгааг "Globe and Mail" мэдээлсэн билээ. "Хан ресорсез"-ын хувьцааны ханш тэр даруйдаа 15 хувиар өсөж, 0.78 канад долларт хүрсэн гэдэг. "Харилцан ойлголцлын санамж бичиг бий болсноор үл ойлголцол арилж, компанийн хувьцааны ханш өсөж, бодит түвшиндээ ирнэ гэдэгт бид найдаж байна" хэмээн "Хан ресурсез"-ын удирдах зөвлөлийн дарга Жеймс Доак хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ.Оросын ураны "Атомредметзолото" холдинг Канадын "Хан ресурсез" компанийг 36.4 сая доллараар худалдаж авах санал өнгөрсөн арваннэгдүгээр сард тавьсан нь бүтэлгүйтсэн. Оросууд Канадын компанийн нэгж хувьцааг 0.65 доллараар үнэлэн, төлбөрөө бэлэн мөнгөөр хийнэ гэсэн нь "Хан ресурсез"-ын захирлуудын дургүйг хүргэсэн гэдэг. Гэтэл Хятад 95 канад центээр авах санал тавьчихсан байдаг.

"МОНГОЛ УЛСЫН ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХИЙГ Л ХҮСЧЭЭ"

Шинээр батлагдсан Цөмийн энергийн тухай хуулийн дагуу хайгуул, олборлолтын лицензээ шинэчлэн бүртгүүлэхээр хүлээж байгаа үед дээрх санал ирснийг "Хан ресурсез"-ын захирлуудын тусгай хорооны ахлагч Грант Эди тэмдэглээд "эмзэг үеийг ашиглах гэсэн оролдлого" хэмээн "Атомредметзолото"-гийн үйлдлийг тодорхойлж байв. "Мон-Атом" төрийн өмчит болон Канадын "Хан ресурсез" компанийн хооронд байгуулсан санамж бичиг нэлээд шуугиан тариад байгаа. Цөмийн энергийн газраас уг санамж бичгийг хүчингүй болгох шийдвэр гаргасан тухайгаа мэдэгдсэн. Тиймээс "Мон-Атом" компанийн захирал Р.Бадамдамдин "Монгол Улсын хуулийг хэрэгжүүлэхийг л хүссэн хэрэг. Цөмийн энергийн хуулинд Монголын тал төрийн өмчөөр хайгуул хийсэн орд газруудын 51 хувийг эзэмшинэ гэсэн заалт байдаг. Төрийн өмчийн хорооноос манай "Мон-Атом" компанид уг хуулинд тусгасан заалтуудыг яаралтай хэрэгжүүлэхийг үүрэгдсэн. Тэр дагуу Канадын "Хан ресурсез" компанитай санамж бичиг байгуулаад Монгол Улсын 51 хувийг эзэмших эрхийг баталгаажуулсан юм. "Төв Азийн уран"-ы 21 хувийг Монгол Улс, 21 хувийг нь "Атомредметзолото", үлдсэн хувийг нь Канадын "Хан ресорсез" компани эзэмшдэг байсан. Хуулинд заасан эрх үүргийнхээ дагуу "Хан ресурсез" компаниас 22 хувийг нь, "Атомредметзолото"-гоос найман хувийг нь шилжүүлсэн авч "Төв Азийн уран" компанийн 51 хувийг Монгол Улс эзэмших ёстой л доо. Тиймээс л "Хан ресурсез"-тай санамж бичгийг байгуулсан" гэж тайлбарлаж байв.Харилцан ойлголцлын санамж бичгийн талаар "Төв Азийн уран" компанийн дэд захиралБ.Эрдэнэбилэг "Цөмийн энергийн тухай шинэ хуульд ураны ордын 51 хувийг төр эзэмшинэ гэж заасан. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй бол "Монголоос гар" гэдэг зарчим л үйлчилж байгаа шүү дээ. Тэгэхээр "Хан ресурсез" Монголд үйл ажиллагаа явуулж байгаа тул хууль, журманд нь захирагдаж л таарна. Харилцан ойлголцлын санамж бичигт үүнийг л тусгаж өгсөн. Энэ тал дээр ойлголцсон болохоор үйл ажиллагаагаа цааш үргэлжлүүлэхэд аль аль тапдаа дөхөм болж байна" гэж ярьж байв. Ийнхүү Оросын шахаа, Хятадын аядуу дайралт шинэ Монголын хөрсөн дээр өрнөж байна.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS