Read my blog's...

This is....
RSS

...





ӨГЛӨӨНИЙ ШУУРХАЙ ГЭДЭГ МАГТААЛ, ШҮҮМЖЛЭЛИЙН ХАЛУУН ДЭНС

Аав аа, та байнга л ажил гэх юм. “Өргөө”-д кино хамт үзнэ гэсэн, амласандаа хүрнэ шүү?
-За тэгнээ, миний хүү.
-Аав аа, өнөөдөр кино үзнэ, тийм ээ.
-Аав нь өнөөдөр завгүй. Чухал сурвалжлагатай. Маргааш хамт үзье...




Ийм хариултаар би хүүгээ “аргалах” нь бий. Ажлын өдрүүд маань голдуу энэ мэт амлалтаас эхэлнэ. Том цүнхэндээ хэдэн дэвтэр, бал үзэг энэ тэрхнийг хам хум хийж аваад л ажил руугаа “харайчихна.”. “Завгүй” гэдэг үгийг бодоод байсан чинь өнгөрсөн хугацаанд олон хүнд хэлж иржээ... Миний амьдралын цаг хугацааны их хуудсууд эргэсээр “нэг л мэдэхэд” 2010 онтой золгоод байна.
2000 онд сургууль хамт дүүргэсэн нөхдөөс минь сэтгүүл зүйн их талбарт “Өнөөдөр”-ийн И.Отгонжаргал”, “ММ” агентлагийн Б.Баасанбямба гээд ердөө хуруу дарам хүн л хүчээ сорьж яваа. Бусад нь хаана, юу хийж яваа бол?!. Аль эсвэл Зулькафиль багшийн хэлснээр “шалгуур өндөртэй” сэтгүүл зүйн талбараас тэс өөр ертөнцөд ажиллаж амьдарч явна уу. Энэ асуултад хариулт өгөхөө азная.
Онол, амьдрал хоёр барагтай тохирдоггүйг би сэтгүүл зүйн ертөнцөөс мэдэрсэн. Оюутан байхдаа онолын мэдлэгээр бүрэн “зэвсэглэж” байж л жинхэнэ сэтгүүлч болно гэж боддог байв. Багшаасаа “очко” авахын тулд дэвтэр дээрх онолын хуурай өгүүлбэрүүдийг тархиндаа бат гэгч нь “чихэж”аваад дуржигнатал уншина даа. Үүгээрээ онол хэрэггүй гэж туйлширч хэлэхийг хүсэхгүй байна. Эрхэм та ойлгох байх.
Сэтгүүлзүйн ертөнц бол бодит зах зээл, өрсөлдөөн. Тэр тусмаа хоосон “онол эзэмшигчид”-ийн бус авьяас, ур чадвар, мэдлэг туршлагын өндөр хурдтай өрсөлдөөн гэдгийг би өдөр тутмын сонинд ажилласан эхний өдрөө л анзаарсан юм. Сургуулиа дөнгөж төгсч ирээд сонины редакцид хөл тавьж буй залуусын хувьд ч энэ бас хамаатай ойлголт. Өдөр тутмын сонины сэтгүүлч байх сайхаан. Анхны мэдээ, анхны сурвалжлага гээд сэтгэлд тодхон үлдсэн дурсамж зөндөө. Хэцүү хэрнээ сүүлдээ хайртай ажил минь болчихдог өвөрмөц орчин шүү, сонины гал тогоо. Өглөөний шуурхай гэдэг магтаал, шүүмжлэлийн халуун дэнс.
Бичсэн материал сайн болж, хамт олноосоо урмын үг сонсоно гэдэг хамгийн том шагнал юм даа. Чухамдаа шинэхэн нийтлэлийн гоё санаагаа өглөөний шуурхай дээрээс, хамт олныхоо халуун яриан дундаас л шүүрч авдаг.
Анхны тохиолдол бүр дурсамж болон үлддэг аж. 2003 онд “Улаанбаатар таймс” сонинд ороод удаагүй байх үед манайхан Баянхонгор аймагт аяллаар явсан юм. Нутгийн нэгэн алдартай дуучнаас ярилцлага авах үүрэг надад ногдов. Анхны ярилцлагаа хийсэн нь тэр. Би хоёр том алдаа хийснээ ярилцлагаа буулгаж байхдаа мэдсэн юм. Нэгд, дуу хураагчаа тэр хүнээс нэлээд зайдуухан тавьчихсан тул яриа нь олигтой сонстохгүй их бүдэг бичигдээгүй байв. Хоёрт, ярилцлагад дурдагдсан хүмүүсийн овог нэрийг дутуу тэмдэглэж авч. Ингээд хүмүүсийн нэрийг овогтой, овоггүй хоёр янзаар бичсэн, дээр нь үг үсгийн алдаа энэ тэрээс болж ярилцлага маань ёстой “бантан” болж орхижээ. Саруулбуян эрхлэгч өглөөний шуурхай дээр “Чи ч ёстой гурилдаж өгчээ” гэж хэлэхэд хамаг бие минь салж унах шахсан сан. Түүнээс хойш юм бичихээр бол хамгийн түрүүнд тухайн хүний овог нэрийг асууж тодруулдаг “рефлекс”-тэй болсон. Одоо ч гэсэн “Алдаа хулгайч шүү” гэсэн Баянтунгалаг ахын үг чихэнд маань байнга уяатай. Туршлагатай сэтгүүлч хүний хувьд Баянаа ах нүдний шилээ зүүж байгаад их няхуур, удаан тогтож уншдаг. Буруу хазгай бичсэн үг өгүүлбэр харахаараа хөмсгөө зангидаад сүрхий ширүүсээд ирнэ. Түүний энэ няхуур чанар залуу сэтгүүлчдэд үлгэр болж чаддаг юм.
Сэтгүүлч хүний жинхэнэ аз жаргал бол уншигчдаасаа урмын сайхан үгс сонсох. Редакцын утас хангинах даруйд хаанаас ч юм бэ сэтгэл нь догдолсон уншигчийн халуун дотно амьсгал мэдрэгдэн “Сонирхолтой сайхан нийтлэл болжээ, баяр хүргэе” гэх нь үгээр илэрхийлэхийн аргагүй гоё агшин. Илүү сайн бичье байз гэж өөрийн эрхгүй урамшаад ирдэг. Тэдний дундаас аавынхаа тухай бичсэн “Хүү минь чи азтай, азтай” дурсамж надад цөөнгүй удаа ийм баяр жаргалыг мэдрүүлсэн. Үүнийг бичих гэж би бүтэн жил бодсон юм шүү дээ. Мессеж, е-мэйл захидлаар ирсэн урмын үгс миний тэмдэглэлийн дэвтэрт үлджээ.

Би түүнийг архив сайтай хүн гэж боддог

Хүн бүр өөр өөрийн гэсэн алдаа, оноотой. Баяр, гуниг, сэтгэлийн хэм хэмнэл нь ч тэс ондоо. Миний хувьд өдөр тутмын сонинд цөөн хэдэн жил ажиллахдаа олон баярт үйл явдал тохиолджээ. Цагийн хатуу механизмаар хурдалж байдаг өдөр тутмын тодотголтой “галт тэрэг”-нд нөөц “бүтээгдэхүүн” маш чухал. Болж өгвөл материалуудаа урьдчилж бэлтгээд шүүгээн дотроо “хадгалаад” байж байх хэрэгтэй. Нэг л өдөр үнэ цэнэтэй бүтээл болж, “аминд” ордгийг би ойлгосон юм.
Өмнөд хөршийн сайхан хотуудаар аялж, гоё сайхныг нь харж бахдаж явахад чухамдаа миний үлдээсэн цөөн хоногийн нөөц материал сонины зохих нүүрэндээ бэлтгэгдэн орж, хамт олны ачааг нь хөнгөлөлцөж байсныг ирсэн хойноо Ж.Саруулбуян эрхлэгчээсээ сонсоод баярлаж билээ. Түүнээс хойш юм “архивлах”-ыг хичээдэг болсон. Алдартай сэтгүүлчдийн амжилтыг анзаарч байхад сайн архив чухал нөлөө үзүүлсэн байдаг юм билээ. Амьд, сонирхолтой, энгийн, жинтэй бичлэгүүдэд сонины эрхлэгч нар дуртай. Жинхэнэ сэтгэлээс ургасан нийтлэлийг л уншигчид хүлээж авдаг болохоор тэр. “Үндэсний шуудан” сонинд ажиллаж байх үед Ганчимэг эгчийн торгон мэдрэмжтэй, гал цогтой, тод өнгөтэй, бяртай ярилцлага, нийтлэлүүд чухам ийм чанаруудыг шингээсэн гэж бодогддог байсан. Отгонбаяр ахын улс төрийн хурц бичлэгүүд ч гэсэн сэтгүүлчийн ур чадвар болоод баримт, анализын цогц нийлбэр болж чаддагаараа уншигчдын талархлыг хүлээдэг. Би түүнийг архив сайтай хүн гэж боддог. Шинэхэн нийтлэлийг нь амтархан уншдагийн маань нууц энд ч байж мэднэ.
Ганболд эрхлэгч, өдөр тутмын сонины амжилтад хүргэх гол тулгуур нь сэтгүүлчдийн ур чадвар гэж ярьдаг. Үүндээ ч маш хатуу шаардлага тавьж ажилладаг. Ур чадвар гэсэн ойлголтод мэдээж тухайн сэтгүүлчийн мэдээлэл олж авах, түүнийгээ боловсруулах өөрийн гаршсан технологи чухал болов уу. Нэг ёсондоо сэтгүүлчдийн өөрийн гэсэн технологийн өрсөлдөөн Монголын шинэ цагийн сэтгүүл зүйг тодорхойлно гэдгийг тэрээр анзаарсан байх.

Цоо шинэ мэдрэмж, цоо шинэ хэмнэл…

Сонин, телевиз гэж ялгалгүй Монголын сэтгүүлчдэд нийтлэг зовлон бий. Улс орны эрх ашиг, тусгаар тогтнол, нийгмийн ёс зүй зэрэг том том сэдвээр бичиж, дарга даамлуудын өөдөөс зоригтой дуугардаг ч бидэнд зовлон их бий. Цалин муутай, ихэнх нь гэр хороололд амьдардаг гээд нийгмийн асуудал нь орхигдсон ч түүнийгээ ч анзаарах сөхөөгүй мэдээ, сурвалжлагын араас хөөцөлдөж явдаг сонин улс. Хэцүү бэрх ч гэсэн энэ ажилдаа хачин дуртай. Өмссөн хувцас нь хуучирч, өдөржин ходоод нь хонхолзож явсан ч сэтгүүл зүйдээ үнэнч гээч. Би ч гэсэн тэдний нэг. Шулуухан хэлэхэд “гэр хорооллын” гэх тодотголтой сэтгүүлчдийн нэг. Хэзээ нэгэн цагт амьдрал сайжирна, өндөр цалин авна, байр сууцтай болно гэсэн гэгээн мөрөөдлөөр бидний үеийнхний нэлээд нь амьдарч яваа.
Өдөржин ажилласан алжаалаа үдэш нь томоогүй жаахан хүү, охинтойгоо тоглож наадаж байгаад тайлчихдаг жирийн сэхээтний нэг нь би. Магадгүй, усанд дугаарлаад зогсож байхуйд нийтлэлийн шинэхэн санаа гялсхийн төрөх агаад түүнийхээ ид шидийг үзэхсэн гэж яарч л байх вий. Зөвхөн урагшаа гэсэн тэмүүлэл сэтгүүлчдийг хөтөлж, хөглөж байдаг. Нийгмийг оюун санааны хувьд чирч явах ёстой хүмүүс гэдгээрээ бид ийм хариуцлагыг өөртөө үүрч явах учиртай.
Эцэст нь хэлэхэд, өдөр тутмын сонины эрчимлэг хэмнэлт ертөнцөөс сэтгүүл рүү шилжиж орсон энэ үе маань надад бас л түүх болж үлдэнэ. Сэтгүүлийн ертөнц гэдэг миний хувьд цоо шинэ мэдрэмж, цоо шинэ хэмнэл… Ур чадвар, ёс суртахууны шинэ үнэлэмж. Өдөр тутмын сонинд ажиллаж байх үедээ олж хараагүй шинэ өндөрлөг рүү би одоо алхаж явна. Гэхдээ аль болох хурдхан алхахыг хичээж байна.






Г.Идэрхангай, Хөгжлийн төлөө сэтгүүл зүй



2010.05.25

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

0 comments:

Post a Comment