Read my blog's...

This is....
RSS


ТАВАНТОЛГОЙН ЗУЛАЙД ХҮРСЭН ТЭМДЭГЛЭЛ



“...За даа, ийм нимгэхэн хувцастай, дээр нь сурвалжлага энэ тэр бэлтгэх хүн говьд очоод осгох вий” гэж Амгаа ахыг хэлмэгц битүү цасан тал, хаврын эхэн сарын улаан түйрэн юу юугүй л нүдэнд буугаад ирэв. “Өмнөговьд+2 хэм” гэсэн өмнөх өдрийн цаг агаарын тойм мэдээнд эргэлзэн, онгоцны цонхоор байн байн өндөлзөн харахуйд говь нутгийн цасан бүрхүүл аль хэдийнэ хайлсан нь илхэн, нүцгэн бор тал гарын алга мэт тэнийсээр... Ноднин зуны эхээр Цэций нутагт очиход айхтар шуурч байж билээ. Ажилчдын кэмпээс толгой цухуйлгангуут л хамхуул шиг авч шидчих гээд байсан юм чинь, өвөл бүр тамтаггүй хүйтэрдэг биз гэсэн шүү юм бодож явсан юм. Гэтэл “Цогтцэций хавиар хэд хоног орсон цас ганцхан өдөр хайлчихлаа, аргагүй л хавар иржээ” гэх үл таних эрхмийн үг таатай сонстов.
Хэдхэн хоногийн өмнө, Монголын байгаль хамгаалах иргэний хөдөлгөөнүүдийн эвслээс “Ногоон од” өргөмжлөл хүртэж, эко гишүүнээр шалгарсан Ц.Сэдванчиг, Г.Баярсайхан нарын УИХ-ын гишүүд онгоцны урд хэсэгт тухалжээ. Ганц цагийн нислэгийг сонин сэтгүүл гарчигласан шигээ өнгөрөөлөө. “Тавантолгой” нисэх буудалд газардахад санасныг бодвол салхи шуурга багатай, цасны ул мөргүй, урьдын танил Цогтцэций сум угтлаа. Улаанбаатарын нүд хорсом гашуун утаанаас эндхийн агаар тэс ондоо. Хүв хүйтэн цэнгэг ус залгилан цангаагаа тайлах шиг л санагдав. Бид шуудхан л сумын төвийг зорьж, сурвалжлагаа бэлтгэхээр төлөвлөсөн байсан юм. Тэгэхнээ УИХ-ын хэсэг гишүүн Тавантолгойн Цанхийн зүүн хэсэг дэх хөрс хуулалтын ажилтай биечлэн танилцахаар явна гэсэн мэдээ чих дэлсэв. Оюутолгой, Тавантолгойн уурхайн газруудад байгаль орчны холбогдолтой хууль, тогтоомжийн хэрэгжилтийн байдалтай танилцахаар Ажлын хэсгийнхэн яваа нь энэ аж. Сурвалжлагч хүн ийм боломжийг алдаж болохгүй гэж дотроо бодоод, шуудхан л шийдвэрээ өөрчилж орхив. Монголчуудыг хэдэн арван жилийн турш тэжээж, хөгжилд хөтлөх аварга орд үүцээ дөнгөж нээх гэж буй эхний алхмыг нүдээр харах нь “алтан боломж” биш гэж үү. Магадгүй, “Эрдэнэс Тавантолгой”-н хөрс хуулалтыг нүдээр үзэх анхны сэтгүүлч ч байж мэднэ гэсэн олзуурхалдаа давхар хөтлөгдөх нь тэр. Хээр талын хуурай шороо пургиулан давхисаар “Эрдэнэс МГЛ” компанийн ажилчдын гэр хотхонд хүрч очлоо. Энэ хооронд арваадхан минут л зарцуулав. Эгнүүлж барьсан 30 гаруй таван ханат гэр, явган хүний засмал зам, бие засах газрууд гээд хэрэндээ тохичихож. Энд 150 гаруй ажилчин хоёроос гурван ээлжээр байрлаж буй ч алс хэтдээ 600 ажилчинтай том кэмп болж өргөжих юм байна. Кэмп төдийхөн бус, дагалдах олон арван барилга байгууламж сүндэрлэж, тэр хавьдаа олны хөл бужигнасан орчин үеийн тохилог хотхон босох нь гэсэн өөдрөг төсөөлөл эхнээсээ төрж эхлэв. “Нүүрсний томоохон уурхайтай, дэлхийн зургаан том компанийн зах зээлийн үнэлгээг харьцуулж үзэхэд хамгийн дээд тал нь “Би Эйч При Биллитон” групп 200 тэрбум ам.доллараар, хамгийн бага нь Шведийн “Экстрата” компани 52 тэрбум ам.доллараар үнэлэгддэг. Дэд бүтэц бүрэн шийдэгдсэн, үйлдвэрлэл эрчтэй явагдаж байгаа, бүтээгдэхүүн борлуулалтаараа тэргүүлэгч компаниудын үнэлгээ ийм байна. Харин “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьд олборлолт, борлуулалтын үйл ажиллагаа хараахан эхлээгүй, дэд бүтэц гэхээр зүйл огт байхгүй. Төрийн өмчийн хороотой хамтарч хийсэн урьдчилсан тооцоогоор тус компанийн зах зээлийн үнэлгээг 15 тэрбум ам.доллар гэж тогтоосон” хэмээн “Эрдэнэс МГЛ” компанийн Тавантолгойн орд хариуцсан дэд захирал Б.Ганхуяг танилцуулгаа эхлэв. “Манай компани энэ жилдээ доод тал нь 1,5 сая тонн нүүрс олборлохоор төлөвлөж байгаа” хэмээн түүнийг ярихад Ц.Сэдванчиг гишүүн “Тэгээд нэгдүгээр сараас нүүрсээ олборлоод эхэлчихсэн үү” гэсэн гэнэн асуулт тавьж байв. Тус ордод одоогоор нүүрсний ямар ч олборлолт хийгдээгүй. Нүүрсний агуулахаа л бэлдсэн. Уурхайн бусад барилга байгууламжийн ажил хавраас хийгдэж эхэлнэ гэдгийг эрхэм гишүүд газар дээр нь очиж байж л “ойлгож” байгаа бололтой. Юутай ч уурхайн ам нээх, хөрс хуулалтын ажил 90 гаруй хувьтай явж буйг “Эрдэнэс Тавантолгой” компанийнхан дахин давтан онцолж байлаа. Төрийн зуун хувийн өмчит “Эрдэнэс МГЛ” компани Тавантолгойн ордын баталгаат нүүрсний 96 хувийг эзэмшдэг. Өөрөөр хэлбэл, тус ордын нийт коксжих нүүрсний нөөцийн 87-88 хувь нь энэ компанийн мэдэлд байгаа юм. Гэхдээ үүнийг нарийвчилсан хайгуул, өрөмдлөгийн үр дүнд илүү тодорхой болгох учиртай.

Тавантолгой гэсэн ашигт малтмалын арвин баялаг нөөцтэй энэ бүлэг ордод зуун хувь төрийн мэдлийн “Эрдэнэс Тавантолгой” ХК, төр, хувийн хэвшлийн холимог менежмэнттэй жижиг “Тавантолгой” ХК, үндэсний компаниудын нэгдэл буюу хувийн хэвшлийн хөрөнгө оруулалттай “Энержи Ресурс” гэсэн гурван компани үйл ажиллагаа явуулж байгаа. Өөрөөр хэлбэл, менежментийн огт өөр бодлоготой гурван компани нэг ордыг тал бүрээс нь ашиглах юм. Бүгд дор бүрнээ цахилгаан станцтай, төмөр замын сүлжээтэй болох зорилго тавьсан эдгээр компанийн үйл ажиллагаанд төрийн нэгдсэн бодлого, зохицуулалт хэрэгтэй гэх үг гишүүдийн амнаас унаж байв.

Уурхай, улс төр хоёр тэс ондоо ухагдахуун гэдгийг говийн хөрсөн дээр буусан хойноо л ойлгож байна, манай төрийн түшээд. Тодруулбал, асар нарийн төлөвлөгөөтэй, хатуу механизмын дагуу эрчимтэй явагддаг уурхайн ажлыг ойлгодоггүйгээс бодит байдлаас тасархай, дээр нь маш их удаж байж шийдвэр гаргадаг юм байна гэдгийг “Энержи ресурс” компанийн бүтээн байгуулалттай танилцсан гишүүд ярьж байна лээ.


30 ЖИЛИЙН ХУГАЦААНД ОЙРОЛЦООГООР 410 САЯ ТОНН НҮҮРС ОЛБОРЛОНО


Тавантолгойн ордын нөөцийн хэмжээг 1988 онд Орос, Монголын эрдэмтдийн хамтарсан зөвлөлийн үнэлгээгээр тогтоосон. Энэ тооцоогоор өнөөг хүртэл явж байгаа. Өнгөрсөн хугацаанд манай ашигт малтмалын салбарт олон удаа хууль журам өөрчлөгдлөө. Ашигт малтмалын ордын нөөцийг Эрдэс баялгийн зөвлөлөөр оруулж бүртгэдэг боллоо. Гэхдээ Тавантолгой ордын нөөцийг Эрдэс баялгийн зөвлөлөөр эцэслэн тогтоогоогүй. Нөөцийг дахин тогтоож, үнэлгээ гаргах ёстой”. “Эрдэнэс Тавантолгой” компанийн Уурхайн дарга Р.Нацагдаш Ажлын хэсгийнхнийг Цанхийн зүүн хэсгийн дөрөвдүгээр хучаас буюу давхаргад явуулж буй хөрс хуулалтын ажилтай танилцуулах үеэрээ ийн ярьсан юм. “Вагнер Ази”, Комацу”, “Моннис”-ийн хүчирхэг техникүүд уурхайн хөрс хуулалтын ажлыг чөлөө завгүй гүйцэтгэх ба хүчтэй салхи шуурганы улмаас агаарт дэгдэх тоос шороо нь хүртэл бараа сүртэй.
Эрдэнэтийн хүдрийн ил уурхайг “Яг л зураг шиг” гэж олон улсад тодорхойлж байсан юм билээ. Цанхийн зүүн хэсгийн уулын ажлын өнгийг харсан хэнд ч болов ийм бодол төрнө. “Эрдэнэс МГЛ” компани өөрийн хөрөнгөөр худалдаж авсан таван ширхэг өөрөө буулгагч Белазыг уурхайн ажилдаа дайчилж байна. Угсраад хоёр хонож буй шинэ эксковатор ч хэзээ мөдгүй ажилдаа гарахад бэлэн болжээ. Цанхийн зүүн хэсэг буюу Тавантолгой ордын “зулай”-гаас нүүрс гаргаж авахад бэлэн болжээ. Хөрс хуулалтын ажил бага шаарддаг, тэрэг техник ажиллахад хүндрэлгүй хэсэг гэнэ. Р.Нацагдаш даргын хэлснээр бол уурхайн ашиглалтын дөрөвдүгээр давхаргад урьдчилсан ТЭЗҮ-гээр тогтоосон 9.8 сая тонн коксжих нүүрс бий аж. Энэ оны нэгдүгээр сард нөөцийн хэмжээг Улсын комисст албан ёсоор танилцуулж, хүлээлгэн өгчээ. Дөрөвдүгээр давхаргаас доошоо гуравдугаар, бүр “0” хэсэг гэж бий. Хамгийн доод хэсэг гэсэн үг. “Эрдэнэс Тавантолгой” ХК эхний жилдээ дөрөвдүгээр давхаргаас олборлолтоо явуулаад гурав, дөрөв дэх жилээсээ “том” гэж нэрлэсэн ТЭЗҮ-ийн дагуу “0” давхаргаас олборлож эхлэхээр тооцоолжээ. Жилд 15 сая тонн коксжих нүүрс олборлоно гэж үзвэл 30 жилийн хугацаанд ойролцоогоор 410 сая тонн нүүрс гаргаж авах ТЭЗҮ хийгджээ. Тавантолгой ордын Цанхийн баруун хэсгийг стратегийн хөрөнгө оруулагчидтай хамтран ашиглах бол зүүн хэсгийг “Эрдэнэс Тавантолгой” компани бие даан, гэхдээ эхний 5-10 жилд гэрээт олборлогчтой хамтран ашиглах төлөвлөгөөтэй. Цанхийн баруун хэсэг 1204 сая тонн нүүрсний нөөцтэйгээс 65 хувь нь коксжих нүүрс, харин “Эрдэнэс Тавантолгой” компанийн дангаар эзэмших зүүн хэсэг 1078 сая тонн нүүрсний нөөцтэйгээс 78 хувь нь коксжих нүүрс гэсэн албан ёсны тооцоо ч гарсан байна.

“ЭРДЭНЭС МГЛ” ӨӨРИЙН ХӨРӨНГӨӨР ХӨРС ХУУЛАЛТ ХИЙЖ БАЙГАА


Уурхайн ам нээх болон хөрс хуулалтын гол ажлыг өнгөрсөн оны наймдугаар сарын 26-наас арваннэгдүгээр сарын хооронд нугалжээ. Асар их ажил хийгдсэн нь нүднээ илхэн. Нийтдээ 530 гаруй мянган шоо метр уулын цулыг хуулах ажил хийсэн агаад 50 гаруй мянган тонн нүүрс олборлоход бэлэн болжээ. Олборлох нүүрсний зузаан нь 15-18 метр. Үүнээс доошоо, гуравдугаар давхаргад 5-7 метрийн зузаантай коксжих нүүрс хүлээж байгаа. Ерөнхийдөө 280-300 метрийн гүнд ашиглалт явуулж байж, 410 сая тонн нүүрс олборлох байдлаар ТЭЗҮ боловсруулсан гэдгийг уурхайн дарга танилцууллаа. Дараа жилээс байгаль орчны нөхөн сэргээлтийг хамтад нь хийж эхлэх юм байна. Энгийнээр хэлэх юм бол олборлосон хэсгээ шимт хөрсөөр хучаад ногоожуулалт хийнэ. Ерөөс Цанхийн зүүн хэсгийн “0” давхаргыг ашиглахдаа аяндаа дотоод овоолгуудаа хийж, нөхөн сэргээлтийг ном журмаар гүйцэтгэх юм байна. “Уг нь Австралид уурхайн овоолгыг бетоноор хашаад маш том агуулах юм уу, тунель байгуулдаг юм билээ” гэж Д.Энхбат гишүүн харь улсад очиж уурхайн туршлагатай танилцсанаа хуваалцах гэтэл хэн нэгэн “Энэ бол асар их хөрөнгө мөнгө шаардах ажил шүү дээ. Ийм зүйлийг манайд хийж чадахгүй байх аа” гэх нь дуулдав. Нарийн тооцоон дээр тулгуурлаж ажилладаг уурхайн мэргэжилтнүүдэд энэ үг хэт хөнгөн, оновчгүй санагдсан ч байж магад. Тавантолгойд хөрс хуулалт гүйцэтгэх ажлын тендерийг ч зарлаагүй байхад Цанхийн зүүн хэсэгт гэв гэнэт л машин техникийн дуу нүргэлж, уурхайн ам нээлээ гэх мэдээг сонсоод олон хүн цочирдсон. Тэр ч бүү хэл, “Энэ ажилд зарцуулах хөрөнгө мөнгийг хаанаас гаргаж байна вэ” гэсэн хартай асуулт ч тэнүүчилсэн билээ. “Эрдэнэс МГЛ” төрийн өмчийн компани учраас оператор компани орж ирэхээс өмнө төсвийн хөрөнгө оруулалтаар л үйл ажиллагаагаа явуулж байгаа гэсэн энэ хардлага үнэндээ цөөнгүй улстөрч, иргэний хөдөлгөөнийхний цөсийг хөөргөдсөн гэхэд буруудахгүй. Гэхдээ 2011 оны Улсын нэгдсэн төсөвт тус компанийн үйл ажиллагааны зардал гэхээр тусгай хөрөнгө оруулалт огт тусгагдаагүй нь энэхүү эргэлзээг бага ч болов тайлсан билээ. “Хэдийгээр “Эрдэнэс МГЛ” төрийн өмчийн компани ч гэлээ тодорхой хэмжээнд өөрийн хөрөнгөтэй. Хөрс хуулалтыг өөрийн нөөц бололцоондоо тулгуурлан явуулж байгаа. Үүнд ямар нэгэн “но” байхгүй. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг Хөрөнгийн бирж дээр гаргахаас өмнө нөөцөөсөө гадна үйл ажиллагаа нь тодорхой хугацаанд явагдсан, нэлээд жигдэрсэн компани гэдгийг харуулах хэрэгтэй. Аливаа уул уурхайн компанийн зах зээлийн үнэлэмжид энэ нь их чухал нөлөө үзүүлдэг” гэж “Эрдэнэс МГЛ” компанийн Гүйцэтгэх захирал Б.Энэбиш хэвлэлийнхэнд учирлаж байсан удаатай. Юутай ч, хөрс хуулалтад асар их мөнгө урсаж байгаа нь ойлгомжтой ч гэрээт олборлогчийг орж ирэхэд уурхайн хөрс хуулалтын ажил жигдэрчихсэн, бэлэн талбай угтаж авах нь. Нүүрсээ ухаж эхлэхэд өөр асуудал байхгүй гэсэн үг. Ажлын хэсгийн гишүүд “Хөрс хуулалтын ажил маш шуурхай явж байна. Гурав, дөрөвдүгээр сараас нүүрсээ олборлоод эхлэх нь. Бидний бодож төлөвлөснөөс ч түргэн хугацаанд ажил өрнөж байна шүү” гэхээс өөр дүгнэлт хийсэнгүй. “Энэ чигээрээ төлөвлөлтөө бариад ажиллаад байгаарай” гэсэн захиас үгийг дайхаа ч бас мартсангүй. Тавантолгой ордын дэвсгэр нутаг дээр одоогоор 17 айлын өвөлжөө, хаваржаа, байшин сууц бий гэнэ. Бүгдийг нь нүүлгэж, шилжүүлэх том ажил мэндлээд удаагүй байгаа “Эрдэнэс Тавантолгой” компанид ногджээ. Хувийн өмчийг трактороор хамаагүй түрээд буулгачихаж болохгүй, эзэдтэй нь урьдчилан тохиролцож, шаардлагатай бол мөнгө төгрөг өгөх хэрэг гарах нь. Гэхдээ иргэн хүн өмчөө хэдээр үнэлэх нь дурын хэрэг ч “арай дэндэнэ ээ” гэмээр явдлууд ч гарч байгаа бололтой. Уг нь, “Эрдэнэс Тавантолгой” компанийн удирдлага тэдгээр айлын өвөлжөө, хаваржааг өөр газарт нүүлгэж, хүсвэл бүр сайжруулаад, орчин үеийн хэлбэрт оруулаад барьж өгье гэж амлажээ. Малчид одоо л хөрөнгөжих боломж гарлаа гэж ойлгов уу, тус компаниас санаанд багтамгүй их мөнгө шаардаж эхэлжээ. Нэг малчин 900 гаруй сая төгрөг нэхэмжилсэн гэж байгаа. Гэхдээ Б.Ганхуяг захирал сумын иргэдтэй уулзах үеэрээ “Энэ асуудлыг иргэн хүнээ хохироохгүйгээр, хууль журмаа баримтлаад шийдчихнэ. Малчид өмч хөрөнгөө хувьцаа хэлбэрт оруулах замаар өөрт ашигтай сонголт хийх боломж бий” гэж хэлж байсан.

ЦОГТЦЭЦИЙД ГАЗРЫН БИЗНЕС ЦЭЦЭГЛЭЖЭЭ


Өрх толгойлсон нэг эмэгтэй төрөөд удаагүй нялх үрээ гэртээ гаднаас нь цоожилж үлдээгээд, сумын захиргааны үүдийг хэдэн өдөр сахиж байж, алга дарам газар хэмжүүлж авчээ. Одоо л нэг хувийн газартай боллоо гэж баярласан бүсгүй хулхидуулснаа харин хожим нь мэджээ. Учир нь, түүний хэмжүүлж авсан газрын гэрчилгээг сумын эрх мэдэлтнүүд өөр хүний нэр дээр гаргачихаж. Эрхэм гишүүдэд тэрээр энэ явдлыг гомдлын нулимс унаган байж ярьсан юм. Гэтэл энэ юу ч биш гэнэ. Цогтцэций сумд насаараа амьдарсан өвгөн олон жилийн өмнө газар хүссэн өргөдлөө сумын удирдлагад өгчээ. Хариу хүлээсээр байгаад залхсан өвгөн одоо айлын хашаа түрээслэн амьдарч байна. “Би газартай болж чадахгүй байгаа юм чинь үр хүүхдүүд маань ч бүр хэцүүдэх байлгүй дээ” хэмээн өгүүлж байлаа. Өмнөговь аймаг, тэр дундаа Цогтцэций, Ханбогд сумд хэдхэн жилийн дараа хот болж өргөжих нь нэгэнт тодорхой тул бэл бэнчинтэй хүмүүс түрүүлээд хамаг л өөдтэй газрыг нь худалдаад авчихсан гэсэн яриа сумаар тархжээ. Өрхийн хэрэгцээний 0.07 га газар 15 сая төгрөгийн үнэ хүрдэг гэхээр газрын наймаа хэр хөгжиж байгаа нь харагдах биз ээ. Шатахуун түгээгүүрийн газар 808 сая төгрөг, кэмп байгуулах дөрвөн га газар 560 сая төгрөг, үйлчилгээний зориулалт бүхий хагас га газар 55 сая төгрөгөөр дуудлага худалдаагаар зарагдсан гэж сумын иргэд ярьж байв. Сумын төвөөр явж байхад саарал блокоор барьсан хэд хэдэн хоосон хашаа харагдаж байна лээ. Зургийн аппарат хэрэгсэл барьсан мань мэтийн сурвалжлагчийг “Та кадастрын газраас явж байна уу. Аль газрыг хэмжих гэж байгаа юм” хэмээн хоргоох шинжтэй. “Газартай холбоотой зүйлийг сонин хэвлэлээр хамаагүй ярьж болдоггүй юм. Сумын удирдлага биднийг мэдчихээд хавчиж мэднэ” гэх хүн ч таарлаа. Шинэхэн банзан хашаа бүхий сумын гудамжууд эгнээ шугамаа эрчимтэй тэлж байна. Монгол улсын хэмжээнд газар хувьчлал 2012 оноор дуусгавар болно. Тэгэхээр хоёр жилийн дараа Цогтцэций сумд шинээр газар олгохгүй юм байна. “Сум дээр яагаад иргэн хүнд газар олгохгүй байна вэ. Төрийн ажлыг ингэж хийж болдог юм уу” гэх уурсангуй үгсийг эрхэм гишүүдийн хийсэн уулзалтын үеэр иргэд амнаасаа унагаж байлаа. Сумын удирдлагыг төлөөлж ирсэн нэг эмэгтэй “Бид төрийн ажлыг хуулийн дагуу хийж байгаа. Энэ тогтоол шийдвэрээ харна уу” гээд Ц.Сэдванчиг гишүүн рүү өнөө цаасаа “чулуудаж” харагдав. Дорноговь аймгийн Сайншанд сумын нутагт аж үйлдвэрийн цогцолбор байгуулахаар төлөвлөсөн 3512.5 га, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Оюутолгой орд газрын орчим 7736.1 га, Цогтцэций сумын Тавантолгой орд газрын орчим 3661.3 га, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутагт 882.3 га, Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигийн хөндийд баригдах “Олон улсын нисэх онгоцны буудал”-ын нутаг дэвсгэрт хамаарах 12084.9 га газрыг томоохон бүтээн байгуулалтын тусгай хэрэгцээнд авч, хувь хүн, аж ахуйн нэгжүүдэд олгохгүй, Тусгай хэрэгцээний газарт хамааруулахаар Засгийн газрын 2010 оны зургадугаар сарын 2-ны өдрийн тогтоолоор журамлажээ. Цогтцэций сумын иргэд энэ тогтоол шийдвэртэй огт танилцаагүй, ам дамжсан мэдээлэлтэй л байна. Сумын удирдлагууд болохоор энэ мэдээллийг иргэдэд өч төчнөөн удаа сурталчилсан гэж “гүрийж” байна лээ. Х.Баттулга сайд уг тогтоолтой холбогдуулан “Орон нутаг газрыг дур мэдээд бусдад өгчихдөг болохоор төр тухайн газрыг авсан хүмүүстэй наймаалцах хэрэг гардаг юм. Үүнээс урьдчилан сэргийлж ийм арга хэмжээ авлаа“ гэж тухайн үедээ хэвлэлийнхэнд мэдэгдэж байсан билээ.

ӨРХ ГЭРЭЭСЭЭ НЭГ ХҮНИЙГ Ч БОЛОВ УУРХАЙД АЖИЛД ОРУУЛЧИХ ДАВХАР ТӨЛӨВЛӨГӨӨТЭЙ


Амьдарч суух газар олдохгүйн зовлонг мэдэх атлаа Цогтцэций рүү тэмүүлэгсдийн цуваа тасрахгүй нь. “Говьд хүн болж төрснөөс хангайд бух болж төрсөн нь дээр” гэсэн нэгэн цагийн ёж үг бий. Хоёр мянга хүрэхтэй үгүйтэй байсан Цогтцэций сумын хүн ам өдгөө 9000 хол давсан гэх мэдээ байна. Олон хөлийн газар болохоос нь урьтаж, бушуухан газар авч, дэлгүүр нээе, бизнес эрхэлье гэж дор бүрнээ нэгийг бодсон хүмүүс сумын хүн амыг гэрлийн хурдаар нэмэгдүүлжээ. Өрх гэрээсээ нэг хүнийг ч болов уурхайд ажилд оруулчих давхар төлөвлөгөөтэй. Гэхдээ тэдэнд тулгарч буй нэг бэрхшээл бол хүүхдүүд нь сургуулиас завсардах вий гэсэн айдас. Сумын дунд сургууль 750 хүүхдийн багтаамжтай атал өнөөдөр хоёр мянга гаруй сурагчтай болжээ. Цэцэрлэгийн хувьд бүр ачааллаа дийлэхээ больсон гэнэ. Цогтцэций сумд нэн тэргүүнд хоёр сургууль, гурван цэцэрлэг шаардлагатай байгаа ч сумын удирдлага мөнгө төсөв байхгүй гэсэн ганцхан хариулттай байдаг хэмээн иргэд ярьж байв. Цогтцэцийн хэдэн айлаар орж, ахуй амьдралынх нь зах зухаас сонирхлоо. Б.Жаалбаатар гэдэг хувиараа бизнес эрхлэгч залуу сумын төвөөс холгүйхэн, ил задгай хогийн цэгийн дэргэд жижигхэн бор гэртээ амьдарна. Бор дарсанд автаж явсан тэрээр Өмнөд Солонгост очоод сайн сайхан амьдрах боломж Монголд дүүрэн байдгийг ухаарчээ. Хувьдаа 20 гаруй гахайтай. Уул уурхайн компаниудаас гарсан хоол хүнсний хаягдлаар хэдэн гахайгаа тэжээчихнэ. Хогийн цэг дээрх элдэв лааз, сав суулгыг ангилж ялган хэдэн төгрөгөөр борлуулдаг, сүйхээтэй эр. “Хүний нүдэнд хог муухай харагддаг ч үнэндээ мөнгө шүү дээ” гэж тэрээр ярьсан юм. Ирээдүйн хөрөнгөтөн эндээс төрөхийг хэн байг гэх вэ. Жаалбаатар сумын удирдлагад хэдэнтээ хандаж, дэмжлэг хүссэн ч тоймтой хариу сонсоогүй аж. “Цогтцэцийн эрүүл орчин” төрийн бус байгууллагыг толгойлж, сумын цөөн хэдэн ядуусыг хөдөлмөрийн доод хөлсөөр цалинжуулдаг байна. “Дэлхийн хэмжээний том уурхайтай Цогтцэций сумд ядуу хүн дэндүү олон бий шүү” хэмээн тэрээр яриагаа үргэлжлүүлэв. 40 хүрсэн хүнийг уул уурхайн компаниуд ажилд авдаггүй болохоор түүнээс ажил хүсч ирдэг гэнэ. Сумын ойролцоо ил задгай хаясан хог хаягдал салхи шуурганд туугдан, талаар нэг тарчихна. Дийлэнх нь компаниудын хаягдал. “Баялгийг маань олборлочихоод, байгаль дэлхийгээ ингэж хорлож болохгүй шүү дээ. Үүний эсрэг би зүтгэнэ ээ. Байгаль орчны яаманд хандана гэж бодож байгаа” хэмээн Жаалбаатар өгүүлэв. UBS телевизээр нэг хэсэг “Гэртээ харих замд” хэмээх төслийн цуврал нэвтрүүлэг гарсныг уншигчид санаж байгаа биз ээ. Нэвтрүүлгийн гол баатар болох залуу хос Цогоо, Баярмаа нарт “Энержи ресурс” компани ажлын санал тавьж, улмаар өнгөрсөн оны сүүлээр Цогтцэцийд онгоцоор авчирчээ. Авчраад зогсоогүй, “Энержи хашаа”-нд байрлуулж, шинэ гэр барьж өгсөн байна. Цогоогийнх дөрвөн хүүхэдтэй. “Нөхөр маань одоо галчийн ажилтай. Яваандаа оператор болбол амьдрал илүү сайжрах байх” хэмээн Ухаахудагийн Галерей кэмпийн үйлчлэгч Баярмаа ярилаа. Улаанбаатар хотод хог түүх шахам амьдарч байсныг бодвол энд өөрийн гэсэн ажил албатай, найз нөхөдтэй ч болжээ. Нялх нойтон хүүхдүүдтэй айлд асуудал мундах биш. Энэ байдлыг байгууллагаас нь харж үзэн, тэр хоёрын ажлын цагийг хүртэл зохицуулж өгчээ. “Энержи ресурс” компани ажилчдынхаа хүүхдүүдэд зориулж цэцэрлэг барьж байна. Цогоогийнх энэ цэцэрлэгт хүүхдүүдээ оруулна гэсэн бодолтой. Мөн л Улаанбаатараас өмнийн говийг зорин, энэ нутагт өөрийн гэсэн байр сууриа олж авах гэж зүтгэж яваа хүн бол Д.Отгонбаяр. Айлын хашаанд, жижигхэн шавар байшин түрээслэн гэрийн тавилга энэ тэрийг хийдэг ажилтай. Сумын гэрэл цахилгаан байсхийгээд тасарчихдаг болохоор ажил зогсох энүүхэнд гэнэ. “Морин хуураас авахуулаад гэрийн бүх төрлийн тавилга хийдэг. Хүссэн загвар, хийцээр нь хийж өгөхөд бэлэн. Энд төвхнөчихвөл эхнэр хүүхдээ авчрах санаатай” хэмээн Д.Отгонбаяр хуучиллаа. Цогтцэций суманд мод, түүхий эдийн үнэ тийм ч хямд биш. Урт хугацаатай зээлд хамрагдан, жижигхэн ч хамаагүй ажлын байртай болчихвол түүний хүсэл биелэх нь тэр. Тэрээр бас зах зээл дээрх өрсөлдөгчдөө ч судлаад амжсан гэж байгаа. Лав хоёр мужаантай өрсөлдөх хэрэг гарах юм билээ. Залуус бол над шиг мод хөрөөтэй ноцолдож байснаас уурхайд ажилд орсон нь дээр дээ гэж ярьдаг гэнэ. Д.Отгонбаярын найз Түвшинжар­галынх Дундговь аймгаас шилжиж иржээ. Жижигхэн бор гэрт нь хөл тавих зай алга. Аргагүй л үйлчин айл юм. Эхнэр, дөрвөн хүүхдийн хамт шилжиж ирээд нэг жил болсон ч сарын 70 мянган төгрөгөөр гэр түрээслэн бизнесээ эрхэлж байна. Буриад гутлаас авахуулаад сумынхны өмсөх дуртай “жолооч гутал”-ыг хүртэл хийнэ. Ялангуяа эмээл хийдгээрээ олонд сайн танигджээ. Монголын олон алдартай уяачид, малчид түүний эмээлээр гангардаг байна. Суманд гутлын түүхий эд байхгүй. Улаанбаатар хотоос нэг гутлын материалыг 40-50 мянган төгрөгөөр авдаг ба 70 мянган төгрөгөөр зарж борлуулдаг аж. Цэвэр ашиг нь тун бага. Гэр түрээсэлж амьдрахын зэрэгцээ хажуу айлаасаа гэрэл цахилгаан “хулгайлдаг”-аа Түвшинжаргал нуусангүй. Ёстой л бор зүрхээрээ зүтгэж байж хэдэн төгрөг олдог гэнэ. “Заавал энд ирэх шаардлага байсан юм уу. Хотод гарын дүйтэй хүн амьдрах боломжтой шүү дээ” гэхэд “Тэнд гутал хийдэг хүн дэндүү олон, харин худалдаж авах нь цөөн шүү дээ” гэв. Энэ сумын удирдлагуудаас бусад нь Түвшинжаргалаар гутлаа хийлгэж, янзлуулдаг тул Цэцийчүүдийн итгэлийг огт алдаж болохгүй гэсэн зарчмыг өөртөө хатуу барьдаг гэнэ. “Дундговь аймагт байхдаа авсан одон медаль, шагнал өргөмжлөлөө бүгдийг хамж аваад Цогтцэцийн Засаг дарга дээр орж үзсэн. Тусламж гуйх санаатай. Гэтэл эд нар чинь ийм жижиг зүйлд толгойгоо гашилгадаг улс биш байна. Нүүрс, уул уурхай гээд л давхилдаад байх юм” хэмээн гомдоллох. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн анхны ажилчдын нэг, Үйлчилгээний хэлтсийн ахлах Н.Адъяасүрэн дэлхийн хэмжээний болж томрох компанид ажиллаж буйгаараа, тэр тусмаа Өмнөговийн иргэн болж төрснөөрөө бахархаж байна. Н.Адъяасүрэнгийн нөхөр нь “Энержи ресурс” компанид жолоочоор ажилладаг. Цогтцэцийд арав гаруй жил амьдарсан тэднийх өдгөө 30 гаруй сая төгрөгөөр боссон тохилог сууц, жип машин, хувийн томоохон хашаатай. Цогтцэций суманд олон өнгийн амьдрал ийн сүлэлдсээр. Говийн тэнэгэр тал нутагт Цэций хороолол удахгүй сүндэрлэнэ. Дагаад зах зээл нь өргөжинө, хүмүүсийнх нь амьжиргаа сайжирна. Ирээдүйн хот улс ийнхүү шинэ цагийн их нүүдлийг даллан дуудаж байна. 

Г.Идэрхангай 2010.02.04
Өмнөговь аймаг. Цогтцэций сум

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS


Minerals Law needs amendments,
carefully considered


Given the primacy of the country’s mineral resources in its development, it is no surprise that both the people and the lawmakers in Mongolia want to get their minerals law absolutely right. The original law was adopted in 1994, introducing new concepts of investment and mining standards in a country that had only recently embraced the market economy. An amendment was made in 1997, incorporating incentives to foreign investment and hailed as opening up the economy further. Private companies started to make mineral research and exploring.
Another amendment came in 1998. After some years of global stagnation in the mineral sector, commodity prices began to rise and more foreign investment began to flow into the mining sector of Mongolia. The amendment made in 2006 to reflect this was a contentious one, and was followed by another in 2008, three more in 2009 and one again in 2010. This has laid Mongolia open to charges from foreign analysts and investors that its legal environment is fickle, hindering long-term investment in the mining sector. The joke among them used to be that in Mongolia, you go to sleep under one mineral law and could wake up under quite another. It was not an unfounded complaint maybe, and even D.Batkhuyag, troubled by the various problems these frequent change posed to the work of the Mineral Resources Authority of Mongolia, which he heads, said, “The rules have to be unambiguous and must not be changed in the middle of a game”. But there is urgent need to address some anomalies and deficiencies in the present law.
Parliament is seized of the matter, but cannot be oblivious of the fact that mining, more than many other businesses, is a long-term process, where investments are usually big and it takes time for returns to start coming in. A change in the legal environment makes investment more risky, so the amendments it makes should be equitable as well as long-term.
It is a big error to think the Minerals Law provides the legal environment for activities in the mineral resources area only. In any case, “legal environment” is a very wide term, and several other issues, not directly related to mineral resources but inextricably related to them, have to be incorporated in the Minerals Law. Take, for example, the Special License Law which governs cancellation of licences issued under special considerations. However, the Minerals Law also has similar provisions, leading to widespread confusion on which law takes precedence if there is a contradiction.
The 2006 amendment dealt with “mineral accumulation”, without, however, being clear about exactly what the term meant. Geologists complained that even a heap of soil could be considered “mineral accumulation” and in, a way, the entire 1.5 million hectares of Mongolian territory can be seen as mineral accumulation.

Defining strategic importance

Another major confusion in the Minerals Law is how it defines a mineral deposit of strategic importance. Industry professionals want Parliament to make the definition more accurate and less ambiguous. At present, Article 4.1.12 of the Mineral Law says, “A mineral deposit of strategic importance means a deposit of a size that may have a potential impact on national security, or on economic and social development of the country at the national and regional levels or one that is producing or has a potential to produce more than five (5) percent of the total Gross Domestic Product in a given year.” Thus even a small deposit can be termed strategic if it is felt to have a potential impact on economic and social development at a regional level. Even a reserve of 100 kg of gold can be claimed important for local development.
Junior mining companies, working in the distant countryside with poor infrastructure, have been complaining about this for years, but the decision makers have not paid heed. The reference to a possibility of producing more than five percent of total GDP in a given year is also confusing. Which year’s GDP should be taken and will the figures relate only to mining products? GDP estimates change constantly, and with commodity prices always fluctuating in the world market, the financial value of a mine’s output cannot be calculated to everybody’s satisfaction.
There have been suggestions that to qualify as strategically important, a deposit must have more than 500 million tons of coking coal. There is no internationally followed standard in this, but whatever an individual nation decides is usually determined by clearly understood logic and is not enforced arbitrarily. The mining sector waits for Parliament to adopt clearer criteria to identify mineral deposits of strategic importance when it next amends the Minerals Law.

Mining with a license for exploration

The present Minerals Law is often criticised as being no more than a document of simple licence registration. Licensing in the mining industry is done under the 1997 amendment and allows exploration activities only with the investor’s money. This leads rich foreign companies to begin mining proper even when they hold a licence for exploration and no more. The President’s decree to stop any fresh issue of exploration licence went some way towards limiting illegal mining but Parliament allowed the order to lapse with effect from December 01 and the licence selling business will boom again, unless a Parliamentary resolution firmly puts an end to the practice.
The licence issue cannot be seen in isolation and has to be coordinated with the Land Law. Today there are 1,149 mining licences covering 520,900 hectares of area and 3,048 exploration licences over 25.7 millions hectares. The total area under licence is 16.7% of the territory of Mongolia. Many see the grant of so many exploration licences to foreign companies as a threat to national security, but we have been wooing foreign investors since the 1997 amendment and instead of rebuffing them, the Government should ensure a more efficient utilisation of this investment flow. The money should come and stay in Mongolia, instead coming in only to go out again, with some profit.
Another thing the Minerals Law does not and should do is to clearly define the period of validity of an investment agreement as well as of a mining licence. For example, the mining licence of the Oyu Tolgoi deposit will expire after 25 years but the investment agreement is for 30 years. It is anomalous to allow a licence extension simply because of the terms of an investment agreement.

Royalty rates

Revenue from copper export has been the mainstay of the budget for years. Coal will now earn as much as or more than copper. This calls for a change in Article 47 of the Minerals Law which deals with royalty rates. With no 68% windfall tax from next year, only more royalty charges can make up for the loss, even if they bring in less than 50% of what the windfall tax earned. A sliding royalty rate has been agreed on, but MPs are considering a special higher rate for the Erdenet copper. Not all of them are in favor of a different tax system. D.Damba-Ochir has expressed concern that a 20% tax on Erdenet Mining will be self-destructive. Same rates for all minerals will earn MNT58 billion while higher rates on copper will raise receipts by MNT150 billion. This is tempting in the short term but could very well be self-defeating in the long. However, the proposed sliding royalty rates should be coordinated with other taxes, including the import tax, so that investors are encouraged to bring in modern technology.

Mines-related regional development

The Minerals Law gives to local budgets 10% of the royalty collection, but this contradicts the General Budget Law. Besides, local Civil Representatives Assemblies have no legal authority over the area’s budget. Parliament has to empower local Governments to take 10% of the royalty. There should be local participation when mining companies prepare the technical and economic feasibility study for their projects so that money is earmarked for regional development. “We should at least have a say in the reclamation schedule,” says Tsog-Ornokh, Governor of Tsogttsetsii soum in Omnogovi province.
Mining professionals are unanimous in their support for making it a mandatory responsibility for licence holders to contribute to regional development. For example, Energy Resources is constructing a town for 15,000 people in Omnogobi while Erdenes Mongol will build one for 10,000 residents. Another new town is planned by Xinhua MAK, but the Minerals Law should make mining-based regional development a statutory obligation .
P.Tsagaan, Advisor to the President, is heading a team charged with recommending amendments to the Minerals Law. Its suggestions should be submitted for public debate so that the law becomes an instrument of sustainable development and also does not need further revision for a reasonable period.


The Mongolian Mining Journal 2010.12

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

СУРВАЛЖЛАГА


Хөрөнгө оруулагчдын шинэ урсгалыг Монгол руу нээсэн чуулган

Талын монголчууд жихүүн өвөлдөө бэлдээд завгүйхэн байх өдрүүдэд арлын Хонконгод уул уурхайн хөрөнгө оруулагчдын уулзалт бөмбөрцөг дэлхийн анхаарлыг Монгол руу эргүүлэв. “Хонконгод Монголын долоо хоног болж байна” гэж Д.Зоригт сайд онцлох нь аргагүй ээ. Аравдугаар сарын 13-ны өглөөнөөс Монголын үндэсний компанийн үнэт цаас санхүүгийн ертөнцөд цахиур хагалан мэндэлсэн юм. Үүнээс ердөө нэг өдрийн өмнө олон улсын хөрөнгө оруулагчдын “Mining Investment Insight-2010” чуулга уулзалт эхэлсэн агаад гурав дахь өдрөө “Монголын хөрөнгө оруулалтын чуулга уулзалт” /Mongolia Investment Summit-2010/-аар үргэлжлэв. “Дэлхийн нэр хүндтэй бизнесмэнүүдийг шинэ цагийн санхүүгийн төв Хонконгод урьсан маань учиртай. Монголчуудад яг одоо хөрөнгө оруулалт хэрэгтэй” хэмээн бүтэн гурван өдрийн турш хурал даргалсан, “The Mining Journal” сэтгүүлийн Гүйцэтгэх захирал Крис Хинд даруухнаар тодотгож байна. Уул уурхайн хөрөнгө оруулалтын хэтийн төлөв, ““junior” компаниудад хөрөнгө оруулах, эрсдлийг тооцох, металлын үнийн чиг хандлага гэх зэрэг олон талт сэдэв бүхий илтгэлүүд чуулганы эхний хоёр өдрийг өнгөлсөн. Жижиг компаниуд голдуу удаан хугацааны туршид муу төсөл хэрэгжүүлж, менежментээ сул явуулснаас өрсөлдөх чадвараа үргэлж алддаг. Дэлхийн уул уурхайн “акул” Рио Тинто групп анхандаа “жуниор” байсан ч сайн төсөл, сайн удирдлагын хүчинд өнөөгийн өндөрлөгт хүрсэн юм шүү гэж “ING BANК”-ний тэргүүн Винсент Пойзат хэлж байна. “Mongolia Investment Summit”-ийг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт нээж үг хэлсний дараа олон сонирхолтой илтгэл хөврөв.

Том төслүүд эздээ хүлээсээр...


Монголын ДНБ таван жилийн дараа гэхэд тав дахин нэмэгдэнэ. Оюутолгой ордын үйлдвэрлэл эхэлбэл тус улсын эдийн засаг жилдээ 20 хувиар өсөх хандлага ажиглагдаж байгаа. Нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээ 9000 ам.доллар болно. Ийм боломжуудыг хөрөнгө оруулагчид ашиглаж чадвал ганц уул уурхай гэлтгүй бусад салбарын хөгжилд хувь нэмрээ оруулах боломж бий шүү... Худалдаа хөгжлийн банкны Ерөнхийлөгч Рэндолф Коппа ийн “уриалаад”, шинэ хот суурин байгуулах, хөдөө аж ахуйн боловсруулах үйлдвэрүүд барихаас өгсүүлээд дэд бүтцийн чанартай аварга төслүүд та биднийг хүлээж байгаа гэв.
15 жилийн туршид ДНБ 20 дахин өсөх хандлага ажиглагдаж буй бөгөөд энэ хэмнэлээрээ явбал Монгол улс Малайз, Сингапур шиг болох ирээдүй тун ойрхон гэж “Mongolia Development Resources”-ын захирал Алишер Аль Жуманов илтгэлдээ мөн онцолсон. Монгол дахь гадаадын хөрөнгө оруулалтын урсгал жилд 30 хувиар өсчээ. “Дэлхийн банк”-ны судалгаанд “2010 онд Монгол дахь хөрөнгө оруулалтын хэмжээ 810 сая ам.доллараас давсан үзүүлэлттэй байна. Энэ нь хөрөнгө оруулалт мөдхөн 1,5 тэрбум ам.долларт хүрэхийг харуулж байгаа юм” гэж дурьдаж. Гэхдээ банкны салбар тэлж байгаа ч өмнөх жилүүдийнх шиг хөрөнгийн хомсдоос гарч чадахгүй байгаа учир хөрөнгө оруулалтын банкууд энэ чиглэлд төвлөрч ажиллах хэрэгтэй гэсэн үг чуулганд оролцогчдын амнаас унаж байв. Монгол дахь хөрөнгө оруулалтын хэмжээ далайцыг өргөжүүлж, уул уурхайгаас орж ирж буй хөрөнгийн урсгалыг зөв зохицуулахад юуны өмнө улстөрийн тогтвортой байдал чухал шүү гэж тэд сануулж байна. Гэнэтийн ашгийн татвар гарсын дараа хөрөнгө оруулагч компаниуд Монголоос гарч явсан. Хуулиа яаж ч өөрчилж магадгүй улс юм байна, алт зэс хайгаад оллоо гэхэд татвараар хамаг ашгийг нь авчихдаг. Харин “гэнэтийн” тодотголтой энэ татвар хүчингүй болсноос хойш компаниуд Монголд итгэл өвөрлөн очих болжээ.

Монголд очиж үзсэн хүн байна уу, гараа өргөөрэй...


Танхимын индрээс хуралд оролцогчдод энэ асуултыг тавихад тун цөөхөн хүн гараа өргөв. Энэ нь “Саусгоби ресурсес” компанийн Гадаад харилцаа, нийгмийн асуудал эрхэлсэн дэд Ерөнхийлөгч Лэйтон Крофтийг хөрөнгө оруулагчдад хандан “сэтгэл хөдөлгөм” үг хэлэхэд нөлөөлөв бололтой. Тэрбээр, гадаадын хөрөнгө оруулагчид нэг л зүйлийг умартдаг. Монголд амжилттай хөрөнгө оруулагч байхын тулд Улаанбаатар юм уу, эсвэл хөдөө орон нутагт ажиллах ёстой. Монгол хэл сурч, соёл иргэншлийг нь ойлгож мэдэр. Монголчуудтай найзал. Тэдний оронд өөрийгөө тавьж үзэж, тэдний нүдээр асуудлыг хараарай” гэсэн юм.
“Рио Тинто” компанийн Арилжааны зэсийн хөгжлийн Ерөнхий менежер Петер Николс “Хөрөнгө оруулагчдад гурван зүйлийг сануулъя. Нэгдүгээрт, Оюутолгой орд үйлдвэрлэлээ эхлүүлэх гэж байна. Тэгэхээр бидэнд цахилгаан станц, дэд бүтэц, зам харгуйн том том төслүүдэд маш их хөрөнгө оруулалт шаардлагатай. Өөрөөр хэлбэл, Оюутолгой орд дангаараа Монголд болоод хөрөнгө оруулагчдад арилжааны боломж олгож, Монголыг гадаадын бусад хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах хэв загварыг тогтоож өгсөн” гэлээ. “Монголд хөрөнгө оруулах хамгийн тохиромжтой цаг зөвхөн одоо шүү” гэсэн “ХААН” банкны захирал Симон Моррисийн үг ч цагаа олсон зөвлөгөө байв. “Ноён Чулуунбат аа, танай улсад очиж аятайхан төслүүдэд хөрөнгө оруулъя. Төслүүдээ бидэнд үзүүлнэ үү” гэж эрхэм гишүүнээс “шалгаах” хүмүүс олон байна билээ.

Дэд бүтэц... дэд бүтэц...


Дэлхийн эдийн засгийн талаарх 2010 оны тайлан судалгаанд Монгол улс дэд бүтцийн чанар чансаагаараа дэлхийн орнуудын жагсаалтын 133 дугаарт бичигджээ. Агаарын тээврийн дэд бүтцийн хөгжлөөрөө 128, эрчим хүч 112 дугаарт орсон тухай “Frontier Securities” компанийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Оскар Мендоза илтгэв.
“Монголын ашигт малтмалын салбарыг бүрэн нээхийн тулд дэд бүтцийг хөгжүүлэх нь” сэдэвт хуралдааны эхэнд Д.Тэрбишдагва гишүүн хууль тогтоох байгууллагын зүгээс дэд бүтцийн чиглэлд хэд хэдэн зоримог алхам хийснийг тодотгоод “Улаанбаатар хот өвөлдөө агаарын бохирдол ихтэй. Тиймээс Улаанбаатар хотыг 15-20 жилийн дотор дэлхийн өндөр хөгжилтэй хот болгох чиглэлээр “Шинэ Улаанбаатар” хөтөлбөр хэрэгжүүлэх гэж буй. Гадаадын хөрөнгө оруулагчид энэ чиглэлд түлхүү хөрөнгө оруулаарай” гэж “ захисан”. “Quintana capital group”-ийн Азийн уул уурхай, байгалийн нөөц баялаг хариуцсан менежер Дэвид Роханна эрхэм гишүүнтэй санал нэг байгаагаа хэлээд “Монгол улс социализмын нийгмээс дэд бүтцийн асар том гажуудалтай үлдсэн. Гажуудлаа засахын тулд Хятадын одоогийн эрэлт хэрэгцээнд тулгуурлаж, гадаадын хөрөнгө оруулагчдын дэмжлэгийг авах хэрэгтэй” гэж тайлбарлаж байсан. “Дэд бүтэц асар их хөрөнгө оруулалт шаарддаг. Тиймээс стандартын дагуу хийгдэх ёстой. Хувийн хэвшилтэйгээ хамтарч үүнийг хийх юм бол илүү бодитой зардлаар, чанар сайтай дэд бүтэц тавих боломжтой” гэсэн бол “Quintana capital group“-ийн Уул уурхай, байгалийн нөөцийн Азийн хэлтэс хариуцсан захирал Дэвид Роханна “Дэд бүтцийн салбарыг хөгжүүлэхэд дан ганц хувийн хэвшлийнхэн оролцох нь маш эрсдэлтэй. Тэдэнд бүхнийг найдаж болохгүй. Засгийн газраас онцгой анхаарах ёстой. Танайх Концессын хуулиа батласан нь хувийн хэвшлийнхэн болон хөрөнгө оруулагчдад том боломж олголоо” гэлээ. Чуулганы үеэр “Монголд гадны том группууд хоорондоо өрсөлдөж, зах зээлээ “булаацалддаг” байсан бол одооноос тус улсын үндэсний хүчирхэг компаниудтай өрсөлдөх шаардлага тулгарлаа” гэх үг олонтаа сонсогдов.Үүнийг “Монголын саммит” эхлэхийн өмнө үндэсний томоохон групп анх удаа нэр хүндтэй хөрөнгийн бирж дээр IPO хийсэнтэй холбон тайлбарласан. Төлөөлөгчдийн дийлэнх нь Төв Азийн орнуудын болон Хятад, ОХУ-ын бизнес эрхлэгчид, банк санхүүгийн удирдлагууд байв. “Бид илүү найдвартай түнш болж чадна, Манай улсын хөрөнгө оруулалтын орчин илүү таатай” гэх зэргээр өөрсдийгөө тайлбарлах нь улс орондоо ашигтай төсөл татах зорилгоор ирсэн нь анзаарагдана. Уул уурхайн чиглэлээр олон улсын хурал чуулган зохион байгуулдаг, “мэргэжлийн” тодотголтой “ВЕАCON”, 100 жилийн түүхтэй “The Mining Journal” сэтгүүл, Монгол улсын Гадаадын хөрөнгө оруулалтын газар хамтран дэлхийн санхүүгийн төвд 300 орчим төлөөлөгчдийг цуглуулсан нь Монголд хөрөнгө оруулалтын шинэ урсгалын үүд хаалгыг нээлээ.

Хонконг. 10 дугаар сарын 14. “CONRAD” зочид буудлаас сурвалжлав

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS


Монголын “Клондайк” ба айдас

Галт зэвсэгтэй “галзуу” нинжа нар буюу үндэсний аюулгүй байдал

Яасан хүнээ байчихсан улс вэ, энэ нинжа нар гэж зурагт үзэж суусан ээж маань уулга алдаж байх юм. Галт зэвсэгтэй, галзуу догшин бүхэл бүтэн нинжа нарын давхрага харь ертөнцөөс л сонсогдоод байдаг өнөө гайтай “террор”-ыг яг бодит утгаар нь Монголд цэцэглүүлж байгааг уншигч та ч гэсэн анзаарч байна уу. “Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын цаатнууд болон нинжа нар хоорондоо үе үехэн буудалцаж байна”... Энэ бол бидний зүгээр л сонсож суудаг, чихэнд дасал болох мэдээлэл лав биш ээ. Ганц нэг түмпэн, хүрз зээтүүнээс илүү юмгүй байсан тэд Монгол эх орондоо “зэвсэгт мөргөлдөөн”-ий суурийг тавих вий гэсэн айдас төрж байх чинь. Африкийн алмааз эрдэнэсээр арвин баялаг олон орныг ядуу гуйланчлалын тарчигт өвдөг сөхрүүлсэн, гайтай дайны эхлэл ингэж л тавигдсан. Хууль үйлчилдэггүй, зэрлэг газар л гэмт хэрэгтнүүд өөрсдийн дүрэм журмаа хүчээр тогтоодог. Тэдэнд хүний амь нас гэдэг ширхэг тэвнээс ч үнэгүй. “Нинжа нар сумын засаг даргыг мод чулуугаар балбан эгээтэй л хөнөөчихсөнгүй”, “Хууль ёсоор үйл ажиллагаа явуулж байгаа компанийн эзэмшил газар руу дайрч, хамаг эд зүйлсийг нь эвдэн сүйтгэлээ”, “Буудалцаан болж хүний амь үрэгдлээ” ”Хадгаламж банкны сейф хулгайллаа”... Хар мөртэй, бараан дүрстэй энэ мэт мэдээлэл нинжа нарын буюу бидний арай соёлтойгоор хэлж заншсан “гар аргаар алт олборлогчид”, “бичил уурхай эзэмшигчид”-ийн ертөнцөөс чиг зүггүй нисэн ирэх болов.

“Нинжа” нарыг бөөгнүүлж байгаад лицензээр батлагаажсан хувийн эзэмшил талбай руу турхирдаг, зохион байгуулалттай улстөржсөн бүлэглэл бий болсныг саяхны явдлууд гэрчилнэ. Гэмт хэргийн шинжтэй ийм алхам эцэстээ хүний алтан амь хохирсноор дуусгавар болно. Ашиг хонжооны төлөө юу ч хийхээс буцахгүй “нинжа” нар магадгүй улстөржсөн бүлэглэлийн зорилгодоо хүрэх хамгийн хямд хөсөр “тулгуур хүч” болж мэдэх юм. Энэ бол айдас хүрэм мэдээ.

Эдийн засагч Д.Жаргалсайхан “Нийгмийн хавдар” нийтлэлдээ “Дөрвөн шалтгаанаас болж хүмүүс гар аргаар ашигт малтмал олборлодог тухай гадаадын нэг мэргэжилтэн надад ярьсан юм. Эдийн засгийн цочрол болон байгалийн гамшгаас болж амьдрах эх үүсвэрээ алдах, амархан хүртэж, түргэн баяжих гэнэтийн боломж гарах, улирлын чанартай хөдөлмөр эрхэлдэг бөгөөд ажилгүй үедээ түр хугацаагаар ажиллах болон дагнан эрхлэх зэргийг үүнд оруулдаг. Харин Монголд бол дөрвүүлээ байна гэнэ. Тэгээд яах билээ. Ямарч гэсэн гар аргаар алт олборлохыг алга болгох ёстой. Үүнийг хуульчилж болохгүй гээд суугаад байх тусам энэ хавдар улам бүр томорч хортой болон хувирч байна. Энэ утгаараа ямарч арга хэмжээ аваагүй буюу өөрийн үл гүйцэтгэсэн үйлдлээрээ өнөөгийн улстөрчид нинжа нарыг улам өөгшүүлж байгаа учир нийгмийн өмнө хариуцлага хүлээх ёстой” гэж бичжээ.

Нинжа нарын арга ажиллагаа улам нарийсч, нэгдсэн зохион байгуулалтад орж эхлэв. Шоронгоор “хүмүүжсэн” юм уу, хэнийг юунд ч золиосолж чадах заль мэхтэй нь “нинжа” нарыг нэг гал болгож даргалдаг. Тэдгээр гал нь дотроо хэсэг хэсгээр нэгтгэн удирддаг хэд хэдэн даргатай. Түүнийг “Азарга” гэнэ. “Азарга” мэдээж бүхнийг зохицуулна. Дэлхийд гайхагдсан Чингисийн аравтын системийг Монгол “нинжа” нар л хамгийн муу хувилбарт оруулж хэрэглэж байна. Бүтцийн хувьд ингэж нягтаршсан “нинжа” нар хууль сахиулахынхны баргын дайралтыг сөрж чадахаар болжээ.

Монголын нийгэмд бугшсан хамгийн муу муухай бүхэн “нинжа” нарын ертөнцөөс дэлгэрч байна гэхэд буруудахгүй. Хоосон мухар сүсэг, биеэ үнэлэлт, архидалт, хүн амины болоод хүчингийн хэрэг, бохир заваан орчин... Алт дагасан хэнээрхэл тэдний ахуй амьдралыг өөдлүүлсэнгүй, харин бүр уруудан доройтуулав.

Архидаж наргих тусам олз омог улам их болохоос гадна есөн хүнтэй эхэлбэл ямарч лус савдгаас хүчтэй болно. 1930-аад оны хэлмэгдүүлэлтийн үеэр энд олон ламыг хороосон. Тиймээс эндээс алт ургах ёстой. Нар жаргасны дараа ухаж байгаа нүхнийхээ аман дээр нялхсыг зодож уйлуулбал олз ихээр орж ирнэ гэх зэрэг эрүүл ухаанаас төрөмгүй хиймэл “дэг жаяг”, мухар сүсэг тэдний отогт үйлчилнэ. Баянхонгорт нэгэн ээж хүү хоёр алтны эрэлд гарчээ. Тэр хоёрт аз нь таарсан уу, олз омог ч гайгүй байж. Ээж нь “Одоо миний хүү, болно оо. Гэртээ харья” гэхэд хүү “Ээж ээ, сүүлийн удаа ёндоогоо үзнэ” гэж гараад шороонд дарагдаж үхжээ. Хүү амиа алдсан нь нинжа нарт харин ч аз дуудаж байгаа хэрэг гэж байгаа. Хүний ёсонд баймгүй гаж үзэгдэл.

Хэдхэн жилийн өмнө 10 мянга гаруйхан байсан “нинжа” нар өнөөдөр 120 мянга хол давжээ. “Нинжа” нарын фронт өргөжин тэлэх тусам хууль бус үйлдэл газар авна, тэр хэрээр Монгол улсын үндэсний аюулгүй байдал алдагдана биш үү.

Зарлигаар дархалсан газрууд нүд хальтирам болсоор...

Нинжа нар дан алт ухдаг гэвэл эндүүрэл. Нүүрс, жонш, үнэт чулуу, чулуужсан мод, барилгын материалын түүхий эд гэх зэргээр мөнгө олж болох бүгд рүү хүрз, жоотуу барин дайрдаг. Нийслэлийн эргэн тойронд элс хайрга олборлодог 229 бичил гэх тодотголтой уурхай байгааг Улсын мэргэжлийн хяналтын газрынхан илрүүлсэн. Ихэнх нь голын сав газарт байрладаг. Хатан Туул “амь тавихад” гайхахааргүй байгаа биз.

Алтны шороон ордын үлдэгдэл дээр “дадлагажсан” нинжа нар зарлигаар дархалсан улсын тусгай хамгаалалттай, байгалийн цогцолбор газруудад халддаг болсон. Говийн бага дархан цаазат газрын Б хэсгийн Модон шанд орчмын хэд хэдэн толгодыг нүд хальтирмаар болгож орхисон. Сүүж уулын тухайд бүр хэлэх ч юм биш. Зөвхөн энэ хэсэгт гар аргаар алт олборлогчдын ухсан нүхийг булж, нөхөн сэргээхэд улсаас олон сая төгрөг зарцуулсан байх жишээний. Улсаас юу байхав, үнэндээ татвар төлөгч бидний л мөнгө.

“Нинжа” нар эвдэж сүйтгэсэн газрын хэвлийг нөхөн сэргээхийг огт хүсдэггүй. Зөвхөн нэг аймгийн нутагт олон мянган “нинжа” газрын хэвлийг эвдэж, хэдэн зуун мянган ухсан нүх үлдээдэг нь үйлдвэрлэлийн аргаар алт олборлосноос ч их хор уршиг тарьж байгаа.

Аль нэгэн компанийн хувийн лицензэт талбай руу дур зоргоороо дайрч, тонуул дээрэм үйлдэж буй явуургүй үйлдлээрээ бол “нинжа” нар юун нөхөн сэргээлт хийж, бичил уурхайг ном журмаар ажиллуулах. Уг нь саяхан Бичил уурхайн үйл ажиллагааг хуульчилсан юмсан. Гэтэл “нинжа” нар үүнийг огт сонсоогүй л тууж явна. Тэдний хагас зэрлэгшсэн ертөнцөд хууль аятайхан сурталчлан таниулах зүрх зоригтон ч ховор аж.

Ямар сайндаа Шарын голд үйл ажиллагаа явуулдаг “Буянтын хөндий-Шарын гол” төрийн бус байгууллагын тэргүүн О.Цэцэгмаа саяхан сэтгүүлчдэд “Хууль батлагдсан л гээд байгаа юм. Тэрийг нь нэг харчих юм сан” гэж хэлж байх вэ.

Орон нутгийн засаг захиргаа, тусгай зөвшөөрөл эзэмшигчид, малчид, “нинжа” нарын хооронд үзүүр шийдэл нь олдож өгдөггүй зөрчил их гардаг. Тиймээс “нинжа” нарын хууль бус үйлдлийг зогсоох зорилгоор “бичил уурхай”-н хэлбэрт шилжүүлж, дэг жаягжуулах ажлыг төрийн зүгээс хийгээд эхэлсэн.

Швейцарийн хөгжлийн агентлаг манай улсад “Тогтвортой бичил уурхай төсөл” хэрэгжүүлж байгаа. Үр дүнд нь 2010 оны долдугаар сарын нэгэнд УИХ Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль, Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг баталсан.

Үүнтэй холбогдон хэд хэдэн хуульд өөрчлөлт орно. Гол хуулиудын нэг нь Орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил, үйлчилгээ эрхлэгч иргэний орлогын албан татварын тухай хууль. Гэхдээ бичил уурхай эрхлэгчдэд яг хэдэн төгрөгийн татвар ногдуулах гэдэг дээр хууль тогтоогчид одоо хэр санал нэгдээгүй. УИХ-ын намрын чуулганаар энэ талаар нухацтай хэлэлцэх болов уу гэсэн хүлээлт нийгэмд бий. Улам зэрлэгшиж, нийгмийн хөгжлөөс тасарч буй “нинжа” нарыг хууль ёсны “бичил уурхайчин” болгоно гэдэг тийм амар ажил биш. Бичил уурхайн төсөл хэрэгжлээ гэхэд нөөц ихтэй газар бичил уурхай ажиллуулж байгаа хүмүүсийг “нинжа” нар давхиж ирээд зодож нүддэг бичигдээгүй хуультай. Энэ тулаанд хүний амь нас эрсдэхгүй гэсэн баталгаа байхгүй. Засгийн газар болон УИХ-ын гишүүд бичил уурхай гэдэгт тухайн орон нутгийн ард иргэд ажиллаад байх юм шиг ойлгодог. Гэтэл энэ нь амьдрал дээр биелэшгүй зүйл. Нинжа ирээд бөөгнөрөхөд сумын цагдаа битгий хэл, аймгийн цагдаа нар бүхлээрээ ирээд ч тарааж дийлдэггүй.

“Урт нэртэй хууль” ба ханган нийлүүлэгчид

Өмнө нь худалдагдсан гэх лицензүүдийг төр өөрийн мэдэлд буцаан авахдаа ямар ч хараа хяналтгүй орхисноос нинжа нар өнөө талбай руу нь үер ус шиг дайрч ордог болсон. Энэ нь хачир дээрээ төр өөрөө далд утгаараа нинжа нарт хууль бус үйлдэл хийх аятай боломж олгожээ гэж ойлгогдохоор байна. Хоосон, эзэнгүй талбай руу дайрч орсон нинжа нартай орон нутгийн бороохойноос өөр зэвсэггүй шахам хэдэн цагдаа тэмцээд тэмцээд хүч хүрэхгүй.

“Урт нэртэй” хууль цагаа олж гарлаа” гэж баярлах “нинжа” нар цөөнгүй. Хуулийн алдаа нь тэдэнд олз болон харагдаж буй хэрэг. Хуулиар 1400 гаруй аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрөл буюу лицензийг цуцалсан. Өнөөх “чөлөөлөгдсөн” талбайнууд руу “нинжа” нар сүрэг сүргээрээ дайрч ороход бэлэн. Яагаад гэвэл, тэр “эзэнгүй“ талбайг хамгаалж, хадгалж суудаг хууль сахиулагч Монголд хэр олон билээ. Ойн хамгаалагчид хүртэл “нинжа” нартай сүлбэлдсэн энэ цаг үед.

“Нинжа” нарыг тэтгэж, тэнхрүүлдэг, амь бөхтэй оршин тогтнох гол баталгаа нь болсон хүмүүс бол мэдээж тэднийг хэрэгцээт зүйлсээр ханган нийлүүлэгчид.

Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумаас холгүй орших Хөгийн голын хөндий бол хүн хүрэхийн аргагүй. Гэтэл өвлийн идэр ёсийн хүйтэнд Хөгийн голын хавцлаас алт олдлоо гэх сургаар улаан хөлтөн хүрэмгүй тэр айхтар цавчим хавцлуудын дунд алт хайсан отог язганаж эхэлсэн. Нинжа нар хүнд хүчир хөдөлмөрийнхөө ард мэдээж архи дарс, хоол хүнсний хүчээр л гарч байгаа. 4500 төгрөгийн үнэтэй нэг шил архи тэнд 25.000 төгрөг болж нугардаг гээд бод доо. Уул уурхайн үндэсний ассоциацийн Ерөнхийлөгч Д.Дамба “Би нинжа нарын отог дээр очиж чадсангүй. Амь насаа ч алдаж мэдэхээр юм. “Нинжа” нарын бусармаг үйлдлийг зогсооё гэвэл тэднийг харин хоол хүнс, хэрэгцээт зүйлсээр ханган нийлүүлэгчдийг эхлээд хүчээр тараах хэрэгтэй. Тэдэнд хуулийн хатуу хариуцлага ногдуулъя. Ходоод нь хоосон, өлсөж туйлдсан “нинжа” нар уулнаас хүссэн хүсээгүй буугаад ирнэ” гэж ярьж байв. Энэ бол “нинжа“ нарыг хөөж тараахаас ч хялбар бөгөөд үр дүнтэй “эдийн засгийн хориг арга хэмжээ”.

“Нинжа” нар дайралт хийсэн өдөр л ардаас нь фургон фургоноор архи зөөж ирдэг хүмүүс бий. Архиар хүнийг хордуулдаг ченжүүд бэлэн байж байдаг байна. Зарим тохиолдолд алт олдог нинжагаасаа илүү шагчид, хоол хүнс, биеэ үнэлэгч худалддаг хүмүүс ашиг олох нь их. “Нинжа” нар олсон алтаа ченжүүдэд өгч мөнгө олоод тэр мөнгөө архинд зориулж дуусгана. Архи уугаад эхэлсэн өдрөөсөө алт ухах үндсэн ажлаа мартаж өдөр болгон согтуу явж бусад багийн хүмүүстээ гай тарьдаг “нинжа” нар ч цөөнгүй. Тиймээс “нинжа” нарын хууль бус үйлдлийг зогсооё гэвэл хамгийн түрүүнд тэдний “ханган нийлүүлэгчид”-тэй тэмцэх хэрэгтэй.

Зуу гаруй жилийн өмнө Канадын Юкон мужийн “Клондайк” гэдэг газарт алтны солиорол газар авч, ямарч хууль журам үйлчлэхээ больж, хүчирхийлэл, архидалт хэрээс хэтэрсэн тухай алдарт Жек Лондон зохиолдоо өгүүлсэн нь бий.

Гэхдээ Канадын Засгийн газар үүнийг хуулийн далайлтаар, хүчээр л шийдсэн. Өөр арга байгаагүй. “Нинжа нарын амьдрал хэцүү, ингэж л амьдрахаас аргагүй улс” гэж манайхан шиг толгойг нь илээгүй юм. Өдгөө Канадад хүрээлэн буй орчны хууль, дүрэм журмыг маш нарийн баримтладаг. Хэрвээ алт олборлогч ямар нэг компани, хувь хүн мод огтлох, ашиглах үйл ажиллагаа явуулдаг бол нэг мод тайрсныхаа оронд гурван мод шинээр суулгах ёстой гэх зэрэг хатуу чанга хууль үйлчилдэг.

Канадын “Клондайк”-ийг санагдуулам Монгол “нинжа” нарын ертөнцөд эмх журмыг тогтоох зохицуулалтыг хуулийн хатуу зохицуулалтаар л хийж чадна.


  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS


Д.Батхуяг: Бид “тоглоомын дүрэм”-ээ нэг мөр, ойлгомжтой болгох ёстой

Ашигт малтмалын газрын дарга Д.Батхуягтай сэтгүүлч Г.Идэрхангай ярилцлаа


Та Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн даргын албыг хүлээн авсан даруйдаа хууль бусаар олгогдсон хайгуулын болон ашиглалтын 5000 орчим лицензийг хураах арга хэмжээ авсан. Гэвч лиценз хураалгаж байгаа компаниудын зүгээс нэлээд гомдол гарч байна. Энэ ажлын явц хэр байна вэ?

Би Ашигт малтмалын газрын даргын албыг хүлээж аваад хоёр жил гаруй болж байна. Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу лиценз олголтыг хууль журмын хүрээнд цэгцлэх үүрэг надад ногдсон. Нэг үгээр, дөрвөн жилийн хугацаанд миний хийж гүйцэтгэх гол ажлуудын нэг энэ байх болно. Анх намайг ажил хүлээж авахад 48.2 сая орчим га газар нутагт хайгуулын болон ашиглалтын 5187 лиценз үйлчилж байсан. Өнөөдөр үүнээс 21 сая га гаруй газрыг чөлөөлж, төрийн мэдэлд аваад байна. Яг одоо хайгуулын 3155, ашиглалтын 1134 орчим лиценз дээр бидний ажил төвлөрч байгаа. Ашиглалтын лицензийн тоо тодорхой хэмжээгээр өсч байна. Хайгуулаас ашиглалтын лиценз рүү шилждэг болохоор ингэж өсөх нь ч аргагүй. 3155 лиценз дотор хууль эрх зүйн шүүлт хийнэ. Тэгэхээр лицензийн тоо буурах л байх. Ашигт малтмалын газартай харьцаж байгаа гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид Монгол улсын хууль дүрэмд захирагдах ёстой гэсэн ганц, тодорхой зарчим үйлчлэх ёстой. Түүнээс биш төр засаг лицензээ дураа хүрэхээр өгчихөөд, дургүйгээ хүрэхээр буцаагаад авчихаж байгаа хэрэг биш юм. Хууль тогтоомжийг огт хэрэгжүүлдэггүй, тоодоггүй компани, аж ахуйн нэгжүүдтэй бид хариуцлага тооцож ажиллаж байна.

Лицензийг тоо цөөрүүлэх нь Монгол улсын уул уурхайн салбарт ямар эерэг үр дүн авчрах юм бэ. Нүдэнд харагдаж, гарт баригдахуйц шууд үр дүнг хэлээд байна л даа?

Энэ бол тусдаа асуудал. Лицензийн тоог цөөрүүлэх нь цаашид Монгол улсын хөгжил дэвшилд хэр сайн нөлөөтэй юм, уул уурхайн салбарт ямар давуу тал, үр өгөөж өгөх юм бэ. Энэ чиглэлээр Эрдэс баялаг, эрчим хүчний яам бодлого гаргаж ажиллана. Бодлогын хүрээнд авч хэрэгжүүлэх үүрэг даалгаврууд ч бий. Лицензийг тоог энэ байдлаар бууруулаад байвал уул уурхайн салбар ирээдүйд ямар үр дүнд хүрэх нь одоохондоо яг таг хэлчихээр ойлгомжтой биш байна. Үр дүн нь Монгол улсын эдийн засаг, хөгжил дэвшилтэй уялдаж байж л тодорхой болох болов уу.

Ер нь Монголын уул уурхайн лицензтэй холбоотой бүх газар нутгийг ухаж, төнхөөд гадаадынханд өгөөд байна гэсэн буруу ойлголт иргэдэд байх шиг байна. Гэтэл амьдрал дээр нийт газар нутгийн 17,1 хувьд нь хайгуулын, 0,3 хувьд нь ашиглалтын лиценз олгосон. Эндээс Монгол улс газраа бага судлаж байгаа нь харагдаж байна. Нөөцийн асуудал бол яах аргагүй хөндөгдөх сэдэв. Монгол улс газар доорх баялгийнхаа нөөцийн хэмжээг өнөө хүртэл нарийн, тодорхой гаргаж амжаагүй байна. Хэчнээн тонн алт, нүүрсний нөөцтэй юм бэ гэсэн чиглэлээр судалгаа явагдаж байна. Нөөцөө тогтоосны дараа үүнийгээ хэнтэй, хэрхэн ашиглах вэ гэдэг цаашдаа төрийн том бодлогын асуудал.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ашигт малтмалын лицензийг шинээр олгох, шилжүүлэхийг хориглосон. Энэ бол мэдээж үндэсний аюулгүй байдлаа эрхэмлэсэн шийдвэр. Гэвч гадаадын хөрөнгө оруулагчдад сөргөөр тусах талтай юм шиг?

Ерөнхийлөгчийн санаачлагаар УИХ-аас шийдвэр гарч хайгуулын лиценз олголтыг 2010 оны арванхоёрдугаар сарын 1-нийг хүртэл зогсоосон. Энэ шийдвэр нь нэг талдаа лицензийг цөөлж байгаа бидний ажилтай уялдаж байна. Харин лиценз шилжүүлгийн тухайд хуулийн хүрээнд явагдаж байгаа. Ер нь хөрөнгө оруулагчид гомдол мэдүүлэхээсээ илүү “Танай хууль хатуу чанга байх нь хамаагүй. Энэ бол танай мэдэх асуудал. Хамгийн гол нь хууль журмаа тогтвортой байлгаж өгөөч” гэдэг. Хайгуулын лицензийг шинээр олгосонгүй гээд манайх санхүүгийн хохирол амсахгүй л болов уу. Манайх лицензийн төлбөрт жилдээ 28-30 орчим тэрбум төгрөг төвлөрүүлдэг. Лицензтэй холбоотой бас нэг том асуудал нь хэний хөрөнгөөр хайгуул хийгээд байна вэ гэдэгт байдаг. Одоогийн хуулиар хөрөнгө оруулагчдын хөрөнгөөр л хайгуул хийлгэх эрхтэй. Мэдээж хэрэг лиценз олголтыг ингэж зогсоосон тохиолдолд төр засаг өөрөө газрын баялгаа судлах бодлогоо тодорхойлж гаргах зайлшгүй шаардлага тулгарч байна. Хайгуулыг хувийн хөрөнгөөр хийлгэхгүй гэвэл нэг бол төсвийн, нөгөө бол гадаадын зээлээр хийхээс аргагүй болно. Хайгуулын ажлын гол зорилго нь баялгаа бүртгэх, мэдэж авах л асуудал шүү дээ. Ашиглах эсэх нь дараагийн алхам.

Ашигт малтмалын тухай хуульд байсхийгээд л өөрчлөлт орох юм. 2006 онд нэмэлт, өөрчлөлт оруулсан хуулийг УИХ-ын намрын чуулганаар бас хэлэлцэх гэж байна?

Ашигт малтмалын хуулийн тухайд ойр ойрхон өөрчлөлтүүд орж байна. Геологи, уул уурхайн салбарын хууль эрх зүйд худалч хүнд унтаад сэрэхэд л нэг өөрчлөлт орчихсон байдаг гэж хөрөнгө оруулагчид ярьж байна. Энэ нь ч хууль хэрэгжүүлэх үүрэгтэй Ашигт малтмалын газарт бэрхшээл учруулдаг юм. Гэхдээ УИХ-аас нэгэнт гаргасан шийдвэрүүдийг Ашигт малтмалын газар зөв, буруу гэж хэлэх эрх байхгүй. Хуулийн хэрэгжилтийг хангах, чанаржуулах нь бидний үүрэг. Хуулийн өөрчлөлтүүдтэй уялдуулаад нэг зүйлийг онцолж хэлье. Уул уурхайн салбар үнэхээр Монгол улсын хөгжлийг авч явах том салбар, гадаадын хөрөнгө оруулагчидтай харилцах салбар юм бол бид “тоглоомын дүрэм”-ээ нэг мөр, ойлгомжтой болгох ёстой. Ашигт малтмалын газар энэ чиглэлээр Ажлын хэсэг гаргаж, хуулийн салбарын тэргүүлэх эрдэмтэдтэй санал солилцож байгаа. Есдүгээр сарын 5-нд Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл бэлэн болсон байх ёстой. Уул уурхайн салбар нь зөв замаар хөгжиж байгаа улс орон олон бий. Нөхөн сэргээлтээ хэвийн хэмжээнд хийж, олборлож байгаа ашгаа ард түмэндээ зөв зохистой хүртээдэг бэлэн жишээнүүдийг бид нэвтрүүлж яагаад болохгүй гэж.

“УИХ-ын шийдвэрүүдийг бид зөв, буруу гэж хэлэх эрх байхгүй. Хуулийн хэрэгжилтийг чанаржуулах л үүрэгтэй хүмүүс” гэж та хэллээ. Гэхдээ хууль хэрэгжүүлэх явцад гардаг алдаа оноог дээд түвшинд ил тодоор илэрхийлж байх нь шударга зарчим болов уу. Жишээ нь, эрдсийн хуримтлалтай холбоотой шүүмжлэлийг та хэлж байсан даа?

-2006 оны Ашигт малтмалын тухай хуульд орсон өөрчлөлтөөр эрдсийн хуримтлал гэсэн ухагдахуун орж ирсэн. Хамгийн муу үгийг хуульд суулгаж өгсөн гэж геологчид маань ярьдаг юм. Учир нь овоолоостой шороо хүртэл эрдсийн хуримтлал болдог. Монголын 1.5 сая га газар бүхэлдээ эрдсийн хуримтлалтай. Уг хуулийн заалт нь баялаг байна байхгүй гэсэн утгатай юм. Гэтэл хуульд ийм юмыг эрдсийн хуримтлал гэнэ гэсэн заалт байдаггүй. Энэ бол хуулийн том цоорхой. Хуульд бүх зүйл тодорхой ойлгомжтой бол үүнийг янз бүрээр тайлбарлаад хэрэгжүүлээд байх боломжгүй.

Манайд нэг ордыг эрдсийн хуримтлалгүй гээд өргөдлөө өгөхөд нөгөө нь хуримтлалтай газар гэж гомдол гаргаад эцсийн дүнд Ашигт малтмалын газар гэж яригдах болдог. Тэгэхээр бүх зүйл ойлгомжтой болох нь асуудлыг шударгаар шийддэг байхад, улмаар манай байгууллага, хамт олны маань ч нэр хүндэд хамаатай учраас үүнийг нэг мөр болгох естой асуудал яах арга үгүй мөн л дөө. Тэгэхгүй бол хуулийн энэ заалтаас болж төрийн байгууллагын нэр хүнд ч унаж байна. Цаашид шинээр батлагдах хуулийн заалтуудыг хоёргүй ойлголтоор нарийн зааж өгөх ёстой.

-Геологи, хайгуулын ажлын зардлын доод хэмжээнд хүргэж ажиллаагүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах заалт бий. Үүнийг мэргэжлийн хүмүүс шүүмжилдэг юм билээ?

Тийм л дээ. Жилд геологи хайгуулын ажлын зардлын доод хэмжээнд хүргэж ажиллах ёстой. Өөрөөр хэлбэл ажил хийгээд доод зардлын хэмжээнд хүргээгүй нь тусгай зөвшөөрлөө цуцлуулаад, огт хийгээгүй нь торгуулаад байдаг нь бас сонин байгаа биз. Хуулийн ганцхан үг л хэрэгжүүлэх, хэрэгжүүлэхгүйн заагт авчирдаг.

2006 оны Ашигт малтмалын тухай хуулиар бол тусгай зөвшөөрлийг тухайн эзэмшигчид нь гурван жилээр олгоно гэж заасан. Үүнийг хоёр удаа сунгаад нийт есөн жил лиценз эзэмших эрхтэй. Энэ хугацаанд хувийн компаниуд эрсдэл үүрээд л явдаг. Гэтэл шинэ хуулиар лицензийг дахин эзэмших хүсэлтэй компаниудыг тусгай сонгон шалгаруулалтаар оруулах гэж байна. Энэ хэр оновчтой заалт вэ?

Өмнө нь хэн түрүүлж өргөдөл өгсөнд нь лиценз олгодог байсан. Одоо ч гэсэн эрдсийн хуримтлалтай талбайгаа сонгон шалгаруулна, бусад газрыг нь өргөдлөө түрүүлж өгсөнд нь өгнө гэсэн систем үйлчилж байгаа. Энэ системээ бид зөв, буруу алин болохыг хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох Ажлын хэсэг, эрдэмтдийн баг зөв дүр төрхтэйгээр гаргаж ирэх байх. Геологи, уул уурхайн салбар зах зээлийн системд шилжсэнээс хойш алдаж, оносоор өдий хүрлээ. Аль болох оноо ихтэй байгаасай гэж санаа тавьж явдаг гол сэдэв энэ шүү дээ. Лицензийг яаж олгох юм, хэнд өгөх юм. Гадаад, дотоодын компаниудын лиценз авъя гэсэн болгонд өгөөд байх юм уу. Сонгон шалгаруулалт гэдэг бол энэ бүхнийг арай төгөлдөржүүлэх санаа л даа.

-Уул уурхайн салбарыг эмх цэгцэнд оруулъя гэвэл “Уул уурхайн нэгдсэн хууль”-тай болъё гэсэн саналууд их гарч байна. Та үүнд ямар санал нэмэрлэх вэ?

Хуулийг сайжруулахаас өөр арга бидэнд байхгүй. Хууль ийм тийм байвал оновчтой гэсэн саналыг бид бүх түвшинд хэлэлцүүлж байгаа. Энд ганц жишээ хэлэхэд, нөхөн сэргээлт гэж том асуудал бий. Өнөөдөр бидний хэрэгжүүлж байгаа хууль болон ирээдүйд хэрэгжүүлэх хуульд оруулах гээд байгаа гол санал бол нөхөн сэргээлтийн төлбөр. Өөрөөр хэлбэл, нөхөн сэргээлтийн төлбөрийг бид урьдчилж авч байя. Тухайн компани гадна, дотны ямар нэгэн хүчин зүйлээс болоод үйл ажиллагаагаа зогсоох юм уу, санхүүгийн цохилтод орвол бид яах вэ. Бид ядахнаа олборлолт явуулж байсан газрыг нь нөхөн сэргээгээд явах ёстой биз дээ. Ингэхийн тулд нөхөн сэргээлтийн төлбөрийн хэмжээг урьдчилан тогтоох хэрэгтэй. Төр тогтоосон хэмжээгээ урьдчилж авъя гэсэн систем л дээ. Хэрэв тухайн компани олборлолтоо маш сайн хийгээд, газраа нөхөн сэргээгээд байвал бид нөхөн сэргээлтийн төлбөрийг нь буцаагаад өгчихье. Ер нь гадаад, дотоодын зарим компани олборлолт явуулсан хэрнээ улсад төлбөр төлсөн эсэх нь тодорхойгүй алга болдог. Тэдний хойноос хөөцөлдөөд явна гэдэг бөөн хэрүүл, шүүх цагдаа, хөрөнгө мөнгөний зардал. Тиймээс дэлхий нийтээр хэрэглэж байгаа нөхөн сэргээлтийн болон уул уурхайн технологийн стандартуудыг бид хуульдаа маш сайн суулгах естой болов уу.

“Гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газарт олгогдсон ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлах тухай хууль”-ийг тойрсон маргаан гарсаар байна. “Урт нэртэй” хуулийн үзэл санааны талаар юу хэлэх вэ?

Энэ хуулийн үндсэн санаа, агуулга нь зөв. Монгол улсын геологи, уул уурхайн салбар нь ганцаараа хөгжөөд, тэр нь хөгжил дэвшлийн дээд цэг болно гэвэл эндүүрэл. “Урт нэртэй хууль”-иас авах зүйл олон бий. Нэгдүгээрт, Монгол улс ойн сав, усны эх бүрдэх болон урсацынхаа координатыг тодорхой хэмжээгээр тогтоочихлоо. Энэ бол том амжилт. Гэхдээ хуулийн арга зүй талаасаа бол хэрэгжүүлэхэд жаахан төвөгтэй юм билээ. Төр их хэмжээний нөхөн төлбөрийн өрөнд орох магадлалтай. Олборлолт хийж байгаа компаниудын үйл ажиллагааг зогсоочихоод нөхөн сэргээлт хийлгэнэ гээд байдаг. Ашиг олоогүй зарим компани яаж ажиллах юм бол.

Танайх энэ хуулийн хүрээнд ямар нэгэн судалгаа хийсэн үү?

Судалгаа хийж байгаа. Бидний тооцож үзсэнээр нэгдүгээрт, нөхөн төлбөрийн хэмжээ 5,1 орчим их наяд төгрөг байгаа. Манай улсын төсөвт ийм их мөнгө бий юу. Тэгэхээр энэ хуулийг аргачлалаар нь зохицуулах арга байна. Ой модтой, устай газар олборлолт хийж байгаа компаниудын тусгай зөвшөөрлүүдийн төлбөрийг нэмэгдүүлж, байгаль орчинд зарах зардлыг нэмэгдүүлэх зэрэг эдийн засгийн аргаар тэмцсэн бол төр өрөнд орохгүй байх боломжтой. Хоёрдугаарт, энэ хуулиар бол нөхөн сэргээлтийн асуудал орхигдсон байгаа. Гуравдугаарт, компаниуд 10, 20 жилээр бизнес төлөвлөгөөгөө хийгээд явж байсан байж таарна. Жишээ нь, тонн алт олборлох гэж байгаа компани гэхэд 5 юмуу, 6 сая долларын хөрөнгө оруулалт хийхээс гадна найм, ес дэх жилээсээ ашгаа олно гэж тооцоолсон байдаг. Яг энэ үед цохилт хийчихээр хүнд байдалд орно шүү дээ, тэр компаниуд. Уг нь лицензүүдийг цуцлах биш, дахиж лиценз олгохыг зогсоох ёстой байжээ гэж салбарын мэргэжилтнүүд ярьж байгаа. Тэгэхээр хуулийг батлаж гаргахаас өмнө олон талаас нь сайн харах хэрэгтэй байгаа биз. Энэ бол миний хувийн бодол юм шүү.

Сүүлийн үед стратегийн том орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулахтай зэрэгцэн газрын гүний усны нөөцийг нэлээд хөндөж ярих боллоо. Говийн бүсэд гэхэд Балгасын улаан нуурийг гүний усны гол түшиц газраар сонгох нь. Ашигт малтмалын газар гүний усны нөөцийн тал дээр өөрийн байр сууриа хэр илэрхийлж байна вэ?

Энэ бол уул уурхайн салбарын маш сайн анхаарах ёстой сэдэв. Газрын гүний усны нөөцийг алган дээрээ тавьсан юм шиг мэдэж авахгүй бол ирээдүйд манай улс экологийн асар их хохирол амсаж мэднэ. Дэлхийн хэмжээний том том уурхайнууд манай говийн бүсэд ажиллаж эхэллээ. Гэтэл газрын гүний усны нөөцийн талаар хүмүүс тэр бүр хөндөж ярихгүй байна. Энэ талын судалгааны ажилд төрийн бодлогоор, цогцоор нь авч үзэж, хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох ёстой. Түүнээс биш усны нөөцийн тал дээр дор бүрнээ мэдэмхийрч яриад байвал юу ч хожихгүй ээ. Ашигт малтмалын ордуудаасаа олоод байгаа хөрөнгө мөнгө маань эргээд хэрэглэх усаа олж авахад хүрэлцэхээ болих вий дээ гэж санаа зовж байна. Гүний усны нөөц ийм тийм гэж ярьж байгаа хүмүүс ирээдүйд хариуцлага хүлээж чадах уу. 50, 100 жилийн дараа ямар байдалд орохыг судлах л естой.

-“Эрдэнэс Тавантолгой” ХК саяхан нүүрсний анхны хөрс хуулалтаа эхлүүллээ. Үүнийг Тавантолгой ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах анхны алхам гэж ч ярих хүмүүс байна. Таныг Ашигт малтмалын газрын даргаар ажиллах хугацаанд стратегийн хоёр том орд хөдөлгөөнд орлоо?

-Оюутолгой төсөл бол Монголын хөгжилд хувь нэмэр оруулах том төсөл. Гэрээг би хамгийн сайн, хамгийн муу гэсэн хоер туйлын аль нэгэнд хамааруулж яримгүй байна. Ерөнхийдөө энэ гэрээ батлагдсанаар Монгол улсын геологи, уул уурхайн салбарт асар их эерэг нөлөө үзүүлсэн. Гэрээн доторхи болж бүтэхгүй зүйлүүд байгаа бол цаг хугацаагаар шалгагдах байх.Ямарч байсан та бидний үе дээр энэ том төсөл хэрэгжиж эхэлж байна Томоохон ордууд ашиглалтад орж эхэллээ. Уул уурхайгаас олсон орлогоо зөвхөн дэлхийн хэмжээнд ажиллах, чадварлаг мянга мянган боловсон хүчин бэлдэхэд зарцуулаасай гэж би хүсч байна. Засгийн газар энэ чиглэлд байгаа боломжоороо ажиллаад эхэллээ.

Тавантолгойн тухайд ордын нөөцийг батлагдсан, батлагдаагүй гэж өнөөдрийг хүртэл яригдаж байна. Орос, Монголын геологчид энэ ордын нүүрсний нөөцийг 6,4 тэрбум, үүнээс 50-60 хувь коксжих нүүрс гээд тогтоочихсон. Геологи, уул уурхайн салбарыг ажиглаад байхад нөөцийг 100 хувь гэж тогтоогоод, үйл ажиллагаа явуулна гэсэн тоглоомын дүрэм байдаггүй байх. Тэгэхээр Тавантолгойн 6,4 тэрбум нүүрсний нөөц дээрээ ТЭЗҮ-гээ хийнэ, бизнесээ тооцно. Цаашид хайгуул хийх явцад 6,4 тэрбум тонн нүүрс есөн тэрбум болохыг үгүйсгэхгүй. Оюутолгойн нөөц ч бас нэмэгдэнэ. Тэгэхээр бид аливаа зүйлийг болох бүтэх талаас нь харж яримаар байгаа юм. Тавантолгой ордыг аль болох хурдан ашиглах ёстой. Нүүрсний үнэ маргааш хэд болохыг хэн ч мэдэхгүй. Хэдэн жилийн өмнө нүүрс ямар үнэтэй байсныг мэдэх хүн олон л байх. Дэлхийн томчууд орхисон орд шүү дээ, Тавантолгой. Харин сүүлийн хэдэн жилд нүүрсний үнэ өсч, дээр дооргүй Тавантолгой гэж оволзоод байх боллоо. Биднийг хэлэлцэж байх хооронд нүүрсний үнэ дахиад унахыг тааж хэлэх хүн байхгүй. Хятад, Орос хоёр транзит тээврийн үнээ нэмбэл бид яах вэ. Бүх зүйлийг сайн бодолцож , тунгааж, шаргуу ажиллах хэрэгтэй байх гэж Монгол улсын иргэний хувьд бодож байна даа.


  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS