Read my blog's...

This is....
RSS

Пүрэвжавын Пүрэвсүрэн: Дунд Аргалантын нуруу гүвэлзээд эхлэхэд л нулимс гараад ирдэг юм


Он солигдох мөч хаяанд ирлээ. Сэтгэлд шингэсэн өнөө л гоё шинэ жилийн дуунууд хаа сайгүй эгшиглээд эхэллээ. Магад та, Цастай гудамж гантиг шиг цайрчЦацрах гэрлээр туяарч мишээнэ ээ…гээд л аялж яваа байх. Энэ дууны зохиогч нь Төрийн шагналт зохиолч Пүрэвжавын Пүрэвсүрэн гэдгийг уншигчид андахгүй. Түүний “Их тээлийн даваа”, “Үдийн нар өндөр” зэрэг ланжгар бүтээлүүдийг нь хар багаасаа шимтэн уншиж өссөн дөө, бид. Хэдэн жилийн өмнөөс буурал зохиолчийн бие чилээрхэж, хэвтэрт оржээ. Гэсэн ч Монголын утга зохиолын “ахмад дайчин” маань цаг хугацааны их хурд, шинэ нийгмийн донсолгоонт жилүүдэд үзгээ үл тавин, яруу уянгат бүтээлээ туурвисаар л байна. Тэднийх Толгойтын Цэргийн хотхоны таван давхар цагаан байруудын нэгэнд эгэл даруухан амьдардаг ажээ. Түүнтэй ярилцсанаа хүргэе.

Явуу бол Горькийд очоод өөрийгөө шинээр нээсэн хүн л дээ

-Сайхан өвөлжиж байна уу. Сүүлийн үед та бүр нам гүм боллоо.Бие тань яаж байна. Гайгүй юу?
-Яах вэ, ингээд л хэвтэж байна. Өвөлжөө тавтай. /Тэрээр нуруугаа дэрээр түшүүлэн, өндийж суулаа/
-Их хэцүү өвчин бололтой. Ямар өвчин юм бэ?
-Нуруу үений зөөлөн эд шохойжиж хатуурдаг өвчин. Жилд ганц удаа эмнэлэгт хэвтэх юм. Хөл дээрээ зогсож чадахгүй л байна. Залуудаа жаахан артукеляттай байсан. Сүүлд нэг ахуйн осолд орж, мэс засал хийлгэсэн. Олон хоног шохойтой байх ч амаргүй юм билээ. Хөдөлгөөн багассаар байгаад ийм болчихдог юм байна.
-Хэдхэн жилийн өмнө та арай ийм байгаагүй дээ. Өвчин гэдэг…?
-1999 оноос хойш бие чилээрхээд явж чадахаа байсан. Босч суухаас биш бараг хэвтрийн хүн болоод удаж байна даа.
-Хоёулаа яриагаа эхлэх үү?
-Тэгье.
-Тэртээ 1960-аад онд баахан шижигнэсэн залуус уран зохиолын ертөнцөд цоо шинэ түрлэг болж орж ирсэн гэдэг.Та бол яах аргагүй тэр үеийн, одоо амьд байгаа цөөхөн том төлөөлөгчдийн нэг. Уран бүтээлийн гараагаа эхэлсэн тэр үеийнхээ тухай яриач?
- Би 1958 онд нутгаасаа гарч, Багшийн дээд сургуульд элссэн хүн л дээ. Багадаа аймгийнхаа сонинд шүлэг өгдөг байсан. Тэр үед “Уран зохиолын цоморлиг” сэтгүүлд ганц нэг шүлэг маань гарчихсан, эхлэн бичигч төдий. Багшийн дээд дээр Ө.Баасанжав багш утга зохиолын дугуйлан байгуулсан юм. Түүнд нь их оролцоно оо. Нийслэлд Ажилчны районы, Их сургуулийн, Багшийн дээдийн, Төмөр замын гээд хэд хэдэн дугуйлан байсан. “Улаанбаатарын мэдээ” сонины дэргэд нэг том дугуйлан ажиллана. Шүлэг сонирхдог залуус тэнд цуглана. Ш.Сүрэнжав, Д.Цэдэв, Г.Жамъян бид хэд тэгэхэд л танилцаж, үерхэж эхэлсэн дээ. 60-аад оны эхээр Б.Явуухулан Горькийг төгсөөд ирж билээ. Жигтэйхэн ганган залуу. Явуугийн хэдэн шүлэг өмнө нь сонинд гарсан байсиймаа. Уншихаар нэг тийм шинэ, сонин мэдрэмж төрөөд байдаг байсан.Зохиолчдын хороон дээр Явуугийн гурав дахь өдөр гэж болдог байлаа. Дугуйлангуудаас арай гайгүй бичдэгүүд нь тэнд очиж, шүлэг зохиолоо уншина. Тэднээс одоо цөөхөн хүн л амьд үлдэж. Цаг хугацаа ингээд л хамаагүй аваад явчих юм байна шүү дээ. Ш.Сүрэнжав, П.Бадарч, Ш.Дулмаа, шог зохиолч Б.Цэрэнжамц бид хэд л байна даа.
-Явуу найрагчийн ”Мөнгөн хазаарын чимээ” ном нь тухайн үед “тэсрэлт” авчирсан гэдэг байх аа?
-Тийм ээ. Явуу бол Горькийн дээд сургуульд очоод өөрийгөө шинээр нээсэн хүн л дээ. 1950-иад онд “Цэнхэр мандлын тэнгэр дор”, бас нэг шүлгийн түүвэр нь хэвлэгдсэн байдаг. Шүлгүүд нь тэгээд сонин хэвлэлээр хэсэг хэсгээр гарч байгаад “Мөнгөн хазаарын чимээ” ном нь гарсан юм. Жижигхэн, халаасанд хийж болохоор сонин ном байсан ш дээ. Тийм жижигхэн номыг бид өмнө нь үзээгүй байсан. Хэлбэрээрээ ч, шүлгээрээ ч яруу найрагт цоо шинэ уур амьсгал авчирсан л даа. Тэр үеийн яруу найрагт бас нэг том нөлөө үзүүлсэн хүн бол Нямбуугийн Нямдорж. Үеийнхнээсээ огт өөр өнгөөр гарч ирсэн. Шүлгүүд нь сайхан дүрслэлтэй, уран санаа, аж байдалтай. Нямдоржийг “Үүлэн бор” гэдэг номоор нь бид мэддэг байсан. Дугуйлан дээр тэр тун этгээд шүлгүүд уншдаг байж билээ. Ерөөсөө л уянгын шүлгээрээ Явуухулан, сэтгэл зүй, аж байдлын шүлгээрээ Нямдорж хоёр л тэр үед нөлөөлж орж ирсэн гэж би боддог. -Зохиолч хүнд анхны ном эрхэм нандин байдаг. Урам л юм даа. Яруу найргийн анхны номын уралдаанд таны ном шалгарч байсан тухай би сонсч байсан. Ямар ном билээ?-Энэ уралдааныг Явуу санаачилсан. Би Багшийн дээдийн төгсөх ангийн оюутан байлаа. 1962 онд улс даяар залуу найрагчдын анхны түүврийн уралдаан зарласан юм. Хэдэн шүлгийн түүвэр бэлдээд явуулчихлаа. Тэгээд сургуулиа төгсөөд “Залуучуудын үнэн” сонинд ажиллах болсон.1962 оны сүүлээр өнөө уралдааны дүн гарч, 100 гаруй түүврээс Ш.Сүрэнжав, Ж.Шагдар, бид гурвын бүтээл шалгарч билээ л дээ. Намайг яруу найргийн ертөнцөд анх таниулсан бүтээл бол тэр “Хүний тухай дууль” гэдэг ном маань. Хааяа үүнийгээ үзэж суухад нэлээд гэнэн, магтаалын маягийн шүлгүүд бичиж байсан юм билээ. /инээв/
С.Эрдэнийн өгүүллэгүүд намайг “уруу татсан”
-Ярианаас тань анзаарч байхад үргэлжилсэн үг рүү хожуу оржээ?
-Сэтгүүлчийн ажил маань үргэлжилсэн үг рүү оруулсан гэж боддог. ”Залуучуудын үнэн” гэдэг хамгийн олон захиалагчтай сонин байлаа. Би энэ сонинд гурван эрхлэгчийн нүүр үзэж, таван жил ажилласан. Сурвалжлага, найруулал энэ тэр бичиж байгаад л үргэлжилсэн үг бичдэг болсон л доо. Арай чөлөөтэй бичиж болдог юм байна гэж ойлгосон хэрэг. С.Эрдэнэ, “Шукшин”-ыг орчуулсан Бадраа нарын өгүүллэгүүд намайг “уруу татсан”. Бадраа гуайн хэл найруулга их сайхан шүү дээ. Би “Өшөө” гэдэг өгүүллэг бичээд “Утга зохиол” сонинд өгч билээ. Тэгээд Тэрэлжид амарч байтал сонин нь хүрээд ирэв. Амарч байсан хүмүүс тэр дорхноо л бие биедээ дамжуулж уншаад сүйд ээ. Намайг зохиолч гэдгийг зарим нь мэдэхгүй. Б.Лхагвасүрэн, Урианхай, Дашням нар тэнд амарч байсан. Тэд, Пүрэвсүрэнгийн зохиол гэж хэлсэн юм уу, хүмүүс надад их л талархалтай ханддаг болсон. Урам ч орлоо. Ганц нэг өгүүлэл бичиж байгаад “Их тээлийн даваа”, “Үдийн нар өндөр” туужуудаа бичсэн дээ. Энэ маань уншигчдын сэтгэлд их нийцсэн. Тэрнээс хойш л намайг үргэлжилсэн үгийн зохиолч гэх болсон шүү.
-Үргэлжилсэн үг, яруу найраг…Та бас ээжийн тухай шүлэг их бичсэн санагдаж байна. “Алган дээрээ бөмбөрүүлсэн Айлын хооронд үүрсэн Азай буурал ээжийнхээ Ачийг нь яаж хариулна даа…” гээд л, олон дуу бий?
-Би ер нь ээжийн тухай их бичдэг хүн л дээ. “Миний ээж тэмээчин”, “Сүх жанжны ээж” гээд олон дуу байна. “Мөнхийн рашаан байдаг бол Хаанаас ч гэсэн олох юм сан Миний ээж настай хүн Хайртай ээждээ өгөх юмсан…гэж. Ээжтэй бүхний хүсэл нь энэ юм даа. “Үдийн наран өндөр” тууждаа ч гэсэн сайхан ээжийн тухай бичсэн. Хорвоо дээр хүнд ганц л ээж бий. Түмэн ээж байдаг ч ганц ээж нь бүхнээс илүү шүү дээ. “Хөөрхий муу аав ээж хоёр минь” гэдэг дурсамжийн тууж бичээд нэг сонинд өгсөн. Уншсан хүмүүс их хөөрхийлэлтэй, сэтгэлийн утсыг хөндөж байна гээд л байсан.
-Ээжийн тухай дуу гэснээс “Шинэ жилийн шөнө” гэж олонд түгсэн сайхан дууны шүлгийг та зохиосон. Шинэ жилийн бараг сүлд дуу гээд хэлчихэд буруудахгүй л дуу шүү дээ. Харамсалтай нь тун цөөхөн хүн таны бүтээл гэдгийг мэддэг юм билээ?
-“Цастай гудамж гантиг цайрч Цацрах гэрлээр туяарч мишээнэ ээ… гээд л дуулдаг дуу юу. Поп хатагтай Б.Сарантуяа л шинэ жилээр дуулж мөнгө олдог шиг билээ л дээ. -Дуулах орчин, цаг үе гэж нэг юм байна. Энэ дууны “сезон” нь ч эхэллээ. Дуу бүтсэн түүхээс сонирхуулаач?
-Яруу найрагч Б.Доржпалам маань Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгад утга зохиолын ажилтан байв. Нэг өдөр тэр гүйгээд ирлээ. -Шинэ жилийн тухай дууны үг бичээд өгөөтөх хө л гэнэ. Тэгээд би нэг юм бичээд өгсөн. Г.Энхбаяр ая хийсэн. Тэгсэн чинь сүүлд нэг СD-н дээр Г.Энхбаярын үг, ая гээд биччихэж.
-Яагаад тэр вэ?
-Дуугаа бичүүлэх хүн нь л Энхбаярынх гээд хэлчихсэн байх л даа. Сүүлд Энхбаяр телевизээр “Энэ чинь яруу найрагч Пүрэвсүрэнгийн үг шүү дээ. Аяыг нь би хийсэн” гэж залруулж байсан.
-Тийм үү.Поп рок урлаг сүрхий хөгжиж байна л гэнэ, үнэн л дээ. Гэхдээ зарим дуучин хэний шүлгийг уянгалуулж байгаагаа мэдэхгүй тууж явах юм. Дуулсан нь мөнгө олоод, шүлгийг нь бичсэн хүн “хоосон” хоцордог нэг гэм байна. Мэдээж тань шиг хүмүүст гомдолтой санагдаж байгаа биз?
-Дуу нь дуулагдаад, амьтан сонсож л байвал хамаа алга даа. Ганц дуу юм даа, яахав. Гэхдээ дуучин нь тухайн дуугаа өмчлөөд авчихдаг жишиг тогтох нь ээ, янз нь. Бусдыгаа дуулуулах дургүй ч байдаг бололтой юм. Харин нэг удаа дуучин Т.Баясгалан “Эхийн тухай дуу”-г тоглолтдоо дуулмаар байна гээд надаас зөвшөөрөл авсан. Манай хөгшин бид хоёрыг хүртэл унаагаар аваачиж, тоглолтоо үзүүлсэн шүү. Сайхан л санагдсан.
-Сүүлийн үед та ямар уран бүтээл туурвиж байна вэ?
-Ганц нэг өгүүллэг бичиж байгаа. Босоод жаахан суухаар нуруу өвдөөд байх юм. Өвдөг дээрээ тавьж байгаад хааяа нэг шүлэг бичнэ. Зурагт их үзэж байна даа. /инээв/ Хүүхдүүд сонин хэвлэл авчирч өгдөг. Өнгөрсөн жил миний тууж, өгүүллэг, баримт зохиолоор тус тус нэг боть гарсан л даа. Энэ алтны уурхайнууд гэж нэг том гай байна аа
-“Залуучуудын үнэн”, “Засгийн газрын мэдээ” зэрэг сонин хэвлэлд та олон жил ажилласан. Эндээс улбаалаад нэг зүйлийг асуумаар санагдлаа. Тэр үед Хэрсэнгийн талыг тариа буудайн орон болгохоор дээрээс гэнэт шийдвэр гарч, Монголын хэдхэн нуурын нэг Баацагааныг сувгаар урсган нуур ч үгүй, тариа ч үгүй болдгийн даваан дээр та аварсан гэдэг?
-1960-аад оны эхээр л дээ. Атар газрыг эзэмших том ажил өрнөв. Баацагааны наагуур Хэрсэнгийн тал гэж бий. Тийш нь Байдрагийн голыг суваг татаж урсгасан юм аа. “Мянгатын суваг” гэдэг нэртэй. Баянхонгорын сумдаас дайчлагдсан мянгаад залуус тэр сувгийг анх гаргасан, 1958 онд. Тариа тарьж үзсээн. Шальтай ургаагүй. Жаахан эрдэнэшиш авсан байх. Бүр хожим дахиад л үүнийг сэргээх юм болж нутгийнхан ч бужигнаад явчихав. Тэр үед би чөлөөгөөр Баацагаан суманд очсон байсан. Нутгийн бүсгүйчүүд аймгийн захиргаанд хандаж, Байдрагийн голыг суваг татаж урсгаснаас Бөөн цагаан нуур байхгүй болох нь гэж хэлж л дээ. Хөдөлгөөн маягийн юм ч гарлаа. Тэгээд Хөдөө аж ахуйн яамны дэд сайд Бадамжав, аймгийн намын хорооны дарга Чойжилсүрэн нар газар дээр нь очиж танилцаж билээ. Нуурын хувь заяаны тухай улс амьтан үг хэлээд уйлах шахаж байна аа. Би үг хэллээ. “Энэ ард түмний нутаг усаа хайрласан сэтгэлийг харж үзэхгүй бол та нар юу хийх ёстой юм бэ. Газар усаа хайрлахаас өөр илүү эрх дарх байдаг хэрэг үү” гэсэншүү юм ярьсан. Өнөө хоёр чинь яахав дээ, цааш нь яръя энэ тэр гээд хүмүүс ч тарсан одсон. Чимээ овоо намдлаа. Би намар нь хот руу ирсэн. Ш.Гунгаадорж гуай тэгэхэд Ерөнхий сайд болсон байсан. Тэрээр малын тэжээл хэрэгтэй байна, хуучин тариалж байсан Хэрсэнгийн талыг сэргээе гэж зурагтаар ярьж байх юм. Тэгэхээр нь би Монголын радио дээр очоод “Хөдөө аж ахуй” нэвтрүүлгээр нутаг усныхаа тухай ярьмаар байна гэлээ.
-Шүүмжилсэн үү?
-Шүүмжлээд туучихсан. Хэдэн сая жилийн энэ тогтоцыг эвдэх юм бол дахиад хэзээ ч сэргэхгүй. Нэг нуур сүйтгэнэ, нэг гол байхгүй болно, тэгээд баахан газар сэндийлж хаяна. Шим тэжээлгүй ийм газраас ямар ч ашиг гарахгүй. Ерөнхий сайд ийм зүйл яриад явж байна. Яагаад нутаг усны ард олных нь санаа бодлыг сонсдоггүй юм бэ гэж хэллээ.Бүр сүүлд Богд уулын нэг амралтын газарт байж байтал нэг хүн ороод ирдэг юм байна. “Би даргын жолооч байгаа юм. Таныг манай дарга урьж байна” гэлээ. Хөдөө аж ахуйн яаман дээр яваад очтол өнөө радиогоор зад шүүмжлүүлсэн Ерөнхий сайд сууж байдаг байгаа. Ерөнхий сайд хөдөө ажлаар явж байхдаа радиогоор миний шүүмжлэлийг сонсоод санаа нь их зовсон шиг байгаа юм. “Би ичлээ. Чамаас уучлал гуйя. Тэр шийдвэрийг ерөөсөө буцаалаа” гэж Гунгаадорж гуай хэлж билээ.
-Мэдээж нутгийн зон олны магнай тэнийсэн байлгүй дээ?
-Үгүй яах вэ. Тэрнээс хойш нуур маань овоо л сэргэсэн. Гэтэл одоо дахиад л километр хэртээ ширгэж татарсан гэнэ. Хүн надад хэллээ.
-Бөөн цагаан нуур байх уу үгүй юу дээрээ туллаа гэж яриад байна шүү дээ?
-Тийм ээ. Энэ алтны уурхайнууд гэж нэг том гай байна аа. Заг сумаас эхлээд л Бууцагаан, Бөмбөгөр зэрэг дөрвөн сум дамжиж очдог нуур шүү дээ Энэ урсгалыг дагасан алтны гурван уурхай байна. Элсээ угаах гээд голыг хэдэн тийш нь салаалуулаад, өнөө эзгүй газар нь бохир ус шингээд алга болж байна. Байдрагийн гол Бөөнцагаан нуурт хүрэхээ байсан гэсэн. Бороо хуртай жил очвол очно.
-Манайхан өөрсдөө харийн хүмүүстэй нийлээд байгалиа сүйтгээд байна. Яалтай ч билээ?
-Ерөөсөө л тийм. Хар багаасаа л газар шороондоо хайртай болж өссөн юм шиг байгаа юм, би. Яасан онгироо хүн бэ гэх байх л даа. Манай нутаг шиг нутаг өөр хаана ч байхгүй. Ертөнцийг дөрвөн далайтай гэдэг. Би гурван далайн уснаас духандаа хүргэж үзсэн. Нэлээд газраар явсан. Гэхдээ Баацагааны хэдэн гол, Бөөнцагаан нуур, Дунд Аргалантын уулс шиг дотно сайхан газрыг үзээгүй ээ. Хөвшихийн тээг давахад цэлсхийгээд, тээр зэрэглээн цаана Дунд Аргалантын нуруу гүвэлзээд эхлэхэд л нулимс гараад ирнэ шүү дээ. Нутаг усаа хайрлаж, тэмцдэг хүмүүст би дуртай. Онгийн голын хөдөлгөөнийг би дэмждэг.
-Алт гэхээр нүдээ ухаад өгөхөөс ч буцахгүй цаг юм аа. Төр засаг ч үүнийг дийлэхээ болилоо.
-Алт сүйдэлж байна. “Алт хөтөлбөр” гэдэг юмыг анхны Ерөнхийлөгч П.Очирбат санаачилж гаргасан. Алт аминаас нь илүү болчихсон, ямар ч сувдаг шунахай хүмүүс байдаг юм. Хойч үеэ бодохоо болилоо. Үр хүүхэд маань нутаг усан дээрээ тоглож өснө гэдгийг огт бодохгүй байна. Алтны шуналтнуудыг харахаар дургүй хүрээд байдаг юм.
-Сүйрлийн ирмэгт тулж ирээд байсан Хөвсгөл далайг манай нэртэй сэтгүүлч Ц.Балдорж агсан “Далай ээж цаазын тавцанд” нийтлэлээрээ аварсаныг хүмүүс санаж байгаа. Ноднин Хэрлэн мөрнийг говь руу урсгана гээд л баахан шуугисан. Одоо намжаа юу даа?
-Энэ ёстой дэмий юм. Хэрлэн мөрнийг Дорноговь руу татна гээд байгаа. Ангасан зэлүүд тал хээр усыг зүгээр л уучихдаг юм. Хэрлэн мөрөн ч байхгүй, говьд цэцэглүүлээд сүйд болсон ч юмгүй өнгөрөх вий. Байдрагийн голыг Хэрсэнгийн тал руу татсан хар туршлагаар би үүнийг мэдэж байна. Одоо харин хүмүүсийн нутаг усаа гэсэн сэтгэл сэргэж байх шиг. -Та нутаг руугаа ойрд явсан уу?-2001 онд нутагтаа очсон. Нуурынхаа хөвөөн дээр очиж, ах дүүтэйгээ ч уулзсан. Сайхан л байсан даа. Уг нь нутагтаа жилд хоёр очдог байв. Намайг “Залуучуудын үнэн” сонинд байхад намын төв хорооны шийдвэр гарч, телевизийн курст явуулж билээ. Ш.Сүрэнжав, Пашка нарын хэдэн хүн Москва явсан. Ирээд телевизэд таван жил ажиллаад радио руу шилжсэн. Сүүлдээ дургүй хүрээд явчихлаа. Хөдөө байнга явдаг хүн чинь ордог хэдхэн газартай болчихов. Гомдол тавилаа. Тэгсэн чинь “Чамайг байя гэтэл чинь хөдөө явуулаад өгье” гээд радиогийн хөдөө аж ахуйн редакц руу оруулдаг байна. Өө, тэгээд очоогүй газар гэж байхгүй болсон. Монголын бүх сумаар орсон. Нутгаа хэд тойрсон доо.
-Уучлаарай, би хувийн гэмээр зүйл асууж болох уу?
-Тэг тэг.-Tанайх энд хэзээ нүүж ирсэн юм бэ. Танд энэ байрыг аймгийн нутгийн зөвлөл бэлэглэсэн гэж сонссон юм байна?-Би 1970-аад оноос хойш төр засагт байр хүссэн өргөдөл өгсөөр ирсэн. Их ч хүлээсэн. Энэ хугацаанд олон газар байр хөлсөлж амьдарч байлаа. Харин нутгийн зөвлөл, зарим найз нөхөд маань нийлж хандив, тоглолт энэ тэр зохион байгуулж байгаад нэг өрөө байр авч өгсөн. Үхэхээсээ өмнө байранд амьдрах юмсан гэсэн хүсэл биелсэн. Баярлаж л байна.
-Дулаах нь уу?
-Үгүй яах вэ. Ганц нэг засвар хийчихвэл дажгүй л юм байна.
Т.Галсангийн шүлгийг сониндоо нийтэлсэн хэргээр донгодуулж билээ
-Та залуудаа нэлээд “бэрх” хүн байсан юм уу. Ц.Гайтав гуай таныг “Донгоосүрэн” гэж хочилдог байсан гэхээр ингэж асууж байна л даа?
-Цагтаа би биеэ их тоодог байж. Ажилд гологддоггүй болохоор хамгийн гол юмандаа намайг явуулчихна. Тэрнийг нь би нэр төртэй хийчихнэ. Дөчөөд жил ажиллахдаа олон удаа донгодуулсан л байхгүй юу. Харин нэг ч удаа халагдаж үзээгүй. Халах гэхээр гайгүй хүнээ алдах гээд байдаг. Зүгээр байхаар сахилгагүйтнэ. Хааяа даргынхаа өмнөөс данхалзана аа. Миний ахмад үеийн найз нарын нэг нь Ц.Гайтав байсан л даа. “Залуучуудын үнэн” сонинд байхдаа би анх удаа Т.Галсангийн шүлгийг нийтлүүлсэн хэргээр донгодуулж билээ. Т.Галсан улс төрийн хэргээр тэмээчин болсон үе л дээ. Шүлгийг нь сониндоо тавьчихсан юм. Намын эсэргүү хүний шүлгийг нийтэллээ гээд намайг Эвлэлийн төв хорооны товчоогоор оруулж нэг айхтар донгодсон. Гайтав бид хоёр тэр үед нэг дор ажилладаг байсан. Намайг “рашаан”-д сургасан хүн бол Гайтав маань шүү дээ. Хожим телевизэд ажиллаж байхдаа бас донгодуулаад. Тэрийг Гайтав сонсч л дээ, “Чи бас л донгодуулав уу” гэж байна. “Яах вэ, хойд талын дэлгүүрт очдог хүний тоонд орчихсон чинь” гэлээ. Сүрэнжав бид хэд л ээлжээр гүйдэг дэлгүүр л дээ. Тэгсэн чинь Гайтав “Одоо ерөөсөө чиний нэрийг солино оо. Донгоосүрэн гэж нэрлэе” гэдэг байгаа. Ер нь хүнийг айхтар хочилдог хүн байсан. Явууг “эмээл” гэнэ. Гайтав, Явуу хоёр муудалцаж л дээ. Гайтав нэг өдөр л “Эмээл гэдэг гоё нэр байна. Ерөөсөө Явууг янгиа гэж нэрлэе” гэчихэв. Эмээл гөлөм энэ тэрээрээ янгианаас арай дээр л дээ.
-Сүүлийн асуултаа Монголын үргэлжилсэн үгийн чиг хандлага руу хазайлгая. Танд мэдээж дүгнэж хэлэх юм бий л биз дээ?
-Бичдэг залуус ч байна шүү. Яг дүр нь сэтгэлд үлдэх бүтээл цөөхөн гарч байх шиг санагдах юм. Насаа дагаад би голомтой, муухай зантай болчихсон юм уу. Тэгээд ч бидний үеийнхээс өгүүллэг бичдэг хүн алга даа. Ер нь үзгээ тавьдаг юм байгаа биз дээ. -Тэгвэл яруу найраг… Хөгжил гэдэг утгаараа нэг түвшинд очсон л байж таарна аа даа?-Монголын яруу найргийн түвшин гэж ярьцгаадаг юм. Ямар түвшин байдгийг би мэдэхгүй. Харин дэлхийн түвшинд яривал манай яруу найргийг эх хэлээр нь сайхан буулгахад мэдээж сайн зиндаанд л байгаа. Монгол сэтгэлгээг харь хэлнээ буулгана гэдэг их хэцүү. Монголын яруу найраг Явуу, Нямдоржийн үеэс нэг их буугаагүй л гэж боддог шүү.
-Ярилцлага өгсөнд баярлалаа.
Үндэсний шуудан сонин 2008.04.06

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Г.Аззаяа: Ж.Буш Ерөнхийлөгчтэй уулзана гэж санаагүй ээ


2004 оны хоёрдугаар сарын 18-ны өглөө. Иракийн Аль Хилла хотын ойролцоо орших Чарли баазыг террористууд овоо хараандаа авч цуст халдлага зохион байгуулахаар төлөвлөсөн байлаа. 1000 цэрэг хооллодог танхимд Польш, Унгар, Румын, Филлипинээс ирсэн цэргүүд цайлж байх агшинд 750 кг тэсрэх бодистой ачааны машин баазын хашаанд юу юугүй ороод ирж. Энхийг сахиулагчдын амийг аварч, халдлагыг зогсоосон цэрэг Монголынх байв. Хорьхон настай шавильхан бор залуу тэсрэх бөмбөг ачсан машин баазын хаалгаар орж ирэх үед жолоочийг нь буудсан гавьяа дэлхийн сонорт хүрч байсан нь дөрөв гаруй жилийн тэртээ. АНУ-ын Ерөнхийлөгч жирийн монгол цэрэгт хүндэтгэл үзүүлж байсан түүхт өдрийг монголчууд мартаагүй. Магадгүй та энэ хэсгийг уншаад “Аан Аззаяа юу” гэж өнгөрснийг дурсч байгаа байх. Хэдэн жилийн өмнө хэвлэлийн баатар болж байсан энхийг сахиулагч залуу өнөөдөр хаана юу хийж яваа бол. Энэ асуултад хариу олохоор Батлан хамгаалахын их сургуулийг зорилоо. Г.Аззаяа тус сургуулийн Цэргийн команд инженерийн сургуулийн тавдугаар курст суралцдаг юм байна. Очсон даруйдаа уулзана гэж бодсон минь эндүүрэл байв. БХИС-ийн захирал, генерал Жалбажав, ЦКИС-ийн захирал, хурандаа Лхагвасүрэнгээс зөвшөөрөл авах ёстой гэсэн Г.Аззаяагийн үгийг дагав. Орох гарах, уулзах салах нь хүртэл тодорхой дүрэм, тогтсон үгтэй цэргийн хотхон жирийн бидний орчноос өөр юм. Зөвшөөрөл авсны дараа бидний ярилцлага эхэллээ.


-Халдлагыг зогсоосон тэр үеэс яриагаа эхлэх үү. Та тэр үед Иракт очоод хэр удсан байсан бэ?


-Иракийн энхийг сахиулах ажиллагааны хоёрдугаар ээлжийн багт багтаж явсан минь миний амьдралд мартагдашгүй дурсамж болж үлдсэн гэдгийг ярианыхаа эхэнд онцолмоор байна. Хоёрдугаар ээлжийн багийн зууны ная, ерээд хувь нь манай 150 дугаар ангиас оролцсон. Очоод нэг их удаагүй байсан үе. Арваад л хоносон байх. Тэр үед халдлага болсон л доо. Ачааны машин хана дэлбэлж гарц гаргаж орж ирсэн юм. Орох ёсгүй газар учир хамгаалалтад бэлэн байх ёстой. Энэ үүргийнхээ дагуу л ажилласан. Гал нээгээд, гурван удаа буудсанаар халдлагыг таслан зогсоосон.

-Террористууд халдах нь гэдгийг яаж мэдсэн юм бэ. Ямар нэг сэжиг бүхий мэдээлэл авсан байв уу?


-Үгүй. Ямар бүлгийн хүмүүс дайраад ороод ирж байгааг тэр үед мэдэх боломж байгаагүй. 40-50 метрийн цаанаас хэн болох нь харагдахгүй л дээ. Гэхдээ яг хэн гэдэг амиа золиослогч байсан юм бол гэж одоо ч өөрөөсөө асуудаг л юм.


-“Хэрвээ тэр халдлагыг зогсоогоогүй бол”....гэсэн бодол төрдөг үү?

-Их хохирол гарах нь ойлгомжтой л доо. Доод тал нь 1000 хүн хоол иддэг заал байсан гээд бодохоор эвгүй л санагддаг юм. Яг өглөөний хоолны цаг байв. Тэр ачааны машинаас 750 кг тэсрэх бодис илрүүлсэн. 100 грамм тэсрэх бөмбөг таван тоннын чингэлэгийг дээш нь метр хөндийрүүлэх чадалтай байдаг. Ийм хүчтэй эд. Гэхдээ ганцхан би айхтар чадвартайдаа халдлагыг зогсоочихсон юм биш л дээ. Манайхан дотор надаас ч чадвартай хүмүүс олон байгаа.

-Иракт анх очсон үеийн сэтгэгдлээсээ хуваалцана уу.

Эндхээс тэс өөр орчин угтахад эхэндээ хэцүү байв уу. Өдөрт хэдэн зуугаараа сонсогдох буун дуу, дэлбэрэлтээс эхлээд?-Энд бэлтгэл хийж буун дуу сонсоод очсон болохоор тэгтлээ цочирдож гайхаагүй. Нуулгүй хэлэхэд эхэндээ буун дуу сонсоод дайны цагийн байдалд байна гэж төсөөлж чадахгүй байсан. Хэд хоногоос дунд нь ороод, буун дуу, тэсрэлт дэлбэрэлтийг яг жинхэнээр нь сонсоод ирэхээр айдас төрдөг юм билээ. Цаг агаарын хувьд эхэн үедээ ямар халуун бүгчим юм бэ гэж бодогдох үе байсан шүү. 30-50 хэм хүртэл халдаг болохоор бас ч яггүй ээ. Гэхдээ монгол хүмүүс хаана ч очсон орчиндоо амархан дасчихдаг онцлог чанартай гэдгийг тэнд очоод илүү мэдэрсэн л дээ. Арав хоноод л дассан. Биднийг очсон үед тэнд удсан монгол цэргүүд даараад байна гэхээр нь эхлээд гайхдаг байв. Монголынх хуурай халуун байдаг бол тэнд хичнээн халуун ч гэсэн чийглэг талдаа. Тийм болохоор даарах үе гарч л байлаа.

-Халдлагыг таслан зогсоосны дараа хэвлэлүүдээр өөрийн тань тухай нэлээд шуугисан. Польшийн зэвсэгт хүчний “Мөнгөн загалмай” одонгоор шагнасныг ч санаж байна. Польш цэргүүд танд илүү хүндэтгэлтэй ханддаг болсон гэсэн байх аа?

- Ер нь хүндэтгэлтэй хандсан шүү. Бид нэг гал тогоонд хоол иддэг байсан л даа. Хоолоо идэх гээд орохоор миний урд явж байсан польш цэрэг зам тавьж өгөх жишээний. “Энэ бол цэрэг хүний хийх ажил. Чи үүнээс ч илүүг хийж чадна” гэж тэд намайг зоригжуулдаг байв. Польшийн Беник гэдэг генерал, Засгийн газрын гишүүд нь ч ирж уулзсан. Сониноос би өнгөрсөн жил Польшийн Батлан хамгаалах яам, Жанжин штабын урилгаар Польшид 14 хоног аялаад ирсэн. Батлан хамгаалахын сайдтай нь уулзаж хэвлэлийн бага хуралд оролцсон. Дурсгалтай түүхэн газруудаар нь ч аяллаа. Үнэхээр сайхан санагдсан шүү.

-Чарли баазад хэдэн орны дайчид байсан бэ?

-Латви, Литви, Филиппин зэрэг долоон орны цэргүүдтэй хамт алба хашсан. Америк цэргүүд ирж очин, бааз дамжих маягаар ажиллана. Гол удирдлага нь Польшийн зэвсэгт хүчин байсан юм.

-Олон орны цэрэгтэй яаж ойлголцдог байв. Хэлний бэрхшээл мэдээж гарна биз?

-Эхлээд хэцүү байлгүй яахав. Эндээс бага зэрэг хэлний бэлтгэлтэй явсан болохоор бас бүр ч таг биш ээ. Очоод орчиндоо дасч зохицоод ойлголцож болж байсан. Хөгтэй явдал ч нэлээд гарна. Тэр халдлагаас хойш хүч нэмэгдүүлсэн юм аа. Зэвсэгт хүчний 150 дугаар ангид алба хааж байсан найзыг маань Польшийн командын байран дээр польш цэрэгтэй хамт сектор хамгаалуулахаар манай дарга явуулж л дээ. Мань хүн очоод “Mу соmander энэ дээр сектор ав гэнэ ээ” гэж монгол, орос, англиар холиод хэлчихэж байгаа юм. Ингэж ойлголцох явдал нэлээд гарна шүү.-

Иракт алба хааж байхад цалин, хангамж гайгүй байсан уу?

-Хангамж маш сайн. Цалингийн хувьд тэнд өгөхгүй. Эндээ ирж байж авсан. Өдрийн арван доллар. Зарим хүмүүс иймхэн мөнгөний төлөө тэнд алба хаасан юм уу гэж асуухад нь гайхдаг л юм. Миний хувьд энэ үгийг хувь хүний л бодол юм даа гэдэг үүднээс хүлээж авдаг. Би энгийн иргэн байсан бол энхийг сахиулах гэж Ирак явахгүй байсан. Энэ үйл ажиллагааг цэрэг хүний үүргээ биелүүлэх том боломж, сорилт байсан гэж боддог. Цэрэг хүн ийм юмнаас айж шантрах ёсгүй. Бас газар үзэж нүд тайлна гэдэг юугаар ч үнэлшгүй зүйл. Ер нь тэнд манай баг эв нэгдэл сайтай, дарга нар маань сайн ажилласны хүчинд нэр хүнд ч гайгүй байлаа. Бид зэвсэгт хүчний 150 дугаар ангийг хамт төгсөөд Ирак руу нэг салаа болж явсан маань дурсамж болон үлдсэн. Цэргийн салбарт олон жил ажилласан хүмүүсийн дэргэд бид дөнгөж жил гаруйхан л суралцсан, хүүхдээрээ тул тэнд цагийг зугаатай өнгөрүүлж байлаа.

-Сьерра-Леонд бас энхийг сахиулах ажиллагаанд оролцсон санагдаж байна?

- Тийм ээ. 2006 онд Сьерра-Леонд ажиллаж байсан. Африкийн баруун өмнөд эрэг дээр байдаг жижигхэн улс л даа. Олон хүн амтай, их халуун. Гэхдээ далайн эрэг дээр байдаг болохоор чийглэг, борооны улирал нь урт. Иракийг бодвол нөхцөл нь хүнд, хортой шумуул шавьж ихтэй. Гэхдээ цагийн байдлын хувьд Иракаас тайван юм билээ. Одоо бол намжмал байдалтай болсон.

-Дөрвөн жилийн өмнөх энхийг сахиулагч Аззаяа, оюутан Аззаяа хоёрын хооронд ялгаа хэр гарав?

-Ялгаа байлгүй яахав. Тэр үед би чинь дөнгөж аравдугаар анги төгсөөд хөдөөнөөс ирсэн бүрэг хүүхэд байсан ш дээ. Хүнтэй ярьж чадахгүй түг тагхийгээд л. Одоо бол арай өөр өө. Сургуульд сурч, төлөвшиж байна. Хэлэх гэсэн санаагаа ичиж зоволгүй илэрхийлдэг болсон. Энгийн ийм өөрчлөлтөөс эхлээд яривал ялгаа гарсан гэж боддог шүү. /инээв/.

-Хөдөөнөөс хотод ирээд удаагүй бүрэг байсан гэсэн үгнээс чинь улбаалаад нэг зүйл сонирхмоор санагдлаа. Иракаас ирэнгүүт сэтгүүлчид бүчиж түмэн асуулт асууж, зургийн аппарат гялсхийх үе хэцүү байсан уу?

-Иракт байлдахаас ч илүү хэцүү санагдсан. Тэнд би тэгж айхтар зовоогүй /инээв/. Энд ирсэн чинь бөөн камер, тал талаас микрофон, төрийн томчууд. Уншиж байгаа бичиг хүртэл харагдахгүй, ёстой хэцүү юм билээ. Салаа цэргийн өмнө гарч үүрэг тавьж үзээгүй байсан юм чинь. Сэтгүүлчдийн асуултаас их айна аа. Ярихыг хүсэхгүй, салахын түүс болдог байв. -Америкийн Ерөнхийлөгч Ж.Буш манай улсад айлчлахдаа Самбуу-Ёндон та хоёртой уулзсан. Том гүрний удирдагчийн анхаарлыг татна гэдэг үнэхээр бахархалтай. -Би уг нь Ж.Буштай уулзана гэж төсөөлөөгүй юм аа. Их гэнэтийн юм болсон ш дээ. Америкийн Ерөнхийлөгч айлчилдаг тэр өглөө би хичээлээсээ хоцорчихсон юм. Ж.Буш айлчилна гээд бүх замыг хаасан шүү дээ. Бөөн бөглөрөө, тэгээд л хоцорчихсон хэрэг. Алхаж очлоо ч хичээлдээ сууж амжихааргүй байсан болохоор харихаар шийдлээ. Юу ч гэсэн утсаа нээчихье гээд асаатал дуугардаг юм байна. “Чи одоо хаана явна. Хайгаад сүйд боллоо. Төрийн ордны гадна яаралтай хүрээд ир” гэж дарга нар нэлээд сандарсан байдалтай утастсан. Очсон чинь манай дэд захирал Цэвээнсүрэн миний парад хувцсыг авчирчихсан машинд хүлээгээд сууж байв. Ингээд л ордны хажууд хувцаслаад орсон. Үнэхээр санамсаргүй тохиолдол. Ерөнхийлөгч Ж.Буш намайг сайн цэрэг гээд, илүү сайн ажиллаарай гэж захиж билээ.

-Ингэхэд Самбуу-Ёндон одоо юу хийж байгаа вэ?

-Батлан хамгаалахын их сургуулийн Ахлагчийн коллежид дамжааны багшаар ажиллаж байгаа. Самбуу-Ёндон өөрийнхөө цэгт илэрсэн халдлагыг няцааж, холбоо мэдээлэл дамжуулсан юм. Галын дэмжлэг үзүүлсэн гэдгээрээ бид хоёр хамтарч үүрэг гүйцэтгэсэн.

-Иракаас ирсний дараахан чамд байр бэлэглэсэн байх аа?

-Сургуулийн хойхно хувийн хашаа байшин өгсөн.

-Гэрлэсэн үү?

-Ноднин нутгийнхаа бүсгүйтэй гэрлэсэн. Хөөрхөн охинтой болсон. Энхнаран гэдэг юм. Одоо 10 сартай. Манай хүн Шинжлэх ухаан технологийн их сургуулийг ноднин төгссөн. Иракт алба хашиж байх үед бид хоёр үерхдэг байв. Нэг нутаг л даа.

-Аль нутаг билээ?

-Бид хоёр Өвөрхангайн Бүрдэнд төрсөн. Гэхдээ би Булган аймагт өссөн л дөө.

-Ирак руу явахын өмнө энхийг сахиулагч ямар алба хашиж байсан бэ?

-Булган аймагт анх мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийг дүүргэсэн. Сумандаа сурах боломж уг нь байсан л даа. Зуд нүүрлэсэн тул наймдугаар анги төгсөөд нэг жил мал маллахаас аргагүй болж билээ. Буцаад сурах гэтэл дүүгийнхээ ангид орох гээд болдоггүй. Тэгээд аравдугаар ангиа төгсөнгүүтээ энд Батлан хамгаалахын их сургуулийн Ахлагчийн коллежид элссэн. Дараа нь Зэвсэгт хүчний 150 дугаар ангид томилогдож тэндээ зургаан сар ажиллаж байтал эхний ээлж Иракийг зорьсон юм. Энэ үед манай анги бэлтгэгжиж байгаад араас нь явсан л даа.

-Одоо ямар чиглэлээр сурч байна?

-Ерөнхий цэргийн командир. -

Сургуулиа төгсөөд юу хийнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа вэ?

-Салаан захирагчаар ажиллана. Үргэлжлүүлэн сурна гэсэн бодол байгаа.

-Чамтай ярилцлага хийх гээд хүлээж байх үед нэг юм анзаарлаа. Цэргүүдээ хоолонд нь оруулахаас эхлээд багагүй ажил амжуулах шиг боллоо. Даргын алба хашдаг юм аа даа.

-Жагсаалын даргын алба хашдаг юм.-

Түрүүн гадныханд үзүүлэх сургууль хийж байсан уу?

-Туркийн сонсогч нар манай сургууль дээр айлчилж байгаа юм. Бид нарын өдөр бүр хийдэг зүйл л дээ. Гимнастик байхгүй юу.

-Зав бага гардаг юм шиг санагдлаа. Хэд хүртэл сургууль дээрээ байдаг вэ?

-Зав гаргая гэвэл гаргана уу гэхээс тэгтлээ зав чөлөө гараад байдаггүй. Орой зургаан цаг өнгөртөл эндээ байдаг. Өглөө долоо дөчид нэгддэг.

-Нэгддэг ээ?

-Жагсч гимнастик хийхийг хэлж байгаа юм.

-Аззаяагийн нэг өдөр хэрхэн өнгөрдөгийг сонирхож болох уу?

-07.40 цагт нэгдэж 08.25-02.00 цаг хүртэл хичээл ордог. 02.00 цагаас дахин нэгдэж хоолондоо ороод 03.00 цагаас дахин хичээлдээ ордог. Тэгээд бие даалт.

-Хамгийн дуртай хичээл?

-Тактикийн хичээлдээ илүү дуртай. Мэргэжлийн маань гол түлхүүр болохоор. Дайн байлдааныг яаж явуулах вэ гэдгийг судладаг юм.

-Цэрэг байхын бахархлаар яриагаа үргэлжлүүлье?

-Эх орондоо тангараг өргөсөн эр цэргийн албан хаагч байна гэдэг дэндүү гоё. Манай эрчүүд тэр бүр цэрэгт яваад байдаггүй. Явдаг хэсэг байдаг ч жинхэнэ цэргийн албанд алба хаадаг нь цөөхөн. Гадныхан монгол хүнийг Чингисийн үеийн нүүдэлчин, дайчин цэрэг гэдгээр нь төсөөлж боддог шүү дээ. Тэр үеийн цэрэг дайчдын дэлхийд мөрөө гаргасан замналаар явж байгаадаа л бахархах сэтгэл эрхгүй төрдөг.

-Одоо ямар цолтой вэ?

-Ахлагч цолтой.

-Иракт алба хааж байх үед “Манайхан гадны цэргүүдээс энэ талаараа илүү, тэр талаараа дутуу юм байна” гэх үнэлэлт төрж байв уу?

-Манайханд нэг сул тал анзаарагдсан. Яг өөрсдөө биеэ дааж бэлтгэл сургуулилтаа хийдэггүй. Заавал нэг захирагч дарга ч юм уу, удирдах албан тушаалтан хүн хийлгэвэл хийдэг. Түүнээс биш бусад орны цэргээс дутах юм байхгүй. Жижигхэн биетэй мөртлөө ачаалал дааж чадна. Юмыг хурдан сурдаг. Нэг барьж авсан юмаа үргэлжүүлээд хийдэггүй л болохоос биш. Бусад орны цэргүүд өөрсдөө чадахгүй, их удаан сурна. Оролдоод л байна. Тэгсээр байгаад юманд хүрдэг.

-Тэд ер нь Монголын талаар ямар ойлголттой байх юм?

-Нүүдэлчин гэдэг талаас нь ойлгодог юм билээ. Тэдэнтэй яг нөхөрлөөд ирэхээр манай улсыг иргэншсэн амьдралтай гэдгийг мэдэж эхэлдэг.

-Сэтгэлийг чинь эмзэглүүлж явдаг зүйл гэвэл юу хэлэх вэ?

-Энэ асуулт надад ахдах байх аа. Дарга нар л үг хэлбэл илүү жинтэй байх.

-Хувь хүнийхээ хувьд үзэл бодлоо хэлж яагаад болохгүй гэж?

-Сэтгэл эмзэглүүлсэн асуудал гардаг л даа. Саяхан даа, нэг телевизээр монголд ер нь зэвсэгт хүчин хэрэгтэй юм уу гэсэн утгатай мэдээлэл цацаж байна лээ. Үнэхээр харамсалтай санагдсан. Улс юм чинь цэрэгтэй байж л таараа. Би улсын сүр цэрэгтээ, цэргийн сүр жагсаалдаа гэдэг үгийг хэлэх дуртай. Тэр телевизийн сэтгүүлчид “Зэвсэгт хүчин байхгүй бол улс гэдэг үг утгаа алдана” гэж хэлмээр бодогдсон шүү.

-Дайны халуун цэгт байсан хүн эх орон, энх тайван гэдгийг илүү ойлгож ухаарсан болов уу?

-Манай орон шиг ийм амар тайван, тааваараа амьдарч байгаа улс дэлхийд цөөхөн л дөө. Америк хэдий өндөр хөгжилтэй ч террор гэх айдастай. Юу ч үзээгүй мань мэтийн хүүхдүүд эх орноосоо явж Иракт очиход нүд хальтирам зүйл бишгүй л таарсан. Киноноос хардаг зүйлс бодитоороо байна гэхээр эвгүй л дээ. Тэнд байсны хувьд Иракийн талаар мэдээ харахыг оролдоно оо.

Ярилцлагын төгсгөлд Г.Аззаяа “Би өмнө нь ингэж илэн далангүй ярьж байгаагүй юм байна шүү. Ер нь ярилцлага өгөх тийм дуртай биш. Тэгээд ч цэргийн хүн ганц хоёрхон үгээр санаагаа илэрхийлэхийг илүүд үздэг гэдэг үг байдаг. Арай л их ярьчих шиг боллоо. Дөрвөн жилийн өмнө танай эрхлэгчээс “Монголын бахархал” гэсэн сайхан өргөмжлөл авч байсан болохоор танай сонины хүсэлт надад илүү ойр санагдлаа” гэж аминчлав. “Үндэсний шуудан” сонин 2008.07.19

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Эх орны хөгжлийн тулах цэг, зүтгэх хөдөлгүүрийг дэмжье


Үндэсний баялаг. Энэ үгийн утга учрыг капитализмын хатуу замаар довтолгон, бусад хөрөнгөтөн улстай өрсөлдөж амьдрах хувь тавиланг сонгосон монголчууд өөрийнхөөрөө ухаарч ойлгож байна. Нэгэнт буцах замгүй тул “үндэсний баялаг”-аа түшиж хөгжих нь зах зээлийн хууль. Монгол үндэстний баялаг юу вэ. Товчоор хэлбэл үндэсний бизнесмэнүүд, тэдний баялаг бүтээх чадвар. Монгол Улс өдгөө бараа бүтээгдэхүүнийхээ 80 орчим хувийг импортолж, ердөө 20 хувийг нь үйлдвэрлэдэг. Дэндүү чамлалттай тоо шүү. Гэхдээ үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэх 80 хувийн боломж өмнө маань дурайж байгаа. Энэ эрхэм зорилгыг гардан хэрэгжүүлэх хүмүүс нь мөн л хувийн хэвшлийнхэн.
Тэд өдгөө улсын төсвийн орлогын 90 хувийг бүрдүүлж, ачааны хүндийг үүрч явна. Үндэсний баялгийг бүтээлцэж яваа үндэсний үйлдвэрлэгчид иргэдээ ажлын байраар хангаж, бас олсныхоо хэрээр татвар төлдөг. Энэ нь үндэстний гол амин зуулга юм. Гэтэл бид үндэсний үйлдвэрлэгчдээ, үндэсний хөрөнгөтнүүдээ дэмжихийн оронд олигархи хэмээн цоллож дууддаг буруу жишиг хавтгайрах янзтай. Зах зээлийн нийгэмд баялаг бүтээгчдийг үндэсний капиталистууд гэх ба тэд эх орны хөгжлийн тулах цэг, зүтгэх хөдөлгүүр нь болдог. Тэднийг бүгдийг нь олигархи гэх үү?
Үндэсний статистикийн газрын албан ёсны тоо баримт түшье. Аж үйлдвэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2001 онд 272,5 тэрбум төгрөг байсан бол 2010 оны эхний улирлын байдлаар 394, 2 тэрбум төгрөгт хүрчээ. 2001 онд өндөр хөгжилтэй 7 оронд Монгол Улс бүтээгдэхүүнээ экспортолдог байсан бол 2010 оны эхний улирлын байдлаар нийт 45 оронд экспорт хийж. Үндэсний үйлдвэрлэлийн тухайд, өнөөгийн орчинд ийм байна гээд бодохоор тийм ч муу дүр зураг биш.
Төр, засгийн зүгээс энэ оныг “Бизнесийн орчны шинэтгэлийн жил” болгон зарласан. Энэ бол үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, ядахнаа эрх зүйн орчныг нь сайжруулах гэсэн бодит алхам хийж буйн эхлэл юм. Мэдээж “Бизнесийн орчны шинэтгэлийн” ажил ганц жил яваад дуусчихгүй, үр дүн нь багагүй хугацааны дараа гарна. Юуны түрүүнд, хувийн хэвшлийнхэнд гэрэл гэгээтэй төсөөлөл төрж эхэлсэн нь том олз. Хөрөнгийн зах зээлээ хөгжүүлэх үүднээс олон улсын хөрөнгийн зах зээлд Монголын компаниудыг гаргахаар Засгийн газар идэвхийлж байна. Монголын компаниудыг дэлхийд хөлтэй болгохын тулд хийж байгаа гэдэг утгаар нь Ерөнхий сайдын энэ алхмыг сайшаая. Монголын баялаг бүтээгчид, үндэсний хөрөнгөтнүүд маань дэлхийн зах зээлд мөрөө гаргах гэж хичээж буй энэ эхлэлд нийгмээрээ хүч өгөх хэрэгтэй.
Монгол Улсын татварын орчин ч нэг үеэ бодвол сайжрах төлөвтэй болжээ. “Бизнесийн регистрийн сан”-д одоогоор 60 гаруй мянган компани бүртгүүлсэн байна. Үүнээс 21 мянган компани нь Улаанбаатар хотод буй. Энэхүү статистикээс харахад иргэд маань зах зээлээс илүү тодорхой боломжуудыг эрэлхийлдэг болж, манай нийгэмд шинэ санаачлага эрчтэй, зогсолтгүй өрнөж байгаатай холбоотой. Санаачлага өрнөнө гэдэг өөрөө эдийн засаг хөгжихийн суурь дэвсгэр. Эх оронд үндэсний ажил хэрэгч компаниуд олшрох тусам өрсөлдөөн хүчээ авна, тэр хэрээрээ улсын төсөвт татвар илүү төлөгдөнө. Ирээдүйдээ итгэлтэй, олноороо орлоготой амьдрахын эрүүл хөрс нь чухамдаа ажилсаг гар мөн.
Хамтарсан Засгийн газрын ойрын хамгийн том зорилтыг Тавантолгой ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах гэж тодорхойлсон нь үйлдвэрлэлд анхаарч буй төрийн бодлогын нэг эерэг дүр зураг. Гүйцэтгэх засаглалын тэргүүн ордыг ашиглахдаа эн тэргүүнд улс орныхоо эрх ашгийг тавьж, их бүтээн байгуулалтад аль болох үндэсний компаниудыг дэмжиж, олон мянган монгол хүнийг ажлыг байртай болгоно гэж амласан нь анхаарал татахуйц содон сонсогдсон. Өмнийн говьд буй баялгаасаа жилд 5,2 тэрбум ам.доллар олох боломжтой гэж гэсэн эрдэмтдийн тооцоо бий. Энэ бол манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүнийг даруй хоёр дахин өсгөх асар их мөнгө билээ.
Үндэсний капиталистуудаа түшиж хөгжсөн улс орнууд бидэнд бэлэн жишээг харуулдаг. Дайны өмнө цагаан будаанаас илүү хоолгүй, сийрсэн малгайнаас өөр хувцасгүй ядуу тарчиг амьдарч байсан япончууд дайны дараа гадны бүтээгдэхүүнийг шууд л дуурайж хийжээ. Дуурайж хийсэн бүтээгдэхүүнээ Японы онцлогтойгоор баяжуулан, улмаар цоо шинэ технологи болгон хөгжүүлж. Ялангуяа хөнгөн үйлдвэрээ, дараа нь хүнд үйлдвэр, цаашлаад автомашин, электроникийн үйлдвэрлэл болон өргөжиж, хурдацтай хөгжлийн ид хавыг үзүүлж эхэлсэн билээ. Япон улсад энэ чиглэлд төрийн зохицуулалтыг маш чадварлаг хийсэн юм. Тэр нь зохицуулалт гэхээсээ илүү дэмжлэг байлаа. Өнөөдөр “Тоёото”, “Мицубиши” бол тэдний бахархал, үндэсний брэнд. Үндэсний компаниуд нь экспортын чиг баримжаатай хөгжиж, олон улсын тавцанд байр сууриа эзлэхэд төр засаг нь дэмжлэг үзүүлжээ. Үүнтэй зэрэгцэн жижиг, дунд үйлдвэрүүддээ зөвхөн дотоодын зах зээлдээ илүү амжилттай ажиллахад нь тусалжээ. Манайд яг ийм зохицуулалт үгүйлэгддэг. Үндэсний компаниуд шилдгүүдийг дуурайж, дараа нь өөрийн гэсэн онцлогоор эрчимтэй хөгжиж, төр нь Японы жишгээр дэмжиж чадвал Монголын баялаг нутагтаа шингэнэ.
Дэлхийн 10 гол экспортлогч орны нэг, телевизор үйлдвэрлэлээр дэлхийд мөн л нэг, хөлөг онгоц үйлдвэрлэлээрээ хоёр, бэлэн хувцас, гэр ахуйн цахилгаан бараагаар гурав, нэхмэл бөс бараагаар гуравдугаарт жагсдаг БНСУ үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэхдээ хоёр гол үе шатыг туулжээ. Нэг дэх нь, импортын бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх чиглэлийг баримталсан. Хэдхэн жилийн дотор энэ чиглэлд аажмаар дэвшил гарч, ихэнх бүтээгдэхүүнээ дотооддоо үйлдвэрлэдэг болсон. Үүний зэрэгцээ үндэсний хөрөнгөтний зарим хэсэг нь экспортын чиглэлээр хөнгөн үйлдвэрүүдийг хавсарган хөгжүүлэх чиг баримжааг баримталжээ. Хоёрдугаар шатанд, экспортын хүчин чадлыг нэмэгдүүлэн, эдийн засгийн суурь салбарыг хөгжүүлэхэд анхаарчээ. 1967-1970 оны сүүлч хүртэл экспортын чиглэлийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэн төмөрлөг, хий, машины үйлдвэрийг онцгойлон хөгжүүлсэн юм. Экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд төрөөс онцгой анхаарч, хөнгөлөлттэй зээл олгох, үйлдвэрлэлийн хэрэгслийг импортоор авахад гаалийн татвараас хөнгөлөх буюу чөлөөлөх бодлого баримталжээ. Төр , засгаас олгосон энэхүү таатай боломжид тулгуурлан экспортын чиглэлийн үйлдвэрлэл 1980-аад оноос эрчимжиж. Тиймдээ ч Өмнөд Солонгосын үсрэнгүй хөгжлийг экспортод чиглэсэн “Эдийн засгийн гайхамшиг” гэж нэрлэдэг. Одоо тус улс “мэдээллийн технологийн хөгжил”-д түлхүү анхаарч байгаа. Үүнийг л төрийн бодлого, өөрийн компаниа гэсэн нийгмийн дэмжлэг гэдэг.
Америк ч ялгаагүй үндэсний капиталистуудаа түшиж хөгжсөн. 1890-ээд оноос томоохон бизнесмэнүүдээ дэмжиж, эргээд тэдний дэмжлэгийг авсны хүчинд өнөөдөр дэлхийн тэргүүлэх гүрэн болжээ. Бидний хэлж заншсан “Үндэсний үйлдвэрлэл” гэдгийг Америкт “Local business” хэмээн ойлгодог. Америкууд зөвхөн өөрсдийн үйлдвэрлэсэн автомашинуудаа худалдаж авахыг уриална. “Форд”, “Женерал Моторс”-оороо бахархана. Тэр ч бүү хэл, Америкийн муж, хот болгонд өөрсдийн салбар нэгжээ нээсэн түргэн хоолны газрууд нь хаана үүсч байгуулагдсанаасаа шалтгаалж салбар нэгжийнх нь тоо ч янз бүр байх жишээтэй. Бостоноос үүсэлтэй “Dunkin Donuts” гэх кофе-кафе нь Калифорни мужийн Сан Бернардино хотод үүссэн “McDonalds” түргэн хоолны газрын ижил өөрийн муж хотууддаа илүү олон салбартай. Тухайн муж болон хотод төрж өссөн уугуул иргэд өөрсдийн жижиг ресторан, мухлаг, цэцгийн дэлгүүр, автомашин засварын газар гэх мэт жижиг дунд бизнес эрхлэгчид нь бусад глобал чанартай үйлдвэрлэл, үйлчилгээтэй өрсөлдөх үүднээс мөн л “Local business”-ээ дэмжихийг уриалдаг.
Анзаарахгүй орхих учиргүй нэг өнцөг бий. Өнөөдөр уул уурхай эрчтэй хөгжих нөхцөл бүрдчихлээ. Энэ том боломж дунд Монголын компаниуд зөвхөн үйлчилгээ, жижиг сажиг ханган нийлүүлэлт хариуцсан хавсарга болон хоцрох уу, эсвэл баялгаа түшин дэлхийн зах зээлд гарч ирэх үү гэсэн сонголт өмнө байна. Олон жилийн дараа төсвийн алдагдал, байгаль нь сүйдсэн нутагтай үлдчихгүйн тулд өөр ямар арга байна вэ. Монголын компаниуд ашигт малтмалын томоохон төслүүдэд идэвхтэй оролцон, газрынхаа нэг удаагийн баялгийг олон үеэрээ шингээн хэрэглэх эргэлттэй хөрөнгө оруулалт болгон үлдээх үүрэгтэй. Үүнд “Монгол эрдэс” зэрэг хөрөнгийн зах зээлд шинээр гарч ирэх компаниуд маань ч нэлээд том суурь болж өгөх байх. Бусад компаниуд маань ч юуны түрүүнд Азийн хөрөнгийн зах зээлийн арилжаанд идэвхийлэн оролцох цаг ирлээ. Ерөнхий сайд С. Батболдын Хонконгод хийсэн айлчлалын үр дүн энэхүү шинэ эхлэлийг урамшуулж, идэвхжил өглөө. Гадны хөрөнгийн зах зээлээс босгосон мөнгөөрөө уул уурхайн салбарын үндэсний үйлдвэрлэгчид маань хөл дээрээ босох цаг хаяанд ирсэн байна. Одоо яаж хөрөнгийн зах зээлд гарах вэ, хэрхэн баялгаа арвижуулах вэ гэсэн дэлхийн тоглоомын дүрмийг нарийвчлан судлах ажил хэрэгч сургалтын үе ирээд байна. Энэ чиглэлээр манай дараагийн нийтлэл, ярилцлага, мэргэжлийн хүмүүсийн байр сууриуд үргэлжлэн гарах болно.
Уул уурхайгаа түшсэн эдийн засаг ухаалаг байх ёстой. Уул уурхайн салбараас их мөнгө цутгах он жилүүдийг үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих, үйлдвэрлэгч, экспортлогч Монгол болон, экологио шүтсэн бодлогод ухаалгаар хандуулж чадвал ирээдүй өнгөтэй, нар тодхон, нийгмийн сэтгэлгээ эрүүл байж чадна аа. Үндэсний эрүүл сэтгэлгээнд хүрэх гарцыг яг одооноос хайж, маргаашнаас эхний алхмаа хийн, нөгөөдөр, түүний цаадах өдрүүддээ итгэж амьдаръя.

The Mongolian mining journal

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Хамид Карзай


Амь нас нь дээсэн дөрөөн дээр байсаар атал улс орноо толгойлно гэдэг үнэхээрийн тамын хийгээд эр зоригийн ажил биз ээ. Өдөр бүр дэлбэрэлт, амиа золиослогчийн цуст хядлагын тухай мэдээг сонсож, өөрөө ч мэргэн буучийн суманд өртөх шахдаг Ерөнхийлөгч гэвэл Хамид Карзайг л хэлэх байх. Гэхдээ тэр энэ бүхнээс зүрхшээдэггүй. Эртний баялаг түүхтэй Афган орныг орчин цагийн соёл иргэншлийн улс болгохын төлөө амиа золиослон зүтгэж буйг нь дэлхий үнэлдэг юм. Америкийн “Карнеги” төвөөс эрхлэн гаргадаг “Foreign Policy” сэтгүүлийхэн Хамид Карзайг халдлагад өртөн амь насаа алдах магадлалтай улстөрчдийн жагсаалтын эхэнд бичсэн байна лээ. Мэдээж түүнийг яаж хороох вэ хэмээн талибууд сул талыг нь харж суугаа байх. Тэр, олон улсын зартай алан хядагч Осама Бин Ладены үхэхээс ч буцахгүй үнэнч талибуудын өширхөлт дайсан нь.2002 онд зэвсэгт босогчид түүний сууж явсан машиныг дэлбэлэх гэж оролдсон. Азаар хорлонт ажиллагаа нь бүтэлгүйтсэн билээ. Дараа нь 2004 онд Талибын гишүүд нисдэг тэрэг рүү нь пуужин харваж, эгээтэй л устгачихаагүй. Харин ч авхаалжтай хамгаалагчдынхаа ачаар энэ мэт олон удаагийн халдлага дайралтаас мултарч яваа билээ… …ХХ зууны лалын шашинтнуудын гол уриа нь “Аллах акбар” гэсэн үг байв.” Бурхан агуу” хэмээн монголчилж болох энэ үг Афганистанд аврал авчрахаас илүү айдсын хар сүүдэр тусгаж байлаа. Анх лалын шашны нэг урсгалыг бий болгосон Аль-Ваххабын талыхан 1765 онд Саудын Арабыг гол цөмөө болгож, улмаар Афганистанд нэвтэрчээ. Аль-Ваххаб нь шашны ёсноос гажсан хүүхэд, эмэгтэйчүүдийг хороох нь нэр төрийн хэрэг гэсэн хачин ойлголттой. Энэ ойлголт Шариатын хуулийн нэрээр Афганистаныг цуст талбар болгон хувиргаж байв. Хотын төв талбай, цэнгэлдэх хүрээлэн хүн цаазалдаг газар болон хувирч, гарыг нь ард хүлж байгаад хоолойг нь хэрчих, дазр руу нь буудаж буйг харуулсан аймшигт бичлэг дэлхийн гол сувгуудаар байсхийгээд л цацагдана. Талибууд рок хөгжим сонссон, мөргөл үйлдээгүй, сахал тавиагүй, телевизор үзсэн, архи уусан гэсэн шалтгаанаар өдөр бүр хүн хороодог ажилтай болов. Гэртээ Коран судар хадгалаагүй эмэгтэйг олны өмнө сэлмээр цавчин хороосон сэтгэл эмтрэм дүрс бичлэг интернетээр цацагдаж байсан нь саяхан. Афганистаны хүн ам өдөр өдрөөр хорогдож, дэлхийн хөгжил дэвшлээс хоцорсон, дундад зууны үеийн ахуйтай, гадаад ертөнцөөс хаагдмал улс болсон нь их гүрнүүдийн санааг зовоож байлаа. Гэвч зүгээр санаа зовж суухыг хүсээгүй. Хүчирхийллийн орон болсон Афганистаныг талибчуудаас чөлөөлөх нь Америк тэргүүтэй орнуудын хийх ёстой ажил болов. Энэ үед л Хамид Карзайгийн эр зориг, ухаалаг чанар, тэвчээр хатуужил хэргээ гаргасан. Тэр Америкийн нисэх хүчин бөмбөгдөж эхлэхээс өмнө багавтар отряд толгойлон талибуудтай нэгийгээ үзэж, нэхий дээлээ уралцаж явжээ. Америкчууд түүнд итгэж эхэллээ. Чухамдаа энэ алхам нь л түүнийг 2001 оны арванхоёрдугаар сарын 22-нд зургаан сарын хугацаатайгаар Афганистаны Түр Захиргааны тэргүүнээр томилогдох боломж олгосон юм. Хамид Карзайн хувийн амьдрал ялалт ялагдал, өрнөл тэмцлээр дүүрэн ажээ. Тэрбээр 1957 онд нийслэл Кандагарт төрсөн бөгөөд пүштүүн үндэстэн. Пүштүүн бол Афганистаны зонхилогч үндэстнүүдийн нэг бөгөөд тэдний дотор “дуррани” хэмээх зориг чанга, эрэмгий тэмцэгч овгийн холбоо бий. Карзай энэ холбоонд харьяалагддаг. Ер нь Афганистаны төр засгийн эрхийг “дуррани” овгоос гаралтай пүштүүн хүн л барих учиртай гэж үздэг. Хамип Карзай тэр ерөөлөөр л төрийн тэргүүн болсон байх. Афганы улсыг үндэслэгч нь мөн л энэ овгоос төрсөн Дост Мохаммед байлаа. Сүүлчийн хаан Мохаммед Захир Шах ч эдний удмынх. Энэ утгаараа Америкийн улстөрчдийн хийсэн сонголт зөв санагдана. Карзайн эцэг Мохаммед Захир Шах хааны албанд хүчин зүтгэж явсан өндөр боловсролтой нэгэн байсан бөгөөд хүүгээ багаас нь эрдэм номтой хүн болгоныг хичээжээ. Ирээдүйн Ерөнхийлөгч Кандагарт дунд сургууль дүүргээд Энэтхэгийн Симлэд суралцан боловсрол олжээ. Энэ үед түүний эх нутаг Зөвлөлтийн нөлөөнд хэдийн автсан байв. 1980-аад онд Зөвлөлтийн цэргүүд Афганистанд ноёрхлоо тогтоосон бөгөөд энэ үед чамгүй боловсрол эзэмшиж, англи хэлийг чөлөөтэй эзэмшсэн Карзай Афганистаныг аврах үндэсний фронтын мэдээллийн хэлтсийг толгойлж, Пакистанаас гол ажлаа зохион байгуулж байжээ. 1987 оноос тэрбээр энэхүү фронтын Улстөрийн газрыг тэргүүлэх болж, Кандагарт Зөвлөлтийн цэргүүдтэй тулалдаж байсан өөрийн омгийхныгоо санхүүжүүлж, харийн түрэмгийлэгчдийг хэрхэн зайлуулах талаар зөвлөгөө өгч байж. 1992-1994 онд Карзай Лалын Афганистан улсын Гадаад хэргийн дэд сайдаар ажиллаж байхдаа Зөвлөлтийн түрэмгийллийг хүчтэй эсэргүүцсэн “Талибан” хөдөлгөөнийхөнтэй холбоо тогтоожээ. Удал Кандагар хотоо тэдэнд найр тавин өгөв. Сүүлдээ талибуудтай тогтоосон хамтын ажиллагаа нь итгэлцлийн түвшинд хүрч, тэд Карзайг НҮБ-д төлөөлөгчөөрөө ажиллахыг санал болгожээ. Гэвч талибууд хүчирхийллийн шүтсэн дэглэм тогтоож, гадны орнуудаас алан хядагчдыг урьж залан тэдний бодлогоор ажлаа явуулах болсон нь Карзайн сэтгэлд нийцэхгүй байв. Үзэл бодлын зөрчилдөөн хурцдах нь Карзайд тун аюултай санагдаж эхлэв. Иймээс тэр Кандагараас оргон зайлж, Пакистаны Кветта хотод түр суурьших болсон төдийгүй тэндээ Талибуудын эсрэг хөдөлгөөнийг зохион байгуулах болжээ. Зөвлөлтийн цэргүүд хамаг зэр зэвсгээ орхин төрөлх эх орон руугаа буцах үеийг талибууд овжноор ашиглан Афганистаныг шариатын хуультай улс болгох харгис ажиллагааг хүчтэй явуулж байлаа. Энэ үед Карзай Пакистаны хаан байсан Мохаммед Захир Шахыг Афганистанд эгүүлэн авчирч, түүнийг дээд Ерөнхий сайд болгохыг уриалдаг “Римийн үйл явц” хөдөлгөөний идэвхтэй дэмжигч болов. Нэг үгээр хэлбэл, алан хядагчдын эсрэг ажиллагаагаа эхлэх хүртлэх арван жилийн хугацаанд улстөрийн чиг баримжаагаа гурван ч удаа өөрчилж, “гурав,дөрөвдүгээр цуваа”-ны улс төрч гэгдэв. Гэхдээ дан улстөрөөр амьсгалсангүй, хажуугаар нь арилжаа наймаа эрхэлж, Пакистан болон АНУ-д тансаг орд харш, зочид буудал, зоогийн газрын бүхэл бүтэн сүлжээтэй болж амжжээ. Түүнийг Пакистанд байхад эцэг нь талибуудын тагнуулын хэргээр баривчлагдаж, багагүй сандаргаж байсан тухай тэр хожим дурса ярьсан нь бий. Азаар Мохаммед Захир Шахын хүн байснаар гүжир хэргээс мултарсан түүхтэй. Хэдийгээр тэр талибуудтай таарч тохирохоо больсон ч гэлээ Афганистаны хууль тогтоох дээд байгууллага болох Лойя Жирга /Loya Jirga/ буюу шашны мяндагтан хийгээд омгийн ахлагчдын зөвлөлийг үүсгэн байгуулах Гүйцэтгэх хорооны бүрэлдэхүүнд орох урилгыг тэднээс авчээ. Тэгээд 2000 оноос уг бүрэлдэхүүнд нь орж ажиллав. Гэтэл Америкийн зэвсэгт хүчин Афганистаны нутаг дэвсгэрийг хүчтэй бөмбөгдөж эхэлсэн бөгөөд энэ үеэр Хамид Карзайн Пакистанд толгойлж байсан отряд талибуудыг намнахаар ирсэн байжээ. Талибууд Карзайг үзэн ядахын туйлд хүрэв. Учир нь Карзай Америкчуудын ширүүн бөмбөгдөлтийн дараахан Афганистаны Түр захиргааны тэргүүн болж, талибуудыг нугаслан дарах ажиллагаанд шуударчээ. Түр захиргааны гол зорилго нь Афганистанд тогтвортой байдлыг хангаж, цаашдын улстөрийн хувь заяаг тодорхойлох, түүний дотор хүчин төгөлдөр Засгийн газрыг сонгоход чиглэж байсан юм. “Сайн инж өгсөн хүн л сайхан хүүхнийг гэргийгээ болгодог” гэсэн афган ардын үг бий. Энэ утгаараа Америкчууд Түр засгийн газрын тэргүүнд АНУ-ын бодлогыг талархдаг хүн байлгахын тулд гомдохооргүй инж” өгсөн нь мэдээж. Афганистанд алан хядах ажиллагааны эсрэг ажиллагаа явуулахын тулд АНУ Дэлхийн хамтын нийгэмлэгийн дэмжлэгийг авч, Засгийн газрыг бүрдүүлэх замд орсон нь зүй ёсны хэрэг юм.Тиймээс ч Германы Бонн хотноо болсон хэлэлцээрт Афганы зонхилогч үндэстний төлөөлөгчид оролцохдоо шилжилтийн Засгийн газрын гол суудалд Америкийн төлөөний ганц хүн Карзайг оруулсан биз ээ. Түүний Засгийн газрын бүрэлдэхүүнд өмнө нь талибуудтай хүчтэй тэмцэж байсан хүмүүс орсон. Эх оронч гэгдэж байсан Ахмад Шах Масудын хамтран зүтгэгч Касим Фахимыг Батлан хамгаалахын сайдаар, Умардын узбекуудын удирдагч Абдуррашид Дустумыг түүний орлогчоор сонгосон. Харин талибуудын эвлэрэшгүй дайсан Каннуг Дотоод хэргийн сайд, доктор Абдуллаг Гадаад хэргийн сайдаар томилж, шинэ, ардчилсан, парламентын тогтолцоотой Афганистан улсыг байгуулах ажилдаа шуудран орсон юм. Хамид Карзайн энх тайванч Афганистаныг бий болгохын төлөөх зүтгэл нь дэлхийн олон орны талархлыг хүлээсэн. Дублин хотноо болсон Олон улсын Хөгжлийн дээд чуулганы дараа буюу 2002 оны зургаадугаар сард тэрбээр Лойя Жирга Ерөнхийлөгчийн хэргийг хариуцах түүхэн үүрэг хүлээсэн юм. Үүнээс хоёр жилийн дараа бүх ард түмний анхны сонгуулиар Карзайд Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн таван жилийн хугацааг олгосон. Иймаас Хамид Карзай энэ хугацаанд Афганчууд төдийгүй дэлхийн итгэлийг алдахгүйг хичээж буй

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Но Му Хён

“Эр хүн тугал ч хариулдаг туг ч барьдаг” гэсэн мэргэн үг бий…Амьдралын хатууг амсч, аливаа хүндэд нухлагдах нь төрийг жолоодох хар ухааныг суулгаж, нугаршгүй зориг, харьшгүй тэмцлийн галыг асаадаг бололтой юм. Гэвч ядмагхан сэтгэлтэй, явцуу зорилготой улс төрчид төрийн ноён нурууг хэврэгшүүлж, аминч үзлээр ирээдүйг харж, амьдралын аар саархан явдалд цагаа гарздах нь бишгүй олон. Ийм улс төрчид “авлига” хэмээх биегүй чөтгөртэй сэм найзалж, төр түмнийхээ өмнө нүгэл үйлдэж буйгаа мэдсэн ч мэдээгүй юм шиг царайлдагаараа нэг хортой. Гэхдээ төрөө чимээгүйхнээр хэмлэдэг эдгээр улстөрчидтэй тэмцдэг зориг зүрхтэн ч цөөнгүй бий л дээ. Тэдний нэг бол Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Но Му Хён. Энд түүний нэрийг онцлохын учир бий. Тэрээр авлигатай хатуу ширүүн тэмцэж, үүний эсрэг бүхэл бүтэн хороо байгуулан ажиллаж, цогц бодлого явуулсны дүнд багагүй амжилтад хүрчээ. Тэгэхдээ бүр өөрөө Ерөнхийлөгч болсон ч өрөөлийг энэ ажилд зүтгүүлж буй нь авлигал, хээл хахуультай “Ариун дайн” зарласны илрэл гэлтэй. Нобелийн энх тайвны шагналт Ерөнхийлөгч Ким Дэ Жуны орыг залгамжилсан Но Му Хён өнөөдөр дэлхийн бодлого тодорхойлогчдын нэг болжээ. Амаргүй албыг авснаас хойш түүнд бишгүй олон саад тулгарч байсан. Гэвч “Үнэнээр явбал үхэр тэргээр туйлай гүйцдэг”-ийн адилаар нэр төр нь сэвтэлгүй, харин ч байр суурь нь улам бэхжжээ. Но Му Хён 1946 оны наймдугаар сарын 6-нд Гёнгсангнамын Гимхай хэмээх жижиг тосгонд төржээ. Ядуу тарчиг амьдралтай ч фермерийн багавтар аж ахуй эрхэлдэг эцэг эх нь түүнийг боловсролтой болгохын төлөө хамаг байдгаа шавхан зүтгэдэг байлаа. Жаалхүү энэ бүхнийг сайн ойлгодог байсан тул үнэнч шударга, ажилсаг, өөртөө итгэлтэй нэгэн болж хүмүүжсэн байна. Тиймдээ ч шударга бус зүйлтэй эвлэрдэггүй зан нь тун ч зоримгоор илэрдэг байж. Дунд сургуульд байхаад нь нэгэн тэмцээн болжээ. Гэтэл баян айлын хүүхдийг улаан цайм шалгаруулав. Хоёрдугаар байранд орсон Но Му Хёний хор шар хөдөлж, шагнал гардуулах ёслол дээр шүүлт шударга бус болсныг товхийтэл хэлж орхиод шагнал авахаас татгалзаж буйгаа хэлсэн гэдэг. Түүний энэ шударга, ил тод чанар нь хожим төрийн ялзралтай тэмцэхэд нөлөөлсөн нь дамжиггүй. Тэрээр онц сурлагатан байсан тул Пусаны ахлах ангийн сургуульд тэтгэлгээр сурч байжээ. Сургуулиа төгсөөд нэгэн компанид ажиллаж байгаад хуульч болохоор эргэлзэлгүй шийджээ. Хуулийн сургуульд орохоосоо өмнө тэрээр цэргийн алба хааж, улмаар тосгоныхоо бүсгүй Вон Ян Суктай гэр бүл болсон аж. Тэр хоёр бие биенийгээ хүүхэд байхаас л таньдаг байжээ. Вон Ян Сук бол дундаж амьдралтай, жирийн Солонгос гэр бүлээс гаралтай. Түүнийг солонгосчууд ихэд хүндэтгэдэг юм билээ. Тэргүүн хатагтай болмогц нь өндөр сэтгэгдэлтэйгээр хүлээн авч, сайхан сэтгэлтэй ухаалаг эмэгтэй хэмээн магтан ярьж байсан. Нөхрөө ерөнхийлөгчөөр сонгогдонгуут тэрээр “Би гэрийн эзэгтэйгээс гадна улсын тэргүүн хатагтайн албыг давхар хаших боллоо” хэмээн ярьсан нь үүнд нөлөөлсөн биз ээ. Но Му Хён 1975 онд хуулийн шалгалтаа амжилттай өгч, 1977 оноос нэгэн дүүргийн шүүгчээр ажиллаж эхэлсэн байна. Гэвч ердөө найман сар ажиллаад хуулийн зөвлөгөө өгдөг хувийн компани байгуулжээ. Энэ нь тухайн үеийн шүүхийн тогтолцоо таалагдаагүйтэй холбоотой гэж тэр хожим дурссан нь бий. 1980-аад онд оюутнууд Засгийн газрынхаа үйл ажиллагааг эсэргүүцэн томоохон хөдөлгөөн өрнүүлдэг байжээ. Тэр үед Но Му Хён бослого дэгдээсэн оюутнуудыг шүүх үед өмгөөлөгчөөр ажиллаж байжээ. Хүний эрхийг зөрчсөн олон үйлдлийг өөрийн биеэр мэдэрсэн тэрээр үүний төлөө л тэмцэх ёстой хэмээн ойлгож. 1987 онд Пусаны оршин суугчдын зөвлөлийн тэтгүүлэгчээр ажиллаж байх үед нь “Зургаадугаар сарын мөргөлдөөн” нэртэй оюутнуудын томоохон эсэргүүцлийн ажиллагаа болсон юм. Эсэргүүцлийн ажиллагааны толгойлогч нь Но Му Хён байв. Засгийн газрын эсрэг оюутнуудын толгойлсон хэргээр түүнийг шоронд хорьж, эрүү шүүлт тулгаж байсан гэдэг. Гэвч энэ бүхнээс ухарч няцаагүй. 1988 онд XIII дугаар Үндэсний ассамблейд сонгогдон 1991 оноос Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга, 1993 оноос Шинэ Мянганы Үндэсний Ардчилсан намын төв хорооны байнгын гишүүн, 1996,1998 онуудад Эв нэгдлийн хорооны гишүүн, Үндэсний конгрессын дэд Ерөнхийлөгч, 1998 онд Сөүлийн Жонго дүүргийн 15 дугаар Үндэсний чуулганаар Үндэсний конгрессын гишүүн зэрэг өндөр албан тушаал хашжээ. Түүний улс төрийн байр суурь өдөр ирэх бүр бэхжиж байлаа. 2002 он бол түүний улс төрийн амьдралд эргэлт гарсан үе. Бүх нийтийн санал асуулгаар БНСУ-ын 16 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдон ард түмнийхээ итгэлийг хүлээсэн юм. Но Му Хёныг сонгогдсоны маргааш өдөр нь анхны цас орсон бөгөөд тэрээр “Ард түмнийхээ яг л энэ шинэ цас шиг улс төрийн бодлогыг амлаж байна” гэж мэдэгджээ. Түүний тангараг өргөх ёслолын ажиллагаанд 45 000 гаруй хүн уригдсан гэдэг. Но Му Хён Ерөнхийлөгч болсноос хойш Ким де Жуны “Нарны бодлого”-ыг үргэлжлүүлж олон арван жил зогсчихоод байсан хоёр Солонгосын харилцааг хөгжүүлэхийн төлөө ажилласан. Түүнээс гадна Но Му Хёны Ерөнхийлөгч байхдаа хийсэн нэг том алхам нь Умард Солонгосын удирдагч Ким Чен Иртэй хэлэлцээ хийсэн явдал. Солонгосын хойгийн дайнаас хойш энэ хоёр улс ингэж дотносч байгаагүй. БНСУ-ын Ерөнхийлөгчийн гурав хоног үргэлжилсэн айлчлалын хамгийн сүүлчийн өдөр БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ир, Но Му Хён нар Энх тайвны тунхаг бичигт, мөн эдийн засгийн салбар дахь хамтын ажиллагааг улам нягт болгох тухай гэрээнд гарын үсэг зурлаа.Энх тайвны тунхаг бичигт чухам юун тухай дурдсан талаар сэтгүүлчдэд тодорхой мэдээлэл өгсөнгүй. Ямар ч байсан найман заалтаас бүрдсэн бөгөөд хамгийн гол нь мөнхийн энх тайвны гэрээ байгуулахын тулд дөрвөн талын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах тухай дурдсан аж. Өөрөөр хэлбэл БНСУ, БНАСАУ-ын харилцааг хэвийн болгох хэлэлцээнд АНУ, БНХАУ нэгдэх юм байна. 1953 онд хоёр Солонгосын дайн дууссаны дараа тус хоёр улс нь харилцан довтлохгүй байх тухай Эвлэрлийн гэрээ л байгуулсан билээ. Ким Чен Ир, Но Му Хён нар Шар тэнгист буюу хоёр улсын Солонгосын хойгийн баруун хэсэгт энх тайвны бүс байгуулахаар тохиролцжээ. БНСУ-ын тал хоёр улсыг холбосон төмөр замаар ачааны галт тэргийг тогтмол явуулж байхаа тохиролцсон. Энэ нь БНСУ-ын хувьд маш чухал. Учир нь энэ төмөр зам нь Сибириэр дайран өнгөрдөг төмөр замтай холбоотой бөгөөд ингэснээр тус улс Оросоор дамжин Европ руу гарах боломж нээгдэх юм. Хамгийн гол нь Ким Чен Ир, Но Му Хён нар дээд хэмжээний уулзалтын үеэр БНАСАУ-ын цөмийн хөтөлбөрийг зогсоох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн явдал. Ингэснээр Солонгосын хойг нь цөмийн зэвсэггүй бүс болно гэсэн үг. Айлчлалын үеэр Но Му Хёны нэг сэтгэл хөдөлгөм үйл явдал болсон. Но Му Хен 2007-10-02-ны өглөө, хоёр солонгосыг заагласан 38р өргөрөгийн хилийн боомтоор гарч БНАСАУ ын нутагт хөл тавьсан тухай, дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уламжилж байна. БНСУ ын ерөнхийлөгч Но Му Хен хоёр солонгосыг 1953 оноос хойш зааглаж байгаа хилийн зураасыг давхынхаа өмнө үдэн гаргаж өгч байгаа сэтгүүлчдэд хандан товч мэдэгдэл хийсэн. Тэрбээр сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа “Өнөөдөр би энэ шугамыг явган давлаа. Миний араас мянга мянган иргэн энэ шугамаар давж элгэн садантайгаа уулзах болно” хэмээсэн байна. 2000 онд БНСУ-ын Ерөнхийлөгч Ким Дэ Жун анх Пенъянд айлчилсаныхаа төлөө Нобелийн шагнал авч байсан. Но Му Хёнийх хүү, охин хоёртой жирийн л сайхан айл.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Ху Жинтао


1989 он. Цаст Гималайн Түвд оронд тусгаар тогтнолын төлөөл болсого дэгдэж, аллага хүчирхийллийн талбар болж хувираад гуравхан сарын нүүр үзэж байтал Тань-Ань-Мэний талбайд эрх чөлөөг хүсэгч хэдэн зуун мянган оюутны эсэргүүцлийн жагсаал болж Хятадын төрд аюул нүүрлэж эхлэв. Энэ хэрэг явдлаас хоёр жилийн өмнө буюу 1987 оны ес, аравдугаар сард Түвд хоёр ч удаагийн үймээн самуунд нэрвэгдэж залуухан Ху яаралтай дуудагдан ирчихээд байлаа. Амьдрал гашуун явдлаар дүүрэн байдаг хойно цусан далайд живсэн Түвд нутаг хөл тавиад удаагүй байсан Ху шашны томоохон зүтгэлтнийг оршуулах хэрэг гарах нь тэр. Буддын шашны нэрт зүтгэлтэн Гомбоцэрэнгийн Х дүрийн Ванчин-Эрдэнэ Чойжижалсан 51 насандаа зуурдаар нас нөгчсөн нь Түвдийн самууныг улам ч хурцатгаж орхижээ. Эрхэм гэгээнтнийг оршуулсны дараа бурханы шашинт оронд дахин бослого дэгдэж, орон даяар хөл хорио тогтоож онц байдал зарлалаа. Хятадын төр Тань-Ань-Мэний хэрэг явдлыг цэргийн хүчээр “эвтэйхэн” зохицуулсан тул Түвдийн асуудалд л үлдээд байв. Иймд болгоомжтой, чадварлаг, хүний арга эвийг олдог, өндөр боловсролтой хүнийг Түвдэд ажиллуулах нь хамгийн чухал болоод байсан юм. Үнэхээр ч Ху даргаас өөр хүн энэ ажлыг тийм ч амар хийхээргүй байсан. Нэн түрүүнд Түвдийн хямралыг намжааж, эдийн засгийг нээлттэй болгож, зах зээлийг чөлөөлөн үндэстний боловсон хүчнээр хангагдсан, орчин үеийн улс болгох нөр их ажил Хугийн өмнө тавигдсан билээ. Хугийн улс төрд болгоомжтойгоор давших арга ухаан эндээс л эхэлсэн юм. Өдгөө түүний алхам бүрийг дэлхий нийт анхааралтай ажиглаж байна. Нэг тэм бум гурван зуун сая хүн амтай, Коммунист намын 66 сая гишүүнтэй, асар уудам нутаг дэвсгэртэй Хятад гүрнийг удирдах хүндтэй үүргийг Ху дарга хүлээн авснаас хойш цөөнгүй шинэчлэлийг эхлүүлжээ. Коммунист намын даргаар 13 жил ажилласан Зян Зэминь 1992 оны аравдугаар сард шинээр сонгогдон намын ХIV их хурлын индэр дээрээс “Ху Жинтао бол залуу хүн. Өнөө жил 49 настай” гэж танилцуулж байсан. Ийнхүү Зян Зэминь өөрийн залгамжлагчаар Хуг зарласан нь Хятадын ирээдүйн төрд тун нүдээ олсон хэрэг болжээ. Ху Жинтао 1942 оны 12 дугаар сард Аньхуй мужийн Жи Ми тосгонд Шанхайн цайны наймаачны гэр бүлд төржээ. Хятаддаа “Соёлын тосгон” хэмээн алдаршсан төрсөн энутаг нь түүний хүүхэд насны хүмүүжилд онцгой нөлөөлсөн байна. Мао Цэдун “Соёлын хувьсгал” дэгдэхээс өмнөхөн тэрбээр Хятадын Циньхуа их сургуульд орж, 1959-1964 онд Усан цахилгаан станцын инженер мэргэжлээр суралцаж төгсчээ. Энэ сургуульдаа үргэлжлүүлэн суралцах зуураа Шар мөрний эрэг дээр босгож буй хүчирхэг цахилгаан станцад ажиллаж байв. 18 настайдаа ХКН-ын жинхэнэ гишүүнээр элссэн Ху Жинтао Цинхуа их сургуульд есөн жил суралцаж, эрдмийн зэрэг горилоод Ази тивдээ хамгийн нүсэр байгууламжид тооцогддог Ганьсу мужийн дорнод эрэг дэх Люзягийн Усан цахилгаан станцад инженер техникиыйн ажилтнаар оржээ. Мао Цэдуний онол, сургаал орон даяар түгж, 1966-1976 онд “Соёлын хувсгал” өрнөсөн тэр жилүүдэд Ху усны эрчим хүчний яамны инженерийн дөрөвдүгээр газрын 813 дугаар салбарын нарийн бичгийн даргаар ажиллан, соёлыг нэвтрүүлэх их ажилд ханцуй шамлан зүтгэж байлаа. Ху Жинтаогийн улс төрийн амьдралыг анхны гараа эндээс эхлэлтэй. Коммунист намын албан ёсны төлөөлөгч Сонг Пинг түүнийг Бээжинд аваачиж, намын Залуучуудын холбооны ажлыг давхар хариуцуулах болж. Ху хожим нь “Усан цахилгаан станцын хүн хэцүү ажил, намайг шаргуу тэвчээртэй, эцсийн үр дүнг нь үзэхээс нааш санааг минь амраадаггүй болгосон” хэмээн Синьхуа агентлагт ярилцлага өгөхдөө ярьж байжээ. Соёлын хувсгалын ширүүн давалгаат үеийн Хятад орны байдал нэн ээдрээтэй байв. Мао Цэдуны албан ёсны залгамжлагч гэгдэж байсан Линь Бао төрийн эргэлт хийхийг санаархаж байгаад Монголын нутагт амиа алдсан, Түвдэд бослого дэгдсэн, Ерөнхий сайд Жоу Эньлай тэнгэрт хальсан, маршал Жү Дэ учир битүүлгээр үхсэн, Таньшаньд газар хөдөлж, 200 мянга гаруй хүн амь үрэгдсэн зэрэг хэрэг явдлууд ар араасаа хөврөн гарч улс орныг багагүй туйлдуулав. Таншаний газар хөдлөлтийн гамшгийг арилгах, сэргээн босгох, хүмүүсийн эрүү мэндэд анхаарах ажилд Ху Жинтао томилогдож, Ганьсу мужаас барилгын тусгай анги гарган ажиллуулсан гэдэг. Ганьсу муж Ху Жинтаогийн амьдралтай салшгүй холбоотой. Тэрбээр 1981 онд Хятадын коммунист намын сургуульд нэг жил суралцаад Ганьсу муждаа Намын хорооны даргын албыг хаших болов. Удалгүй 39 нас хүрч, 1982 оны есдүгээр сард болсон намын ХII их хурлаар Төв хорооны орлогч гишүүнээр сонгогджээ. Коммунист намын удирдлагыг өндөр боловсролтой, үндэсрхэг үзэлтэй залуусаар “сэлбэх” бодлого ид өрнөсөн энэ үед Ху Жинтао Жуннанхай хэмээх Хятадын дээдсүүдийн ордонд зочлон Дэн Сяопинтэй уулзан ярилцдаг болжээ. Тэр үед намын төв хороонд ажиллаж байсан нэгэн албан тушаалтан “Ху дарга Төв хороон дотроо хамгийн залуу нь байсан төдийгүй төрийн өндөрлөгүүдтэй богино хугацаанд дотносож, тун ирээдүйтэй хүн” хэмээн үнэлэгддэг байсныг “Нью-Йорк таймс” сонинд дурдсан байдаг. Хугийн улс төрийн замнал үнэхээр ч өрнүүн өнгөрчээ. Ганьсуд гуравхан сар ажиллаад ХКЗЭ-ийн Төв хороо болон Байнгын хорооны гишүүн, нарийн бичгийн даргын албыг хавсран гүйцэтгэж эхлэв. Түүний албан тушаалын эрчимтэй өсөлтийг Хятадын хэвлэлүүд дуу дуугаа аван бичиж, ажлын хатуу шаардлагатай, эрч хүчтэй, өөдрөг үзэлтэй, “Хятадын түүхэн удирдагчдын нэг болох хүн” хэмээн шуугицгааж байсан. Одоо ч түүний тухай “Гурван толгой, зургаан гартай хүн” гэлцэж, ажиллах чадварыг нь гайхаж биширч байна. “Хятад орны өөдлөн дэвжих нь хэмнэлтээс ихээхэн шалтгаална. Иймд хэт үрэлгэн зан их гүрнийг задлах аюултай.Дэлхийд манлайлагч эдийн засагтай улс байхын тулд цаг хугацаа, мөнгө хөрөнгөө хэмнэж, шаргуу түргэн ажиллах хэрэгтэй” хэмээн Ху үг хэлэх бүртээ онцлон дурддаг. Энэ бол өөрийн болоод өрөөлийн мөрдөх ёстой зарчим нь ажээ. Ху Жинтао гадаад төрх байдалдаа ихээхэн анхаардаг, уран зохиолын ном унших дуртай, дуулж бүжиглэх гаргуун авьяастай нэгэн. Тэрбээр танго бүжгийг мэргэжлийн бүжигчин шиг уран чадварлаг хийдэг, гольф бөмбөг тоглож, үзэсгэлэнт сайхан байгалиар аялж, түүхийн холбогдолтой ховор нандин эд зүйлс цуглуулах дуртай. Бусадтай илэн далангүй ярилцаж, санаа бодлыг нь сонсохыг илүүд үздэг. Цаг хугацаа бол түүний хувьд алтнаас ч үнэтэй. Алив зүйлд цаг алдахыг хүсдэггүй. Иймдээ ч намын төв хорооны нарийн бичгийн дарга болон төв хороонд ажиллаж эхлэх үеэсээ ная гаруй хот тосгодоор явж, Хятадын ард түмний ёс заншил, амьдрал ахуйтай танилцаж, эх орноо тархиндаа “шингээсэн” гэдэг. 1992 онд Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, нарийн бичгийн дарга нарын газрын даргаар ажиллахдаа ард иргэдийн боловсролд маш их анхаарч байв. Энэ нь ч түүний “Боловсролыг хэдий чинээ шүтнэ, төдий чинээ Хятад өсөн дэвжинэ” гэсэн үгээс тодхон харагдаж байна. Ялангуяа хувийн өмчийг Үндсэн хуулиар хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө байсан нь саяхан биеллээ оллоо. Өнөөгийн үсрэнгүй хөгжиж буй Хятад улс үй олон хөрөнгөтөнтэй байсан хэдий ч үнэн хэрэгтээ хуулиар зөвшөөрөгдөж өгөхгүй байсан билээ. Ху Жинтаогийн шинэчлэлийн нэг том алхам нь энэ болсон төдийгүй цаашдаа 2007 онд болох намын 17 дугаар их хурлыг амжилттай давахын тулд бүх хүчээ дайчилж байна. Түүний алабн тушаалын дэвших зам олон ярвигтай бэрхшээлүүдтэй тулгардаг байсан. 1998 онд Зян Зяминий орлогч болж, Хятадын дөрөвдэх үеийн гол хүнээр тодорсон Хуг 2003 оны гуравдугаар сард БНХАУ-ын даргаар сонгогдоход SARS гээч гайт өвчин асар хурдацтайгаар тархаж, нийгэмд айдс төрүүлсэн билээ. Гэвч дөрөвдэх үеийнхэн шаламгайлан ажилласны дүнд аймшигт өвчнийг дарж чадсан. Аугаа их залуурч Мал Цэдун өөрөө удирдагч нь байсан “хуучин хувьсгалчид” нэг дэх үеийнхэн, “Шинэтгэлийн эцэг” Дэн Сяопины үе хоёр дахь, Зян Зэминий үеийнхэн гурав дахь нь байсан. Тэгвэл дөрөв дэх үеийн удирдагч Ху Жинтаогийн байр суурийг өөрийн нэр хүндээр бэхжүүлэхийн тулд Зян Зэминь зарим албан тушаал, тухайлбал цэргийн төв зөвлөлийн даргын тушаалдаа үлдэж, энэ үүргээ гүйцэтгэж байлаа. "Улаанбаатар таймс" сонин 1996

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Тавантолгой ордын хувьцааг гадныханд өгвөл...


Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны Ерөнхийлөгч С.ГАНБААТАРТАЙ Монголын уул уурхайн ертөнцөд өрнөж буй асуудлаар ярилцлаа.

-Сүүлийн үед “Хариуцлагатай уул уурхай” гэж дээр дооргүй ярьж байна. Монгол улс үнэхээр хариуцлагатай уул уурхайн орон болж чадах болов уу. Өөдрөг бус асуулт тавилаа гэж та бүү зэмлээрэй. Эндээс ярилцлагаа эхлэх үү?

-За тэгье. Монгол улс уул уурхайн орон болох нь тодорхой болчихлоо. Ийм үед би урьдчилж хэдэн зүйлийг хэлмээр байна. Нэгд, саяхныг хүртэл эдийн засагчдын дунд “Эдийн засгийн ухааны нэг хэсэг нь байгаль орчны ухаан” гэсэн ойлголт явж ирсэн. Гэтэл өнөөдөр “Байгаль орчны ухааны нэг хэсэг нь эдийн засаг” гэж ойлгодог үе эхэллээ. Хар салхи үе үе болж байна. Гайтид саяхан газар хөдөллөө. Ган гачиг, зуд турхан хаа сайгүй нүүрлэж байна. Байгалийн гамшгаас шалтгаалаад эдийн засаг бүхэлдээ доргидог үе ирчихэж. Дэлхийн эдийн засаг цөлжилтөөс хамааралтай болчихлоо. Дулаарлын нэг хэсэг нь эдийн засаг болж хувирлаа. Тэрнээс биш эдийн засаг эдэг ухааны дотор дулаарлын асуудлыг ярих хэрэггүй. Үүнтэй адилхан Монголын эдийн засаг нь өөрөө байгаль орчны нэг хэсэг болоод байна.
-Тийм болохоор уул уурхай руу орж байгаа юм бол байгаль орчноо яавал хамгаалах вэ, Монгол орноо энэ чигээр нь яаж хадгалж үлдэх вэ гэдэгт санаа тавих ёстой. Уул уурхайгаа болъё гэж би хэлэхгүй. Гол нь хяналт тай байгаа ч ээ. Хяналтыг яаж бий болгодог юм бэ. Өнөөдөр Монгол улсад уул уурхайн 5000 гаруй лиценз бий. Маш олон компани энэ салбарт ажиллаж байна. Энэ бүх нийг хянаж чадаж байна уу, бид. Чадахгүй байна. Мэргэжлийн хя налтын ерөнхий газар гэж ард түм ний нэрийн өмнөөс ажилладаг байгууллага байх ёстой. Гэтэл тэнд уул уурхайг хянадаг хэдэн бай цаагч байгаа юм. Зуугаадхан бай цаагч хэдэн мянган уурхайг хя нана гэдэг үнэндээ ахадсан ажил. Тэдний хийж чадах ажил гэ вэл дарга нарын захиалгаар за рим нэгийг нь шалгана. Шалгахгүй бол юм авна. Үүнээс өөр ажил хийх гүй байна.

-Тэгээд одоо яах вэ. Тэр олон уурхайд хяналт та вихын тулд байцаагчдын тоог олон болгох хэрэгтэй юу. Төсөв мөнгө, цалин зард лаас авахуулаад зөн дөө асуудал босч ирэх байх даа?

-Уул уурхайг хянахын тулд зуун байцаагчаа 5000 болгох юм уу, эсвэл зуун байцаагчаа хөдөл гөл гүй, 5000 уурхайныхаа ядаж 100-г нь эхний ээлжинд ажилла гаанд оруулж ашиглая. Бусдыг нь “хөл дөөлт” буюу “царцаалт”-ад оруул маар байна. Хүний лицен зийг хурааж авъя гэж байгаа юм биш. Монголчууд бид залгиж ча дахынхаа хэмжээгээр амандаа хийж зажлахгүй, гахаж сүйд болох вий дээ. Монголыг тэр чигт нь уул уурхайн орон болгочихоод ямар ч хяналтгүй онгойсон хар нүх үлдээ чих вий дээ. Тийм болгох гүйн тулд эхлээд Оюутолгой, Тавантолгой хоёроо ашиглаж, үр дүнг нь хүртэх хэрэгтэй.

-Дараа нь жижиг ордуудаа шат дараатай ашиглалтад оруулах хэрэгтэй гэсэн үг үү?

-Энэ хоёр ордоо эдийн зас гийн эргэлтэд оруулсны дараа На рийн сухайт, Асгат гэх зэргээр үе шаттайгаар ашигламаар бай гаа юм. Тэрнээс биш гэнэт олд сон баялгийг бүхэлд нь энэ үе л ухаад идэх гэж байгаа юм шиг хандаж болохгүй биз дээ. Эрдэнэт үйлдвэр биднийг олон жил тэжээлээ. Тэгвэл энэ үйлд вэ рээс хэд дахин том уурхай ашиглалтад орох гэж байна. Үүнийгээ л хяналттайгаар зөв ашиг лаж, туршлагажиж мөнгөтэй бол чихоод дараагийн асуудлаа ярих цаг болсон. Монголын төр уул уурхайгаа хянамаар байна. Хяналтаа сайжруулмаар байна. Би үүнийг зөвхөн байгаль орчин талаас нь ярилаа. Одоо тэгвэл үүнтэй холбоотойгоор татвар гэж том асуудал бий. Алтны маш олон уурхай үйл ажиллагаа явуулж байгаа. Эдгээр уурхайд хэ дэн тонн алт олборлож байгааг хянах ёстой. Уг нь уурхай болгон дээр хяналтын төлөөлөл гэж байгаа. Харамсалтай нь тэд ард түм нээ төлөөлөөд алт болгоныг хя наж чаддаггүй. Зүгээр л алтны уур хайн ажилчин болчихсон хү мүүс. Хяналт энэ тэрээ мэдээлж, тай лан бичихээс хэтрэхгүй бай на, тэд. Монголын ард түмний элч төлөөлөгчид биш. Биднийг хуур даг хүмүүс болчихсон. Ингэж болохгүй ээ. Хяналтаа сайн тавь.

-Юутай ч Оюутолгойн хө рөнгө оруулалтын гэрээ гээ баталлаа. Удахгүй энэ ордын үйл ажиллагаа эхлэнэ. Тэгэхээр одоо ноос ганц Оюутолгой ч гэл т гүй манай улсын эдийн засагт асар их мөнгө орж ирэх нь тодорхой бол чихоод байна. Та энэ мөн гийг буруу замаар бит гий явчихаасай гэдэг дээр санаа зовж явдаг хүмүү сийн нэг.

-Нэгд, уул уурхай бол ажлын байр бий болгодоггүй үйлдвэрлэл. Хоёрт, уул уурхайгаас орж ирж бай гаа мөнгийг яаж хянах вэ гэ дэгт Монголын Засгийн газар, Мон голын улстөрчид санаа зо вох гүй байна. Харин ч бүр хя налт гүй хэвээрээ байгаасай гэж бо доод байх шиг. УИХ-ын гишүү дийг юм уу, Засгийн газрыг уул уур хайгаас орж ирэх мөнгийг сайн хянаад өгөөч гэж гуйгаад нэ мэргүй. Ард түмэн өөртөө л най дах хэрэгтэй.

-МҮЭХ саяхан УИХ-ын Төсвийн байнгын хороо той хамтран санамж бичиг батласан. Энэ нь улсын төсөв хэлэлцэх болон батлах явцад МҮЭХ хянах үүд хаалгыг нээж өгч бай гаа юу?

-Тэгж хэлж болно. УИХ-ын Төс вийн байнгын хорооны дарга Да ваасүрэнтэй хамтран бид тө сөвт хяналтыг сайжруулах зорил гоор санамж бичигт гарын үсэг зур сан. Одоо ард түмэн нийслэл бо лоод аймаг бүрт төсвийн талаар сар даа нэг удаа хэлэлцүүлэг хий дэг болох хэрэгтэй. Үүний төлөө МҮЭХ ажиллана. Хамгийн гол нь ард иргэд бидний санаачлагыг дэмж мээр байна. Бид энэ чиг лэлээр олон улсын байгуулла гууд тай харьцаж, арга зүйн зөв лөмж авч эхлэж байгаа.

-Уул уурхайгаас орж ирэх мөнгийг яавал ард иргэдэд ашигтай байдлаар зарцуу лах вэ. “Хүний хөгжил сан”-гаас иргэддээ 70 мянган төг рөг тараагаад эхэлчих лээ?

-Уул уурхайн баялгийг яавал улстөрчдийн хоол болгочихгүй ард түмэнд нялзаах вэ гэдэг том “проблем” мөн үү.

-Мөн…

-Өмнө нь би Оюутолгой ордыг ашиглах эрхийг монголчуудад 51 юм уу 61 өгье гэж тэмцэж байсан. Одоо тэгвэл нэгэнт 34 хувийг эзэмши хээр боллоо. Миний тэмцэл то дорхой үр дүнд хүрсэн ч санаанд хүрсэнгүй. Гэхдээ Оюутолгойгоос орж ирэх мөнгийг 76-д биш, ард түмэнд өгөх хэрэгтэй. Потсвана гэдэг улсад нэг сонин арга хэрэг лэсэн юм билээ. Тэд бартерийн системийг бий болгосон. Яг түүн шиг Оюу толгой ордоос 27 тэрбум доллар орж ирэх юм бол яг үүнд өнөөд рийн ханшаар 200 сургууль, 500 цэцэрлэг, 5000 км сайн чанарын хурдны зам, хоёр том нисэх буудал гэх мэтчилэн бүтээгдэ хүүнүүдийг гаргаад тохирох ёстой. Оюутолгойгоос мөнгө авахгүй ээ, ордоо ашиглуулж зэсээ өгнө, тийм болохоор оронд нь надад бодитой хө рөнгө оруулалт хийгээч гэж гэрээн дээ батлах ёстой юм. Өө рөөр хэлбэл, үүнийхээ графикийг батлах хэрэгтэй л дээ. Жишээ нь, энэ жил 10, ирэх жил 20 сургууль барьж өг гэдэг ч юм уу, Харин хаа на, ямар газар сургууль барихыг ганцхан парламент л батладаг. Энэ бол маш чухал асуудал.

-Оюутолгой болон Тавантолгойн тэтгэлэгт хөтөлбөр гэсэн таны нэг авууштай санаа байдаг даа. Залуусыг уул уурхайгаас орж ирэх мөнгөөр өндөр хөгжилтэй орнуудад сур гах тухай та ярьдаг?

-Уул уурхай бол хэзээ нэгэн цагт шавхагдах баялаг. Хэзээ ч эргэж нөхөгдөхгүй. Тиймээс энэ баялгийн 10-хан хувиар залуусаа га даадад сургах хэрэгтэй. Огт шав хагдахгүй оюун тархинд шингээх хэрэгтэй. Энэ миний мө рөөдөл. Би өөрөө барууны оронд эрдэм боловсрол эзэмшээд түмнийхээ төлөө дуугарах бо ломжтой болсон. Би мэдсэн сурс наараа л явж байгаа. Өнөөдөр Оюутолгойн инженер техникийн ажилд Хятад, Филиппин, Индоне зуудыг ажиллуулахаар бэлтгэж байна. Гэтэл монголчуудад жи жүү рийн ажил л ногдож байна. Тэ гэх гүй ээ, найзууд аа. Монгол за луус гадаадад сураад ирэхэд сард дор хаяж 5000-10.000 долларын цалин авна. Энэ бол бид залууст оруулсан хөрөнгөө эргүүлээд авч байгаа хэрэг.

-Стратегийн гэх тодотгол той томоохон ордуудыг төр мэдэлдээ авч эхэлж бай на. Энэ хэр зөв алхам бэ?

-Стратегийн орд газруудыг төр мэдэлдээ авах нь зөв. Олон жилийн өмнө төрд ийм боломж олдоогүй байж болно. Өнөөдөр дэлхийн зах зээл дээр зэс ховор эд болчихоод байна. Ийм нөхцөлд төр ордуудаа ашиглаж, олигтой хяналт тавихгүй бол Монгол шиг бага газар нутагтай улс “гурван үсэгтэй” компанид бүх зүйлээ өгөөд байж болохгүй.”Гурван үсэгтэй” компанийн эзэн гэж мон гол хүн байгаа. Түүний хүүх дүүд олон арван жилийн дараа болох зүйлийг тааж мэдэхгүй шүү дээ. Энэ уурхай орд бол дор хаяж 200 жил ажиллах уурхай. 40 жилийн дараа энэ компанийн хувь цаа ямар ханштай байхыг ха рах хэрэгтэй. Америкт бол хувь чилж болно. Хувь хүмүүсийн хөрөнгийг яаж улсын болгох вэ гэсэн хууль нь хатуу. Хяналт нь сайн. Гэтэл манай улсад байдал ямар билээ. Ийм нөхцөлд хувь чил вал Хятадын засгийн газарт Монгол орныг зүгээр л бэлгэл чихэж байгаатай агаар нэг. Би өөрөө капиталист ертөнцөд номын дуу сонссон байж болно. Намайг хүмүүс социалист зүйл ярьлаа гэж магад. Харин ч би жин хэнэ капиталист юм ярьж байж мэдэх юм шүү. Нийгмийн өмнө хариуцлагатай компани гэдэг талаас нь хэлээд байгаа юм.

-Гадаадын хөрөнгө оруу лал тын компаниудыг тахиж шүтэхээс илүүтэй гээр дотоодын уул уурхайн компаниудыг дэмжиж ажиллах тал дээр ярьж хэлэх хүмүүс цөөнгүй байдаг. Энэ талаар таны бодол?

-Эхлээд төрийн хяналтыг сайжруул. Дараа нь, дотоод, га даадын гэдэг дээр ялгаатай хан дах ёстой. Дотоодын нэртэй, чо нотой нийлсэн нохой шиг компа ниудтай харьцаж байхаар шууд л гадаад компанитай харьц.Монгол компаниуд үнэндээ гадны бууны нохойнууд болчихсон явж байна шүү дээ. Үүнийг ялгаж салгаж ойл гох хэрэгтэй. Монгол нүүртэй гад ны байгууллагад давуу эрх ол гож, ард түмний мөнгийг цацмаар гүй байна.

-Тавантолгой ордыг тойр сон дуулиан ид хүчээ авч байна. Ялангуяа төмөр за мын асуудал ужигрсаар үн дэс ний аюулгүй байдалд нөлөөлөхүйц болох нь?

-Оюутолгойн асуудал дуу саагүй шүү. Яг үнэндээ жонхуу шиг юм болж байгаа. Бид таван жилийн өмнө талбай дээр “Техник эдийн засгийн үндэслэлээ бат ласны дараа гэрээ байгуулаач” гэж зөндөө гуйсан. Ямар ч то дорхой төлөвлөгөө гаргаагүй байж гэрээ хийх гэж зүтгүүлсээр бай гаад хийчихсэн. Надад хөөрөг нь байхгүй атал наймаа хийж болохгүй биз дээ. Гэтэл өнөөдөр гэ нэтхэн л “Хүүе. ТЭЗҮ нь хан галтгүй байна” гэж хэлээд байх юм. Би Монголын ард түмэнд хам гийн ашигтай гэрээ байгуулах гэж хэрүүл хийж байсан болохоос биш гадны компаниудыг эсэр гүүцээгүй. Монголчууд Оюутол гойг ашиглаж чадахгүй. Харин Тавантолгойг 100 хувь бид ашиглах ёстой. Нүүрс ухаад, машин дээр тавиад Хятад руу явуулахад мэдлэг тийм хэрэгтэй юм уу. Монгол улс арай ч дээ. Политехникийн дээд сургуультай шүү дээ. Ямарч гадны компани орж ирсэн ч эхний хоёр гурван жилд нүүрсийг зүгээр л зөөнө. Хятад руу зөөж, хоёр гурван тэрбум доллар олоод түүгээрээ баяжуулах үйлдвэр барина. Тэгээд нэлээн хугацааны дараа баяжуулсан буюу бутлаад, усаар угааж, шороог нь зайлуулсан нүүрсийг гадагш нь гаргаж илүү мөнгө олно. Тэрийгээ олсны дараа шууд коксжуулсан уурхай барина. Түүгээрээ дахиж мөнгө олоод коксын үйлдвэр барина. Ингэж байж л монголын ард түмэнд хувьцаа болгож тараах ёстой. Тэгээд үйлдвэрийн ашгийг монголчуудад өгөх үү, үгүй юу гэдэг дараагийн асуудал. Мон голчууд арай ч нүүрсийг гадных наар ухуулахгүй. Гэрийн хээ нүүр сийг түлэхийн тулд хятад үйлч лэгчийг өндөр үнээр ажил луу лах гэж байгаатай адилхан. Харин нүүрс ухалтын операцийг менежментийн талаас нь Австралиас янз бүрийн хүмүүс авчраад ажиллуулж болно. Төмөр замын хэрүүл хийж болохгүй ээ. Нарийн царигтай төмөр зам ч хэрэггүй. “Гурван үсэгтэй” ком пани Хятад руу зам тавилаа гэхэд тэр нь өөрийнх нь мэдэлд байж таар на. Гэтэл 40 жилийн дараа энэ компанийн хувьцааг Хята дууд худалдаад авчихна. Тэгээд л өнөө төмөр зам нь зуун хувь Хятадын мэдэлд очно шүү дээ. Бусад бүх уурхай явсаар байгаад “гурван үсэгтэй” ком панид хамааралтай болно. Ийм ич мээр юмыг Монгол улсад хий вэл би иргэний дайн удирдана шүү. Надад ингэх боломж битгий өгөө рэй. Төмөр зам гэж хэрүүл хий хийн оронд засмал замаа тавь.

-Засмал зам тавих нь эдийн засгийн талаасаа ашигтай юу?

-Засмал зам тавихад 260-аад тэрбум төгрөг л орно. Оюутолгой гоос орж ирсэн 160 гаруй тэрбум байгаа. Энэ мөнгөөр урьдчилгаа хийхэд Монголын зам засварын 30 компанид хоёр сарын дотор зам барьчихна. 15 мянган жолоо чид машиныг нь лизенгээр өгөөд нүүрс зөөлгө. Ядаж л 15 мянган хүн ажилтай болно. Миний тоо цоогоор 40-100 тонны даацтай том том машинуудыг монголчууд хувьчилж авна. Тэгээд рейс болгондоо 400-800 мянган төгрөгийн ашигтай ажиллана. Үү нийгээ тойрсон 5000-10000 хүний ажлын байр бий болно. Үнд сэндээ Тавантолгойд 25 мянган ажлын байртай болчихож байгаа. Рейс болгондоо хоёр сая төгрөгийг улсад төлөхөөр тооцож байгаа юм шүү, би. Засмал зам барьчихсан байхад нэг өдрийн дотор нэг рейс хийнэ. Хятадын хил рүү конвей рээр гараг л дээ. Энгийн байгаа биз.

-”Алтан Дорнод Монгол” компанийн захирал С.Пау шок Монголын засгийн газ рыг олон улсын арбит рын шүүх дээр яллаа гэсэн шуу гиан хэвлэлээр цацагд лаа. Энэ нь Монгол улсын нэр хүндийг унагаж байгаа шившигтэй хэрэг биш гэж үү. Та ямар бодолтой байна вэ?

-Паушок бол жижиг гар. Би тэр хүнийг мэдэхгүй. Улс төрчид өөрсдийнхөө хийсэн лай ланчгийг үүрнэ биз дээ. Бурхан тэнгэр дээрээс харж байгаа. Хамгийн гол нь төр засгийн тодорхой эрх мэдэлтнүүд Монголын ард түмнийг бодлоготойгоор Паушок до хоо болиорой гэдгийг л хэлье. Хяналтгүй дор хулгай, мэдлэггүй дор дарангуйлал гэж байдаг. Монголын ард түмэн өөрсдөө мэдлэггүй хариуцлаггүйгээс болж энэ шийдвэр гаргагчид бусадтай нийлж биднийг боолчилж байна.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS