Read my blog's...

This is....
RSS

С.Батсүх: Пуужин гал улалзуулаад маш удаан хөөрдөг юм билээ

1981 оны гуравдугаар сарын 22… Монгол Улсын түүхнээ тодоос тод тэмдэглэгдэн үлдсэн гайхамшигт өдөр. Энэ л өдөр хотол түмнээрээ баяр баясалд умбаж, сансарт ниссэн хүүгээ цагаан сүүний дээжээр үдсэнсэн. Улсынхаа нэрийг тив дэлхийд цуурайтуулсан гайхам үйл явдлыг гэрэл зургийн хальснаа буулгах хүндтэй, бас хариуцлагатай үүргийг гүйцэтгэсэн, манай ахмад гэрэл зурагчдын нэг, МОНЦАМЭ агентлагийн гэрэл зурагчин С.БАТСҮХИЙГ зочноор урилаа.
-Таныг азтай хүн гэж хэл¬мээр байна. Монгол хүн сансарт ниссэн тэр түүхэн агшныг хальснаа буулгана гэдэг хүн болгонд тохиох аз биш шүү?
-Үнэхээр хэзээ ч мартагдашгүй том хувь заяа гэж боддог. Би Улсын Гэрэл зургийн газарт ажиллаж байлаа. 1978 онд юм, гэнэт нэг өдөр намайг Төв хороон дээр ир гэж дуудаад нэг даалгавар өгсөн.
-Ямар даалгавар?
-Улсын нууц гэж байгаад Монгол хүн сансарт нисэхээр болсон гэлээ. Би за л гэлээ.
-Таныг ганцааранг тань сонгосон хэрэг үү?
-Үгүй. Надтай хамт Монгол кино үйлдвэрээс оператор Сүхбаатар, найруулагч, зохиолч Гомбо, телевизээс оператор Дашдондог, найруулагч Жаргал бид хэд л байсан. Сүүлд хүч нэмэгдүүлж өнөө “Мандухай цэцэн хатан” киног найруулсан Балжинням, гэрэл зурагчин Нина нар орж ирсэн дээ. Намайг яагаад сонгосныг ёстой бурхан л мэдэж байсан биз./инээв/
-Сансрын нислэгээс бүр гурван жилийн өмнө та нарыг бэлтгэж эхэлсэн юм байна шүү дээ?
-Бэлтгэх юу байх вэ. Даалгавар л өгсөн. Яг энэ өдрөөс эхлэн надад бүхий л үйл явдлын зургийг авахыг үүрэгдсэн. Тухайн үед нисгэхээр сонгогдсон 12 хүний зургийг би авна. Сайд нарын нэгдүгээр эмнэлэгт тэднийг үзлэгт оруулдаг байсан. Сүүлд мэдэхнээ тэднээс дөрвөн хүн л үлдэж билээ. Сайнцог, Гүррагчаа, Сүрэнхорлоо, Ганзориг. Энэ дөрвийг хаана л явна би дагадаг ажилтай. Хамгийн сүүлд Гүррагчаа, Ганзориг хоёр шалгарч үлдсэн юм даг. Бидэнд сансар огторгуйн талаар хичээл заана. Тэгж тэгж, 1979 оны аравдугаар сараас бид Орос руу явсан даа. Түүнээс хойш л ар гэрийнхэндээ энэ талаар үг ч цухуйлгаж болохгүй гэж дээрээс анхааруулаад сүртэй юм болж байлаа. Би Москвад авсан зургуудаа эх орондоо ирээд угаалгана. Одоогийнх шиг дижитал энэ тэр байсан биш. Нийгмийг аюулаас хамгаалах яамны Дорж хурандаа яг миний хажууд сууж байгаад зураг угаасны дараа хальсуудыг аваад явчихдаг байсан. Төв хорооноос хоёр нисгэгчийн зургийг яг адилхан авах ёстой шүү гэж надад анхааруулна. Нэг удаа Ю.Цэдэнбал дарга “Оддын хотхон”-д очсон юм гэнэ лээ. Тэгээд Ж.Гүррагчааг явуулна гэсэн шийдвэр гарчээ гэж би хожим сонссон.Үнэнийг хэлэхэд тэр үед Ганзориг Жанибековтой хамт ажиллаж байсан юм. Тухайн үед Жанибековыг нэгдүгээр нисгэгч гээд зарласныг санаж байна. Нэг өдөр биднийг яваад очтол манай хоёр нисгэгч солигдчихсон байсан. Гэхдээ монгол хүн л нисч байвал хэн нь ч яах вэ гэсэн бодол надад төрж билээ.
-“Оддын хотхон” гэж мэдээж нүсэр байгууламж бий байх. Та Ганзориг, Гүррагчаа хоёртой тэнд хэр удаан байсан бэ?
-1978 оноос хойш “Оддын хотхон”-д ирж очдог ажилтай байсан. Москвагаас дөч гаруй километр зайд байрладаг газар л даа. Үргэлж тэнд байгаагүй. Долоо, найм хоноод л наашаа ирнэ. Нөгөө хоёрынхоо ар гэртэй уулзаж, бэлтгэл сургуулилт гээд бүхий л зургийг авна. Манай сурвалжлах баг Москвад байхдаа “Оддын хотхон”-оор өглөө нь орчихоод буцдаг байлаа.

-Та сансрын хөлөг хөөрөх агшнаас эхэлж зургаа авсан уу?
-Тэгэлгүй яах вэ. Хөлөг хөөрөх буух агшныг авсан. Гэхдээ би Куба, Вьетнамын сансрын хөлгийн нислэгийг туршлага маягаар өмнө нь үзэж байсан л даа .
-Пуужин яаж хөөрөх юм. Хурд гэж сум шиг л байна биз?
-Кубын нислэгийг хоёр кило¬метрийн зайнаас харж байхад дуу чимээ гэж аймаар. Ж.Гүррагчаа нисгэгчийн хөлөглөсөн “Союз-39”-ийг яг энэ зайнаас дарга нар харсан. Харин гэрэл зурагчдын хувьд 60 килограммаас дээш жинтэй хүмүүс хөлөгт 200 метр л ойртох ёстой. Кубын нислэгийн дэргэд манайхны нислэг дуу чимээ нь арай гайгүй. Хожим асуухнээ, пуужингийн даралтыг газрын гадаргуу дээр өгдөг байсныг газрын гүн рүү өгдөг болгосон гэж тайлбарласан юм даг. Пуужин гал улалзуулаад маш удаан хөөрдөг юм билээ. Сум шиг хурдан хөөрчих байх гэж би бодоод гал маналзаад ирэнгүүт бүтэн 36 хальс дарж дуусган, дахин цэнэглээд амжихад хөөрөөгүй дөнгөж л өндийж байсан. Физикийн хуулиар ийм удаан хөөрдөг юм байна л даа. Хурдан хөөрвөл эргээд уначихдаг гэдгийг хожим мэдсэн.
-Ж.Гүррагчаа, Жанибеков нарыг нисэхэд сэтгэл нь хөдлөөгүй монгол хүн гэж байгаагүй байх. Тэр тусмаа монгол хүн сансрын уудмыг зорьж байхад?
-Монгол хүн зах хязгааргүй огторгуйг зориход бахархах сэтгэл төрөлгүй яахав. Үнэнийг хэлэхэд дотроо бас айж, Ж.Гүррагчаагийн араас санаа зовж л байлаа. Ж.Гүррагчаа маань 101 дэх нисгэгч шүү дээ.
-Таныг сансрын хөлгийг газардахад буугч аппаратад гараа хүргэж байсан гэж сонссон юм байна. Бас л аз юм даа?
-Тэднийг газардахын өмнөхөн дөрвөн нисдэг тэрэгтэй угтах хэсэг явсан юм. Аврах баг, сэтгүүлчид, гэрэл зурагчид гээд. Тэгтэл та нар яг одоо газард гээд буулгачихлаа. Нислэгийг удирдах төвөөс хөлөг сүүлчийн тойргоо хийлээ, одоо буугч аппарат пуужингаас саллаа гэж дамжуулж байснаа гэнэтхэн л чадсангүй гэдэг юм байна. Зүрх зогсох шахсан. Тэгтэл хорь, гучин минутын дараа “саллаа” гэдэг байгаа. Гүррагчаа, Жанибеков хоёр дахин нэг илүү тойрог хийгээд пуужингаасаа салж газардсан. Гэхдээ буугч аппарат товлосон газраа буугаагүй л дээ.
-Яагаад тэр вэ?
-Буугч сууриараа биш дээшээ хараад, эсрэгээрээ буучих¬сан. Аврах баг очиж ажилласны дараа сэтгүүлчдэд очих зөвшөөрөл өгсөн юм. Тухайн үед монгол хүн бүр л айж балмагдсан байх даа.
-Гүррагчаа нисгэгч буугч төхөөрөмжөөс гарч ирэхэд ямар харагдаж байх юм. Энэ агшин мэдээж таны хальсанд буусан л байгаа?
-Буугчийн шүхэр дэлгэгдээд ирж байгааг дурандахад том улаан хүрэн юм л харагдаад байсан. Казакстаны Жезказганд газардсан юм ш дээ. Нэг их шороотой, салхитай өдөр. Биднийг буух талбай руу явахад урт түрийтэй усны гутал, хөвөнтэй зузаан хүрэм өмсүүлсэн. Зуун метр хэртээ газар гүйгээд өнөө газар ирлээ. Буугч аппаратад гараа хүргэтэл хав халуун. Шатаад л буудаг юм байна л даа. Ж.Гүррагчаа сүүлд “Цонхоор харсан чинь улаан гал дүрэлзэж байсан” гэж ярьж билээ. Санаанд үлд¬сэн нэг зүйлээ хэлэхэд Ж.Гүррагчаа буугчаас жаахан ядрангуй байдалтай, хоёр талаасаа хүнээр түшүүлээд гарч ирсэн юм даг. Гэсэн ч тэрхэн агшинд бид хэдийн дэвтэрт гарын үсгээ зурж өгсөн дөө.
-Сэтгэлд хоногшсон өөр дурсамжаасаа хуваалцвал…?
-Аа, тийм. Эх орон руугаа буцахын түүс. Гэтэл Москвад хорин хэд хонох хэрэг гарсан. Яасан бэ гэхээр, манай хоёрт ЗХУ-ын баатар цол өгөх гээд удчихдаг байгаа. Тэр үед Брежнев дарга Чехослаовакад айлчилж ирэнгүүт бие нь муудсан юм билээ. Бид хэд чинь зочид буудалд шагнал гардуулахыг хү¬лээ¬¬гээд байдаг. Шийдвэр гардаггүй. Баяраа тэмдэглэж ганц нэг зуу татмаар байдаг. Бүр барахаа бай¬гаад, нэгийгээ утсан дээр жижүү¬рээр үлдээ¬чихээд ойролцоохь ресторан руу гүйдэг байсан маань санаанд үлджээ.
-Гоё дурсамж юм аа. Та яах аргагүй манай ахмад гэрэл зурагчдын нэг. Гэрэл зураг сонирхож эхэлсэн үеэ дурсвал?
-1970 оноос гэрэл зураг авч эхэлсэн. “Таксин цоохор машин”-ыг дуулдаг байсан Цэнд-Аюуш гуай Барилгачдын соёлын ордонд анх гэрэл зургийн дугуйлан байгуулж билээ. Тэр дугуйлангаас их зүйл сурч авсан. Яахав, сүүлд Намын дээд сургуулийн сэтгүүлчийн ангийг оройгоор дүүргэсэн хүн. Далаад оноос хойш МОНЦАМЭ-дээ л ажиллаж байна даа. -Улсын гэрэл зургийн газарт хэзээнээс ажилласан юм бэ?-Тэр үед Улсын гэрэл зургийн газар гэдэг чинь Соёлын яамны харьяа, их том газар. МОНЦАМЭ-г гэрэл зургаар хангадаг байсан юм. Ах нь 1973 оноос хойш Цэдэнбал, Батмөнх, Очирбат гээд томчуулыг дагаад гадаад, дотоодоор их явсан. Очоогүй газар тун ховор.
-Хуучин нийгмийн үед гэрэл зураг авна гэдэг том хариуцлага, ёс зүй энэ тэр байсан байх. Мэргэжлийн гэрэл зурагчны хувьд одоогийнхтой харьцуу¬лахад ямар санагдах юм бэ?
-Өө, их ялгаа бий. Тэр үед хальсаар авдаг байсан. Гэрэл зургийн газарт нэг том лабора¬торитай. Телефото гэж юм байлаа. Байнгын ажиллагаатай байх үүднээс бид зургаа телефотогоор дамжуулна. Удаан л даа. Хоёр гурван цаг шаардагдана. Одоо бол захын хүүхэд л зураг авч байна. Гэрэл зураг гэдэг бугуйн цаг бол¬чихож. Намайг анх гэрэл зургийн ертөнц рүү ороход зурагчдыг цэрэгт татдаггүй байсан.
-Яагаад?
-Зурагчин ховор. Кино опера¬тор, гэрэл зурагчдыг цэрэгт татах¬гүй. Тусгай албаны хүмүүс гэдэг байсан. Гэрэл зураг гэдэг чинь бие даасан нандин урлаг, бүхэл бүтэн шинжлэх ухаан. Сэтгүүлч хүн сайн бичиж болно. Харин гэрэл зурагчин тэр агшныг яаж харуулах вэ гэд¬гийг шийднэ, тийм үү.
-Гэрэл зургийн “амин сүнс” гэж нэг ойлголт бий. Таныхаар?
-Сэтгэхүй, нүд хоёр л байгаа юм. Би тэгж л ойлгодог.
-Та үүнд жишээ болохоор нэг зургаа нэрлэнэ үү?
-За байз. Баасан авгай нудар¬гаа зангидаад цагдаа руу дайрдаг зураг байдаг даа. Тэр л болов уу. Энэ зураг шагнал авч байсан.
Үндэсний шуудан 2009.03.21

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Х.ГАНБОЛД: Чөлөөт бүс хөгжихгүй байгаагийн шалтгаан нь ДЭД БҮТЭЦ

Засгийн газрын дэргэдэх Чөлөөт бүсийн зөвлөлийн нарийн бичгийн дарга, ажлын албаны дарга Х.ГАНБОЛДТОЙ ярилцлаа.
-Чөлөөт бүсийг байгуулаад бараг долоон жил болчихож. Алтанбулаг, Замын-Үүд, Ца¬гаан¬нуурын чөлөөт бүсийг бай¬гуулж байх үед Чөлөөт бүсийн тухай ойлголт хаа хаанаа бага байсан. Өнөөдрийн хувьд бай-дал ямар байна?
-Чөлөөт бүсүүдийг анх байгуулж байх үед Чөлөөт бүсийн тухай ойлголт хүн бүрт байгаа¬гүй. Бизнесмэнүү¬дийн хувьд ч гэсэн хөл дээрээ босч ча-даагүй, чөлөөт бүсүүдийн сонгодог зарчмуудыг мэдэхгүй байсан үе. Ха¬рин одоо бол гадаад дотоодын хө¬рөнгө оруулагчдын сонирхлыг тат¬чихлаа. Манай Улс хүний эрх, эдийн засгийн эрх чөлөөг дээдэлсэн орон. Хувийн хөрөнгийг хамгаалсан том үзэл баримтлал, хуультай. Дээ¬рээс нь манайх татварын маш сайн ор¬чинтой. Татварын хөнгөлөлтийн ор¬чин ч сайн. Улстөрийн орчны хувьд ч муугүй. -Гэхдээ л чөлөөт бүсийн хөг¬жил удаашралтай байгаа шүү дээ?
-Нөлөөлж байгаа гол хүчин зүйл нь өнөөгийн эдийн засаг. Эдийн засгийн хямралаас өмнөх жилүүдэд ойлгогдохгүй байсан тал бий. Харин өнөөдөр бизнесмэнүүд чөлөөт бү¬сийн талаар сайн ойлголттой болсон. Хоёр хөршийн нөхцөл байдал ч бас нө¬лөөлж байна. Урд хөршийн эдийн засаг хурдацтай хөгжсөн, ОХУ-ын хувьд эдийн засгийн онцгой өсөлт байхгүй ч иргэд нь бизнесийн зар¬чимд су¬ралцчихсан. Нөгөө талдаа тэн¬дээ улс төр, эдийн засгийн жаахан да¬рамттай. Эд нар өөрийн улсын хилийн зэр¬гэлдээ чөлөөтэй орчинд үйлдвэрлэл үйлчилгээ бизнес эрхлэх со¬нир¬холтой байдаг.
-Тэгвэл хөндлөнгөөс шалт¬гаалах хүчин зүйл их байна уу?
-Их байна. Забайкалскийн районд хоёр хөрш түүгээр дамжиж Евроазийг холбосон том зам бий. Жишээ нь, Алтанбулагийн худалдааны чөлөөт бүс, Замын-Үүд бүсийг дамжин өнгөрөх ачааны эргэлтийг харь¬цуулахад Забайкалскийн төмөр зам ачааллаа дийлэхгүй болчихож байгаа юм. ОХУ, Хятад руу гарч бизнес хийхдээ 1300 орчим км тойруу за¬маар явдаг. Энэ тохиолдолд сонирхол наашаа байгаа. Хятадын талаас хөрөнгө оруулах сонирхолтой бол¬сон. Үйлдвэрлэлээ тэлэх бодлого барьж байгаа. Эд нар зөвхөн Мон¬голын зах зээлд гарахгүй. Монгол Улс Европын холбооны улсын худал¬дааны хөн¬гөлөлтийн нөхцөлд хам¬рагд¬сан. Тэгэ¬хээр Европ руу бараа гаргах сонирхол давхар байна гэсэн үг.-Ийм их сонирхол байгаа нь олзуурхмаар ч гэлээ манай зүгээс дэд бүтцийн асуудал энэ тэр гээд бэрхшээл багагүй байх шиг ээ?-Чөлөөт бүс хөгжихгүй байгаа¬гийн шалтгаан нь таны яриад байгаа дэд бүтэц.Бид дэд бүтцээ тавьж чадахгүй байна. Гадаад орнуудын чөлөөт бүс хөгжүүлсэн түүхийг хара¬хаар эхлээд дэд бүтцээ тавьсан бай¬даг. Дараа нь чөлөөт бүс гэж зарладаг. Манай төчнөөн га-д тийм үйлдвэрлэл хэрэг¬тэй байна гээд тендер зарлан газраа зарчихдаг. Тэгээд нөгөө үйлдвэрүүд нь босоод явчихдаг. Харин манай улсын тухайд дэд бүтэц муу хөгжсөн. Задгай тал дээр бай¬гуул¬чихсан. Одоо чөлөөт бүсээ бо¬дох¬гүйгээр Замын-Үүдийг хөгжүүлье гэхээр Замын-Үүдийн асуудлыг дангаар нь шийдэх боломжгүй болсон. Замын-Үүдийн тосгон, сумын асуудал босч ирж байгаа юм. Задгай тал дээр тарсан, эрчим хүч, ус дулааны эх үүсвэргүй газар.
-Замын-Үүдэд чөлөөт бүсийн хэчнээн га газар байгаа вэ?
-900 га байгаа. Алтанбулаг тос¬гоныхыг ялгаагүй, хүндрэлтэй байгаа. Энэ асуудлыг хамтад нь шийдэх хэрэгтэй. Мэдээж хөрөнгө оруулалт их шаардагдана. Гэхдээ их гэж айх ёсгүй. Тэр дундаа эдийн засгийн хямралтай байгаа энэ үед хөрөнгө оруулалт хийх ёстой. Яагаад гэвэл Монгол хөгжих ёстой. Ямар шалт¬гаанаар чөлөөт бүс байгуулсан билээ. Экспорт, импортын эргэлт нэмэгдэнэ, замын түгжрэл арилна гээд яривал сайн тал их бий. Замын-Үүдийн мастер төлөвлөгөө дөнгөж сая батлагдлаа. 2025 онд 60 мянган хүнтэй хот босно гэсэн дэлхийн жишигт хүрсэн мастер төлөвлөгөө хийж байна. Урьд нь бид 2003 онд Алтан¬булагийн ерөнхий төлөвлөгөөг хийл-гэж байсан юм. Гэтэл өнөөдөр энэ хоёр мастер төлөвлөгөөг харахад л Монгол Улсад чөлөөт бүс яаж хөгжиж байгааг хэлээд өгнө.
-Чөлөөт бүсийн тухай хууль хэр сайн хууль вэ. Хөрөнгө оруу¬лагчид хэр хандаж байна?
-Тийм ч сайн биш. Шуудхан хэлэхэд гологдож байна. Ер нь цааш¬даа энэ хуулиар явах уу үгүй юү гэдгээ бодох хэрэгтэй. Алтан¬бу¬лагийн худалдааны чөлөөт бүс гэж байна. Энд үйлдвэрлэл явууллаа гэхэд чөлөөт бүсийн хөнгөлөлт эд¬лэхгүй. Цагааннуурт ч мөн адил. Гэ¬тэл Замын-Үүдэд болно гэдэг. Хө¬рөнгө оруулагчид үйлдвэрлэлээ давхар оруулж ирье, худалдааны, эдийн засгийн гэсэн хэлбэрээсээ татгалзаач гэсэн хүсэлт тавьж байна. Ашигт малтмал олборлодоггүй, бай¬галь орчинд халгүй, Монгол Улсын хууль зөрчөөгүй ямар ч үйлдвэр¬лэлийг зөвшөөрмөөр байгаа юм. Хөрөнгө оруулагчдыг хамгаалсан хуулийн тогтолцоог хийж өгөөч гэсэн хүсэлт их байна. Бид тодорхой сана¬лууд авч хуулийн төсөл боловсруулж байгаа. Ойрын хугацаанд Засгийн газрын түвшинд яригдаж УИХ-д өргөн барих байх. Хамтарсан Засгийн газар байгуулагдсанаас хойш чөлөөт бүс рүү их анхаарч байгаа. Өнгөрсөн 2008 оны хоёрдугаар сард Чөлөөт бүсийн орон тооны бус зөвлөлийн ажлын албатай нь байгуулсан. Бид чөлөөт бүсүүдийн үйл ажиллагааг эрчим¬жүүлэх талаар нэлээд арга хэмжээ авлаа. Засгийн газраас Чөлөөт бүсэд нэвтрэх, зорчих хөнгөлөлөлттэй нөх¬цөлийг баталсан. Гаалийн тухай журам бат¬лагд¬лаа. Алтанбулагийн ху¬дал¬дааны чөлөөт бүсийн хувьд үйл ажил¬лагаагаа явуулж эхлэх эрх зүйн бүрэн акт гарсан. Чөлөөт бүсүүдийг Тэргүүн шадар сайд ахалж байна. Өнгөрсөн хугацаанд зөвлөлийн хурлыг гурван удаа хийлээ. Эдийн засгийн хям¬ралтай байгаа ч төрөөс олгож буй санхүүгийн эх үүсвэрийг үр өгөөжтэй зүйлд зарцуулах бодлого барьж байна. Алтанбулагт төсөвлөсөн нэг тэрбум төгрөгийг мэргэжлийн хянал¬тын байр, худалдааны талбай гэх зэрэг ажилд зарцууллаа. Ямарч бай¬сан төрийн зүгээс хийх ёстой зүйл тодорхой хэмжээнд бэлэн болсон.
-Нөхцөл нь бүрдсэн гэхээр хөрөнгө оруулагчид саналаа тавьж эхэлсэн гэсэн үг үү?
-Сонирхогчид ороод ирсэн. 90х24 харьцаатай худалдааны үзэсгэлэн чимэглэлийн павильон барих ажил эхэллээ. Хятадаас хоёр сая дол¬ларын гэрээ байгуулсан. Улаан¬баа¬тарын хэд хэдэн компанийн ху¬далдаа, агуулахын байгууламжыг сонир¬хож байна. Энэ оны сүүлээр Алтан¬булагийн чөлөөт бүс хөдөл¬гөөнд орно. Хөдөлгөөнд ороод ирэхээр өрсөл¬дөөн бий болж таарна.
-Алтанбулагийн чөлөөт бү¬сийн газар эздээ олсон уу?
-Өөрт ногдох газраа хуваарил¬чихсан. Эргэж харах зүйл бий. Ялан¬гуяа ил тод байдлыг бий болгох бодит хөрөнгө оруулагчдыг татах асуудал гол нь.
-Замын-Үүд чөлөөт бүсийн бай¬дал ямар байна. 1990 оны Замын-Үүд болон Эрээн хот өнөөдөр тэнгэр газар шиг ял¬гаатай болчихлоо?
-Өнгөрсөн хугацаанд гурван тэр¬бумын хөрөнгө оруулалт хийсэн юм билээ. Ер нь чөлөөт бүсүүдэд 2003 оноос хойш найман тэрбум төгрөг л өгсөн байдаг. Төр засгийн хувьд хангалттай мөнгө ч нэг бүсийн цэвэр усны байгууламж барих хэмжээний л мөнгө ингээд бодохоор чөлөөт бүсийн хөгжил удааширч байгаагийн бас нэг шалтгаан нь хөрөнгө оруу¬лалт. За¬мын-Үүдийн хувьд хоёр удаа сонгон шалгаруулалт хийсэн. Эхний¬хэд нь оролцоогүй, хоёр дахид нь хоёр компани оролцсон. Гэвч эдгээр ком¬пани Засгийн газрын өмнө хүлээ¬сэн үүргээ биелүүлээгүй учир гэрээг цуцалсан. Стратегийн хөрөнгө оруу¬лагч оруулж ирэх шийдвэртэй. Гад¬ны¬¬хан хөрөнгө оруулъя гэж орж ирдэг ч өөрсдөө хөрөнгөгүй, манай юман дээр хөрөнгө босгодог. Жишээ нь, “Айвен¬хоу майнз” гэхэд л Монголын газрын баялгийг олон улсын бирж дээр зараад мөнгө босгож байна. Үүнтэй адил манайд байгаа гаднын хөрөнгө оруу¬лагчид ийм арга сэт¬гэдэг.Тодорхой хэмжээний газар авч монополь бай¬дал бий болгоод түү¬гээ¬рээ олон улсын зах зээлд мөнгө бос¬годог. Чадаад хийж байгаа бол тат¬галзах юм байхгүй. Хамгийн гол нь хоо¬сон орж ирээд юм босгоно гээд Замын-Үүдийн хөгжлийг зургаан жилээр хойш нь татлаа. Бид олон янзын судалгаа хийсэн. Чөлөөт бүс сайн хөгжиж байгаа улс гэвэл Хятад, Арабын Эмират, Турк байна. Хөрөнгө оруулагчдын уян хатан бод¬лого байхгүй болохоор ийм байдалд хүр¬чихэж байгаа юм. Стратегийн хөрөнгө оруулалт хийх гэхээр нэг компани л авчихаж байгаа хэрэг. Нэг компанийн мэдэлд орчихоор бусад аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулахад хаалт болчихдог тал бий.
-Өнөөдрийн хувьд гаднын ямар улсын хөрөнгө оруу¬лаг¬чид Замын-Үүдийг сонирхож бай¬на вэ?
-Орос, Хятад, Солонгосын биз¬нес¬мэнүүд сонирхож байна. Бид хөрөнгө оруулалтаа хийе, танайх эрхзүйн шийдвэрээ гаргаад өгөөч, дэд бүт¬цийн асуудалд оролцъё, барих, ашиглах гэрээний нөхцөлүүдийг хуу¬лиа¬раа шийдээд өгөөч гэсэн саналыг тавьж байна. Эндээс анзаарахад өөрийн гэсэн бие даасан бүс бай¬гуулах боломж байгаа юм.
-Чөлөөт бүсийн хөгжил Мон¬голын эдийн засагт эергээр нөлөөлөх нь мэдээж. Таны¬хаар хамгийн гол өгөөж нь юү вэ?
-Монгол импортлогчоос экспорт¬логч орон болно. Түүхий эдээ гар¬гадаг байсан бол эцсийн бүтээг¬дэхүүн гаргадаг болно. Чөлөөт бүс ба鬬гуулагд-санаар хүнсний болон бусад төрлийн хүнсний барааны нөөц бий болно. Хүнсний аюулгүй байдлын нөхцөл бүрдэнэ. Монголчууд дэлхийн шилдэг технологитой танилцана, суралцана. Гадаад худалдааны эргэлт огцом өснө. Аялал жуулчлалын том цогцолборууд бий болно. Гэх мэтчи¬лэнгээр яривал эдийн засгийн өгөө¬жийг тоочиж барахгүй.
-Цагааннуурын чөлөөт бүсийг байгуулахад ямар бэрхшээл тулгараад байна вэ?
-Цагааннуурын чөлөөт бүсийн хувьд алс баруун хязгаарт байр¬ладаг. Нутгийн гүнээс нэлээн хол. Энэ бүс онцлогтой. ОХУ-ын Алтай, Казахстан, Хятадын Шинжаан-Уйга¬рын өөртөө засах орон, Монгол Ул¬сын Баян-Өлгий аймаг гээд нэг үндэстэй, нэг хэлтэй, нэг соёлтой дөрвөн улсад хамаараг¬дах иргэд амьдардаг. ОХУ, Хятадын хооронд тэр бүс нутгаар хийж байгаа тээвэр¬лэлт нь 1300 орчим км-ыг тойруу за¬маар явдаг. Цагааннуурыг яагаад сонирхож байна гэхээр Оро¬сын хилээс Хятадын хил хүртэл 212 км. Хэрвээ энэ бүс бий болвол 1000 орчим км-ээр ойртуулна гэсэн үг. Монголын талаас зам байгуулах асуудал л Цагааннуур дээр гол бэрхшээл болчихоод байна. 220-иод км зам барих асуудлыг шийдэх байна.
-Чөлөөт бүсийн хөгжил нь эдийн засгийг нь тодорхойл¬сон ямар улс байгаа вэ?
-Эдийн засгийн хувьд Хятад сул орны л нэг байсан шүү дээ.Тяньжин, Шанхай гэх мэтийн өмнөд чөлөөт бүсийг нээгээд босоод ирсэн. Евро¬пын хэд хэдэн жижиг орон жишээл¬бэл, Македони чөлөөт бүсийг амжилт¬тай хөгжүүлсэн. Солонгос, Эмират, Турк байна. Хамгийн гол нь төрийн да¬рамт-гүй байх ёстой. Чөлөөт бүсэд ажиллах амьдрах орчныг бодолцох учиртай. Гадаадаас хөдөлмөрлөх хүч авах, гаргах тухай хууль чөлөөт бүсэд үйлчилвэл манайд хэн ч орж ирэхгүй. Засгийн газар квотыг нь тогтоодог хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмсэнтэй тэнцэх төл¬бө¬рийг сарын хураамж гэж авдаг нөхцөлд гадны чадалтай болов¬сон хүчин орж ирэх үү. Визийн хөнгө¬лөлт байх ёстой. Гэх мэт хууль зүйн хувьд зөрөлдөөн¬тэй зүйл байгаа. Цэгц¬лэх хэрэгтэй.
-Хариуцлагын тухайд хатуухан зохицуулалт хэрэгтэй байх?
-Хууль зөрчсөн, хориглосон үйлд¬вэр¬лэл үйлчилгээ явуулсан тохиол¬долд хатуу хариуцлага тооцдог байх ёстой. Чөлөөт бүсээр хар тамхи оруулахыг завдсан тохиолдолд цаа¬заар авна гэсэн заалттай улс бий. Хууль бус өөр төрлийн үйлчилгээ явуул¬бал үйл ажиллагаа явуулах эр¬хийг нь шууд цуцалдаг жишиг бий. Хө¬рөнгө оруулагч нарт эрхийг нь хан¬гал¬ттай өгөх хэрэгтэй. Тэр хэмжээ¬гээр хариуцлагын хатуу тогтолцоог бүр¬дүүлэх ёстой.
-Замын-Үүдийн чөлөөт бүсийн хөрөнгө оруулагч хэзээ тодрох бол?
-Хөрөнгөө гаргаад ажилдаа шууд оръё гэсэн хүн байвал бүх зүйл нээлттэй. Хүлээсэн үүргээ биелүүлж чаддаггүй нөхөдтэй олон жил зуурал¬дах хэрэггүй. Энэ талд төрийн хатуу бод¬лого шаардлагатай. Ер нь бол гадны¬нхыг шүтдэг цаг үе өнгөрсөн. Бид өөрс¬дөө босгоод явах чадамжтай бол¬сон шүү дээ.
Үндэсний шуудан
2009.08.11 №188 /590/

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Ц.ДАВААЖАВ: Бид аль нэг гүрнийг ДАГАХ ЮМ БОЛ ХОХИРНО

Олон улсын тоймч Ц.ДАВААЖАВТАЙ уулзаж сүүлийн үед дэлхий нийтэд өрнөж буй үйл явдлын талаар ярилцлаа.
-Хоёулаа яриагаа дэлхийн ан¬хаарал татсан үйл явдлаас эхлэе. Барак Обама Цагаан ордны тэр¬гүүнээр сонгогдсоноос хойшхи 100 хоногийн ажлаа сая тайлаг¬налаа. Энэ хугацаанд Ж.Бушийн цөөнгүй хатуу алхмыг зөөллөж, эв зүйгээр шийджээ?
-Барак Обама Ерөнхийлөгч болоод 100 хонолоо гэсэн мэдээлэл их гарч байна л даа. Үүнийг ярихаас өмнө Ж.Бушийн бодлогын тухай дурдах нь зүйтэй байх. Ер нь Америкийн нэр хүнд Ж.Бушийн үед их суларсан. Тэрээр НҮБ-ын зөв¬шөөрөл, бусад томоохон орны са¬налыг харгалзалгүйгээр зохиомол шалтгаар Ирактай дайн хийсэн. Тэгээд Саддам Хусейний дэглэмийг унагасан ч Ж.Бушийн зорилго бие¬лээгүй. Харин ч терроризмтой тэм¬цэх нэрийдлээр лалын шашинтай орнуудын эсрэг тэмцэж, хүмүүсийг олноор нь алж хядсан. Терроризмд лалын шашинтай орнууд бүгдээрээ буруутай гэсэн ойлголтыг бусдад төрүүлсэн гэх мэтээр Ж.Бушийг шүүмжилдэг болсон л доо.
-Ж.Бушийн зорилго биелээгүй гэлээ. Үнэндээ Америкийн цаад зорилго нь Иракийн газрын тос гэж нэлээд шуугисан шүү дээ?
-Тийм ээ. Америк Иракаас 100 жилийн хэрэгцээний газар тосоо авахаар бүр тооцоолчихсон гэсэн. Иракийн газрын тос, дараа нь Ойрхи Дорнодод нөлөөгөө бэхжүүлэхийг оролдсон дайн байсан гэж би боддог.
-Ганц Иракт биш америкууд Афганистанд ч хүч алдсан нь ажиглагддаг?
-2001 онд Нью-Йоркт болсон аймшигт халдлагын дараа Афга¬нистанд терроризмын эсрэг урьд¬чилсан дайн хийсэн. Тухайн үед засгийн эрхийг барьж байсан “Талибан” хөдөлгөөний дэглэмийг хүчээр унагааж, оронд нь Америкийн талыг баримтлагч Хамид Карзайг Ерөнхийлөгчөөр сонгосон. Түүнийг ажиглагчид “тавиул Ерөнхийлөгч” гэж нэрлэдэг юм. Афганууд өөрсдөө ч сонгосон юм биш. Тэглээ гээд ардчиллыг терроризмтой тэмцэхийн хажуугаар цэрэг зэвсгийн хүчээр тогтоож чаддаггүй юм байна гэдгийг харуулсан л даа. Ер нь аливаа нэг улсын засгийн эрх мэдлийг унагаа¬гаад яг өөрийн үзлийг баримтлуулах оролдлого биелдэггүй гэдгийг түүх нотлож байна.
-Үүнд олныг жишээлж болох байх. ЗХУ Афганистанаас цэргээ татсан нь ч үүнтэй хол¬боотой юу?
-1979 оны сүүлээр ЗХУ Афганис¬танд цэргээ оруулж, засгийг нь унагасан. Тэгээд Чехид Элчин сайд байсан хүнийг удир¬дагчаар нь тавих гээд бүтээгүй л дээ. Сүүлдээ Оро¬сын цэрэг ялагдаад Афганыг орхин гарсан шүү дээ. Ж.Бушийн үед энэ үйл явдал яг давтагдсан. Америкууд бас Ираныг атомын бөмбөг хийх нь, уран баяжууллаа гэж хардан эдийн засгийн хориг арга хэмжээ авч, олон улсад ганцаардуулах бодлогыг тууштай баримталж ирсэн. Энэ бүхэнд Барак Обама өөрөөр хандахаа амлаж байгаа. Тэрээр бид Ирантай харин ч чөлөөтэй, яриа хэлэлцээрийн журмаар харилцая гэсэн мэдэгдэл гаргалаа. Мөн саяхан Африкийн орнуудын хуралд орол¬цохдоо лалын шашинтай орнуудад найрамдал зарлаад “Хойшид бид нэг холбоо болж ажиллана” гэж хэлсэн.
-Цагаан ордон олон жилийн дайсагнагч Кубатай хүртэл зөөлөн аядуу бодлого баримтлах нь эхнээсээ мэдрэгдээд эхэлчихлээ. Эрх чөлөөний арлыг зорьж буй Аме¬рик иргэдийн хувьд энэ тун таатай мэдээ шүү?
-Америк Кубатай харилцаагаа зөөлрүүлэх алхмыг аажмаар хийж эхэлсэн. Кубад мөнгөн гуйвуулга хийдэг боллоо. Америкт аж төрж байгаа куба гаралтай хүмүүс ах дүү нартайгаа уулздаг боллоо. Гэхдээ Цагаан ордон Кубын хүний эрхийн талаархи бодлогоо хатуу барим¬тална гэсэн шүү.
-Орос, Америкийн харилцаа дэлхийд жин дардаг.Энэ хоёр гүрэн сайн, муу харилцахаас дэлхийн улстөрийн луужин тодорхойлогддог гэдэг?
-Оростой бол Умард Кавказ, ялангуяа Өмнөд Осети, Абхазын асуудлаар нэлээд зөрчилдсөн. Ер нь НАТО-г тэлэх, Дорнод Европын орнуудад пуужингийн довтлогооноос хамгаа¬лах систем байгуулахад заавал Оросын саналыг харгалзан үзэх ёстой гэж Барак Обама зар¬ласан. НАТО-г зүүн зүгт, Оросын хилд ойртуулж, үүндээ Украин, Гүржийг элсүүлэх тал дээр Ж.Бу-шийн засаг захиргаа хатуу бодлого барьж байсан л даа. Үүнийг Барак Обама зөөлрүүлж байгаа. Тиймдээ ч давын өмнө энэ хоёр улсыг НАТО-д элсүүлэх асуудлыг хойшлуулав. Ингэж Орос, НАТО-гийн харилцааг нэг их хурцатгалгүй, үүн дээр түшиглээд Орос, Аме¬рикийг ойр¬туулахыг хичээж байна. Хоёр улсын стратегийн зориулалттай цөмийн зэвсгийг хорогдуулах тү¬рүүчийн хэлэлцээрүүдийн хугацаа дуусч байгаа. Тиймээс Оростой дахиж цар хүрээтэй хэлэлцээ хийж эхэллээ.
-Цөмийн зэвсгийг хорогдуу¬лах өмнөх хэлэлцээр гэж Ро¬нальд Рейган, М.Горбачев нарын 1980-аад онд байгуулсан гэрээг хэлж байна уу?
-Стратегийн давшилтын зэв¬сэглэлийг хорогдуулах тухай нэг, хоёрдугаар гэрээ гэж бий. Нэгнийх нь хугацаа 2009 онд дуусна. Тэгэ¬хээр энэ ондоо багтаагаад шинээр гэрээ байгуулах зорилгоор хоёр улсын шинжээчид хэлэлцээд эхэлчихсэн. Америк, Орост хэчнээн тонн атомын бөмбөг байна, байнд хүрэх зөөгч хэрэгсэл, нисэх онгоц, пуужин хэчнээн байх зэргээр тоог нь тодорхой заасан байдаг. Тэр тоог л хорогдуулах юм.
-Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон тангараг өргөөд хамгийн түрүүнд Азийн орнуудыг зорьсон. Хэтдээ дэлхийн бодлогод Ази тив жин дарна гэж шинжээчид үздэг. Айлч-лалын зорилго үүнтэй холбоотой байсан биз?
-Хиллари Азид айлчлахдаа Ин¬донезид очсон. Зүүн Өмнөд Азид байгаа хамгийн том лалын шашинт улс нь Индонез шүү дээ. Тэгэхээр л лалын шашинтай орнуудтай харил¬цаагаа сайжруулах хандлага энд илэрч байгаа биз. Ер нь Зүүн Өмнөд Ази энэ зууныг хөгжлийн хурдаараа тодорхойлно гэж үздэг. -Азийн бүс нутгаас Хятад л илүү мандан гялалзах дэг ээ?-Хэдхэн жилийн дараа Хятад хөгжлөөрөө, эдийн засгийн чадлаа¬раа Америкийг гүйцнэ гэсэн тооцоо бий. Хятадтай харилцах нь Амери¬кийн геополитикийн чухал бодлого. Цаашдаа Оростой өрсөлдөх том асуудал. 1970-аад онд Америкийн Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй бодлогын зөвлөх Генри Киссенжир “Хятадыг Оросоос хөндийрүүлээд салгаад авчих. Тэгэх юм бол Америк геополитикийн тал дээр болоод явчих юм биш үү” гэсэн санал гаргаж байсан юм шүү. Америк цаашдаа АСЕАН-ы орнуудтай Хятадаар уламжлуулж харилцахыг хүсч байна. Хятад Зүүн Өмнөд Азийн холбооны гишүүн биш ч гэсэн Ази тивдээ хамгийн хүчирхэг улс. Тэгэхээр Хил¬лари Зүүн Өмнөд Азид, тэр тусмаа Хятадад айлчилсан нь тохиолдлын хэрэг биш. Хятадтай Оросоос дутуугүй түншийн харилцаатай байх сонирхол яваад байна л даа.
-Цагаан ордны Азид баримт¬лах бодлогын нэг үзүүр мэдээж Монгол Улсад тусах байх.Танд ажиглагд¬сан зүйл байна уу?
-Америк Монголыг ардчилсан гэдгээр их дэмждэг л дээ. Миний бодож байгаагаар манай ардчиллын тогтолцоо улам боловсронгуй бо¬лоод байвал Монгол, Америкийн харилцаа идэвхжээд л байх болов уу. Тэрнээс биш геополитикийнх нь хүрээнд нэг их татагдаад орох хэмжээний улс биш л дээ, Монгол.
-Геополитикийн хувьд анхаа¬рал татахгүй нь гэж ойлголоо. Гэхдээ өөр сэдэл, өдөөлт бий биз?
-Ардчилал, хүний эрхийг дээд¬лэх гэдэг утгаараа манайх их чухал. Яагаад гэвэл Хятадыг хүний эрх зөрчлөө гэж Америк шүүмжилдэг. Тиймээс Америк манайд дэмжлэг үзүүлж, Монгол хүний эрхийг дээдэлдгээрээ үлгэр жишээ орон шүү гэдэг талаас нь дөвийлгөн Хятадын чихэнд хонх уях сонир¬холтой байдаг гэж би ойлгодог.
-Америкийн Ази дахь өнөө цагийн хамгийн том холбоотон нь Япон, Өмнөд Солонгос. Тиймдээ ч Хиллари Клинтон Азид хамгийн түрүүнд Японд хөл тавьсан нь ажиглагчдын анхаарлыг их татсан?
-Арга байхгүй хоёр том холбоо¬тон нь. Харин Хятад Умард Со¬лонгостой их дотно. Солонгосын хойгийн асуудлаархь “Зургаан талын хэлэлцээр”-ийг Хятад анх санаачилж байсан. Үүнийгээ ч удирдан явуулдаг нөлөөтэй орон л доо. Тэгэхээр Америк Хятадаар дамжуулж Умард Солонгост нө¬лөөлөх бодлого барьж байгаа. Умард Солонгос атомын бөмбөгтэй бол-чихлоо.Саяхан хиймэл дагуул хөөргөх нэрийдлээр алсын тусгалтай пуужин туршлаа. НҮБ-ын Аюулгүй зөвлөл үүнийг буруушаасантай холбогдуулан Пхеньян “зургаан талын хэлэлцээр”-ээс гарчихлаа. Түүгээр ч зогсохгүй атомын бөмбөг дахиж туршина гэж сүрдүүлж байна. Энэ маш аюултай юм шүү. Оросын Гадаад хэргийн сайд С.Лавров сая Умард, Өмнөд Солонгост айлчлаад Ким Чен Ирт Д.Медведев Ерөнхий¬лөгчийн хувийн илгээмжийг гардуулж байсан.
-Ингэхэд Умард Солонгосын дэглэм хэр урт настай вэ. Хоёр Солонгос нэгдэх тухай хэсэг шуу¬гиад нам жим болов. Энэ зүгээр нэг хоосон лоозогнол байв уу?
-Умард Солонгос бол дэлхийн хамгийн сүүлчийн коммунист дэглэмтэй орнуудын нэг. Авторитор дэглэмээр их олон жил явж ирлээ. Ким Чен Ирийн биеийн байдал тун тааруу байна гэж мэдээлж байна. Тэр нэг их удаан амьдрахгүй байх. Одоо түүний залгамжлагч ямар бодлого баримтлахаас их зүйл шалтгаална. Тэрнээс биш ард түмэн нь эрх чөлөөнийхөө төлөө тэмцээд, дэглэмээ хална гэхээр санаанд багтаж өгөхгүй л байна.
-Умард Солонгос гэхээсээ илүү Солонгосын хойг их гүр¬нүүдийн геополитикийн ширүүн тэмцлийн цэг болон хувирч байх шиг?
-Солонгосын хойгийг алдахыг хэн ч хүсэхгүй байна. Том гүрнүү¬дийн эрх ашгийн зөрчил Солонгосын хойгт төвлөрчихсөн учраас Умард Солонгос л хэлмэгдэж, зовж байна даа. Гэхдээ Солонгосын дэглэм мөнх биш ээ.
-Манай мөнхийн хөрш Хята¬дын тухай яриандаа эргэн оръё. Хятад нэг нэгдэхээрээ дор хаяж 200-300 жил ноёрхлоо тогтоод¬гийг түүх гэрчилдэг. Харин даяаршлын өнөө цагт Хятад энэ нэгдлээ хэр хангаж чадах бол. Ирээдүйд энэ улсад их том задрал явагдана гэж ярих юм?
-Хятадын эмзэг асуудлыг хөндлөө. Шинжаан-Уйгарын өөртөө засах орны уйгарууд Хятадаас тусгаарлан Дорнод Туркестан улс байгуулна гэж их сандаргаж байгаа. Үүнээс Хятад ихээхэн сэрэмжилж байна. Олон улсын хэмжээнд гэвэл Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ыг анх байгуу¬лахад “Шанхайн тав” гэж байсан. Хятад, Орос, Киргиз, Тажик, Казакс-тан улс хуралдаад салан тусгаарлах үзэл болон терроризмын эсрэг хамтран тэмцэж эхэлсэн л дээ. Үүний цаад утга нь Шинжаан-Уй¬гарын салан тусгаарлагчдын эсрэг хамтдаа тэмцэх зорилготой байв. Сүүлд энэ байгууллагад Узбекистан нэгдээд Шанхайн хамтын ажил¬лагааны байгууллага болсон. Хятадын нөгөө эмзэг тал нь Төвд. Тиймээс Хятад нэгдлээ бат хан¬гахын тулд Төвд, Шинжаан-Уйгарт эдийн засгийн аргаар хандаж байна уу гэж.
-Чухам ямар аргаар хандаж байна.Тодруулж хэлбэл…?
-Хэдэн жилийн өмнө Хятад баруун бүс нутгаа хөгжүүлэх 12 жилийн төлөвлөгөө гаргасан. Зах хязгаар нутгуудыг эдийн засгийнх нь хувьд маш сайн хөгжүүлэх, байгаль экологийг сайжруулах, хөдөө аж ахуйн нөхцлийг бүрдүүлэх, дэд бүтэцтэй болгох зэрэг бодлого баримталж байгаа. Энэ нь ямар учиртай юм бэ гэхээр зах хязгаар бүс нутагт үймээн гарвал “Бид та нарыг гэдэс цатгалан, мөр бүтэн байлгасан биз дээ” гээд хатуу гараар дарахад хэлэх үгтэй болгох юм уу даа .
-Бараг зэвсэгт мөргөлдөөний ирмэгт тулаад байсан Хятад, Тай-ванийн харилцаа нэг үеэ бодвол арай дээрдэв. Энэ нь Бээжингийн бодлогыг дэмждэг улстөрийн хүчин Тайванийг удирдаж бай¬гаатай холбоотой юу?
-Ер нь Тайваньтай холбоо тог¬тоосон улстай Хятад улстөр,эдийн засгийн бүх харилцаагаа тасалдаг. Тайвань, Хятад хоёрын харилцаанд Америк их нөлөөтэй. Америк Тайваньд их хэмжээний зэр зэвс¬гийн тусламж үзүүлэхээр хэлэлцээ хийж байсан. Хилларийг Хятадад айлчлах үеэр энэ хэлэлцээг зог-соолоо. Хятад, Америк ойртож байгаа хэлбэр нь энэ. Тайвань эх газрын Хятадтай “Хоёр систем нэг хятад” гэсэн бодлого баримталдаг. Хятад өөрийн онцлогтой социализм, Тайвань капитализмаа байгуулах ёстой гэсэн онцлогтой. 2005 онд Хятадын Ардын төлөөлөгчдийн хурал айхтар хууль баталсан.
-Ямар хууль билээ?
-Улс орныг хагалан бутаргахаас сэргийлэх тухай хууль.Улс орны нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалахын тулд тохиолд¬луудад энхийн бус эвээр бусад шаардлагатай арга хэмжээ авахаар заав гээд нэгд, арлын салан тусгаарлах хүчин Хятадаас салгах явдлыг аливаа шалтгаар бодит хэрэг болговол, Тайванийг салан тусгаар¬лахад хүргэсэн ямар нэг том буд-лиан гарвал эцэст нь энх тайвнаар нэгдэх бүх бололцоо барагдвал хүч хэрэглэнэ гэсэн байдаг. Ийм хуультай боллоо шүү дээ. Хятад их гүрэн болоход энэ хууль их чухал. Ерөөс Хятадын тэргүүн зэргийн бодлого бол дотоод нэгдмэл цул байдлыг хадгалах юм.
-Хятад дотоодын нэгдмэл байдлаа энэ мэтээр бэхжүүлж байгаа юм байна. Гэхдээ дэлхийн номер нэг гүрэн болсны дараа Америк шиг энхийг сахиулна гээд энд тэнд очоод цэргийн ажил¬лагаа явуулах вий гэсэн бол¬гоомжлол төрдөг.
-Хятад ийм хандлага гаргахгүй.
-Яагаад. Бид терроризмын эсрэг гээд…?
-Орос, Америк зэрэг том гүрэн байгаа болохоор тэгэхгүй л дээ. Хэрэв ийм явдал гаргавал Хятадад эсрэгээр л тусна. Цаашдаа ер нь Америкийн Ирак, Афганистанд хийсэн алдаа давтагдахгүй болов уу гэж бодож байгаа. Ийм бодлого хэзээ ч амжилтад хүрдэггүй нь Аме¬рикаар дуусгавар болох байх. Дэлхий өөрчлөгдөж байна. Афга¬нистаныг Орос ч дийлээгүй, одоо НАТО ч дийлээгүй л байна. Афга¬нистаныг хэнбугай ч цэргийн хүчээр дийлэхгүй гэж судлаачид үздэг юм билээ. Тийм түүхтэй ард түмэн юм байна.
-Гэхдээ мэдээж их гүрнүүд терроризмтой хийх тэмцлээ орхихгүй нь тодорхой байх, тийм үү?
-Терроризмыг гаргахгүй байх нөхцөл бүрдүүлэх хэрэгтэй. Энэ их маргаантай асуудал. Терроризмтой тэмцэнэ гэдэг аливаа нэг соёл иргэншлийн юм уу,шашны эсрэг дайн биш ээ. Энэ хүрээнд ойлговол террорыг харин ч идэвхижүүлэх аюултай. Жишээ нь, Ирак байна. Хүний нутагт ороод ирсэн цэргийн өөдөөс гранат шидээд, аллага хийс¬нийг терроризм гэх нь маргаантай. Тиймдээ ч НҮБ-ын Аюулгүйн зөвлөл терроризмын эсрэг тогтоолоо одоог хүртэл баталж чадахгүй байна шүү дээ. Харин терроризмтой тэмцэх стратегиэ бол баталсан. Хүний эрх чөлөөг хангаач ээ, бусдын нутаг руу битгий халдан довтлооч ээ гэж заасан. Ингэж байж терроризмыг уг үндсээр нь устгах юм байна л даа.
-Молдав, Гүржийн үймээн олон улсын анхаарлын төвд хэ¬вээр байна. Монголд болсон үйл явдал яг л Молдавт болох шиг санагдсан?
-Молдав Румынтай түүхэн харилцаатай. Нэг язгуур хэл соёлтой гэж үздэг. “Румын бол Молдавын хэл соёлын төв. Тиймээс энэ улсыг Румынтай нэгтгэнэ” гэж үздэг улстөрийн хүчин байдаг. Зөвлөлтийн үед ч байсан. Молдавын парламентын сонгуулиар энэ нам ялагдчихсан. Тэгээд л Румыны тугийг барьж жагссан хэрэг. Оростой их дотно нам ялсан. Сонгуулийн саналын хуудсыг эрх баригчид дахиж тоолуулаад ялсан нь ямар ч маргаангүйг но¬толлоо шүү дээ. Молдав эдийн зас¬гийн хувьд их хүнд, олон мянган хүн Орост хө¬дөлмөр эрхэлж байгаа. Гүржийн тухайд Ерөнхийлөгч М.Саакашвили ямар ч тохиромжгүй үед буруу бодлого баримталж Өмнөд Осети, Абхаз руу зэвсэглэж халдаад энэ хоёрыг Орост алдсан. Гүржийн нутаг дэвсгэрийн 20-25 хувь нь Оросын мэдэлд очсон. Үүнээс болж М.Саа-кашвилиг огцруулах жагсаал өрнөөд сар гаруй болж байна.
-Ж.Бушийн засаг захиргаа М.Саакашвилийг нэлээд дэмждэг байсан. Харин Барак Обамагийн хувьд түүнийг нэг л тийм үл тоосон шинж ажиглагдаж байна?
-Цагаан ордон Гүржийг НАТО-д элсүүлэх асуудлыг түр хойшлуул¬чихлаа. Ж.Бушийн үед Гүрж Умард Кавказад Америкийн нөлөөг бэх¬жүүлэхийг оролдож байсан. Оростой Оросгүй, Америкийг дагаад явчихад болчих юм байна гэсэн бодол тэр үед Саакашвилид байсан л даа. Энэ нь бүтэхээ болилоо л доо. Нутгаа үүрээд явчих биш дээ, Америкийн далбаан доор удаан явж болохгүй юм байна гэдгийг ойлгосон болов уу. Оросоос зуун хувь хөндийрөх буруу гэж Гүржийн сөрөг хүчин үзэж байна шүү дээ.
-Гүрж, Молдавын хэрэг яв¬далтай холбоод асуухад Монгол ч гэсэн хуучин Зөвлөлтийн дагуул улс байсан. Харин сүүлийн үед манай улсыг Орос, Америк зэрэг их гүрнүүдийн эрх ашгийн талбар боллоо гэж зарим судлаач үздэг. Өнгөрсөн долдугаар сарын 1-ний үйл явдлыг үүний нэг тод илрэл байсан ч гэх юм?
-Долдугаар сарын 1-ний үйл явдлыг Орос их эмзгээр хүлээж авсан шүү дээ. Хятад огт дэвэр¬гээгүй. “Үймээнийг тайван замаар шийднэ гэдэгт итгэж байна” гэсэн ганцхан үг хэлсэн. Америк ч мөн “Энэ бол дотоодын асуудал. Ард¬чиллын замаар шийдэх байх” гэж байсан. Харин Оросууд үүнийг Америкийн түлхээсээр, барууны шахалтаар өнгөт хувьсгал хийх гэж байна гэх хатуу мэдэгдлүүд хийж байв. Орос манайхыг Америкт хамар дороосоо алдах нь гэж болгоомжилж байна уу гэж би ойлгосон ш дээ. Үнэндээ энэ үйл явдлыг Америк хатгаагүйг та бид мэдэж байгаа шүү дээ.
-Гэхдээ л Монгол Улс их гүр¬нүүдийн ашиг сонирхлын зөрчил дундаас яавал өөрсдийгөө эвтэй¬хэн авч гарах вэ гэж бодох нь буруу биш болов уу?
-Тэр маш чухал. Хамгийн гол нь манай улс бүх улстай найрсаг харилцах хэрэгтэй гэж боддог. Олон тулгуурт гадаад бодлого бий шүү дээ. Үүнийгээ л тууштай баримтлах ёстой. Бид аль нэг гүрнийг дагах юм бол хохирно. Бүгдтэй нь найрсаг харилцвал хожино. Их гүрнүүд манайхыг хэн нэгэнд алдахыг хүсэх¬гүй байгаа энэ үед эвийг сахих нь чухал юм даа.
-Оросын төрийн тэргүүнүүд удахгүй манай улсад айлчлах гэж байна. Ерөнхий сайд В.Путин энэ сарын 13-нд хүрэлцэн ирнэ гэж хэвлэлээр мэдээллээ. Энэ айлч¬лалын талаар та ямар бодолтой байна вэ?
-Хоёр улсын харилцааг хэвийн байлгаж хөгжүүлнэ ээ. Монголтой бид эрх ашиг нэг шүү гэдгээ Халх голын 70 жилийн ойгоор далимдуулж нэг сайн харуулах гэж байна шүү дээ. Нөгөө талаар бид та нарт хүнд үед чинь тусалж явсан шүү гэж сануулах нь. Орос, Хятадын Ерөн¬хий сайд нарын жил бүрийн уламжлалт уулзалт Бээжинд болдог юм. В.Путин тэр далимаар, Хятадад очихын өмнө Монголд ирээд “Танай манай хоёр сайн хөрш шүү. Санхүүгийн хямралын үед хамтран ажиллая” гэдгээ дэлхийд харуулах нь гэж бодож байгаа.

Үндэсний шуудан 2009.05.04 №106 /508/


  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS


  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Дэлхийн хамгийн шилдэг мэр


Москва хотын мэр Юрий Лужковыг хувь хүний мөн чанараас нь гадна хийж буй ажлуудаар нь Оросын ард түмэн хүндэтгэдэг юм. Монголчууд бид ч гэсэн энэ эрхмийг хөрш нийслэлийн захирагч гэдгээр нь андахгүй. Юрий Михайлович Лужков 1936 оны есдүгээр сарын 21-нд Москва хотноо төржээ. Эцэг Михайл Андреевич нь Тверийн тосгонд төрж өссөн бөгөөд уулын модчин хийдэг байжээ. 1930-аад оны гачлант жилүүдэд М.Андреевич, Москва хотод шилжин ирж, И.Сталиныг төрийн өндөрлөгт гарах үеэр нефть баазад ажилчнаар орсон аж. Ээж Анна Петровна нь Башкирийн суурингийн жирийн л нэгэн тариачин бүсгүй байлаа. Лужков хүүхэд байхаасаа л ээжийгээ Петровна гэж дуудаад сурчихсан, ээж гэхээсээ илүү Петровна л гэнэ. Ээжийнхээ дугариг төрхтэй ази царайг Лужков “хуулбарласан” гэж зарим орос хүн ярьдаг. Лужков бага байхын л хэрсүү нэгэн байв. Ажлын хүндийг хийж, дутагдах гачигдахын зовлонг амссан тэрбээр 1953 онд Москвагийн Нефть, хими, хийн аж үйлдвэрийн их сургуульд элсэн орж, суралцжээ. Суралцах хугацаандаа Павелецкийн галт тэрэгний буудалд ачигч, хашаа цэвэрлэгч гээд олон төрлийн ажил хийж хоногийнхоо хоолны мөнгийг олдог байжээ. Энэ нь хичээлдээ амжилт гаргахад нь сөргөөр нөлөөлдөг байсан бололтой, тийм ч сурлагатай хүүхэд байсангүй. Гэхдээ л “комсомолын идэвхтэн” гэдгээрээ ойр хавийхандаа чамгүй алдаршиж, сургуулийнхаа нийгмийн ажлыг зохион байгуулдаг байж. 1954 онд Лужков Казакстанд атар газар эзэмшихээр явсан оюутнуудын анхны барилгын отрядад ажиллажээ. Ер нь түүний зан чанарын талаар Оросын хэвлэлүүд багагүй бичдэг л дээ. Тэр зун атар газар дээр ажиллаж байх үед нь Бериягийн барьж хорьсон хүмүүст өршөөл үзүүлснээс болж, гэмт хэрэгтнүүд газар сайгүй тархаж. Яг энэ үед залуухан, үсээ мулзайтал хусуулсан,түнжин толгойт Луккон /найзууд нь ингэж дууддаг байжээ. Г.И/ найзынх нь хамаатнууд амьдардаг Рязанын нэгэн тосгонд очиж, орой нь Борейтэй хамт үдэшлэгт орохоор явжээ. Гэтэл хаанаас ч юм, мужийн “овгор”-ууд гарч ирээд мулзан толгойтой Юрийг барьж аван балбаж өгөх нь тэр. Лужковыг өнөөх гэмт хэрэгтнүүдийн нэг гэж бодож л дээ. Гэнэтийн довтолгоонд өртсөн Лужковт хулигаануудаас зугтах боломж арайхийн гартал Борейг нь бүчиж байгаад нэвширтэл нүджээ. Ирээдүйн хотын захирагчийн шар хөдөлж, хажууханд нь хэвтэж байсан тайрдас модыг шүүрч аваад нутгийн овгоруудыг ёстой болгож өгчээ. Атаманууд зугтаж, Лужков ч шаггүй зодоонч эр гэдгээ тэгэхэд л харуулсан гэдэг. Лужковын бүлэгт Марина Башилова гэгч чинээлэг айлын охин суралцдаг байлаа. Түүний эцэг нь Нефтийн томоохон салбарт даргын ажилтай. Хожмын нэгэн сонинд өгүүлснээр Лужков тэр охинд сэтгэлтэй байсан бөгөөд түүнийг ихэд халамжилдаг байж. Тавдугаар курсдээ тэд хуримлаж, байр хөлслөн амьдрах болсон байна. 1958 он. ЗХУ-ын Хуванцар эдлэлийн үйлдвэрийн лабораторийн даргын орлогч, эрдэм шинжилгээний ажилтан болсон Лужковт шинэ үүд хаалга нээгдэв. Тухайн үед энэ үйлдвэр нь нэлээд эрчимжсэн, өргөн далайцтай үйл ажиллагаа явуулдаг байлаа. Тиймээс ч Зөвлөлтийн эдийн засгийн олон салбарт ааштай үрд үн авчирсан. Үйлдвэрийн нэгэн давуу тал нь нийслэлийн “Хоёрдугаар цувааны элитүүд” дотор өргөн харилцаа тогтоох боломж байв.”Нэгдүгээр цувааныхан” нь нам, төрийн зүтгэлтнүүд. Ямар ч хүн “нэгдүгээр цуваа”-наас хоёрдугаар цуваа луу шилжиж байж жинхэнэ улс төрч болдог жамтай. Харин “хоёрдугаар цуваа”-ныханд шинжлэх ухааны салбарт голлох үүрэг гүйцэтгэсэн, техник технологийн мэргэжилтнүүд ордог. Лужков энэ л замналаар нийслэлийн “Хоёрдугаар цуваа”-ны элитүүдийн эгнээнд багтаж, шинжлэх ухааны ажилтан гэдгээрээ ч багагүй нэр хүнд олоод байв. Лужковын албан тушаал огцом өсч, 1964 онд ЗХУ-ын Химийн аж үйлдвэрийн яамны салбарын дарга болж, ЗХУКН-ын гишүүнээр элсэн улс төрийн карьер хөөж эхлэв. Тэр 1991 он хүртэл намын гишүүн гэгдэж байгаад Орос оронд ардчилал тогтох үест намаасаа гарсан байна. Мэдээж намын гишүүнчлэлээсээ татгалзах нь амар хялбар байгаагүй. Хуучны хэвлэлүүд одоо ч түүнийг “урвагч” гэж баруун солгойгүй шүүмжлэх нь бий. Гэхдээ намаасаа гарснаар түүнд итгэх хүмүүсийн тоо нэмэгдсэн гэж хэлэх үндэстэй. Бага залуугаасаа том албан тушаал эрхлэсэн түүний нэг сул тал нь архи багагүй хүртчихдэгт байв. Үүнээс болж шүүмжлэлд их өртсөн. Гэхдээ тэр зүрхний хүнд өвчи туссанаас хойш архи дарс хэрэглэхээ больсон. Харин тамхийг бол хүссэн үедээ л татчихна. Лужковын анхны эхнэр Марина Башилова 1980-аад оны эцсээр элэгний хорт хавдраар өвчилж, удалгүй өөд болжээ. Хань ижилгүй ганцаардахын зовлонг хэсэг амссан Лужков 1987 онд Москвагийн зөвлөлийн хороонд ажиллаж байх үедээ хоёр дахь эхнэр Елена Батуринатай танилцсан гэдэг. Танилцаад нэг их удалгүй 1991 оны эхээр гэрлэжээ. Үүнээс болж том хүү Михайлтайгаа муудалцсан удаатай. Анхны эхнэрээс нь төрсөн энэ залуу Саратов хотын цэргийн сургууль төгссөн гэдэг. Лужков өмнөх эхнэрээсээ хоёр хүүтэй үлдсэн юм. Нэг нь Михайл. Нөгөө нь Александр. Александр нь мэрийн зуслангийн газрын хөрш айлын охинтой гэрлэсэн билээ. 25 настай Елена, 55 нас хүрч буй Лужковтой ханилснаас хойш хоёр охин төрүүлжээ. Охин Алена нь 1992 онд, Ольга нь 1994 онд төржээ. Эхнэр Елена Батурина нь өдгөө Оросын топ баячуудын нэгд тооцогддог. 2004 оны “Форбс” сэтгүүлээс зарласан “Оросын хамгийн баян 100 бизнесмэн”-ийг тэргүүлж байсныг дурдахад л хангалттай. Жагсаалтад багтсан цорын ганц эмэгтэй тэрбээр мөн энэ үеэр “Оросын хамгийн баян эмэгтэй”-гээр шалгарч байлаа. 1,1 тэрбум долларын хөрөнгөтэй бөгөөд Москвад үйл ажиллагаа явуулдаг барилгын “Интеко” компанийг эзэмшдэг. Хоёр жилийн өмнө Елена, Москвагийн ойролцоох Липка тосгонд “Элитүүдийн гимнази” байгуулж, үүнийгээ “Медовые Лужки” хэмээн нэрлэснийг сонин хэвлэлүүд дуулиантайгаар нийтэлж байв. “Элитүүдийн гимнази” бол Москвадаа л хамгийн өндөр төлбөртэй сургууль. Одоо энэ сургуульд түүний хоёр охин нь суралцаж байгаа. Тэдний сургалтын төлбөр нь жилд 250.000 еврод хүрч байна. Гэхдээ юу боллоо гэж өөрийнхөө сургуульд хүүхдээсээ өндөр төлбөр авах билээ. Юутай энэ сургуулийг дүүргэсэн хүүхэд доод тал нь гадаадын таван хэл эзэмшиж байж төгсдөг гэнэ лээ. Лужковыг Москвагийн Зөвлөлийн хорооны даргын нэгдүгээр орлогч болон Москвагийн хөдөө аж ахуйн хорооны даргын албыг хавсран гүйцэтгэж байх үед “Нийслэлийн мах комбинат чанар муутай хиам үйлдвэрлэж байна” гэсэн нэртэй өгүүлэл “Литературнач газета” сонинд нийтлэгджээ. Ю.М.Лужковоос хэл ам салахаа больж, арга буюу тус сониныг шүүхэд шуугианыг арай гэж даржээ. Сүүлд нь Лужков тус үйлдвэрийн худалдааны эрхийг хориглосон ч хэсэг хугацааны дараа ардчилсан нийгмийн зах зээлийн аргаар сэтгэх нь зөв юм байна гэсэн бодолдоо хөтлөгдөж, заргаа татаж байсан удаатай. 1990-ээд оны эхээр хотын ажил амьдралтай биечлэн танилцаж, багагүй туршлагажсн Ю.М. Лужков Москвагийн захирагчийн орлогчийн албыг хашиж байхдаа гудамжны худалдаачид болон жагсагчдыг цагдаагийн хүчээр хөөхийн эсрэг бодолтой явдаг Мурашов даргын үүрэгт албыг авах нь зохимжгүй гэдгээ ил шулуухан мэдэгдэж байлаа. Цагдаагийн хүчийг ашиглана гэдэг Лужковын хувьд хотын өнгө зүс хийгээд гудамж талбайг бохирдуулж буй аливаа сөрөг үзэгдлүүдтэй тэмцэх ердийн л арга гэсэн яриа тэр үеэс л гарсан. Тэр хотын захирагч болонгуутаа гудамж талбайд гар дээрээс ногоо, хоол хүнс, архи дарс зарахыг хориглосон захирамж гаргаж байжээ. Үнэхээр ч тэр үед гудамжны наймаа хотын өнгө зүсийг гундаадаг болсноос гадна гэмт хэрэг гарах нөхцлийг бүрдүүлж байсан юм. 1991 оны наймдугаар сард Лужков Москвагийн тээврийн болоод банк санхүүгийн байгууллагуудтай нягт холбоо тогтоосноор “Цагаан ордон”-ы найдвартай “бэхлэлт” болжээ. Тэрбээр, Москвагийн зам тээврийн байгууллага, банкны тогтолцоог атгаж эхэлжээ. Тухайн үеийн хэвлэлүүд түүнийг Б.Ельцинтэй дотно харилцаа тогтоосон хэмээн бичицгээж байв. Ямар сайндаа л сөрөг хүчнийхэн “Лужков эхнэр, Москва хоёрт өгсөн хайраа Ельцинд өгсөн хайртайгаа харьцууллаа” гэж бичиж байхав. 1991-1993 оны жилүүдэд тэрбээр “Мост” болон түүний эзэн Гусинскийтэй түншилжээ. Гэтэл удалгүй бас л бөөн шуугиан дэгдэв. 1993 он гараад удаагүй байтал Москвагийн засаг захиргаа түүнийг хээл хахуулийн хэрэгт буруутгажээ. “Мост”, “Оргкомитет”, “Мосинвест”, “Мос приватизия”, “Московская гилья” зэрэг худалдааны байгууллагад Москвагийн засаг захиргаанаас далдуур дэмжлэг үзүүлдэг гэсэн цуу тарж, Лужковыг орлогоо олон нийтэд дэлгэхийг шаарддан ажлыг нь хийлгэхээ болив. Гэвч Лужковт энэ бүхнийг үгүйсгэхээс өөр арга байсангүй. Оросын сэтгүүлч Баранов Лужковын “нууц” –ыг нээх гэж чармайгаад аль ч үгүй өөрөө баларсан юм даг. 1996 онд болсон Москва хотын сонгуульд Ю.М.Лужков 89,68 хувийн саналаар ялсан бөгөөд энэ сонгууль түүний хувьд улстөрд ороход нь томоохон түлхэц болсон. Түүнийг хотын амбан захирагч болсноор Москва хотын өнгө төрх улам сайжирч “Дэлхийн хамгийн шилдэг хотын мэр” алдрыг хүртсэн билээ. Гэхдээ тэр эхнэр шигээ “Оросын алтан зуут”-нуудын эгнээнд ороогүй. Түүний жилийн орлого нь 9,147 сая рубль гэнэ. Саяхны үнэлгээгээр хувьдаа 62 ам.метр байшин, гарааш, чиргүүлтэй машин, Москвагийн хэд хэдэн хувийн сууц, банкиндаа 550,5 сая долларын хадгаламжтай нь тогтоогдсон. Лужков хоёр жилийн өмнө /2004 онд Г.И/ хотын захирагчийн сонгуульд ялалт байгуулсан нь Москвачууд түүнд итгэл үзүүлдгийн нэгэн жишээ биз ээ. Ю. Лужковын ажлын өдөр тун ажил хэрэгч өнгөрдөг. Өглөө эрт ажил дээрээ ирүүтээ л албаны хүмүүсээ цуглуулан Москвагийн тухайн өдрийн байдлын талаар товч мэдээлэл авч, чиглэл чиглэлээр нь үүрэг даалгавар өгдөг байна. Москва хотын захиргаанд цаг баримталдаггүй хүн гэж байхгүй. Лужков ажилчдаасаа үүнийг л шаарддаг болохоор тэр. Өөрөө цаг нарийн баримталдаг, зарчимч, шийдэмгий зантай тул ажил хэрэг нь ч төвөггүй бүтдэг. Залхуу, хариуцлагагүй хүнд “ташуур” л гэсэн үг. Түүнийг энэ албанд томилогдсоноос хойш нийслэл Москва эмх цэгцтэй, хүний тав тухтай амьдрах орчноор хангагдсан “ Дэлхийн зуун хот”-оос эхний 26-д орсон юм.
"Улаанбаатар таймс" сонин 2005 он

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Ж.Болдбаатар: Улс төр, санхүүгийн олигархи хоёр нийлэхээрээ төр ялзардаг


Монгол Улсын Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, түүхийн ухааны доктор, профессор, академич Ж.Болдбаатартай ярилцлаа.


-УИХ-ын нээлтийг ажиглаж байхдаа нэг зүйлээс их ичлээ. Бизнесийн ертөнцөөс улс төр рүү орсон хоёр гишүүн “гудамжны” гэж тодотгодог хүмүүсээс ч дор хэрэлдэж, муу муухайгаа дуудалцсан. Гэхдээ бид зарим түшээдийн ийм үйлдэлд дасч байх шиг байна. “Монголчууд төр түшилцэх хүнээ бодлогоор бэлддэг байсан” гэж та хэлж байсан даа. Энэ үг чуулганы нээлтийн үеэр санаанд минь орж билээ?


-Ер нь дорно дахинд төрийн түшээг сонгохдоо бүр бага залуугаас нь бэлтгэж байсан. Монголд гэхэд хошуу засаг, хүүхдүүд дотроосоо өөрийгөө залгамжлах хүүгийн нэрийг Манжийн хаанд өргөж, зарлиг гаргуулан багаас нь төр барих, ардыг ачлах эрдэмд сургаж байсан түүхтэй. Чингисийн үед ч ялгаагүй. Аравтын дарга сайн байвал зуутын, зуутын ноён сайн байвал мянгатын гэх мэтээр шат дараалан зэрэг ахиулдаг байсан.Ингэхдээ нэг гол зүйлд анхаардаг байж. Төрийн түшээ хүнийг төв эрхэмсэг намба төлөвшүүлэх ажлыг гэрийн сургалтаар хийж байж. Эрхэмсэг намба гэдэг өөрөө цогц ойлголт. Төр засах эрдэмд суралцсан байдал, төрийн хүний биеэ авч явах гадаад төрх, хүнтэй хэрхэн харилцах, хүнийг яаж талдаа татах, эевэргүү зөөлнөөр удирдах зэргийг багтаасан ойлголт. Тэр үеийн түшээд “Төрийн хэрэг бага ч гэсэн их, гэрийн хэрэг том ч гэсэн бага” гэсэн зарчмаар ажилладаг байсан. Элит сургуулиар бэлтгэгдсэн болохоор үнэхээр монгол төрийн төлөө насыг зарж, чөмгөө дундартал зүтгэдэг байж. Харин өнөөдөр байдал өөрчлөгдсөн. Улс төрийн тухай ямар ч ойлголтгүй, төр хууль цаазын мэдлэггүй, гудамжинд явж байсан нөхөр мөнгө, элдэв юм амлаад төрд гарч ирж байна. Тэгж болно л доо. Гарч ирээд төрийн түшээ хүний үүргийг биелүүлэхийн тулд өөрийгөө боловсруулж, ирлэх ёстой.Мэдэлтэй байна гэдэг чинь мэдлэгтэй байхыг хэлж байгаа юм. Ярьсан хэлснээс эрдэм үнэртэж байх ёстой. Гэтэл зүгээр л амандаа орсон болгоныг муу үгээр турхирдаг, албан тушаалдаа эрдсэн хүмүүс олшроод байна уу даа гэж бодогддог

-Улс төр, мөнгө хоёр ихэрлэвэл төрд учрах хор нь ихэсдэг гэдэгтэй та санал нийлэх үү?


-Ерөөсөө улс төр, санхүүгийн олигархи хоёр нийлэхээрээ төр ялзардаг. УИХ-д бизнесмэн, мөнгөтэй хүн голдуу сонгогдож байна. Тэдний дотор төрд зүтгэж байсан туршлагатай цөөн хүн байгааг үгүйсгэж болохгүй. Гэхдээ зүгээр гудманд гүйж яваад төрийн алба хашина гэдэг юу л бол. Ийм улс аливаа асуудалд юм мэддэг хүний байр сууринаас хандаж чаддаггүй. Хэл амаа билүүдээд, шуудхан дайрч давшлахыг илүүд үздэг. Чуулганы нээлтийг харахад төрийн төлөө гэсэн сэтгэлтэй улс төрч ховор харагдсан. Үндэсний эрх ашгийг урьдал болгохгүй, зөвхөн нэг намын эрх ашгийн төлөө байгаа нь харамсмаар санагдсан. Түүхийг яагаад судалдаг вэ гэдэг цаанаа нарийн учиртай. Хүн төрөлхтний амьдралыг өнгөрсөн, одоо, ирээдүй цагийн хэлхээ холбоонд авч судалдаг. Өнгөрснөөс авсан сургамжаас үндэслэн эдүгээд дүн шинжилгээ хийдэг, энэ дүн шинжилгээнээс ирээдүйд сэрэмжлүүлэх гаргалгаа гардаг. Ингээд бодохоор улс төрд зүтгэж байгаа хүн улс төрийн түүхээ мэддэг байх ёстой. Тэндээс сургамж авч цаашид яаж ажиллахаа тодорхойлох учиртай л даа. Харамсалтай нь өнөөгийн ихэнх улс төрчид улс төрий шинжлэх ухаан, улс төрийн түүхээ мэдэхгүй, судлахгүй байна.

-Сайдууд солигдохдоо тамгаа өөртөө мөргүүлж байна. Бас номыг дэлгэж барьдаг атал хаалттай чигээр нь өгдөг.Эндээс л төрийн түшээдийн биеэ авч явах эсэх нь харагддаг гэж ойлгож болох уу?

-Төрийн түшээ төв эрхэмсэг байна гэдэг харагдах чанараасаа эхлэх ёстой. Уулзмагц өөрийн эрхгүй хүндлүүлнэ гэдэг том чанар. Юм энгийнээс эхэлдэг. Гараа салаавчлах, элгээ эвхэх, шанаагаа тулахыг эрт дээр үеэс төрийн түшээд байтугай эгэл ард тэвчдэггүй байсан. Гэтэл өнөөдөр нэлээд гайгүй том сэхээтэн элгээ эвхчихсэн сууж байхыг зурагтаар харж байлаа. “Эцэвч элгээ бүү эвх, шаналавч шанаагаа бүү тул” гэдэг үгтэй. Хэлж байгаа үгийн хувьд бүр ярилтгүй. Гудамжныхнаас долоон дор үг хэлж байна. Төрийн түшээ хүний хэлэх үг ч хэмжээтэй.Тийм ч учраас Ёс зүйн дэд хороо гэж УИХ-д ажилладаг. Сайдууд, төрийн түшээд тамга солилцохдоо өөртөө мөргүүлж байна сая хэллээ. Ном, тамга гардаж авахдаа элгэн тушаагаа барьж өөрөө мөргөж хүндэтгэл үзүүлэх ёстой л доо.Шууд өөртөө мөргүүлж байгаа нь түүх, соёлоо мэдэхгүйн хар гай. Хоёрдугаарт ихэмсэглэхийн хэнээ. Нэг сэтгүүлч надаас “Ийм хуучирсан ёсыг өнөөдөр заавал давтах албагүй биз дээ” гэж асуухад нь би “Ардчиллын үед төрийн уламжлал хэрэггүй юм бол та нар Английн хатан хааны ёс горимыг хараарай. Бүр хуучнаараа байдаг. Англи ардчилсан орон. Гэтэл тэнд ёс заншлаа дээд зэргээр хүндэлдэг шүү дээ” гэж хариулж байсан. -Гэхдээ одоогийн түшээд төр ёсны талаар заалгахгүй байх аа даа?-Тийм байж мэднэ. Улсын Их хурлын гишүүнээр сонгогдоод ирэхээр өөрсдөөс нь дээш хэн ч байхгүй юм шиг ойлгодог болчихож. Английн Кембрижийн их сургуульд доктор, профессоруудын гардаг шатаар оюутан гардаггүй. Профессор явж байхад хүндэтгэн зогсч өнгөрүүлдэг юм билээ. Намайг тэнд явж байхад хоёр, гурван оюутан ингэхэд гайхаж л байлаа. Гэтэл өнөөдөр манайд шавь төвтэй сургалт гэж яриад ийм наад захын ёс байхгүй болсон. Багшийг шүтэх ёс үндсэндээ алга болж байна. Багшийг эс шүтсэн эрдэм бол эрдэм биш юм шүү. Ер нь ёс дэг, хүндэтгэлийн талаар хаана хаанаа анхаарах хэрэгтэй л дээ.

-Ерөнхийлөгч саяхан олимпийн аваргуудаа хүлээж авахдаа бүгдээрээ төрийн дууллаа сонсохдоо гараа зүрхэн тушаа тавьж суръя” гэж хэлж байсан. Энэ талаар хуулийн заалт хүртэл бий шүү дээ. Харин та энэ ёсыг Монголынх биш гэж үздэг байх аа?

-Манжийн үед элгээ дарж мэхийх ёс дэлгэрсэн. Монгол хүнийг хүндэтгэлийн илэрхийлэл бол номхон зогсч, хараа дөлгөөн, эгц эрхэмсэг байх. Энэ ёсоо баримаар санагддаг. Өрнөдийг дагасан ёс л доо, гараа зүрхэндээ авах нь.

-Ардчилсан нийгэмд бүх зүйлд ёс дэг байх ёстой гэж ярих нь хэтэрхий нэг тииш хандсан хэрэг биш үү. Хүмүүс хүлээж авах эсэх талаас нь асууж байна л даа?

-Ардчилсан улсын гол шинж бол ардчилсан иргэнтэй байх. Гэтэл өнөөдөр Монголд ардчилсан иргэн төлөвшиж байна уу гээд бодохоор хэцүүхэн хариу гарна. Мэдээж над мэтийн насны хүмүүс жаахан хуучнаа санагалзаж байгааг үгүйсгэхгүй. Залуус нь ардчиллын нэрэн дор хүчирхийллийг бий болгосон. Юм л болвол жагсана, өлсгөлөн зарлана. Тэмцлийн бүх аргыг хэрэглэнэ гэж мэдэгддэг. Ямар ардчилсан арга ийм байдаг байна даа. Хамгийн болхи арга. Сүүлийн жишээ гэхэд долдугаар сарын нэгний үйл явдалд фашист элемент анзаарагдсан.

-Долдугаар сарын нэгний үйл явдлын гол буруутан нь улс төрийн намууд гэвэл та хүлээн зөвшөөрөх үү.

Ард түмнийг талцуулж нийгэмд бухимдал үүсгээд байгаа зангиа зүүсэн эрхмүүд энэ үйл явдалд зохих гэж боддог?-Монголчуудыг улс төрийн намууд өдөр ирэх тусам хоёр тийш нь хагалж байна. Хөдөө орон нутагт хүртэл залуус нь ууж идэхээрээ МАХН-ын тал, АН-ын тал гээд зодолдож байна. Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй гэдгийг тод жишээ энэ л дээ. Төрийн түшээд нь хэлэх зүйлээ зоригтой, бас соёлтой илэрхийлж, мэдлэгтэй ярьдаг болчихвол байдал өөрчлөгдөнө. -

Ярианы сэдвээ арай гэгээтэй үйл явдал руу хандуулъя. Олимпоос монголчууд хос алт, мөнгөн медаль авлаа. Олимпийн аварга төрсөн нь монголчуудад үндэсний үзэл сэргэж, соёмбот далбаагаа хүндэтгэхэд түлхэц өгөв үү гэж бодогдох юм?

-Хорь, хорин нэгдүгээр зууны түүхэнд Монголын ард түмнийг бүхэлд нь догдлуулсан хоёр л үйл явдал болсон. Ж.Гүррагчааг сансарт нисэхэд ард түмэн баярлаж, нойргүй хонож байлаа. Хоёр дахь нь олимпийн аварга Түвшинбаяр, Бадар-Ууганыг алтан медаль авахад нийтээрээ догдолсон. Хүн бүр далбаагаа барьж, монголоороо бахархсан. Тэр бүү хэл олимпийн аваргууд дэлхий дахиныг бахархуулсан. Би саяхан Солонгосын Үндсэн хуулийн шүүхийн 20 жилийн ойн арга хэмжээнд оролцоод ирлээ. Тэнд байхад янз бүрийн орны хүмүүс зэрэгцэж суугаад Э.Бадар-Ууганыг л ярьж байна. “Танай монголчуудын боксын сургууль хол тасарчээ” гэж надтай уулзсан хар арьст залуу толгой сэгсэрч байсан.

-Тийм үү. Үнэхээр ч дэлхийн чихийг дэлдийлгэсэн үйл явдал болсон шүү?

-Монголчуудын хамгийн том бахархал бол өнгөрсөн түүх. Хүн төрөлхтний туулж өнгөрүүлсэн хорин нэгэн зуунаас бүхэл бүтэн хоёр зууных нь өнгө төрхийг монголчууд тодорхойлсон. Хоёр бүтэн зууны өнгө төрхийг ингэж тодорхойлсон нэг ч үндэстэн дэлхийд байхгүй. Өнөөдөр дэлхийд 220 гаруй улс байна. Бүтэн хоёр зуунд дэлхий дахин монголоор амьсгалж, монголоор овоглож байсан. Иймийн учир бид Чингис хаанаараа бахархдаг. Хоёр дахь том бахархал нь Ж.Гүррагчаа сансарт ниссэн, гурав дахь нь Монголд олимпийн аварга төрсөн явдал. Үндэсний мэдрэмж сэргэж байна. Одоо л ХIII, ХIV зууныхаа хурдыг сэргээх хэрэгтэй. Монголчуудад сайхан чанар их байгаа боловч зовлонтой чанарууд байна. Буруугаа өөрөөсөө биш бусдаас эрдэг гэм бидэнд бий. Буудлагаар олимпийн мөнгөн медаль хүртсэн О.Гүндэгмаа лут бүсгүй байна лээ. “Буу гацсанаас болоод та олимпийн аварга болж чадсангүй. Яагаад гацав” гэж сэтгүүлчид олон асуусан. Гүндэгмаа болохоор “Би тайван байсан. Буудах үед ийм тохиолдол гардаг” гээд л байхад д заавал сөрөг зүйл хэлүүлэх гээд байгаа өнгө анзаарагдсан. Аягүй бол хятадууд зориуд ийм муу буу өгсөн байх гэж ирээд бичлээ шүү дээ. Монголчуудад өөр нэг муухай гэм байна.

-Ямар гэм бэ?

-Цаг хугацааны хүчин зүйлийг тоодоггүй. Мөч хором бүрийг ашиглаж байж урагшилна. Урагшлах тусам урьдах ажил нэмэгдэнэ шүү дээ.


Үндэсний шуудан 2008.07.25

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

О.Сүхбаатар: Ж.Самбуу гуай түүхэн газруудыг тогтооход их хувь нэмэр оруулсан шүү

Чингис хаан дээд сургуулийн дэд захирал, түүхэн газар зүй судлаач, доктор О.Сүхбаатартай ярилцлаа.
Бөөгийн шашныг “харын шашин” гэж тунхаглаад хар гэсэн нэртэй бүхнийг өөрчилсөн
-Та эртний шүтээнт уул хайрхад, газар усны нэрийг шарын шашны далбаан дор өөрчилж, будлиулсан гэж шүүмжилдэг. Эндээс яриагаа эхлэх үү?
-Сүжигтэй бол уучлаарай. Шарын шашныг Монголд дэлгэрүүлсэнээр соёл хөгжсөн гэж их тайлбарладаг юм. Тийм тал байгаа. Гэхдээ монголчуудын нүүдэлчин, эрмэг зоримог байдлыг зөөлрүүлэх, Чингис хааных нь оронд дээдлэх өөр зүйл бий болгох, Чингисийн угсааныхныг орлох нэр нөлөөтэй анги давхарга үүсгэх зорилгоор шарын шашныг дэлгэрүүлсэн байдаг. Шарын шашныг үзэл бодлоо нэгтгэх хэрэгсэл гэдэг утгаар авч хэрэглэсэн тал бий л дээ. Гэхдээ үүгээр далимдуулж Монголын үндсэн ахуй, зан заншлыг өөрчлөх мэх болгож ашигласан хүмүүс бол манж нар. Монгол хэл, тэр дундаа газар ус, хүний нэрийг өөрчлөхөд их анхаарч байсан байгаа юм.
-Шүтлэгийг нь далимдуулж уул усаа дэргэд нь нэрлэхгүй байх ёсыг дэлгэрүүлсэн хэрэг үү?
-Тийм. Уул бүрийг л бараг хайрхан гэх болсон байна. Ингэсээр байгаад тэр уулын нэр мартагддаг. Үүний дараа нэг том тахилга зориуд зохион байгуулж Өлзийт хайрхан гэх мэтийн бэлгэдлийн нэр өгдөг байж. Үгүй бол төвд нэр өгчихнө. Норовлин, Цамбагарав, Дүнжингарав, Дашнамжил гэх мэт. Үүнээс болж Монголын түүхэн, домогт газруудын нэр маш их мартагдсан. Газар усны нэр хүртэл өөрчлөгдөж. Шашнаа хүндэтгэлгүй яах вэ. Гэхдээ тухайн газрын онцлог шинжийг ажиглаж өгсөн нэр мартагдаад байгаа юм.
-Жишээлбэл?
-“Монголын нууц товчоо”-нд “Бурхан Халдун чамайг” гэж олонтаа гардаг. Гэтэл монголчуудын голомт газрын нэрийг Хэнтий хан болгож, хожим Хан Хэнтий гэж өөрчилсөн байна. Тэнгэрийн босго давааг Босго тэнгэр гээд утгыг нь муухай болгочихсон. Зөвхөн газар ус ч биш. 1918 оны тооллогоор Монголын хүн амын 85 хувь нь монгол биш нэртэй болсон байгаа юм. 80 хувь нь төвд, үлдсэн таван хувь нь хятад, манж нэртэй байж. Үнэт чулуу, эмийн гол ургамлууд мөн л төвд нэртэй. Вансэмбэрүү, сэржмядаг гээд… Сүүлдээ шарын шашин бөөгийн шашныг устгах гэж оролдсон шүү дээ. Бөөгийн шашныг “харын шашин” гэж тунхаглаад хар гэсэн нэртэй бүхнийг өөрчилж эхэлсэн байдаг. Уг нь монголчууд хар, цагааныг ертөнцийн хоёр үндсэн өнгө гэж үздэг байлаа. Хар бол хольцоогүй өнгө. Тиймдээ ч Чингис хааны үед хар, цагаан сүлд л байсан. Нийслэлээ хүртэл Хар Хорум гэж нэрлэсэн. Монголд хамгийн цэнгэг устай газруудыг Хар ус нуур, Хар нуур, Хар усны гол гэж нэрлэдэг байсан байгаа юм. Баянхонгор аймгийн Хар хөх нуур Монголын нууц товчоонд Хар сүүл гэсэн нэрээр гарна. Хожим үүнийг лам нар Өлзийт болгосон. Байдрагийн голын баруун талаас Цагаан гол урсдаг. Тэр нь булингартай. Зүүн талаас нь Өлзийт гол бол Хангайн нуруунаас эх авдаг, маш тунгалаг сайхан гол. Тэгээд л Хар усны гол гэж нэрлэж байв. Цэнгэг ус хүний аминд ордог учраас “Хар усыг харамлаж болохгүй” гэсэн үг гарч л дээ. Монголын хар нэртэй газруудыг шашны үүднээс бүгдийг нь өөрчилсөн байдаг юм. Хар зүрхний хөх нуур байна. Чингис хааны гал голомтоо бадраасан газар гэдэг. Үүнийг Баян зүрх болгосон. Төрөлхийн ухаантай мөртлөө сургууль эрдмээр яваагүй хүнийг ч “хар ухаантай хүн” гэдэг шүү дээ.
-Энэ мэтээр олон жишээг дурьдаж болох байх л даа. Нэгэнт өнгөрсөн юм гээд уул хайрхан, газар усаа хэвшсэн ойлголтоор нь нэрлээд явж болно. Гэхдээ зарим түүхэн гол дурсгалт газрынхаа нэрийг хуучин монголоор нь сэргээж нэрлэх боломж байгаа болов уу?
-Ийм хэвшил тогтоох ёстой л доо. Хэнтий хан, Хан хэнтий гэснээс шууд л Бурхан Халдун гээд нэрлэчих юмсан. Нууц товчоонд Гурван мөрний эх, Ононы мөрний эх Бурхан Халдун уул гээд л гардаг шүү дээ. 550-иад оны үед энэ нэр байсан л байгаа юм. Бурхан нь бурхан, Халдун нь тэнгэр гэсэн урианхайжин монгол аялгуу үг.
-Та социализмын үеэс л Чингэс хааны түүхтэй холбоотой газруудыг судалж ирсэн. Энэ санааг манай төр нийгмийн нэртэй зүтгэлтэн Ж.Самбуу агсан анх гаргасан гэдэг байх аа?
-Би Шинжлэх ухааны газар зүйн хүрээлэнд хүн амын газар зүйн чиглэлээр ажиллаж байлаа. Нэг удаа Гунгаадаш багш “Маргааш чи бид хоёрыг нэг том дарга хүлээж авна. Эрт ирээрэй, Үдээс хойш дуудах байх” гэдэг юм байна. Маргааш нь Самбуу гуайн нарийн бичгийн дарга Готов гуай дээр очлоо. Самбуу гуай “Монголын нууц товчоо”-г барьчихаж. Тэгээд “Монголын нууц товчоо”-н дээр их олон нэр гарах юм. Тэр үеийн хаад ноёд ус бэлчээр сайтай газарт нутаглаж байсан нь эргэлзээгүй. Хаадын хүрээнд дор хаяж хэдэн зуун мянган мал байна. Тэр дундаа бэлчээр амархан муутгадаг адуу ихтэй байсан байж таараа. Нууц товчоонд гарч байгаа Чингис болон бусад хаадын нутаглаж байсан бэлчээрийн даацтай газрыг мэдэх хэрэгтэй. Мэдээд авчихвал хэдэн бор малчнаа ган, зудын үед бэрхшээл багатай, хэдэн малаа хорогдолгүй өвөлжүүлж, хаваржуулахад чухал байна. Энэ газруудыг мэдэх шаардлага байна” гэж хэллээ. Ингэж хэлэнгүүт би цаад учрыг нь ойлгосон.
-Мэдээж тэр хатуу нийгэмд, тийм том хүний даалгавар…Биелүүлэхэд хэцүү ажил байв уу?
“Чингис хааныг судал” гэсэн даалгавар өглөө” гэж хэн нэг нь шүүмжлэх вий гэсэндээ ийм айхтар аядуу санаа олсон хэрэг л дээ. Хоёрдугаарт “Чингис хааны холбогдолтой газрыг яагаад судлаад байна аа” гэж өөлөх хүн таарвал ингэж хэлээрэй гэсэн дохио байсан. Самбуу гуай ийм л айхтар үг хэлдэг хүн байлаа. Энэ үгний цаана “Монголын нууц товчоо”-ны газар нутгийн нэрийг мэдэхгүй, судлахгүй байна шүү” гэсэн утга тодорхой байсан. Тэрээр “Эрдэм шинжилгээний хурал дээр илтгэл энэ тэр гэж сүржигнэлгүй илтгэх хуудас бичээд өгчихнө байгаа” гэлээ. Илтгэх хуудас гэдэг тухайн үедээ нууц зүйл. Самбуу хүнтэй бараг ярьдаггүй. Ялангуяа сэхээтнүүдээс зай барьдаг, сонин хүн байсан л даа. Хөдөө явахдаа машиндаа тухайн аймаг сумын даргыг биш малчин юм уу анчин суулгана. Нэг их юм ярихгүй. Гэнэт л ямар нэг зүйл асууна. Нөгөө малчин ийм нөхцөлд үнэнийг хэлж таарна даа. Буудалд буухдаа дарга нартай уулзахгүй “Шатар тоглодог хүн явуулчихаарай” гэнэ. Шатар нүүж байхдаа гэнэт юм асууна. Нөгөө хүн бодох санах юмгүй хариулчих жишээний.
-Яг үнэнийг сонсох гэсэн тактик л байж дээ. Та судалгаагаа шууд л эхлэсэн үү?
-“Хөдөөгийн хүн амын байршил, шилжих хөдөлгөөн” гэсэн сэдвийг би авсан юм. “Нууц товчоо”-ны газруудыг судалгаагаар явахдаа хайна. Самбуу гуай хамгийн түрүүнд Сэнгүр горхи, Бүрги эргийг судлаарай гэв. Ц.Дамдинсүрэн гуай Сэнгүр горхийг Цэнхэрийн горхи мөн гээд биччихсэн. Тэр бол яах аргагүй мөн. Гэхдээ эргээд нэг харчихаарай гэсэн дохио байсан болов уу. 1957 онд “Монголын нууц товчоо”-ны газар усны нэрийг Х.Пэрлээ гуай явж судалсан. “Монголын нууц товчоо”-ны газар усны нэр гээд их сайхан ном гаргасан хүн. Бүрги эрэг Пэрлээ, Дамдинсүрэн гуайн хэнийх нь ч бүтээлд байгаагүй. Хайсан чинь тэр үеийн Мөнгөн морьт, Баяндэлгэр сумын зааг, одоогийн Багануураас цааш 24 км газар яг Бүрги эрэг гэдэг нэрээр байгаа. “Монголын нууц товчоо”-нд бий. Хэрлэн мөрний эх Бүрги эрэг гэхээр нэлээд баримжаатай байгаа юм. Олон талаас нь харьцуулж байж тогтоосон л доо. “Нууц товчоо”-г уншаад зуслангийн газар, хонь хяргаж байсан юм чинь нэг их сэвэлзүүр салхитай, бургасгүй, ялаагүй байх нь гэж бодсон. “Бүрги эрэгт байхад шөнө морин туурай пижигнэж” тайчууд ирлээ гэдэг шүү дээ. 300 морьтон давхиад түргэн хугацаанд Тэмүүжинг олж ирч чадахгүй байсан учир нэлээд өргөн уудам, дор хаяж Буянт-Ухаа шиг газар байна, жижиг толгодтой болов уу гэсэн төсөөлөл төрж байв. Багануураас дээших газар их эрэгтэй. Энэ хавьд байгаа болов уу гэж хайж байгаад дор нь олсон. Энэ бүгдээ илтгэх хуудас болгож бичээд Готов гуайд өглөө. Чимээ огт байдаггүй. Дараа нь Хөх нуурыг бичиж өгсөн. Зоргол-хайрхан энэ тэр гээд хэд хэдэн газар бичиж өглөө. Чимээ бас алга. Дараа жил нь санагдана. Самбуу гуай Бүрги эргээр орсон юм. Тэр үедээ “Өө энэ чинь их сайхан зуслангийн газар байна. Та нар эндээ сүү хүргэх тасаг байгуулбал яасан юм бэ” гэсэн юм билээ. Бүрги эргийн сүү хөргөх тасаг ерээд он хүртэл Улаанбаатарт сүү нийлүүлдэг болсон нь ийм учиртай. Тухайн үед Дадал сумаас баахан буриад авчраад тэнд суурьшуулчихсан. Тэр газрын нэрийг мартуулахгүй гэсэн Самбуй гуайн далд ухаан шүү. Хойтон жил нь Самбуу дарга Хөх нуур орсон. “Их гоё газар байна. Зуслан байгуулаач. Хүн эрүүлжихээр газар юм” гээд орхисон. Хожим цэнхэр мандалынхан Хөх нуурт нэгдлийн амралт байгуулсан юм. Ж.Самбуу гуай түүхэн газруудыг тогтооход их хувь нэмэр оруулсан хүн шүү. Махбал Чингисийн угсааны тайж хүн байсан
- Их хааны нэрийг хэлэхээс айдаг байсан хатуу цаг шүү дээ. Гэхдээ л хаандаа зориулаад анхны хөшөөг нь босгочихсон. Бөөн хэл ам дагуулж байж сүндэрлэсэн Хэнтийн Дадал дахь хөшөөг хэлж байна л даа?
-Чингис хааныг судлах хориотой байсан, нэрийг нь хэлэхээс айдаг байлаа гэдэг хэтрүүлэг л дээ. Чингисийг монголчууд мартана гэж байхгүй. Тийм хүнлэг бус ард түмэн биш л дээ. 1961 оны долдугаар сард МАХН-ын Төв хорооноос 1962 онд Чингис хааны мэндэлсэний 800 жилийн ойг тэмдэглэх шийд гарсан. Улс төрийн товчоо шийдвэр гаргана гэдэг тухайн үеийн хамгийн өндөр төвшний шийд л дээ. Олон улсын эрдэмтдийн бага хурал хийнэ, Чингисийн хөрөгтэй марк гаргана, Чингис хааны хөшөөг байгуулна гэж бүр тодорхой заасан. 1961 онд Чингис хаанд зориулсан дөрвөн үеийнх нь маркийг Унгар улсад захиалж хэвлүүлж байлаа. Гэхдээ тэр үед Хэнтийн Дадал сумд хөшөөг босгох ажил нэлээд саатсан. Үзэл суртлын хэлтсээс яаруулж байж босгосон түүхтэй. Тэр үед Төмөр-Очир хөшөөний ажлын явцтай танилцаж билээ. Энэ хүн 1950-иад оны сүүл хүртэл Чингисийг харгис түрэмгий гэж шүүмжилдэг хэсгийн гол төлөөлөгч байсан шүү дээ. Чингис хааны хөшөөний дизайныг Ю.Цэдэнбал даргын нутгийн, эхийн талын хамаатан О.Махбал гэдэг хүн хийсэн. Ю.Цэдэнбал дарга хэнээр хийлгэхээ бодсон шиг байгаа юм. Махбал гуай Чингисийн угсааны тайж хүн. Тухайн үед нэрд гарсан зарим барималчид “Биднээр хийлгэсэнгүй” гэсэн яриа гаргаж л байлаа. Тухайн үед Махбалыг Ж.Самбуу гуай, Дүгэрсүрэн гуай нар дэмжсэн байдаг. Хэн нэгэн бутач хүнээр хийлгэхгүй гэсэн санаа тэдэнд байсан байгаа юм. Махбал их сайн сэтгэдэг, чадалтай барималч байв.
-Таныг Бодончар мунхагийн арлыг олж тогтоосон гэж сонссон юм байна?
-“Монголын нууц товчоо”-нд “Бодончар Балжийн аралд … очиж суув” гэсэн хэсэг бий. Тэгэхээр одоогийн Балж гол тэр үед үүсчихсэн байсан хэрэг. Гэхдээ Монголд хэд хэдэн Балж бий. Батсүмбэр, Завханд байгаа. Хамгийн том Балж нь Ононд бий. Нууц товчоонд дурдагдсан Балж бол Ононых. Монголд гурван талаараа усаар хүрээлэгдсэн газрыг арал гэдэг. Балж гол тохойроод тэр газрын хойд болон зүүн талыг хэмжиж байдаг. Урт талыг нь Тэнгэлэгийн гол хэмждэг. Энэ газрыг Балжийн арал гэдэг байж. Энд Бодончар өвөлжсөн. Их ч зүдэрсэн гэдэг. Тэрээр өвөл даарснаас болж монголчуудын захтай дээл өмсч байхыг сургасан. “Захтай дээлтэй, эв журамтай байхгүй бол харийнханд амархан эзлэгдэнэ” гэж алдарт сургаалиа хэлсэн газар нь тэр л дээ. 20 км өргөн, 40 гаруй км урт газрын яг хаана нь Бодончарын арал байгааг тогтоосон. Төрийн тэргүүний дэмжлэгээр тэнд хөшөө босгосонд баярлаж байгаа. Чингүнжавын бослогын ойг өргөн дэлгэр тэмдэглэх ёстой байсан. Чимээгүй л өнгөрлөө
-Хөшөө гэснээс манайх шиг ийм баялаг түүхтэй ард түмэн түүхэн домогт хүмүүстээ зориулж хөшөө босгох явдал тун хангалтгүй санагдах юм. Санал нийлэх үү?
-Ер нь ийм түүхт газруудад хөшөө босгож л байх хэрэгтэй. Өнгөрсөн жил Чингүнжавын бослогын ойг өргөн дэлгэр тэмдэглэх ёстой байсан. Чимээгүй л өнгөрлөө.
-Америкийн бестселлэр болоод буй “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Чингис хаан” номыг зохиогч, түүхч Жек Ведерфорд тантай нэлээд дотно. Түүнтэй яаж танилцав?
-Орост номын санд сууж байтал “Мөнгөний түүх” гэдэг ном нүдэнд тусдаг юм байна. Эргүүлээд үзтэл “Дэлхийн зах зээлд цаасан мөнгийг анх Монголын төр бий болгосон. Энэ бол хожим ч давтагдахааргүй гайхамшигт үйл явдал” гэсэн утгатай зүйл бичиж. Тэрнээс хойш энэ хүний бүтээлийг унших юмсан гэж боддог болов. Тэгтэл бүр сүүлд нь манай захирал /Чингис хаан дээд сургуулийн захирал н.Лхагвасүрэн/ над руу утасдаад “Америкаас нэг эрдэмтэн ирсэн гэнэ ээ. Уулзлаа. Чингэс хааны тухай судалгаа хийдэг юм байна. Тантай уулзаг гэж бодлоо” гэв. Би Ведерфордтой уулзаад “Мөнгөний түүх”-ийг уншсан гэдгээ хэлсэн. Тэр хариуд нь “Индиануудын Америкийг нээсэн түүх” номоо дурсгаж билээ. Ведерфорд Чингис хаан болон түүний байлдан дагуулалтыг судлахаар Турк, Иран, Энэтхэг, Пакистан, бүр Узбек орсон байгаа юм. Ром, Английн архивуудыг ч маш их судалж. “Монголын нууц товчоо”-нд дурдагддаг түүхэн газруудыг судалсны хувьд бид тэдгээр газруудаар дагуулж явахыг түүнд санал болгосон. Бид таван жил хамт ажилласан даа. Сүүлд Америкт хүлээн зөвшөөрөгдсөн зохиолч болохыг нь мэдээд “Энэ хүнээр Чингис хааны тухай ном бичүүлье” гэж шийдсэн. “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Чингис хаан” гэдэг ном ингэж бүтсэн түүхтэй. Чингис хаан бол алж хяддаг биш, ухаалаг төрийн зүтгэлтэн, хүний зөвлөгөөг их сонсдог байсан гэдгийг энэ бүтээлээрээ дэлхийд их сайхан ойлголт өгсөн. Чингэс хааныг муу хэлдэг америкуудын дундаас бүтээлээ гаргана гэдэг сүрхий шүү.
Үндэсний шуудан 2008.10.15

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS