Read my blog's...

This is....
RSS

...


Н.Норов: Монголд цөмийн цахилгаан станц барихгүй л юм бол бид өөрсдөө уран гэж хошуураад гүйгээд байх хэрэг алга


МУИС-ийн Цөмийн судалгааны төвийн секторын эрхлэгч, доктор, профессор Н.Норовтой Г.Идэрхангай ярилцлаа.

Өнөө үеийг “Цөмийн эрчим хүчний дахин сэргэлтийн үе” гэж нэрлэж байгаа

Манай улс 2012 оноос атомын цахилгаан станц байгуулаад 2017 оноос ашиглаж эхлэх төлөвлөгөөтэй гэж зарим эрдэмтэн ярьж байна. Энэ хэр боломжтой хугацаа вэ?

Юуны өмнө, цөмийн эрчим хүчний тухайд нэр томъёоноос эхлэе. Бид “атомын цахилгаан станц” гэж хэлээд сурчихаж. Одоо ганцхан ОХУ л “атомын” гэж хуучин уламжлалаараа гэж нэрлээд байгаа юм. Дэлхий нийтийн сүүлийн үеийн хандлагаа дагаж бид “цөмийн эрчим хүч” буюу /nuclear energy, nucleaг power/ гэж ярих нь оновчтой. Үнэхээр цөмийн эрчим хүчийг хэрэглэх цаг нь ирсэн. Монголд эрчим хүчний хөрөнгө оруулалт ихээхэн шаардлагатай байгаа. Ямар нэг эрчим хүчний технологийн эх үүсвэрийг сонгоод, түүнийгээ цаг алдалгүй барьж, ашиглалтад оруулахад цаад тал нь арван жил шаардагддаг. Цөмийн эрчим хүчний хувьд нэгж массаас асар их энерги авдаг онцлогтой. Жишээ нь, нэг грамм уранаас таваас зургаан сая тонн нүүрснээс ялгарах энерги ялгарч байдаг юм. Энэ талаасаа бол цөмийн эрчим хүчийг ашиглах нь технологи болон эдийн засаг, боловсон хүчний хувьд хамгийн тохиромжтой л доо. Манай улс газар нутаг ихтэй мөртлөө хүн ам цөөхөн. Тийм болохоор нүүрсний уурхай гэж асар том юм барих шаардлага байхгүй. Бурхан бидэнд уран бэлэглэсэн. Тэгэхээр ураны нөөцдөө түшиглээд атомын цахилгаан станц барих хэрэгтэй. Өнөөдөр Монгол улсын хэмжээнд баттай тогтоогдсон 83 мянган тонн уран бий. Энэ бол дэлхийн ураны нэг жилийн л хэрэгцээ.
Ураны нөөц тогтоох стандартууд өөрчлөгдөж байна. Манай улс энэ чиглэлд өмнө нь хойд хөршийн тогтоосон стандартыг барьж байсан.
Олон улсын атомын энергийн байгууллагын тогтоосон стандарт гэж бас бий. Энэ нь 2008 онд өөрчлөгдөж, хуучин баталсан нөөц, нэмэгдэх нөөц гэж ангилдаг болсон. Зарим хэвлэлд Монгол нэг сая тонн ураны нөөцтэй гэж бичсэн байна лээ.
Энэ бол ураны хүдрийн нөөц. Гэхдээ ойрын жилүүдэд дэлхийн ураны үнэд нөлөөлөх хэмжээний нөөц манайд байхгүй.
Уранаа олборлоё, боловсруулж ашиглая гэж бид их ярьдаг. Миний бодлоор ураныг цөмийн эрчим хүчний станц барих бодлогод уялдуулж олборлох нь оновчтой алхам болно. Түүнээс биш гадаадын нэг компани манай нутагт уран олборлоод, түүнээсээ баахан ашиг олж аваад гараад явчихаж болохгүй шүү дээ. Ураныг үнэхээр стратегийн нөөцөд хамруулж байгаа юм бол тэр стратеги нь цөмийн эрчим хүч ашиглахтай зайлшгүй холбогдох ёстой.

Цөмийн цахилгаан станцыг Дорнод болон Дорноговь аймагт барья гэсэн хувилбар хүчтэй сонсогдож байна. Байршлын сонголт хэр оновчтой вэ?

Цөмийн энергийн газар эрдэмтэн, мэргэжилтнүүдийг цуглуулаад цөмийн цахилгаан станцын байршлын талаар ярьсан гэж сонссон. Цөмийн цахилгаан станцын реакторын технологи дотроо олон төрөлд хуваагддаг. Алиныг нь Монголд нэвтрүүлэхээ сайн мэдээгүй байж байршил сонгоно гэдэг өрөөсгөл асуудал. Жишээ нь, сүүлийн үед дэлхийд нүүрс боловсруулаад устөрөгч үйлдвэрлэх зориулалттай өндөр температурын реактор бүхий цахилгаан станцын төслүүд хэрэгжиж байна. Ийм цахилгаан станцыг нүүрсний уурхайд барьдаг юм. Өөр ямар ч сонголт байхгүй. Монгол улсыг эрчим хүчээр хангахуйц их хүчин чадалтай цөмийн цахилгаан станц барья гэвэл эрчим хүчний сүлжээнд ойрхон, газар хөдлөлтийн идэвхгүй бүст орших, хөргөлтийн усны нөөц сав бүхий Хэрлэн голд ойр байрлах Багахангай мэтийн газрыг сонговол зүгээр.

Зөвхөн дулаан үйлдвэрлэдэг станц гэж бий. Улаанбаатар хотыг дулаанаар хангах станц нь нийслэлдээ л байг. Ерөнхийдөө станцыг цахилгаан үйлдвэрлэдэг, дулаан гаргадаг, ус цэнгэгжүүлдэг, нүүрс боловсруулдаг гэсэн үндсэн дөрвөн төрөлд хуваадаг. Цөмийн эрчим хүчний реактор үйлдвэрлэдэг компаниуд олон байдаг. Японы “Мицубиши” компани гэхэд даралтат устай реактор, “Тошиба” буцалсан устай реактор бүтээж байна.

Цөмийн эрчим хүчний дахин сэргэлтийн үе” ирлээ гэж дэлхийн хэвлэлүүд мэдээлж байна. Томоохон гүрнүүд ч цөмийн цахилгаан станцын тоог нэмэгдүүлэх зорилгоор их хөрөнгө хаясан төсөл, хөтөлбөрийг эрчимтэй хэрэгжүүлж эхэллээ?

АНУ, ОХУ, БНХАУ зэрэг том гүрэн цөмийн эрчим хүчийг хөгжүүлэхээр дор бүрнээ хөтөлбөр гаргасан. Ирэх хорин жилийн дотор эдгээр улс бүр өөрийн нутаг дэвсгэр дээр хорь орчим цөмийн реактор барихаар шаргуу ажиллаж байна. Үнэхээр ч өнөөдрийн цаг үеийг “Цөмийн эрчим хүчний дахин сэргэлт” гэж нэрлэж байгаа. Чернобылийн атомын цахилгаан станцын аймшигт ослоос хойш олон жил өнгөрлөө. Энэ хугацаанд дэлхийн улс орнууд шинээр цөмийн цахилгаан станц бараг бариагүй. Гэхдээ цөмийн технологи үйлдвэрлэгч тэргүүлэх компаниуд өөрсдийн барьсан цөмийн реакторуудын аюулгүй байдлыг хангах тал дээр түлхүү ажиллаж, энэ талын судалгаа шинжилгээг ч өргөн явуулсан. Томоохон төсөл хөтөлбөрүүд ч үүнд чиглэсэн.

Цөмийн цахилгаан станцын “Дөрөв дэх үе”-ийн технологийн талаар тодруулж ярина уу. Аюулгүй байдлыг сайтар хангасан, технологийн хувьд өмнөхөөсөө хамаагүй дэвшилттэй гэж хэлж болох уу?

Үнэхээр орчин үеийн дэвшилтэт реакторын аюулгүй байдлын хувьд байгалийн хуулиар хангагдсан технологи л доо. Цахилгаан тасарлаа гэхэд реактор өөрөө байгалийн эргэлтээр хөрж байдаг. Нөгөө талаас реакторын байгалийн “идэвхгүй” аюулгүй байдлын хамгаалалт сайтай реакторын хүчин чадал 500-600 Мвт-аас бага байдаг. Одоо дэлхий дээр эрчим хүчний 440 реактор ажиллаж байгаа. Үүний 90-ээд хувь нь ойролцоогоор 1000 Мвт-аас их чадалтай. Тэгэхээр үүнээс хүчин чадал нь хоёр дахин бага болж байж байгалийн хуульд үндэслэсэн хамгаалалттай реактор болдог. Ийм хэмжээний чадалтай реактор манай улсад яг тохирно. Монголд өнөөдөр дизелийн болон усан, нүүрсний цахилгаан станцуудын хүчин чадал нийлээд 830 Мвт болдог. Тэгэхээр тус бүрдээ 500 Мвт-ын чадалтай хоёр реактор бүхий цөмийн цахилгаан станц барихад Монгол улсын цахилгаан, эрчим хүчний хэрэгцээг хангана гэсэн үг. Ийм станцыг 60 жил ашиглах боломжтой. Нийтдээ 1.2 тэрбум орчим ам.долларын өртгөөр барина гэсэн тооцоо судалгаа гараад байгаа.

Өмнөд Солонгост цахилгаан, дулаан, ус цэнгэгжүүлэх зориулалттай 100 Мвт-ын чадалтай “SMART” реактор зохион бүтээж байна. Энэ бол манай улсад тохиромжтой. Мөн Японд бүтээж байгаа 10 болон 30, 40 Мтв-ын хүчин чадалтай реакторуудыг аймгийн төвүүдэд ашиглаж болно.
Мэдээж манай улс цөмийн цахилгаан станцаа захиалж хийлгэе гэвэл Өмнөд Солонгос, эсвэл Япон зэрэг гол үйлдвэрлэгч улсад саналаа өгөх хэрэгтэй. Олон захиалга авах тусам реакторын үнэ хямдардаг. Нэг хоёр реактор захиалж авна гэвэл үнэ ихтэй. Арав хорин реактор захиалбал үнэ нь арай багасна. “Hyperion” гэдэг реактор зохион бүтээж байна гэсэн мэдээлэл цацагдангуут 200 гаруй улс захиалгаа уралдах шахам өгчихсөн байх жишээтэй. Тиймээс захиалгаа хурдан өгч байж өөрт тохирсон цөмийн эрчим хүчний технологийг эх орондоо нэвтрүүлдэг юм.

Манай эрчим хүчний хэрэглээний одоогийн нөхцөл байдал дэлхий дахины дулаарлыг бууруулах бодлогын эсрэг чиглэж байгаа. Бүх цахилгаан станц нь Улаанбаатар хотдоо төвлөрчихсөн. Нүүрсээ Улаанбаатар руу галт тэргээр зөөж түлдэг. Нүүрсээ ухах гэж валютаар авдаг түлшээ бас шатаана. Дараа нь төмөр замаар зөөхөд валютаар авдаг түлшээ бас шатаана. Мөнгө л урсаад байдаг. Улаанбаатар хотод IV цахилгаан станц гэхэд хоногт 64 вагон нүүрс шатааж байна гээд бод доо. Төмөр замаар зөөж буй нүүрсний 40 хувь нь ус, арав гаруй хувь нь үнс байдаг юм. Үүнийг цэгцлэх гол алхам бол цөмийн эрчим хүчийг ашиглах явдал.

IV цахилгаан станцыг гадны мэргэжилтнүүд ирж үзээд “Пөөх, энэ чинь XVIII зууны технологи шүү дээ” гэдэг

Монгол улс дэлхийн дулаарлыг бууруулахад өөрийн хувь нэмрийг оруулахын тулд “ногоон эрчим хүч”-ийг зайлшгүй хэрэглэх ёстой гэж Òа хэлэх гээд байна уу?

Хүлэмжийн хий гаргадаггүй, эрчим хүчний цэвэр эх үүсвэр бол сэргээгдэх эрчим хүч буюу цөмийн эрчим хүч. Тэр утгаар нь “ногоон эрчим хүч” гэж ярьж байна. Дэлхийн дулаарлын гол шалтгаан нь нүүрс хүчлийн хий СО2. Хаана юм шатна тэнд СО2 ялгарч байдаг. Киотогийн гэрээгээр олон улс амлалт авсан учир нүүрс шатаахаа багасгаж байна. СО2 нь агаарт ихээр хуримтлагдахаар хүлэмжийн хий үүсч, дулаарал бий болгодог.
Энд нэг зүйлийг онцолж хэлэхэд, дэлхийн томоохон орнуудын автомашин үйлдвэрлэгч компаниуд устөрөгчийн түлшний элементийн автомашинууд үйлдвэрлэж эхлээд байгаа. Монголд ч гэсэн устөрөгчөөр ажилладаг машин орж ирлээ. Яндангаасаа утаа тортог бус, ус гаргаж, агаараа чийгшүүлдэг юм. Дэлхийн дулаарлыг бууруулах нэг арга нь энэ.

Миний бодлоор цөмийн цахилгаан станцаа Багануурын уурхай дээр байгуулаад, улсынхаа цахилгааны хангамжийг шийдчихээд, дээр нь Багануурын нүүрсийг хийжүүлэн, устөрөгч гарган, хотынхоо дулааны асуудлыг шийдчихнэ. Устөрөгч бол химийн хамгийн хөнгөн элемент. Тэгэхээр хөнгөн элементийг халаагаад тусгай хоолойгоор Улаанбаатар руу шахаж болно.Жишээ нь, Арабын бүгд найрамдах улс 20 гаруй тэрбум ам.долларын өртгөөр дэлхийд анх удаа устөрөгч үйлдвэрлэдэг хамгийн том цахилгаан станц байгуулж байна. Энэ нь хамгийн цэвэр эрчим хүчийг л нэвтрүүлэх гэж байгаа хэрэг.
Биднийг цөмийн цахилгаан станц барья гэж ярьсаар байтал дараагийн шинэ технологи энэ мэтээр нэвтрэх нь. Гадны мэргэжилтнүүд манай IV станцыг ирж үзээд “Пөөх, энэ чинь XVIII зууны технологи шүү дээ” гэж дуу алдаж байсан.
Монгол улс эрчим хүчний технологийн хувьд дэлхийгээс 200 жилээр хоцорч явааг энэ яриа харуулж байна. Хөгжилтэй орны хойноос хөгжих гэвэл хэзээ ч гүйцэхгүй. Харин орчин үеийн технологиор амдаж, нэг төвшинд очих боломж бидэнд байна. Өнөөдөр тун гайгүй технологи авчихлаа гэхэд тэр нь таван жилийн дараа огт хэрэггүй болчихож байна шүү.

Аймгийн төвүүдэд тохирсон, маш авсаархан цөмийн эрчим хүчний станцыг дэлхийд бүтээж байгаа гэсэн. Энэ нь хэр хүчин чадалтай юм бэ?

20-30 Мвт-ын хүчин чадалтай, цөмийн цахилгаан станцыг бүтээгээд, одоогоор туршилтын шатандаа явж байгаа. Өмнө нь ийм бага чадалтай цөмийн эрчим хүчний станцыг ашигггүй гэж үздэг, голдуу цэрэг дайны шугамаар л ашигладаг байсан. Гэтэл одоо манай нэг сумын хэмжээнд тохирохуйц, 10-12 Мвт-ын чадалтай станц эрэлт ихтэй байна. Хамгийн сүүлд АНУ-д яг ийм “Hyperion” станц зохион бүтээсэн. Авчирч угсраад 15-20 жил ашигласны дараа буцааж авах боломжтой эд. 20 мянган хүн амтай, аймгийн нэг төвийг энэ станц гэрэл цахилгаанаар бүрэн хангачихна. Үүний нийт өртөг нь 25 сая ам.доллар.

Цөмийн цахилгаан станцыг ашиглах норм хугацаа гэж байдаг байх?

Өмнө нь атомын цахилгаан станцыг 30 жил ашиглах нормтой байсан. Тэгвэл сүүлийн үед баригдаж байгаа цөмийн цахилгаан станцуудыг 60 жил ашиглах боломжтой. Энэ бол урт хугацаа.

Цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглахгүй байна гэсэн шүүмжлэлд өртдөг Иран, Хойд Солонгос зэрэг улс орон бий. Энэ нь ураныг баяжуулж байгаа зорилгоосоо шалтгаалдаг болов уу? Үүний гол ялгаа юунд байна вэ?
Э
рчим хүч үйлдвэрлэнэ гэдэг нь хамаагүй өргөн хүрээтэй асуудал. Цөмийн зэвсэг гэдэг нь 45 кг уран-235, эсвэл 8 кг плутон-239-ийг хэлдэг. Харин цөмийн түлшин дэх энэ хоёрын изотопын хэмжээ маш бага байдаг. Орчин үеийн цөмийн цахилгаан станцад дөрвөн хувийн уран-235-ийн агуулгатай түлш ашигладаг. Тэгэхээр Монголын эрчим хүчний хэрэгцээг хангах 1000 Мвт-ын чадалтай цөмийн цахилгаан станц барихад жилд 25 тн уран л хэрэглэнэ.

Могойн голын нүүрсний ордыг түшиглэж барих цахилгаан станцын төсөл удахгүй хэрэгжих гэж байна. Ийм дулааны станцууд хэр ирээдүйтэй вэ?

Энэ станц одоогийн тооцоо судалгаагаар бол хөрөнгө оруулалтаа 50-60 жилээс нааш нөхөхгүй юм билээ. Яагаад гэвэл Могойн голын нүүрсний орд нь сайн чанарын чулуун нүүрстэй ч эрчим хүчний зориулалтынх биш. Нүүрсний уурхайг түшиглэж цахилгаан станцыг 120 сая долларын өртгөөр барина гэж байгаа. Гэтэл АНУ-д бүтээж байгаа цөмийн цахилгаан станцыг баривал ердөө 12 жилийн дараа л хөрөнгө оруулалтаа нөхчихнө. Хэзээ ч хөрөнгөө нөхөж чадахгүй станц бол хий дэмий нүүрс идээд байхаас хэтрэхгүй шүү дээ. Агаараа бохирдуулахын хажуугаар нүүрсний нөөц нь багасна. Станц барьсан компани тухайн үедээ гэрэл цахилгааны үнээс ашгаа олж аваад болчих л байх. Ийм ашиггүй зүйлийн төлөө асар их хөрөнгө мөнгө хаях шаардлагагүй. Үүний дэргэд Багануурын хүрэн нүүрс бол цэвэр эрчим хүч үйлдвэрлэхэд зориулагдсан. Нэг грамм уран гурван тонн нүүрстэй тэнцэх илчлэгтэй. Багануурын нүүрс илчлэг муутай учир зургаан тонн нь нэг грамм уранаас гарах илчлэгтэй тэнцдэг. Тэгээд ч уран олборлох технологи нь газар доор уусган баяжуулах арга байдаг. Тоос шороо, ухсан нүх овоолго үүсгэхгүй, байгаль орчинд халгүй технологи буюу шууд хүдрийн биетээс нь уранаа уусгаад авчихдаг юм. Байгаль орчин болоод эдийн засгийн хувьд энэ мэт давуу тал олонтой.

Японы хөрөнгө оруулалт, дэмжлэгтэйгээр Монголд цөмийн цахилгаан станц барина гэж байгаа. Өөрөөр хэлбэл, манай улс АНУ-д захиалгаа өгөөд Японы мэргэжилтнүүд атомын цахилгаан станцыг барьж өгөх ёстой гэж үздэг хүмүүс бий?

Японы эрдэмтэд энэ талаар бидэнд зөвлөгөө өгдөг. Монголд цөмийн эрчим хүчийг хөгжүүлэх гэж байгаа юм бол танай улс АНУ-д бүтээсэн реактор авах ёстой гэж хэлдэг юм. Нэг үгээр хэлбэл олон улсын хэмжээнд зөвшөөрөл авчихвал атомын цахилгаан станцтай болох ажил хурдан бүтэх боломжтой гэсэн. АНУ-ын цөмийн реактор үйлдвэрлэдэг хамгийн том компанийг Япон худалдаад авчихсан. Тийм учраас цөмийн цахилгаан станцыг Японы мэргэжилтнүүд л ирж барих болов уу. Манай улс АНУ-аас цөмийн реактор барих зөвшөөрөл авах гэхээр ОХУ бас барьцах байх. Тэгэхээр ОХУ-тай ураны боловсруулалтын тал дээр хамтарч ажиллах хэрэгтэй санагддаг. Манайхаас ураны баяжмал гарна. Иркутскийн цаахна, Ангарск гэж ураны изотопийн баяжмалын том үйлдвэр бий. Тэндээ баяжлуулалт хийчихнэ.Цөмийн цахилгаан станцын түлшийг ОХУ-аас уран баяжуулах замаар бэлдэж аваад АНУ-аас худалдаж авсан цөмийн реактороо цэнэглээд байвал улстөр болоод эдийн засаг, технологийн хувьд бэрхшээлгүй болох байх даа.

Цөмийн эрчим хүч ашиглах тухай Монгол улсын хуулийг нэн даруй батлан гаргах шаардлагатай гэсэн байр сууриудад Òа ямар хариулт өгөх вэ?

Өнгөрсөн жилийн зургадугаар сараас Цөмийн энергийн тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Гэхдээ цөмийн энергийн хуулийн агуулга нь ураны лицензийн тал руугаа голлосон. Тэгэхээр үүнийг цөмийн эрчим хүчний тухай биш, ураны лицензийн тухай хууль гэж яриад байгаа. Огт өөр хуулийг лицензийн тухай хуультай хольчихсон. Нэгдүгээрт, Цөмийн энергийн хууль гэдэг нь Монгол улсад цөмийн эрчим хүчийг яаж ашиглах ёстой юм, ашигласны дараа ямар арга хэмжээ авах хэрэгтэй вэ гэдгийг маш ойлгомжтойгоор тусгасан байх ёстой.
Хоёрдугаарт, цацраг идэвхит ашигт малтмал, цөмийн энергийг ашиглах төрийн бодлого ерөнхийдөө гарчихсан. Цөмийн энергийн газар байгуулагдаад жил гаруй болж байна. Энэ хугацаанд Цөмийн энергийн хууль, Цацраг идэвхит ашигт малтмал, цөмийн энергийг ашиглах төрийн бодлого гарчихсан. Бодлогын талаасаа нөхцөл нь бүрдэж л байна.

Цөмийн цахилгаан станц барьсны дараа тэнд бэлтгэгдсэн нарийн мэргэжлийн боловсон хүчнүүд ажиллаж таарна. Манай улс энэ тал дээр боловсон хүчнээ хэр бэлдэж байгаа вэ?

Цөмийн цахилгаан станцад цөөн тооны цөмийн мэргэжилтэн ажилладаг. Ихэнхдээ дулаан, цахилгааны инженерүүд л байдаг юм. Японы Цөмийн эрчим хүчний таван том сургуулийн эрдэмтэдтэй бид уулзаж байсан. Тэд “Монгол улсад цөмийн цахилгаан станц баригдвал монгол хүмүүс л ажиллана” гэж хэлдэг. Тэгэхээр бид энэ чиглэлд боловсон хүчнээ сайн бэлдэх ёстой. Өнөөдөр манай сургуулиас нэг жилд цөмийн технологийн чиглэлээр 15 хүн л суралцаж төгсөж байна. Ирэх жилээс дахиад 25 оюутныг нэмж элсүүлнэ. Жилийн дараа гэхэд нийтдээ 50 хүн цөмийн технологийн чиглэлээр суралцах юм. Мөн гадаадын өндөр хөгжилтэй орнуудад цөмийн технологи, ураны геологийн чиглэлээр оюутан бэлтгэж эхлээд байна.

Эцэст нь нэг зүйлийг онцолж хэлэхэд, өнөөдөр томоохон уурхайнуудын дэргэд цахилгаан станц барьж эхлээд байгаа. Энэ нь нэг талдаа сайн хэрэг боловч нөгөө талдаа тэр уурхайг ашиглаад дуусахад цахилгаан станцын хэрэглэх норм нь бас дуусна. Гадны уул уурхайн компаниудад Монголд цөмийн цахилгаан станц барьж өгье гэсэн сонирхол огт байхгүй. Тиймээс бид өөрсдөө л энэ тал дээр анхаарал тавьж ажиллах хэрэгтэй. Монголд цөмийн цахилгаан станц барихгүй юм бол бид өөрсдөө уран гэж хошуураад гүйгээд байх хэрэггүй л дээ.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

0 comments:

Post a Comment