Read my blog's...

This is....
RSS


Монголын “Клондайк” ба айдас

Галт зэвсэгтэй “галзуу” нинжа нар буюу үндэсний аюулгүй байдал

Яасан хүнээ байчихсан улс вэ, энэ нинжа нар гэж зурагт үзэж суусан ээж маань уулга алдаж байх юм. Галт зэвсэгтэй, галзуу догшин бүхэл бүтэн нинжа нарын давхрага харь ертөнцөөс л сонсогдоод байдаг өнөө гайтай “террор”-ыг яг бодит утгаар нь Монголд цэцэглүүлж байгааг уншигч та ч гэсэн анзаарч байна уу. “Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын цаатнууд болон нинжа нар хоорондоо үе үехэн буудалцаж байна”... Энэ бол бидний зүгээр л сонсож суудаг, чихэнд дасал болох мэдээлэл лав биш ээ. Ганц нэг түмпэн, хүрз зээтүүнээс илүү юмгүй байсан тэд Монгол эх орондоо “зэвсэгт мөргөлдөөн”-ий суурийг тавих вий гэсэн айдас төрж байх чинь. Африкийн алмааз эрдэнэсээр арвин баялаг олон орныг ядуу гуйланчлалын тарчигт өвдөг сөхрүүлсэн, гайтай дайны эхлэл ингэж л тавигдсан. Хууль үйлчилдэггүй, зэрлэг газар л гэмт хэрэгтнүүд өөрсдийн дүрэм журмаа хүчээр тогтоодог. Тэдэнд хүний амь нас гэдэг ширхэг тэвнээс ч үнэгүй. “Нинжа нар сумын засаг даргыг мод чулуугаар балбан эгээтэй л хөнөөчихсөнгүй”, “Хууль ёсоор үйл ажиллагаа явуулж байгаа компанийн эзэмшил газар руу дайрч, хамаг эд зүйлсийг нь эвдэн сүйтгэлээ”, “Буудалцаан болж хүний амь үрэгдлээ” ”Хадгаламж банкны сейф хулгайллаа”... Хар мөртэй, бараан дүрстэй энэ мэт мэдээлэл нинжа нарын буюу бидний арай соёлтойгоор хэлж заншсан “гар аргаар алт олборлогчид”, “бичил уурхай эзэмшигчид”-ийн ертөнцөөс чиг зүггүй нисэн ирэх болов.

“Нинжа” нарыг бөөгнүүлж байгаад лицензээр батлагаажсан хувийн эзэмшил талбай руу турхирдаг, зохион байгуулалттай улстөржсөн бүлэглэл бий болсныг саяхны явдлууд гэрчилнэ. Гэмт хэргийн шинжтэй ийм алхам эцэстээ хүний алтан амь хохирсноор дуусгавар болно. Ашиг хонжооны төлөө юу ч хийхээс буцахгүй “нинжа” нар магадгүй улстөржсөн бүлэглэлийн зорилгодоо хүрэх хамгийн хямд хөсөр “тулгуур хүч” болж мэдэх юм. Энэ бол айдас хүрэм мэдээ.

Эдийн засагч Д.Жаргалсайхан “Нийгмийн хавдар” нийтлэлдээ “Дөрвөн шалтгаанаас болж хүмүүс гар аргаар ашигт малтмал олборлодог тухай гадаадын нэг мэргэжилтэн надад ярьсан юм. Эдийн засгийн цочрол болон байгалийн гамшгаас болж амьдрах эх үүсвэрээ алдах, амархан хүртэж, түргэн баяжих гэнэтийн боломж гарах, улирлын чанартай хөдөлмөр эрхэлдэг бөгөөд ажилгүй үедээ түр хугацаагаар ажиллах болон дагнан эрхлэх зэргийг үүнд оруулдаг. Харин Монголд бол дөрвүүлээ байна гэнэ. Тэгээд яах билээ. Ямарч гэсэн гар аргаар алт олборлохыг алга болгох ёстой. Үүнийг хуульчилж болохгүй гээд суугаад байх тусам энэ хавдар улам бүр томорч хортой болон хувирч байна. Энэ утгаараа ямарч арга хэмжээ аваагүй буюу өөрийн үл гүйцэтгэсэн үйлдлээрээ өнөөгийн улстөрчид нинжа нарыг улам өөгшүүлж байгаа учир нийгмийн өмнө хариуцлага хүлээх ёстой” гэж бичжээ.

Нинжа нарын арга ажиллагаа улам нарийсч, нэгдсэн зохион байгуулалтад орж эхлэв. Шоронгоор “хүмүүжсэн” юм уу, хэнийг юунд ч золиосолж чадах заль мэхтэй нь “нинжа” нарыг нэг гал болгож даргалдаг. Тэдгээр гал нь дотроо хэсэг хэсгээр нэгтгэн удирддаг хэд хэдэн даргатай. Түүнийг “Азарга” гэнэ. “Азарга” мэдээж бүхнийг зохицуулна. Дэлхийд гайхагдсан Чингисийн аравтын системийг Монгол “нинжа” нар л хамгийн муу хувилбарт оруулж хэрэглэж байна. Бүтцийн хувьд ингэж нягтаршсан “нинжа” нар хууль сахиулахынхны баргын дайралтыг сөрж чадахаар болжээ.

Монголын нийгэмд бугшсан хамгийн муу муухай бүхэн “нинжа” нарын ертөнцөөс дэлгэрч байна гэхэд буруудахгүй. Хоосон мухар сүсэг, биеэ үнэлэлт, архидалт, хүн амины болоод хүчингийн хэрэг, бохир заваан орчин... Алт дагасан хэнээрхэл тэдний ахуй амьдралыг өөдлүүлсэнгүй, харин бүр уруудан доройтуулав.

Архидаж наргих тусам олз омог улам их болохоос гадна есөн хүнтэй эхэлбэл ямарч лус савдгаас хүчтэй болно. 1930-аад оны хэлмэгдүүлэлтийн үеэр энд олон ламыг хороосон. Тиймээс эндээс алт ургах ёстой. Нар жаргасны дараа ухаж байгаа нүхнийхээ аман дээр нялхсыг зодож уйлуулбал олз ихээр орж ирнэ гэх зэрэг эрүүл ухаанаас төрөмгүй хиймэл “дэг жаяг”, мухар сүсэг тэдний отогт үйлчилнэ. Баянхонгорт нэгэн ээж хүү хоёр алтны эрэлд гарчээ. Тэр хоёрт аз нь таарсан уу, олз омог ч гайгүй байж. Ээж нь “Одоо миний хүү, болно оо. Гэртээ харья” гэхэд хүү “Ээж ээ, сүүлийн удаа ёндоогоо үзнэ” гэж гараад шороонд дарагдаж үхжээ. Хүү амиа алдсан нь нинжа нарт харин ч аз дуудаж байгаа хэрэг гэж байгаа. Хүний ёсонд баймгүй гаж үзэгдэл.

Хэдхэн жилийн өмнө 10 мянга гаруйхан байсан “нинжа” нар өнөөдөр 120 мянга хол давжээ. “Нинжа” нарын фронт өргөжин тэлэх тусам хууль бус үйлдэл газар авна, тэр хэрээр Монгол улсын үндэсний аюулгүй байдал алдагдана биш үү.

Зарлигаар дархалсан газрууд нүд хальтирам болсоор...

Нинжа нар дан алт ухдаг гэвэл эндүүрэл. Нүүрс, жонш, үнэт чулуу, чулуужсан мод, барилгын материалын түүхий эд гэх зэргээр мөнгө олж болох бүгд рүү хүрз, жоотуу барин дайрдаг. Нийслэлийн эргэн тойронд элс хайрга олборлодог 229 бичил гэх тодотголтой уурхай байгааг Улсын мэргэжлийн хяналтын газрынхан илрүүлсэн. Ихэнх нь голын сав газарт байрладаг. Хатан Туул “амь тавихад” гайхахааргүй байгаа биз.

Алтны шороон ордын үлдэгдэл дээр “дадлагажсан” нинжа нар зарлигаар дархалсан улсын тусгай хамгаалалттай, байгалийн цогцолбор газруудад халддаг болсон. Говийн бага дархан цаазат газрын Б хэсгийн Модон шанд орчмын хэд хэдэн толгодыг нүд хальтирмаар болгож орхисон. Сүүж уулын тухайд бүр хэлэх ч юм биш. Зөвхөн энэ хэсэгт гар аргаар алт олборлогчдын ухсан нүхийг булж, нөхөн сэргээхэд улсаас олон сая төгрөг зарцуулсан байх жишээний. Улсаас юу байхав, үнэндээ татвар төлөгч бидний л мөнгө.

“Нинжа” нар эвдэж сүйтгэсэн газрын хэвлийг нөхөн сэргээхийг огт хүсдэггүй. Зөвхөн нэг аймгийн нутагт олон мянган “нинжа” газрын хэвлийг эвдэж, хэдэн зуун мянган ухсан нүх үлдээдэг нь үйлдвэрлэлийн аргаар алт олборлосноос ч их хор уршиг тарьж байгаа.

Аль нэгэн компанийн хувийн лицензэт талбай руу дур зоргоороо дайрч, тонуул дээрэм үйлдэж буй явуургүй үйлдлээрээ бол “нинжа” нар юун нөхөн сэргээлт хийж, бичил уурхайг ном журмаар ажиллуулах. Уг нь саяхан Бичил уурхайн үйл ажиллагааг хуульчилсан юмсан. Гэтэл “нинжа” нар үүнийг огт сонсоогүй л тууж явна. Тэдний хагас зэрлэгшсэн ертөнцөд хууль аятайхан сурталчлан таниулах зүрх зоригтон ч ховор аж.

Ямар сайндаа Шарын голд үйл ажиллагаа явуулдаг “Буянтын хөндий-Шарын гол” төрийн бус байгууллагын тэргүүн О.Цэцэгмаа саяхан сэтгүүлчдэд “Хууль батлагдсан л гээд байгаа юм. Тэрийг нь нэг харчих юм сан” гэж хэлж байх вэ.

Орон нутгийн засаг захиргаа, тусгай зөвшөөрөл эзэмшигчид, малчид, “нинжа” нарын хооронд үзүүр шийдэл нь олдож өгдөггүй зөрчил их гардаг. Тиймээс “нинжа” нарын хууль бус үйлдлийг зогсоох зорилгоор “бичил уурхай”-н хэлбэрт шилжүүлж, дэг жаягжуулах ажлыг төрийн зүгээс хийгээд эхэлсэн.

Швейцарийн хөгжлийн агентлаг манай улсад “Тогтвортой бичил уурхай төсөл” хэрэгжүүлж байгаа. Үр дүнд нь 2010 оны долдугаар сарын нэгэнд УИХ Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль, Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг баталсан.

Үүнтэй холбогдон хэд хэдэн хуульд өөрчлөлт орно. Гол хуулиудын нэг нь Орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил, үйлчилгээ эрхлэгч иргэний орлогын албан татварын тухай хууль. Гэхдээ бичил уурхай эрхлэгчдэд яг хэдэн төгрөгийн татвар ногдуулах гэдэг дээр хууль тогтоогчид одоо хэр санал нэгдээгүй. УИХ-ын намрын чуулганаар энэ талаар нухацтай хэлэлцэх болов уу гэсэн хүлээлт нийгэмд бий. Улам зэрлэгшиж, нийгмийн хөгжлөөс тасарч буй “нинжа” нарыг хууль ёсны “бичил уурхайчин” болгоно гэдэг тийм амар ажил биш. Бичил уурхайн төсөл хэрэгжлээ гэхэд нөөц ихтэй газар бичил уурхай ажиллуулж байгаа хүмүүсийг “нинжа” нар давхиж ирээд зодож нүддэг бичигдээгүй хуультай. Энэ тулаанд хүний амь нас эрсдэхгүй гэсэн баталгаа байхгүй. Засгийн газар болон УИХ-ын гишүүд бичил уурхай гэдэгт тухайн орон нутгийн ард иргэд ажиллаад байх юм шиг ойлгодог. Гэтэл энэ нь амьдрал дээр биелэшгүй зүйл. Нинжа ирээд бөөгнөрөхөд сумын цагдаа битгий хэл, аймгийн цагдаа нар бүхлээрээ ирээд ч тарааж дийлдэггүй.

“Урт нэртэй хууль” ба ханган нийлүүлэгчид

Өмнө нь худалдагдсан гэх лицензүүдийг төр өөрийн мэдэлд буцаан авахдаа ямар ч хараа хяналтгүй орхисноос нинжа нар өнөө талбай руу нь үер ус шиг дайрч ордог болсон. Энэ нь хачир дээрээ төр өөрөө далд утгаараа нинжа нарт хууль бус үйлдэл хийх аятай боломж олгожээ гэж ойлгогдохоор байна. Хоосон, эзэнгүй талбай руу дайрч орсон нинжа нартай орон нутгийн бороохойноос өөр зэвсэггүй шахам хэдэн цагдаа тэмцээд тэмцээд хүч хүрэхгүй.

“Урт нэртэй” хууль цагаа олж гарлаа” гэж баярлах “нинжа” нар цөөнгүй. Хуулийн алдаа нь тэдэнд олз болон харагдаж буй хэрэг. Хуулиар 1400 гаруй аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрөл буюу лицензийг цуцалсан. Өнөөх “чөлөөлөгдсөн” талбайнууд руу “нинжа” нар сүрэг сүргээрээ дайрч ороход бэлэн. Яагаад гэвэл, тэр “эзэнгүй“ талбайг хамгаалж, хадгалж суудаг хууль сахиулагч Монголд хэр олон билээ. Ойн хамгаалагчид хүртэл “нинжа” нартай сүлбэлдсэн энэ цаг үед.

“Нинжа” нарыг тэтгэж, тэнхрүүлдэг, амь бөхтэй оршин тогтнох гол баталгаа нь болсон хүмүүс бол мэдээж тэднийг хэрэгцээт зүйлсээр ханган нийлүүлэгчид.

Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумаас холгүй орших Хөгийн голын хөндий бол хүн хүрэхийн аргагүй. Гэтэл өвлийн идэр ёсийн хүйтэнд Хөгийн голын хавцлаас алт олдлоо гэх сургаар улаан хөлтөн хүрэмгүй тэр айхтар цавчим хавцлуудын дунд алт хайсан отог язганаж эхэлсэн. Нинжа нар хүнд хүчир хөдөлмөрийнхөө ард мэдээж архи дарс, хоол хүнсний хүчээр л гарч байгаа. 4500 төгрөгийн үнэтэй нэг шил архи тэнд 25.000 төгрөг болж нугардаг гээд бод доо. Уул уурхайн үндэсний ассоциацийн Ерөнхийлөгч Д.Дамба “Би нинжа нарын отог дээр очиж чадсангүй. Амь насаа ч алдаж мэдэхээр юм. “Нинжа” нарын бусармаг үйлдлийг зогсооё гэвэл тэднийг харин хоол хүнс, хэрэгцээт зүйлсээр ханган нийлүүлэгчдийг эхлээд хүчээр тараах хэрэгтэй. Тэдэнд хуулийн хатуу хариуцлага ногдуулъя. Ходоод нь хоосон, өлсөж туйлдсан “нинжа” нар уулнаас хүссэн хүсээгүй буугаад ирнэ” гэж ярьж байв. Энэ бол “нинжа“ нарыг хөөж тараахаас ч хялбар бөгөөд үр дүнтэй “эдийн засгийн хориг арга хэмжээ”.

“Нинжа” нар дайралт хийсэн өдөр л ардаас нь фургон фургоноор архи зөөж ирдэг хүмүүс бий. Архиар хүнийг хордуулдаг ченжүүд бэлэн байж байдаг байна. Зарим тохиолдолд алт олдог нинжагаасаа илүү шагчид, хоол хүнс, биеэ үнэлэгч худалддаг хүмүүс ашиг олох нь их. “Нинжа” нар олсон алтаа ченжүүдэд өгч мөнгө олоод тэр мөнгөө архинд зориулж дуусгана. Архи уугаад эхэлсэн өдрөөсөө алт ухах үндсэн ажлаа мартаж өдөр болгон согтуу явж бусад багийн хүмүүстээ гай тарьдаг “нинжа” нар ч цөөнгүй. Тиймээс “нинжа” нарын хууль бус үйлдлийг зогсооё гэвэл хамгийн түрүүнд тэдний “ханган нийлүүлэгчид”-тэй тэмцэх хэрэгтэй.

Зуу гаруй жилийн өмнө Канадын Юкон мужийн “Клондайк” гэдэг газарт алтны солиорол газар авч, ямарч хууль журам үйлчлэхээ больж, хүчирхийлэл, архидалт хэрээс хэтэрсэн тухай алдарт Жек Лондон зохиолдоо өгүүлсэн нь бий.

Гэхдээ Канадын Засгийн газар үүнийг хуулийн далайлтаар, хүчээр л шийдсэн. Өөр арга байгаагүй. “Нинжа нарын амьдрал хэцүү, ингэж л амьдрахаас аргагүй улс” гэж манайхан шиг толгойг нь илээгүй юм. Өдгөө Канадад хүрээлэн буй орчны хууль, дүрэм журмыг маш нарийн баримтладаг. Хэрвээ алт олборлогч ямар нэг компани, хувь хүн мод огтлох, ашиглах үйл ажиллагаа явуулдаг бол нэг мод тайрсныхаа оронд гурван мод шинээр суулгах ёстой гэх зэрэг хатуу чанга хууль үйлчилдэг.

Канадын “Клондайк”-ийг санагдуулам Монгол “нинжа” нарын ертөнцөд эмх журмыг тогтоох зохицуулалтыг хуулийн хатуу зохицуулалтаар л хийж чадна.


  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

0 comments:

Post a Comment