Read my blog's...

This is....
RSS

Г.Аззаяа: Ж.Буш Ерөнхийлөгчтэй уулзана гэж санаагүй ээ


2004 оны хоёрдугаар сарын 18-ны өглөө. Иракийн Аль Хилла хотын ойролцоо орших Чарли баазыг террористууд овоо хараандаа авч цуст халдлага зохион байгуулахаар төлөвлөсөн байлаа. 1000 цэрэг хооллодог танхимд Польш, Унгар, Румын, Филлипинээс ирсэн цэргүүд цайлж байх агшинд 750 кг тэсрэх бодистой ачааны машин баазын хашаанд юу юугүй ороод ирж. Энхийг сахиулагчдын амийг аварч, халдлагыг зогсоосон цэрэг Монголынх байв. Хорьхон настай шавильхан бор залуу тэсрэх бөмбөг ачсан машин баазын хаалгаар орж ирэх үед жолоочийг нь буудсан гавьяа дэлхийн сонорт хүрч байсан нь дөрөв гаруй жилийн тэртээ. АНУ-ын Ерөнхийлөгч жирийн монгол цэрэгт хүндэтгэл үзүүлж байсан түүхт өдрийг монголчууд мартаагүй. Магадгүй та энэ хэсгийг уншаад “Аан Аззаяа юу” гэж өнгөрснийг дурсч байгаа байх. Хэдэн жилийн өмнө хэвлэлийн баатар болж байсан энхийг сахиулагч залуу өнөөдөр хаана юу хийж яваа бол. Энэ асуултад хариу олохоор Батлан хамгаалахын их сургуулийг зорилоо. Г.Аззаяа тус сургуулийн Цэргийн команд инженерийн сургуулийн тавдугаар курст суралцдаг юм байна. Очсон даруйдаа уулзана гэж бодсон минь эндүүрэл байв. БХИС-ийн захирал, генерал Жалбажав, ЦКИС-ийн захирал, хурандаа Лхагвасүрэнгээс зөвшөөрөл авах ёстой гэсэн Г.Аззаяагийн үгийг дагав. Орох гарах, уулзах салах нь хүртэл тодорхой дүрэм, тогтсон үгтэй цэргийн хотхон жирийн бидний орчноос өөр юм. Зөвшөөрөл авсны дараа бидний ярилцлага эхэллээ.


-Халдлагыг зогсоосон тэр үеэс яриагаа эхлэх үү. Та тэр үед Иракт очоод хэр удсан байсан бэ?


-Иракийн энхийг сахиулах ажиллагааны хоёрдугаар ээлжийн багт багтаж явсан минь миний амьдралд мартагдашгүй дурсамж болж үлдсэн гэдгийг ярианыхаа эхэнд онцолмоор байна. Хоёрдугаар ээлжийн багийн зууны ная, ерээд хувь нь манай 150 дугаар ангиас оролцсон. Очоод нэг их удаагүй байсан үе. Арваад л хоносон байх. Тэр үед халдлага болсон л доо. Ачааны машин хана дэлбэлж гарц гаргаж орж ирсэн юм. Орох ёсгүй газар учир хамгаалалтад бэлэн байх ёстой. Энэ үүргийнхээ дагуу л ажилласан. Гал нээгээд, гурван удаа буудсанаар халдлагыг таслан зогсоосон.

-Террористууд халдах нь гэдгийг яаж мэдсэн юм бэ. Ямар нэг сэжиг бүхий мэдээлэл авсан байв уу?


-Үгүй. Ямар бүлгийн хүмүүс дайраад ороод ирж байгааг тэр үед мэдэх боломж байгаагүй. 40-50 метрийн цаанаас хэн болох нь харагдахгүй л дээ. Гэхдээ яг хэн гэдэг амиа золиослогч байсан юм бол гэж одоо ч өөрөөсөө асуудаг л юм.


-“Хэрвээ тэр халдлагыг зогсоогоогүй бол”....гэсэн бодол төрдөг үү?

-Их хохирол гарах нь ойлгомжтой л доо. Доод тал нь 1000 хүн хоол иддэг заал байсан гээд бодохоор эвгүй л санагддаг юм. Яг өглөөний хоолны цаг байв. Тэр ачааны машинаас 750 кг тэсрэх бодис илрүүлсэн. 100 грамм тэсрэх бөмбөг таван тоннын чингэлэгийг дээш нь метр хөндийрүүлэх чадалтай байдаг. Ийм хүчтэй эд. Гэхдээ ганцхан би айхтар чадвартайдаа халдлагыг зогсоочихсон юм биш л дээ. Манайхан дотор надаас ч чадвартай хүмүүс олон байгаа.

-Иракт анх очсон үеийн сэтгэгдлээсээ хуваалцана уу.

Эндхээс тэс өөр орчин угтахад эхэндээ хэцүү байв уу. Өдөрт хэдэн зуугаараа сонсогдох буун дуу, дэлбэрэлтээс эхлээд?-Энд бэлтгэл хийж буун дуу сонсоод очсон болохоор тэгтлээ цочирдож гайхаагүй. Нуулгүй хэлэхэд эхэндээ буун дуу сонсоод дайны цагийн байдалд байна гэж төсөөлж чадахгүй байсан. Хэд хоногоос дунд нь ороод, буун дуу, тэсрэлт дэлбэрэлтийг яг жинхэнээр нь сонсоод ирэхээр айдас төрдөг юм билээ. Цаг агаарын хувьд эхэн үедээ ямар халуун бүгчим юм бэ гэж бодогдох үе байсан шүү. 30-50 хэм хүртэл халдаг болохоор бас ч яггүй ээ. Гэхдээ монгол хүмүүс хаана ч очсон орчиндоо амархан дасчихдаг онцлог чанартай гэдгийг тэнд очоод илүү мэдэрсэн л дээ. Арав хоноод л дассан. Биднийг очсон үед тэнд удсан монгол цэргүүд даараад байна гэхээр нь эхлээд гайхдаг байв. Монголынх хуурай халуун байдаг бол тэнд хичнээн халуун ч гэсэн чийглэг талдаа. Тийм болохоор даарах үе гарч л байлаа.

-Халдлагыг таслан зогсоосны дараа хэвлэлүүдээр өөрийн тань тухай нэлээд шуугисан. Польшийн зэвсэгт хүчний “Мөнгөн загалмай” одонгоор шагнасныг ч санаж байна. Польш цэргүүд танд илүү хүндэтгэлтэй ханддаг болсон гэсэн байх аа?

- Ер нь хүндэтгэлтэй хандсан шүү. Бид нэг гал тогоонд хоол иддэг байсан л даа. Хоолоо идэх гээд орохоор миний урд явж байсан польш цэрэг зам тавьж өгөх жишээний. “Энэ бол цэрэг хүний хийх ажил. Чи үүнээс ч илүүг хийж чадна” гэж тэд намайг зоригжуулдаг байв. Польшийн Беник гэдэг генерал, Засгийн газрын гишүүд нь ч ирж уулзсан. Сониноос би өнгөрсөн жил Польшийн Батлан хамгаалах яам, Жанжин штабын урилгаар Польшид 14 хоног аялаад ирсэн. Батлан хамгаалахын сайдтай нь уулзаж хэвлэлийн бага хуралд оролцсон. Дурсгалтай түүхэн газруудаар нь ч аяллаа. Үнэхээр сайхан санагдсан шүү.

-Чарли баазад хэдэн орны дайчид байсан бэ?

-Латви, Литви, Филиппин зэрэг долоон орны цэргүүдтэй хамт алба хашсан. Америк цэргүүд ирж очин, бааз дамжих маягаар ажиллана. Гол удирдлага нь Польшийн зэвсэгт хүчин байсан юм.

-Олон орны цэрэгтэй яаж ойлголцдог байв. Хэлний бэрхшээл мэдээж гарна биз?

-Эхлээд хэцүү байлгүй яахав. Эндээс бага зэрэг хэлний бэлтгэлтэй явсан болохоор бас бүр ч таг биш ээ. Очоод орчиндоо дасч зохицоод ойлголцож болж байсан. Хөгтэй явдал ч нэлээд гарна. Тэр халдлагаас хойш хүч нэмэгдүүлсэн юм аа. Зэвсэгт хүчний 150 дугаар ангид алба хааж байсан найзыг маань Польшийн командын байран дээр польш цэрэгтэй хамт сектор хамгаалуулахаар манай дарга явуулж л дээ. Мань хүн очоод “Mу соmander энэ дээр сектор ав гэнэ ээ” гэж монгол, орос, англиар холиод хэлчихэж байгаа юм. Ингэж ойлголцох явдал нэлээд гарна шүү.-

Иракт алба хааж байхад цалин, хангамж гайгүй байсан уу?

-Хангамж маш сайн. Цалингийн хувьд тэнд өгөхгүй. Эндээ ирж байж авсан. Өдрийн арван доллар. Зарим хүмүүс иймхэн мөнгөний төлөө тэнд алба хаасан юм уу гэж асуухад нь гайхдаг л юм. Миний хувьд энэ үгийг хувь хүний л бодол юм даа гэдэг үүднээс хүлээж авдаг. Би энгийн иргэн байсан бол энхийг сахиулах гэж Ирак явахгүй байсан. Энэ үйл ажиллагааг цэрэг хүний үүргээ биелүүлэх том боломж, сорилт байсан гэж боддог. Цэрэг хүн ийм юмнаас айж шантрах ёсгүй. Бас газар үзэж нүд тайлна гэдэг юугаар ч үнэлшгүй зүйл. Ер нь тэнд манай баг эв нэгдэл сайтай, дарга нар маань сайн ажилласны хүчинд нэр хүнд ч гайгүй байлаа. Бид зэвсэгт хүчний 150 дугаар ангийг хамт төгсөөд Ирак руу нэг салаа болж явсан маань дурсамж болон үлдсэн. Цэргийн салбарт олон жил ажилласан хүмүүсийн дэргэд бид дөнгөж жил гаруйхан л суралцсан, хүүхдээрээ тул тэнд цагийг зугаатай өнгөрүүлж байлаа.

-Сьерра-Леонд бас энхийг сахиулах ажиллагаанд оролцсон санагдаж байна?

- Тийм ээ. 2006 онд Сьерра-Леонд ажиллаж байсан. Африкийн баруун өмнөд эрэг дээр байдаг жижигхэн улс л даа. Олон хүн амтай, их халуун. Гэхдээ далайн эрэг дээр байдаг болохоор чийглэг, борооны улирал нь урт. Иракийг бодвол нөхцөл нь хүнд, хортой шумуул шавьж ихтэй. Гэхдээ цагийн байдлын хувьд Иракаас тайван юм билээ. Одоо бол намжмал байдалтай болсон.

-Дөрвөн жилийн өмнөх энхийг сахиулагч Аззаяа, оюутан Аззаяа хоёрын хооронд ялгаа хэр гарав?

-Ялгаа байлгүй яахав. Тэр үед би чинь дөнгөж аравдугаар анги төгсөөд хөдөөнөөс ирсэн бүрэг хүүхэд байсан ш дээ. Хүнтэй ярьж чадахгүй түг тагхийгээд л. Одоо бол арай өөр өө. Сургуульд сурч, төлөвшиж байна. Хэлэх гэсэн санаагаа ичиж зоволгүй илэрхийлдэг болсон. Энгийн ийм өөрчлөлтөөс эхлээд яривал ялгаа гарсан гэж боддог шүү. /инээв/.

-Хөдөөнөөс хотод ирээд удаагүй бүрэг байсан гэсэн үгнээс чинь улбаалаад нэг зүйл сонирхмоор санагдлаа. Иракаас ирэнгүүт сэтгүүлчид бүчиж түмэн асуулт асууж, зургийн аппарат гялсхийх үе хэцүү байсан уу?

-Иракт байлдахаас ч илүү хэцүү санагдсан. Тэнд би тэгж айхтар зовоогүй /инээв/. Энд ирсэн чинь бөөн камер, тал талаас микрофон, төрийн томчууд. Уншиж байгаа бичиг хүртэл харагдахгүй, ёстой хэцүү юм билээ. Салаа цэргийн өмнө гарч үүрэг тавьж үзээгүй байсан юм чинь. Сэтгүүлчдийн асуултаас их айна аа. Ярихыг хүсэхгүй, салахын түүс болдог байв. -Америкийн Ерөнхийлөгч Ж.Буш манай улсад айлчлахдаа Самбуу-Ёндон та хоёртой уулзсан. Том гүрний удирдагчийн анхаарлыг татна гэдэг үнэхээр бахархалтай. -Би уг нь Ж.Буштай уулзана гэж төсөөлөөгүй юм аа. Их гэнэтийн юм болсон ш дээ. Америкийн Ерөнхийлөгч айлчилдаг тэр өглөө би хичээлээсээ хоцорчихсон юм. Ж.Буш айлчилна гээд бүх замыг хаасан шүү дээ. Бөөн бөглөрөө, тэгээд л хоцорчихсон хэрэг. Алхаж очлоо ч хичээлдээ сууж амжихааргүй байсан болохоор харихаар шийдлээ. Юу ч гэсэн утсаа нээчихье гээд асаатал дуугардаг юм байна. “Чи одоо хаана явна. Хайгаад сүйд боллоо. Төрийн ордны гадна яаралтай хүрээд ир” гэж дарга нар нэлээд сандарсан байдалтай утастсан. Очсон чинь манай дэд захирал Цэвээнсүрэн миний парад хувцсыг авчирчихсан машинд хүлээгээд сууж байв. Ингээд л ордны хажууд хувцаслаад орсон. Үнэхээр санамсаргүй тохиолдол. Ерөнхийлөгч Ж.Буш намайг сайн цэрэг гээд, илүү сайн ажиллаарай гэж захиж билээ.

-Ингэхэд Самбуу-Ёндон одоо юу хийж байгаа вэ?

-Батлан хамгаалахын их сургуулийн Ахлагчийн коллежид дамжааны багшаар ажиллаж байгаа. Самбуу-Ёндон өөрийнхөө цэгт илэрсэн халдлагыг няцааж, холбоо мэдээлэл дамжуулсан юм. Галын дэмжлэг үзүүлсэн гэдгээрээ бид хоёр хамтарч үүрэг гүйцэтгэсэн.

-Иракаас ирсний дараахан чамд байр бэлэглэсэн байх аа?

-Сургуулийн хойхно хувийн хашаа байшин өгсөн.

-Гэрлэсэн үү?

-Ноднин нутгийнхаа бүсгүйтэй гэрлэсэн. Хөөрхөн охинтой болсон. Энхнаран гэдэг юм. Одоо 10 сартай. Манай хүн Шинжлэх ухаан технологийн их сургуулийг ноднин төгссөн. Иракт алба хашиж байх үед бид хоёр үерхдэг байв. Нэг нутаг л даа.

-Аль нутаг билээ?

-Бид хоёр Өвөрхангайн Бүрдэнд төрсөн. Гэхдээ би Булган аймагт өссөн л дөө.

-Ирак руу явахын өмнө энхийг сахиулагч ямар алба хашиж байсан бэ?

-Булган аймагт анх мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийг дүүргэсэн. Сумандаа сурах боломж уг нь байсан л даа. Зуд нүүрлэсэн тул наймдугаар анги төгсөөд нэг жил мал маллахаас аргагүй болж билээ. Буцаад сурах гэтэл дүүгийнхээ ангид орох гээд болдоггүй. Тэгээд аравдугаар ангиа төгсөнгүүтээ энд Батлан хамгаалахын их сургуулийн Ахлагчийн коллежид элссэн. Дараа нь Зэвсэгт хүчний 150 дугаар ангид томилогдож тэндээ зургаан сар ажиллаж байтал эхний ээлж Иракийг зорьсон юм. Энэ үед манай анги бэлтгэгжиж байгаад араас нь явсан л даа.

-Одоо ямар чиглэлээр сурч байна?

-Ерөнхий цэргийн командир. -

Сургуулиа төгсөөд юу хийнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа вэ?

-Салаан захирагчаар ажиллана. Үргэлжлүүлэн сурна гэсэн бодол байгаа.

-Чамтай ярилцлага хийх гээд хүлээж байх үед нэг юм анзаарлаа. Цэргүүдээ хоолонд нь оруулахаас эхлээд багагүй ажил амжуулах шиг боллоо. Даргын алба хашдаг юм аа даа.

-Жагсаалын даргын алба хашдаг юм.-

Түрүүн гадныханд үзүүлэх сургууль хийж байсан уу?

-Туркийн сонсогч нар манай сургууль дээр айлчилж байгаа юм. Бид нарын өдөр бүр хийдэг зүйл л дээ. Гимнастик байхгүй юу.

-Зав бага гардаг юм шиг санагдлаа. Хэд хүртэл сургууль дээрээ байдаг вэ?

-Зав гаргая гэвэл гаргана уу гэхээс тэгтлээ зав чөлөө гараад байдаггүй. Орой зургаан цаг өнгөртөл эндээ байдаг. Өглөө долоо дөчид нэгддэг.

-Нэгддэг ээ?

-Жагсч гимнастик хийхийг хэлж байгаа юм.

-Аззаяагийн нэг өдөр хэрхэн өнгөрдөгийг сонирхож болох уу?

-07.40 цагт нэгдэж 08.25-02.00 цаг хүртэл хичээл ордог. 02.00 цагаас дахин нэгдэж хоолондоо ороод 03.00 цагаас дахин хичээлдээ ордог. Тэгээд бие даалт.

-Хамгийн дуртай хичээл?

-Тактикийн хичээлдээ илүү дуртай. Мэргэжлийн маань гол түлхүүр болохоор. Дайн байлдааныг яаж явуулах вэ гэдгийг судладаг юм.

-Цэрэг байхын бахархлаар яриагаа үргэлжлүүлье?

-Эх орондоо тангараг өргөсөн эр цэргийн албан хаагч байна гэдэг дэндүү гоё. Манай эрчүүд тэр бүр цэрэгт яваад байдаггүй. Явдаг хэсэг байдаг ч жинхэнэ цэргийн албанд алба хаадаг нь цөөхөн. Гадныхан монгол хүнийг Чингисийн үеийн нүүдэлчин, дайчин цэрэг гэдгээр нь төсөөлж боддог шүү дээ. Тэр үеийн цэрэг дайчдын дэлхийд мөрөө гаргасан замналаар явж байгаадаа л бахархах сэтгэл эрхгүй төрдөг.

-Одоо ямар цолтой вэ?

-Ахлагч цолтой.

-Иракт алба хааж байх үед “Манайхан гадны цэргүүдээс энэ талаараа илүү, тэр талаараа дутуу юм байна” гэх үнэлэлт төрж байв уу?

-Манайханд нэг сул тал анзаарагдсан. Яг өөрсдөө биеэ дааж бэлтгэл сургуулилтаа хийдэггүй. Заавал нэг захирагч дарга ч юм уу, удирдах албан тушаалтан хүн хийлгэвэл хийдэг. Түүнээс биш бусад орны цэргээс дутах юм байхгүй. Жижигхэн биетэй мөртлөө ачаалал дааж чадна. Юмыг хурдан сурдаг. Нэг барьж авсан юмаа үргэлжүүлээд хийдэггүй л болохоос биш. Бусад орны цэргүүд өөрсдөө чадахгүй, их удаан сурна. Оролдоод л байна. Тэгсээр байгаад юманд хүрдэг.

-Тэд ер нь Монголын талаар ямар ойлголттой байх юм?

-Нүүдэлчин гэдэг талаас нь ойлгодог юм билээ. Тэдэнтэй яг нөхөрлөөд ирэхээр манай улсыг иргэншсэн амьдралтай гэдгийг мэдэж эхэлдэг.

-Сэтгэлийг чинь эмзэглүүлж явдаг зүйл гэвэл юу хэлэх вэ?

-Энэ асуулт надад ахдах байх аа. Дарга нар л үг хэлбэл илүү жинтэй байх.

-Хувь хүнийхээ хувьд үзэл бодлоо хэлж яагаад болохгүй гэж?

-Сэтгэл эмзэглүүлсэн асуудал гардаг л даа. Саяхан даа, нэг телевизээр монголд ер нь зэвсэгт хүчин хэрэгтэй юм уу гэсэн утгатай мэдээлэл цацаж байна лээ. Үнэхээр харамсалтай санагдсан. Улс юм чинь цэрэгтэй байж л таараа. Би улсын сүр цэрэгтээ, цэргийн сүр жагсаалдаа гэдэг үгийг хэлэх дуртай. Тэр телевизийн сэтгүүлчид “Зэвсэгт хүчин байхгүй бол улс гэдэг үг утгаа алдана” гэж хэлмээр бодогдсон шүү.

-Дайны халуун цэгт байсан хүн эх орон, энх тайван гэдгийг илүү ойлгож ухаарсан болов уу?

-Манай орон шиг ийм амар тайван, тааваараа амьдарч байгаа улс дэлхийд цөөхөн л дөө. Америк хэдий өндөр хөгжилтэй ч террор гэх айдастай. Юу ч үзээгүй мань мэтийн хүүхдүүд эх орноосоо явж Иракт очиход нүд хальтирам зүйл бишгүй л таарсан. Киноноос хардаг зүйлс бодитоороо байна гэхээр эвгүй л дээ. Тэнд байсны хувьд Иракийн талаар мэдээ харахыг оролдоно оо.

Ярилцлагын төгсгөлд Г.Аззаяа “Би өмнө нь ингэж илэн далангүй ярьж байгаагүй юм байна шүү. Ер нь ярилцлага өгөх тийм дуртай биш. Тэгээд ч цэргийн хүн ганц хоёрхон үгээр санаагаа илэрхийлэхийг илүүд үздэг гэдэг үг байдаг. Арай л их ярьчих шиг боллоо. Дөрвөн жилийн өмнө танай эрхлэгчээс “Монголын бахархал” гэсэн сайхан өргөмжлөл авч байсан болохоор танай сонины хүсэлт надад илүү ойр санагдлаа” гэж аминчлав. “Үндэсний шуудан” сонин 2008.07.19

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

0 comments:

Post a Comment