Read my blog's...

This is....
RSS

Эх орны хөгжлийн тулах цэг, зүтгэх хөдөлгүүрийг дэмжье


Үндэсний баялаг. Энэ үгийн утга учрыг капитализмын хатуу замаар довтолгон, бусад хөрөнгөтөн улстай өрсөлдөж амьдрах хувь тавиланг сонгосон монголчууд өөрийнхөөрөө ухаарч ойлгож байна. Нэгэнт буцах замгүй тул “үндэсний баялаг”-аа түшиж хөгжих нь зах зээлийн хууль. Монгол үндэстний баялаг юу вэ. Товчоор хэлбэл үндэсний бизнесмэнүүд, тэдний баялаг бүтээх чадвар. Монгол Улс өдгөө бараа бүтээгдэхүүнийхээ 80 орчим хувийг импортолж, ердөө 20 хувийг нь үйлдвэрлэдэг. Дэндүү чамлалттай тоо шүү. Гэхдээ үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэх 80 хувийн боломж өмнө маань дурайж байгаа. Энэ эрхэм зорилгыг гардан хэрэгжүүлэх хүмүүс нь мөн л хувийн хэвшлийнхэн.
Тэд өдгөө улсын төсвийн орлогын 90 хувийг бүрдүүлж, ачааны хүндийг үүрч явна. Үндэсний баялгийг бүтээлцэж яваа үндэсний үйлдвэрлэгчид иргэдээ ажлын байраар хангаж, бас олсныхоо хэрээр татвар төлдөг. Энэ нь үндэстний гол амин зуулга юм. Гэтэл бид үндэсний үйлдвэрлэгчдээ, үндэсний хөрөнгөтнүүдээ дэмжихийн оронд олигархи хэмээн цоллож дууддаг буруу жишиг хавтгайрах янзтай. Зах зээлийн нийгэмд баялаг бүтээгчдийг үндэсний капиталистууд гэх ба тэд эх орны хөгжлийн тулах цэг, зүтгэх хөдөлгүүр нь болдог. Тэднийг бүгдийг нь олигархи гэх үү?
Үндэсний статистикийн газрын албан ёсны тоо баримт түшье. Аж үйлдвэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2001 онд 272,5 тэрбум төгрөг байсан бол 2010 оны эхний улирлын байдлаар 394, 2 тэрбум төгрөгт хүрчээ. 2001 онд өндөр хөгжилтэй 7 оронд Монгол Улс бүтээгдэхүүнээ экспортолдог байсан бол 2010 оны эхний улирлын байдлаар нийт 45 оронд экспорт хийж. Үндэсний үйлдвэрлэлийн тухайд, өнөөгийн орчинд ийм байна гээд бодохоор тийм ч муу дүр зураг биш.
Төр, засгийн зүгээс энэ оныг “Бизнесийн орчны шинэтгэлийн жил” болгон зарласан. Энэ бол үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, ядахнаа эрх зүйн орчныг нь сайжруулах гэсэн бодит алхам хийж буйн эхлэл юм. Мэдээж “Бизнесийн орчны шинэтгэлийн” ажил ганц жил яваад дуусчихгүй, үр дүн нь багагүй хугацааны дараа гарна. Юуны түрүүнд, хувийн хэвшлийнхэнд гэрэл гэгээтэй төсөөлөл төрж эхэлсэн нь том олз. Хөрөнгийн зах зээлээ хөгжүүлэх үүднээс олон улсын хөрөнгийн зах зээлд Монголын компаниудыг гаргахаар Засгийн газар идэвхийлж байна. Монголын компаниудыг дэлхийд хөлтэй болгохын тулд хийж байгаа гэдэг утгаар нь Ерөнхий сайдын энэ алхмыг сайшаая. Монголын баялаг бүтээгчид, үндэсний хөрөнгөтнүүд маань дэлхийн зах зээлд мөрөө гаргах гэж хичээж буй энэ эхлэлд нийгмээрээ хүч өгөх хэрэгтэй.
Монгол Улсын татварын орчин ч нэг үеэ бодвол сайжрах төлөвтэй болжээ. “Бизнесийн регистрийн сан”-д одоогоор 60 гаруй мянган компани бүртгүүлсэн байна. Үүнээс 21 мянган компани нь Улаанбаатар хотод буй. Энэхүү статистикээс харахад иргэд маань зах зээлээс илүү тодорхой боломжуудыг эрэлхийлдэг болж, манай нийгэмд шинэ санаачлага эрчтэй, зогсолтгүй өрнөж байгаатай холбоотой. Санаачлага өрнөнө гэдэг өөрөө эдийн засаг хөгжихийн суурь дэвсгэр. Эх оронд үндэсний ажил хэрэгч компаниуд олшрох тусам өрсөлдөөн хүчээ авна, тэр хэрээрээ улсын төсөвт татвар илүү төлөгдөнө. Ирээдүйдээ итгэлтэй, олноороо орлоготой амьдрахын эрүүл хөрс нь чухамдаа ажилсаг гар мөн.
Хамтарсан Засгийн газрын ойрын хамгийн том зорилтыг Тавантолгой ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах гэж тодорхойлсон нь үйлдвэрлэлд анхаарч буй төрийн бодлогын нэг эерэг дүр зураг. Гүйцэтгэх засаглалын тэргүүн ордыг ашиглахдаа эн тэргүүнд улс орныхоо эрх ашгийг тавьж, их бүтээн байгуулалтад аль болох үндэсний компаниудыг дэмжиж, олон мянган монгол хүнийг ажлыг байртай болгоно гэж амласан нь анхаарал татахуйц содон сонсогдсон. Өмнийн говьд буй баялгаасаа жилд 5,2 тэрбум ам.доллар олох боломжтой гэж гэсэн эрдэмтдийн тооцоо бий. Энэ бол манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүнийг даруй хоёр дахин өсгөх асар их мөнгө билээ.
Үндэсний капиталистуудаа түшиж хөгжсөн улс орнууд бидэнд бэлэн жишээг харуулдаг. Дайны өмнө цагаан будаанаас илүү хоолгүй, сийрсэн малгайнаас өөр хувцасгүй ядуу тарчиг амьдарч байсан япончууд дайны дараа гадны бүтээгдэхүүнийг шууд л дуурайж хийжээ. Дуурайж хийсэн бүтээгдэхүүнээ Японы онцлогтойгоор баяжуулан, улмаар цоо шинэ технологи болгон хөгжүүлж. Ялангуяа хөнгөн үйлдвэрээ, дараа нь хүнд үйлдвэр, цаашлаад автомашин, электроникийн үйлдвэрлэл болон өргөжиж, хурдацтай хөгжлийн ид хавыг үзүүлж эхэлсэн билээ. Япон улсад энэ чиглэлд төрийн зохицуулалтыг маш чадварлаг хийсэн юм. Тэр нь зохицуулалт гэхээсээ илүү дэмжлэг байлаа. Өнөөдөр “Тоёото”, “Мицубиши” бол тэдний бахархал, үндэсний брэнд. Үндэсний компаниуд нь экспортын чиг баримжаатай хөгжиж, олон улсын тавцанд байр сууриа эзлэхэд төр засаг нь дэмжлэг үзүүлжээ. Үүнтэй зэрэгцэн жижиг, дунд үйлдвэрүүддээ зөвхөн дотоодын зах зээлдээ илүү амжилттай ажиллахад нь тусалжээ. Манайд яг ийм зохицуулалт үгүйлэгддэг. Үндэсний компаниуд шилдгүүдийг дуурайж, дараа нь өөрийн гэсэн онцлогоор эрчимтэй хөгжиж, төр нь Японы жишгээр дэмжиж чадвал Монголын баялаг нутагтаа шингэнэ.
Дэлхийн 10 гол экспортлогч орны нэг, телевизор үйлдвэрлэлээр дэлхийд мөн л нэг, хөлөг онгоц үйлдвэрлэлээрээ хоёр, бэлэн хувцас, гэр ахуйн цахилгаан бараагаар гурав, нэхмэл бөс бараагаар гуравдугаарт жагсдаг БНСУ үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэхдээ хоёр гол үе шатыг туулжээ. Нэг дэх нь, импортын бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх чиглэлийг баримталсан. Хэдхэн жилийн дотор энэ чиглэлд аажмаар дэвшил гарч, ихэнх бүтээгдэхүүнээ дотооддоо үйлдвэрлэдэг болсон. Үүний зэрэгцээ үндэсний хөрөнгөтний зарим хэсэг нь экспортын чиглэлээр хөнгөн үйлдвэрүүдийг хавсарган хөгжүүлэх чиг баримжааг баримталжээ. Хоёрдугаар шатанд, экспортын хүчин чадлыг нэмэгдүүлэн, эдийн засгийн суурь салбарыг хөгжүүлэхэд анхаарчээ. 1967-1970 оны сүүлч хүртэл экспортын чиглэлийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэн төмөрлөг, хий, машины үйлдвэрийг онцгойлон хөгжүүлсэн юм. Экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд төрөөс онцгой анхаарч, хөнгөлөлттэй зээл олгох, үйлдвэрлэлийн хэрэгслийг импортоор авахад гаалийн татвараас хөнгөлөх буюу чөлөөлөх бодлого баримталжээ. Төр , засгаас олгосон энэхүү таатай боломжид тулгуурлан экспортын чиглэлийн үйлдвэрлэл 1980-аад оноос эрчимжиж. Тиймдээ ч Өмнөд Солонгосын үсрэнгүй хөгжлийг экспортод чиглэсэн “Эдийн засгийн гайхамшиг” гэж нэрлэдэг. Одоо тус улс “мэдээллийн технологийн хөгжил”-д түлхүү анхаарч байгаа. Үүнийг л төрийн бодлого, өөрийн компаниа гэсэн нийгмийн дэмжлэг гэдэг.
Америк ч ялгаагүй үндэсний капиталистуудаа түшиж хөгжсөн. 1890-ээд оноос томоохон бизнесмэнүүдээ дэмжиж, эргээд тэдний дэмжлэгийг авсны хүчинд өнөөдөр дэлхийн тэргүүлэх гүрэн болжээ. Бидний хэлж заншсан “Үндэсний үйлдвэрлэл” гэдгийг Америкт “Local business” хэмээн ойлгодог. Америкууд зөвхөн өөрсдийн үйлдвэрлэсэн автомашинуудаа худалдаж авахыг уриална. “Форд”, “Женерал Моторс”-оороо бахархана. Тэр ч бүү хэл, Америкийн муж, хот болгонд өөрсдийн салбар нэгжээ нээсэн түргэн хоолны газрууд нь хаана үүсч байгуулагдсанаасаа шалтгаалж салбар нэгжийнх нь тоо ч янз бүр байх жишээтэй. Бостоноос үүсэлтэй “Dunkin Donuts” гэх кофе-кафе нь Калифорни мужийн Сан Бернардино хотод үүссэн “McDonalds” түргэн хоолны газрын ижил өөрийн муж хотууддаа илүү олон салбартай. Тухайн муж болон хотод төрж өссөн уугуул иргэд өөрсдийн жижиг ресторан, мухлаг, цэцгийн дэлгүүр, автомашин засварын газар гэх мэт жижиг дунд бизнес эрхлэгчид нь бусад глобал чанартай үйлдвэрлэл, үйлчилгээтэй өрсөлдөх үүднээс мөн л “Local business”-ээ дэмжихийг уриалдаг.
Анзаарахгүй орхих учиргүй нэг өнцөг бий. Өнөөдөр уул уурхай эрчтэй хөгжих нөхцөл бүрдчихлээ. Энэ том боломж дунд Монголын компаниуд зөвхөн үйлчилгээ, жижиг сажиг ханган нийлүүлэлт хариуцсан хавсарга болон хоцрох уу, эсвэл баялгаа түшин дэлхийн зах зээлд гарч ирэх үү гэсэн сонголт өмнө байна. Олон жилийн дараа төсвийн алдагдал, байгаль нь сүйдсэн нутагтай үлдчихгүйн тулд өөр ямар арга байна вэ. Монголын компаниуд ашигт малтмалын томоохон төслүүдэд идэвхтэй оролцон, газрынхаа нэг удаагийн баялгийг олон үеэрээ шингээн хэрэглэх эргэлттэй хөрөнгө оруулалт болгон үлдээх үүрэгтэй. Үүнд “Монгол эрдэс” зэрэг хөрөнгийн зах зээлд шинээр гарч ирэх компаниуд маань ч нэлээд том суурь болж өгөх байх. Бусад компаниуд маань ч юуны түрүүнд Азийн хөрөнгийн зах зээлийн арилжаанд идэвхийлэн оролцох цаг ирлээ. Ерөнхий сайд С. Батболдын Хонконгод хийсэн айлчлалын үр дүн энэхүү шинэ эхлэлийг урамшуулж, идэвхжил өглөө. Гадны хөрөнгийн зах зээлээс босгосон мөнгөөрөө уул уурхайн салбарын үндэсний үйлдвэрлэгчид маань хөл дээрээ босох цаг хаяанд ирсэн байна. Одоо яаж хөрөнгийн зах зээлд гарах вэ, хэрхэн баялгаа арвижуулах вэ гэсэн дэлхийн тоглоомын дүрмийг нарийвчлан судлах ажил хэрэгч сургалтын үе ирээд байна. Энэ чиглэлээр манай дараагийн нийтлэл, ярилцлага, мэргэжлийн хүмүүсийн байр сууриуд үргэлжлэн гарах болно.
Уул уурхайгаа түшсэн эдийн засаг ухаалаг байх ёстой. Уул уурхайн салбараас их мөнгө цутгах он жилүүдийг үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих, үйлдвэрлэгч, экспортлогч Монгол болон, экологио шүтсэн бодлогод ухаалгаар хандуулж чадвал ирээдүй өнгөтэй, нар тодхон, нийгмийн сэтгэлгээ эрүүл байж чадна аа. Үндэсний эрүүл сэтгэлгээнд хүрэх гарцыг яг одооноос хайж, маргаашнаас эхний алхмаа хийн, нөгөөдөр, түүний цаадах өдрүүддээ итгэж амьдаръя.

The Mongolian mining journal

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

0 comments:

Post a Comment