Read my blog's...

This is....
RSS

Дэлхийн хамгийн шилдэг мэр


Москва хотын мэр Юрий Лужковыг хувь хүний мөн чанараас нь гадна хийж буй ажлуудаар нь Оросын ард түмэн хүндэтгэдэг юм. Монголчууд бид ч гэсэн энэ эрхмийг хөрш нийслэлийн захирагч гэдгээр нь андахгүй. Юрий Михайлович Лужков 1936 оны есдүгээр сарын 21-нд Москва хотноо төржээ. Эцэг Михайл Андреевич нь Тверийн тосгонд төрж өссөн бөгөөд уулын модчин хийдэг байжээ. 1930-аад оны гачлант жилүүдэд М.Андреевич, Москва хотод шилжин ирж, И.Сталиныг төрийн өндөрлөгт гарах үеэр нефть баазад ажилчнаар орсон аж. Ээж Анна Петровна нь Башкирийн суурингийн жирийн л нэгэн тариачин бүсгүй байлаа. Лужков хүүхэд байхаасаа л ээжийгээ Петровна гэж дуудаад сурчихсан, ээж гэхээсээ илүү Петровна л гэнэ. Ээжийнхээ дугариг төрхтэй ази царайг Лужков “хуулбарласан” гэж зарим орос хүн ярьдаг. Лужков бага байхын л хэрсүү нэгэн байв. Ажлын хүндийг хийж, дутагдах гачигдахын зовлонг амссан тэрбээр 1953 онд Москвагийн Нефть, хими, хийн аж үйлдвэрийн их сургуульд элсэн орж, суралцжээ. Суралцах хугацаандаа Павелецкийн галт тэрэгний буудалд ачигч, хашаа цэвэрлэгч гээд олон төрлийн ажил хийж хоногийнхоо хоолны мөнгийг олдог байжээ. Энэ нь хичээлдээ амжилт гаргахад нь сөргөөр нөлөөлдөг байсан бололтой, тийм ч сурлагатай хүүхэд байсангүй. Гэхдээ л “комсомолын идэвхтэн” гэдгээрээ ойр хавийхандаа чамгүй алдаршиж, сургуулийнхаа нийгмийн ажлыг зохион байгуулдаг байж. 1954 онд Лужков Казакстанд атар газар эзэмшихээр явсан оюутнуудын анхны барилгын отрядад ажиллажээ. Ер нь түүний зан чанарын талаар Оросын хэвлэлүүд багагүй бичдэг л дээ. Тэр зун атар газар дээр ажиллаж байх үед нь Бериягийн барьж хорьсон хүмүүст өршөөл үзүүлснээс болж, гэмт хэрэгтнүүд газар сайгүй тархаж. Яг энэ үед залуухан, үсээ мулзайтал хусуулсан,түнжин толгойт Луккон /найзууд нь ингэж дууддаг байжээ. Г.И/ найзынх нь хамаатнууд амьдардаг Рязанын нэгэн тосгонд очиж, орой нь Борейтэй хамт үдэшлэгт орохоор явжээ. Гэтэл хаанаас ч юм, мужийн “овгор”-ууд гарч ирээд мулзан толгойтой Юрийг барьж аван балбаж өгөх нь тэр. Лужковыг өнөөх гэмт хэрэгтнүүдийн нэг гэж бодож л дээ. Гэнэтийн довтолгоонд өртсөн Лужковт хулигаануудаас зугтах боломж арайхийн гартал Борейг нь бүчиж байгаад нэвширтэл нүджээ. Ирээдүйн хотын захирагчийн шар хөдөлж, хажууханд нь хэвтэж байсан тайрдас модыг шүүрч аваад нутгийн овгоруудыг ёстой болгож өгчээ. Атаманууд зугтаж, Лужков ч шаггүй зодоонч эр гэдгээ тэгэхэд л харуулсан гэдэг. Лужковын бүлэгт Марина Башилова гэгч чинээлэг айлын охин суралцдаг байлаа. Түүний эцэг нь Нефтийн томоохон салбарт даргын ажилтай. Хожмын нэгэн сонинд өгүүлснээр Лужков тэр охинд сэтгэлтэй байсан бөгөөд түүнийг ихэд халамжилдаг байж. Тавдугаар курсдээ тэд хуримлаж, байр хөлслөн амьдрах болсон байна. 1958 он. ЗХУ-ын Хуванцар эдлэлийн үйлдвэрийн лабораторийн даргын орлогч, эрдэм шинжилгээний ажилтан болсон Лужковт шинэ үүд хаалга нээгдэв. Тухайн үед энэ үйлдвэр нь нэлээд эрчимжсэн, өргөн далайцтай үйл ажиллагаа явуулдаг байлаа. Тиймээс ч Зөвлөлтийн эдийн засгийн олон салбарт ааштай үрд үн авчирсан. Үйлдвэрийн нэгэн давуу тал нь нийслэлийн “Хоёрдугаар цувааны элитүүд” дотор өргөн харилцаа тогтоох боломж байв.”Нэгдүгээр цувааныхан” нь нам, төрийн зүтгэлтнүүд. Ямар ч хүн “нэгдүгээр цуваа”-наас хоёрдугаар цуваа луу шилжиж байж жинхэнэ улс төрч болдог жамтай. Харин “хоёрдугаар цуваа”-ныханд шинжлэх ухааны салбарт голлох үүрэг гүйцэтгэсэн, техник технологийн мэргэжилтнүүд ордог. Лужков энэ л замналаар нийслэлийн “Хоёрдугаар цуваа”-ны элитүүдийн эгнээнд багтаж, шинжлэх ухааны ажилтан гэдгээрээ ч багагүй нэр хүнд олоод байв. Лужковын албан тушаал огцом өсч, 1964 онд ЗХУ-ын Химийн аж үйлдвэрийн яамны салбарын дарга болж, ЗХУКН-ын гишүүнээр элсэн улс төрийн карьер хөөж эхлэв. Тэр 1991 он хүртэл намын гишүүн гэгдэж байгаад Орос оронд ардчилал тогтох үест намаасаа гарсан байна. Мэдээж намын гишүүнчлэлээсээ татгалзах нь амар хялбар байгаагүй. Хуучны хэвлэлүүд одоо ч түүнийг “урвагч” гэж баруун солгойгүй шүүмжлэх нь бий. Гэхдээ намаасаа гарснаар түүнд итгэх хүмүүсийн тоо нэмэгдсэн гэж хэлэх үндэстэй. Бага залуугаасаа том албан тушаал эрхлэсэн түүний нэг сул тал нь архи багагүй хүртчихдэгт байв. Үүнээс болж шүүмжлэлд их өртсөн. Гэхдээ тэр зүрхний хүнд өвчи туссанаас хойш архи дарс хэрэглэхээ больсон. Харин тамхийг бол хүссэн үедээ л татчихна. Лужковын анхны эхнэр Марина Башилова 1980-аад оны эцсээр элэгний хорт хавдраар өвчилж, удалгүй өөд болжээ. Хань ижилгүй ганцаардахын зовлонг хэсэг амссан Лужков 1987 онд Москвагийн зөвлөлийн хороонд ажиллаж байх үедээ хоёр дахь эхнэр Елена Батуринатай танилцсан гэдэг. Танилцаад нэг их удалгүй 1991 оны эхээр гэрлэжээ. Үүнээс болж том хүү Михайлтайгаа муудалцсан удаатай. Анхны эхнэрээс нь төрсөн энэ залуу Саратов хотын цэргийн сургууль төгссөн гэдэг. Лужков өмнөх эхнэрээсээ хоёр хүүтэй үлдсэн юм. Нэг нь Михайл. Нөгөө нь Александр. Александр нь мэрийн зуслангийн газрын хөрш айлын охинтой гэрлэсэн билээ. 25 настай Елена, 55 нас хүрч буй Лужковтой ханилснаас хойш хоёр охин төрүүлжээ. Охин Алена нь 1992 онд, Ольга нь 1994 онд төржээ. Эхнэр Елена Батурина нь өдгөө Оросын топ баячуудын нэгд тооцогддог. 2004 оны “Форбс” сэтгүүлээс зарласан “Оросын хамгийн баян 100 бизнесмэн”-ийг тэргүүлж байсныг дурдахад л хангалттай. Жагсаалтад багтсан цорын ганц эмэгтэй тэрбээр мөн энэ үеэр “Оросын хамгийн баян эмэгтэй”-гээр шалгарч байлаа. 1,1 тэрбум долларын хөрөнгөтэй бөгөөд Москвад үйл ажиллагаа явуулдаг барилгын “Интеко” компанийг эзэмшдэг. Хоёр жилийн өмнө Елена, Москвагийн ойролцоох Липка тосгонд “Элитүүдийн гимнази” байгуулж, үүнийгээ “Медовые Лужки” хэмээн нэрлэснийг сонин хэвлэлүүд дуулиантайгаар нийтэлж байв. “Элитүүдийн гимнази” бол Москвадаа л хамгийн өндөр төлбөртэй сургууль. Одоо энэ сургуульд түүний хоёр охин нь суралцаж байгаа. Тэдний сургалтын төлбөр нь жилд 250.000 еврод хүрч байна. Гэхдээ юу боллоо гэж өөрийнхөө сургуульд хүүхдээсээ өндөр төлбөр авах билээ. Юутай энэ сургуулийг дүүргэсэн хүүхэд доод тал нь гадаадын таван хэл эзэмшиж байж төгсдөг гэнэ лээ. Лужковыг Москвагийн Зөвлөлийн хорооны даргын нэгдүгээр орлогч болон Москвагийн хөдөө аж ахуйн хорооны даргын албыг хавсран гүйцэтгэж байх үед “Нийслэлийн мах комбинат чанар муутай хиам үйлдвэрлэж байна” гэсэн нэртэй өгүүлэл “Литературнач газета” сонинд нийтлэгджээ. Ю.М.Лужковоос хэл ам салахаа больж, арга буюу тус сониныг шүүхэд шуугианыг арай гэж даржээ. Сүүлд нь Лужков тус үйлдвэрийн худалдааны эрхийг хориглосон ч хэсэг хугацааны дараа ардчилсан нийгмийн зах зээлийн аргаар сэтгэх нь зөв юм байна гэсэн бодолдоо хөтлөгдөж, заргаа татаж байсан удаатай. 1990-ээд оны эхээр хотын ажил амьдралтай биечлэн танилцаж, багагүй туршлагажсн Ю.М. Лужков Москвагийн захирагчийн орлогчийн албыг хашиж байхдаа гудамжны худалдаачид болон жагсагчдыг цагдаагийн хүчээр хөөхийн эсрэг бодолтой явдаг Мурашов даргын үүрэгт албыг авах нь зохимжгүй гэдгээ ил шулуухан мэдэгдэж байлаа. Цагдаагийн хүчийг ашиглана гэдэг Лужковын хувьд хотын өнгө зүс хийгээд гудамж талбайг бохирдуулж буй аливаа сөрөг үзэгдлүүдтэй тэмцэх ердийн л арга гэсэн яриа тэр үеэс л гарсан. Тэр хотын захирагч болонгуутаа гудамж талбайд гар дээрээс ногоо, хоол хүнс, архи дарс зарахыг хориглосон захирамж гаргаж байжээ. Үнэхээр ч тэр үед гудамжны наймаа хотын өнгө зүсийг гундаадаг болсноос гадна гэмт хэрэг гарах нөхцлийг бүрдүүлж байсан юм. 1991 оны наймдугаар сард Лужков Москвагийн тээврийн болоод банк санхүүгийн байгууллагуудтай нягт холбоо тогтоосноор “Цагаан ордон”-ы найдвартай “бэхлэлт” болжээ. Тэрбээр, Москвагийн зам тээврийн байгууллага, банкны тогтолцоог атгаж эхэлжээ. Тухайн үеийн хэвлэлүүд түүнийг Б.Ельцинтэй дотно харилцаа тогтоосон хэмээн бичицгээж байв. Ямар сайндаа л сөрөг хүчнийхэн “Лужков эхнэр, Москва хоёрт өгсөн хайраа Ельцинд өгсөн хайртайгаа харьцууллаа” гэж бичиж байхав. 1991-1993 оны жилүүдэд тэрбээр “Мост” болон түүний эзэн Гусинскийтэй түншилжээ. Гэтэл удалгүй бас л бөөн шуугиан дэгдэв. 1993 он гараад удаагүй байтал Москвагийн засаг захиргаа түүнийг хээл хахуулийн хэрэгт буруутгажээ. “Мост”, “Оргкомитет”, “Мосинвест”, “Мос приватизия”, “Московская гилья” зэрэг худалдааны байгууллагад Москвагийн засаг захиргаанаас далдуур дэмжлэг үзүүлдэг гэсэн цуу тарж, Лужковыг орлогоо олон нийтэд дэлгэхийг шаарддан ажлыг нь хийлгэхээ болив. Гэвч Лужковт энэ бүхнийг үгүйсгэхээс өөр арга байсангүй. Оросын сэтгүүлч Баранов Лужковын “нууц” –ыг нээх гэж чармайгаад аль ч үгүй өөрөө баларсан юм даг. 1996 онд болсон Москва хотын сонгуульд Ю.М.Лужков 89,68 хувийн саналаар ялсан бөгөөд энэ сонгууль түүний хувьд улстөрд ороход нь томоохон түлхэц болсон. Түүнийг хотын амбан захирагч болсноор Москва хотын өнгө төрх улам сайжирч “Дэлхийн хамгийн шилдэг хотын мэр” алдрыг хүртсэн билээ. Гэхдээ тэр эхнэр шигээ “Оросын алтан зуут”-нуудын эгнээнд ороогүй. Түүний жилийн орлого нь 9,147 сая рубль гэнэ. Саяхны үнэлгээгээр хувьдаа 62 ам.метр байшин, гарааш, чиргүүлтэй машин, Москвагийн хэд хэдэн хувийн сууц, банкиндаа 550,5 сая долларын хадгаламжтай нь тогтоогдсон. Лужков хоёр жилийн өмнө /2004 онд Г.И/ хотын захирагчийн сонгуульд ялалт байгуулсан нь Москвачууд түүнд итгэл үзүүлдгийн нэгэн жишээ биз ээ. Ю. Лужковын ажлын өдөр тун ажил хэрэгч өнгөрдөг. Өглөө эрт ажил дээрээ ирүүтээ л албаны хүмүүсээ цуглуулан Москвагийн тухайн өдрийн байдлын талаар товч мэдээлэл авч, чиглэл чиглэлээр нь үүрэг даалгавар өгдөг байна. Москва хотын захиргаанд цаг баримталдаггүй хүн гэж байхгүй. Лужков ажилчдаасаа үүнийг л шаарддаг болохоор тэр. Өөрөө цаг нарийн баримталдаг, зарчимч, шийдэмгий зантай тул ажил хэрэг нь ч төвөггүй бүтдэг. Залхуу, хариуцлагагүй хүнд “ташуур” л гэсэн үг. Түүнийг энэ албанд томилогдсоноос хойш нийслэл Москва эмх цэгцтэй, хүний тав тухтай амьдрах орчноор хангагдсан “ Дэлхийн зуун хот”-оос эхний 26-д орсон юм.
"Улаанбаатар таймс" сонин 2005 он

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

0 comments:

Post a Comment