Read my blog's...

This is....
RSS

Ж.Болдбаатар: Улс төр, санхүүгийн олигархи хоёр нийлэхээрээ төр ялзардаг


Монгол Улсын Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, түүхийн ухааны доктор, профессор, академич Ж.Болдбаатартай ярилцлаа.


-УИХ-ын нээлтийг ажиглаж байхдаа нэг зүйлээс их ичлээ. Бизнесийн ертөнцөөс улс төр рүү орсон хоёр гишүүн “гудамжны” гэж тодотгодог хүмүүсээс ч дор хэрэлдэж, муу муухайгаа дуудалцсан. Гэхдээ бид зарим түшээдийн ийм үйлдэлд дасч байх шиг байна. “Монголчууд төр түшилцэх хүнээ бодлогоор бэлддэг байсан” гэж та хэлж байсан даа. Энэ үг чуулганы нээлтийн үеэр санаанд минь орж билээ?


-Ер нь дорно дахинд төрийн түшээг сонгохдоо бүр бага залуугаас нь бэлтгэж байсан. Монголд гэхэд хошуу засаг, хүүхдүүд дотроосоо өөрийгөө залгамжлах хүүгийн нэрийг Манжийн хаанд өргөж, зарлиг гаргуулан багаас нь төр барих, ардыг ачлах эрдэмд сургаж байсан түүхтэй. Чингисийн үед ч ялгаагүй. Аравтын дарга сайн байвал зуутын, зуутын ноён сайн байвал мянгатын гэх мэтээр шат дараалан зэрэг ахиулдаг байсан.Ингэхдээ нэг гол зүйлд анхаардаг байж. Төрийн түшээ хүнийг төв эрхэмсэг намба төлөвшүүлэх ажлыг гэрийн сургалтаар хийж байж. Эрхэмсэг намба гэдэг өөрөө цогц ойлголт. Төр засах эрдэмд суралцсан байдал, төрийн хүний биеэ авч явах гадаад төрх, хүнтэй хэрхэн харилцах, хүнийг яаж талдаа татах, эевэргүү зөөлнөөр удирдах зэргийг багтаасан ойлголт. Тэр үеийн түшээд “Төрийн хэрэг бага ч гэсэн их, гэрийн хэрэг том ч гэсэн бага” гэсэн зарчмаар ажилладаг байсан. Элит сургуулиар бэлтгэгдсэн болохоор үнэхээр монгол төрийн төлөө насыг зарж, чөмгөө дундартал зүтгэдэг байж. Харин өнөөдөр байдал өөрчлөгдсөн. Улс төрийн тухай ямар ч ойлголтгүй, төр хууль цаазын мэдлэггүй, гудамжинд явж байсан нөхөр мөнгө, элдэв юм амлаад төрд гарч ирж байна. Тэгж болно л доо. Гарч ирээд төрийн түшээ хүний үүргийг биелүүлэхийн тулд өөрийгөө боловсруулж, ирлэх ёстой.Мэдэлтэй байна гэдэг чинь мэдлэгтэй байхыг хэлж байгаа юм. Ярьсан хэлснээс эрдэм үнэртэж байх ёстой. Гэтэл зүгээр л амандаа орсон болгоныг муу үгээр турхирдаг, албан тушаалдаа эрдсэн хүмүүс олшроод байна уу даа гэж бодогддог

-Улс төр, мөнгө хоёр ихэрлэвэл төрд учрах хор нь ихэсдэг гэдэгтэй та санал нийлэх үү?


-Ерөөсөө улс төр, санхүүгийн олигархи хоёр нийлэхээрээ төр ялзардаг. УИХ-д бизнесмэн, мөнгөтэй хүн голдуу сонгогдож байна. Тэдний дотор төрд зүтгэж байсан туршлагатай цөөн хүн байгааг үгүйсгэж болохгүй. Гэхдээ зүгээр гудманд гүйж яваад төрийн алба хашина гэдэг юу л бол. Ийм улс аливаа асуудалд юм мэддэг хүний байр сууринаас хандаж чаддаггүй. Хэл амаа билүүдээд, шуудхан дайрч давшлахыг илүүд үздэг. Чуулганы нээлтийг харахад төрийн төлөө гэсэн сэтгэлтэй улс төрч ховор харагдсан. Үндэсний эрх ашгийг урьдал болгохгүй, зөвхөн нэг намын эрх ашгийн төлөө байгаа нь харамсмаар санагдсан. Түүхийг яагаад судалдаг вэ гэдэг цаанаа нарийн учиртай. Хүн төрөлхтний амьдралыг өнгөрсөн, одоо, ирээдүй цагийн хэлхээ холбоонд авч судалдаг. Өнгөрснөөс авсан сургамжаас үндэслэн эдүгээд дүн шинжилгээ хийдэг, энэ дүн шинжилгээнээс ирээдүйд сэрэмжлүүлэх гаргалгаа гардаг. Ингээд бодохоор улс төрд зүтгэж байгаа хүн улс төрийн түүхээ мэддэг байх ёстой. Тэндээс сургамж авч цаашид яаж ажиллахаа тодорхойлох учиртай л даа. Харамсалтай нь өнөөгийн ихэнх улс төрчид улс төрий шинжлэх ухаан, улс төрийн түүхээ мэдэхгүй, судлахгүй байна.

-Сайдууд солигдохдоо тамгаа өөртөө мөргүүлж байна. Бас номыг дэлгэж барьдаг атал хаалттай чигээр нь өгдөг.Эндээс л төрийн түшээдийн биеэ авч явах эсэх нь харагддаг гэж ойлгож болох уу?

-Төрийн түшээ төв эрхэмсэг байна гэдэг харагдах чанараасаа эхлэх ёстой. Уулзмагц өөрийн эрхгүй хүндлүүлнэ гэдэг том чанар. Юм энгийнээс эхэлдэг. Гараа салаавчлах, элгээ эвхэх, шанаагаа тулахыг эрт дээр үеэс төрийн түшээд байтугай эгэл ард тэвчдэггүй байсан. Гэтэл өнөөдөр нэлээд гайгүй том сэхээтэн элгээ эвхчихсэн сууж байхыг зурагтаар харж байлаа. “Эцэвч элгээ бүү эвх, шаналавч шанаагаа бүү тул” гэдэг үгтэй. Хэлж байгаа үгийн хувьд бүр ярилтгүй. Гудамжныхнаас долоон дор үг хэлж байна. Төрийн түшээ хүний хэлэх үг ч хэмжээтэй.Тийм ч учраас Ёс зүйн дэд хороо гэж УИХ-д ажилладаг. Сайдууд, төрийн түшээд тамга солилцохдоо өөртөө мөргүүлж байна сая хэллээ. Ном, тамга гардаж авахдаа элгэн тушаагаа барьж өөрөө мөргөж хүндэтгэл үзүүлэх ёстой л доо.Шууд өөртөө мөргүүлж байгаа нь түүх, соёлоо мэдэхгүйн хар гай. Хоёрдугаарт ихэмсэглэхийн хэнээ. Нэг сэтгүүлч надаас “Ийм хуучирсан ёсыг өнөөдөр заавал давтах албагүй биз дээ” гэж асуухад нь би “Ардчиллын үед төрийн уламжлал хэрэггүй юм бол та нар Английн хатан хааны ёс горимыг хараарай. Бүр хуучнаараа байдаг. Англи ардчилсан орон. Гэтэл тэнд ёс заншлаа дээд зэргээр хүндэлдэг шүү дээ” гэж хариулж байсан. -Гэхдээ одоогийн түшээд төр ёсны талаар заалгахгүй байх аа даа?-Тийм байж мэднэ. Улсын Их хурлын гишүүнээр сонгогдоод ирэхээр өөрсдөөс нь дээш хэн ч байхгүй юм шиг ойлгодог болчихож. Английн Кембрижийн их сургуульд доктор, профессоруудын гардаг шатаар оюутан гардаггүй. Профессор явж байхад хүндэтгэн зогсч өнгөрүүлдэг юм билээ. Намайг тэнд явж байхад хоёр, гурван оюутан ингэхэд гайхаж л байлаа. Гэтэл өнөөдөр манайд шавь төвтэй сургалт гэж яриад ийм наад захын ёс байхгүй болсон. Багшийг шүтэх ёс үндсэндээ алга болж байна. Багшийг эс шүтсэн эрдэм бол эрдэм биш юм шүү. Ер нь ёс дэг, хүндэтгэлийн талаар хаана хаанаа анхаарах хэрэгтэй л дээ.

-Ерөнхийлөгч саяхан олимпийн аваргуудаа хүлээж авахдаа бүгдээрээ төрийн дууллаа сонсохдоо гараа зүрхэн тушаа тавьж суръя” гэж хэлж байсан. Энэ талаар хуулийн заалт хүртэл бий шүү дээ. Харин та энэ ёсыг Монголынх биш гэж үздэг байх аа?

-Манжийн үед элгээ дарж мэхийх ёс дэлгэрсэн. Монгол хүнийг хүндэтгэлийн илэрхийлэл бол номхон зогсч, хараа дөлгөөн, эгц эрхэмсэг байх. Энэ ёсоо баримаар санагддаг. Өрнөдийг дагасан ёс л доо, гараа зүрхэндээ авах нь.

-Ардчилсан нийгэмд бүх зүйлд ёс дэг байх ёстой гэж ярих нь хэтэрхий нэг тииш хандсан хэрэг биш үү. Хүмүүс хүлээж авах эсэх талаас нь асууж байна л даа?

-Ардчилсан улсын гол шинж бол ардчилсан иргэнтэй байх. Гэтэл өнөөдөр Монголд ардчилсан иргэн төлөвшиж байна уу гээд бодохоор хэцүүхэн хариу гарна. Мэдээж над мэтийн насны хүмүүс жаахан хуучнаа санагалзаж байгааг үгүйсгэхгүй. Залуус нь ардчиллын нэрэн дор хүчирхийллийг бий болгосон. Юм л болвол жагсана, өлсгөлөн зарлана. Тэмцлийн бүх аргыг хэрэглэнэ гэж мэдэгддэг. Ямар ардчилсан арга ийм байдаг байна даа. Хамгийн болхи арга. Сүүлийн жишээ гэхэд долдугаар сарын нэгний үйл явдалд фашист элемент анзаарагдсан.

-Долдугаар сарын нэгний үйл явдлын гол буруутан нь улс төрийн намууд гэвэл та хүлээн зөвшөөрөх үү.

Ард түмнийг талцуулж нийгэмд бухимдал үүсгээд байгаа зангиа зүүсэн эрхмүүд энэ үйл явдалд зохих гэж боддог?-Монголчуудыг улс төрийн намууд өдөр ирэх тусам хоёр тийш нь хагалж байна. Хөдөө орон нутагт хүртэл залуус нь ууж идэхээрээ МАХН-ын тал, АН-ын тал гээд зодолдож байна. Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй гэдгийг тод жишээ энэ л дээ. Төрийн түшээд нь хэлэх зүйлээ зоригтой, бас соёлтой илэрхийлж, мэдлэгтэй ярьдаг болчихвол байдал өөрчлөгдөнө. -

Ярианы сэдвээ арай гэгээтэй үйл явдал руу хандуулъя. Олимпоос монголчууд хос алт, мөнгөн медаль авлаа. Олимпийн аварга төрсөн нь монголчуудад үндэсний үзэл сэргэж, соёмбот далбаагаа хүндэтгэхэд түлхэц өгөв үү гэж бодогдох юм?

-Хорь, хорин нэгдүгээр зууны түүхэнд Монголын ард түмнийг бүхэлд нь догдлуулсан хоёр л үйл явдал болсон. Ж.Гүррагчааг сансарт нисэхэд ард түмэн баярлаж, нойргүй хонож байлаа. Хоёр дахь нь олимпийн аварга Түвшинбаяр, Бадар-Ууганыг алтан медаль авахад нийтээрээ догдолсон. Хүн бүр далбаагаа барьж, монголоороо бахархсан. Тэр бүү хэл олимпийн аваргууд дэлхий дахиныг бахархуулсан. Би саяхан Солонгосын Үндсэн хуулийн шүүхийн 20 жилийн ойн арга хэмжээнд оролцоод ирлээ. Тэнд байхад янз бүрийн орны хүмүүс зэрэгцэж суугаад Э.Бадар-Ууганыг л ярьж байна. “Танай монголчуудын боксын сургууль хол тасарчээ” гэж надтай уулзсан хар арьст залуу толгой сэгсэрч байсан.

-Тийм үү. Үнэхээр ч дэлхийн чихийг дэлдийлгэсэн үйл явдал болсон шүү?

-Монголчуудын хамгийн том бахархал бол өнгөрсөн түүх. Хүн төрөлхтний туулж өнгөрүүлсэн хорин нэгэн зуунаас бүхэл бүтэн хоёр зууных нь өнгө төрхийг монголчууд тодорхойлсон. Хоёр бүтэн зууны өнгө төрхийг ингэж тодорхойлсон нэг ч үндэстэн дэлхийд байхгүй. Өнөөдөр дэлхийд 220 гаруй улс байна. Бүтэн хоёр зуунд дэлхий дахин монголоор амьсгалж, монголоор овоглож байсан. Иймийн учир бид Чингис хаанаараа бахархдаг. Хоёр дахь том бахархал нь Ж.Гүррагчаа сансарт ниссэн, гурав дахь нь Монголд олимпийн аварга төрсөн явдал. Үндэсний мэдрэмж сэргэж байна. Одоо л ХIII, ХIV зууныхаа хурдыг сэргээх хэрэгтэй. Монголчуудад сайхан чанар их байгаа боловч зовлонтой чанарууд байна. Буруугаа өөрөөсөө биш бусдаас эрдэг гэм бидэнд бий. Буудлагаар олимпийн мөнгөн медаль хүртсэн О.Гүндэгмаа лут бүсгүй байна лээ. “Буу гацсанаас болоод та олимпийн аварга болж чадсангүй. Яагаад гацав” гэж сэтгүүлчид олон асуусан. Гүндэгмаа болохоор “Би тайван байсан. Буудах үед ийм тохиолдол гардаг” гээд л байхад д заавал сөрөг зүйл хэлүүлэх гээд байгаа өнгө анзаарагдсан. Аягүй бол хятадууд зориуд ийм муу буу өгсөн байх гэж ирээд бичлээ шүү дээ. Монголчуудад өөр нэг муухай гэм байна.

-Ямар гэм бэ?

-Цаг хугацааны хүчин зүйлийг тоодоггүй. Мөч хором бүрийг ашиглаж байж урагшилна. Урагшлах тусам урьдах ажил нэмэгдэнэ шүү дээ.


Үндэсний шуудан 2008.07.25

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

0 comments:

Post a Comment