Read my blog's...

This is....
RSS

...




81 хуулийн их цэвэрлэгээ буюу бизнест ээлтэй орчин

2010 он бизнесийнхэнд ээлтэй байх нь. Энэ чиг рүү урсах эерэг мэдээллүүдийн араас Гүйцэтгэх засаглалын тэргүүн “Бизнесийн орчныг шинэ шатанд гаргах нь ТОП аж ахуйн нэгжүүд, та бүхний үүрэг шүү” гэсэн нь илүү үнэ цэнтэй сонсогдож байна. Басхүү энэ онд л санхүү эдийн засгийн байдал бүрэн тогтворжиж, дараа жилээс сэргэлтийн шатандаа шилжинэ гэсэн Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооныхны мэдэгдэл ч өөдрөг мэдээлэл. Улсын төсвийн 80 хувийг үүрдэг хувийн хэвшлийнхэн хууль эрх зүйн орчинд үүссэн илүүдэл ачаагаа хөнгөлөх таатай үе ирж байна. Үндэсний компаниудаа хөрөнгийн зах зээлд гаргаж, тэдний хувьцаа эзэмшигчдийг хамгаалах төрийн бодлогод “Компанийн засаглалын үндэсний хөтөлбөр” жин дарна гэх найдвар бизнес эрхлэгчдэд төрж эхэллээ. “Бизнесийн орчны шинэтгэлийн жил”-ийг үүнээс ч илүү үр дүнд хүргэх цараатай бодит ажил бол Хууль зүй, дотоод хэргийн яам, Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхим болон Ажил олгогч эздийн холбоо, Германы техникийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн хамтран явуулж буй “Их цэвэрлэгээ эхэллээ” аян. 2009 оноос гараагаа эхэлсэн энэ нүсэр ажил “Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчныг баталгаажуулах” төслийн хүрээнд хэрэгжиж байгаа юм. 2011 он гэхэд нийгэмд мэдрэгдэх эхний үр дүн гарч эхэлнэ. “Их цэвэрлэгээ”-ний оргил үе нь энэ жил. Тиймээс ч эхний ээлжинд Монгол Улсад мөрдөж байгаа 400 гаруй хуулиас эдийн засаг, иргэний холбогдолтой 81 хуулийг сонгон авч, хийдэл, зөрчил, давхардлыг арилгах зорилгоор Хууль зүйн үндэсний хүрээлэнд 21 судлаачаас бүрдсэн Ажлын хэсэг ажиллаж байна. Иргэдийг чирэгдүүлдэг, хүнд суртлын сүлжээ үүсгэдэг нийтээр дагаж мөрдөх журмуудыг “устгая” хэмээн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Засгийн газрын тэргүүн байхдаа олны нүдэн дээр цаас урж байсныг санаж буй биз ээ. Улсын хэмжээнд тогтоосон 4316 дүрэм журмаас 2175 нь өдий хүртэл холбогдох яаманд бүртгэгдээгүй, ердөө 1211 нь хүчин төгөлдөр хэрэгжиж буй гэнэ. Хувийн хэвшлийнхэн бухимдахаас аргагүй дүр зураг байгаа биз. Бизнесийн эрх зүйн харилцааг зохицуулдаг 81 хуулиас жишээлэхэд зөвхөн Ашигт малтмалын тухай хуулиас 41 хийдэл, 17 зөрчил, 48 давхардал илэрчээ. УИХ-ын хаврын чуулганаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэх талаар олон талт санаа бодол уралдаж буй энэ үед дээрх жишээ том сануулга байх ёстой. Бусад хуулийн тухайд ч иймэрхүү. Засгийн газраас хэрэгжүүлж буй “Бизнесийн орчны шинэтгэлийн жил”-ийн хамгийн үр ашигтай, 100 хувь биелэгдэх ажил бол “Их цэвэрлэгээ” гэж Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны Бодлого, ерөнхий зохицуулалтын газрын дарга Ж.Мөнх-Эрдэнэ итгэлтэйгээр хэллээ. Зөвхөн шинэтгэлийн жилийн хүрээнд дээрх дөрвөн байгууллага хэрэгцээгүй заалтуудтай, хийдэл давхардал ихтэй дүрэм журмуудыг 50 хувиар цөөрүүлэх зорилт тавиад одоогоор 31 хувиар бууруулчихаад байгаа нь үнэхээр өндөр үзүүлэлт хэмээн Хууль зүй, дотоод хэргийн яамныхан үнэлж байна. Дээрх 81 хуулийг бүрэн дүүрэн эмхэлж цэгцэлбэл хувийн хэвшлийнхэнд үргэлж тулгардаг элдэв хүнд суртлаас ангижирч, бизнесээ цаг хугацаатай өрсөж явуулах боломж бүрдэнэ. Тэр хэрээр компаниудын мөнгөний сав нь арвижина. Бүр томруулж хэлбэл улсын төсөвт их хэмжээний мөнгө хуримтлагдах сайн талтай. Гадаадын бизнес эрхлэгчдийн Монгол дахь хөрөнгө оруулалт ч идэвхжих болов уу. Эдийн засгийн “цусны эргэлт”-ийг сайжруулахад нөлөөлөхүйц гол хуулиудад анхаарлаа хандуулж ажиллаж буй нь ийм учиртай. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар төрөөс баримтлах бодлого гэж бий. Дээр нь Концеccийн тухай хууль батлагдаад удаагүй байна. Үүнтэй холбогдуулан Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо Төрийн өмчийн хороотой санамж бичиг үйлдэж, төр хувийн хэвшлийн түншлэлийг дэмжихээр ажиллаж эхэллээ. Энэ нь хувийн хэвшилд төрийн оролцоог нэмэгдүүлнэ гэсэн ойлголт биш. Нэгнийгээ сонсч, харилцан ойлголцох хамгийн дөхөмтэй арга нь энэ ч байж мэднэ. Түншлэлийн механизм зөв явбал хувийн хэвшлийнхний хүсээд байгаа тэр капиталист нийгэм жинхэнэ ёсоор бүрэлдэнэ гэж бизнес эрхлэгчид үздэг юм билээ.Германы “малгай хууль”-ийн туршлага Монголд Хуулийн “Их цэвэрлэгээ”-г тав таван жилээр төлөвлөж хийдэг гадны жишиг байдаг аж. Хууль эрх зүйн орчноороо дэлхийд гайхагддаг Германд яг ийм систем үйлчилдэг. Хууль тогтоомжийн “цоорхой” гаргахгүй байх асуудлыг зохицуулсан “малгай хууль” гэсэн ойлголт бий. Энэ нь нэг тодорхой хуулийг “малгай”-лаад түүн доторх зүйл заалтуудад засвар хийнэ гэсэн үг. Дэлхийн II дайнаас хойш Герман улс хууль эрх зүйн орчноо сайжруулахын тулд “Их цэвэрлэгээ” аяныг гурван ч удаа хийжээ. Тэд эл нүсэр ажилд эрдэмтэн мэргэд, хувийн хэвшлийнхнээ татан оролцуулж, санал зөвлөмжийг нь авч, хуулийн төсөлдөө тусгажээ. Хууль эрх зүйн орчноо тав таван жилээр шинэчилж ирсэн бэлэн туршлага манайд хэрэгтэй. Бас нэг зүйлийг онцолж хэлэхэд Германы Бундестаг буюу парламент нь нийт гишүүдийн таван хувийн дэмжлэгийг авсан хуулийн төслийг л хэлэлцдэг байна. Өөрөөр хэлбэл, тухайн хуулийн төсөл нь дор хаяж 48-50 гишүүний дэмжлэг авч байж парламентаар хэлэлцэх шатанд очдог хатуу хяналттай. Харин Монголд бол УИХ-ын гишүүн дангаараа хууль санаачилж болдог. Д.Бат-Эрдэнэ гишүүний санаачилсан “Урт нэртэй” хуулийн амьдрах чадвар сул байгаа нь үүнтэй холбоотой гэж бизнес эрхлэгчид шүүмжилдэг. Гэхдээ Монголын хууль эрх зүйн орчин капиталист нийгмийн арвин баялаг туршлагатай Германыхаас тэс өөр. Монгол Улс 1990 онд капиталист нийгэмд хөл тавихдаа цоо шинээр хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлага тулгарсан. Ингэхдээ алдсан оносон зүйл ч их бий. Тиймээс тухайн хуулийг парламентаар батлахаас өмнө үр дагаврыг сайн тооцохын тулд Хууль зүй, дотоод хэргийн яам тодорхой аргачлал боловсруулжээ. Аргачлалын шалгуурыг хангаагүй хуулийн төслийг парламентаар хэлэлцүүлэх шаардлагагүйгээр наана нь өөрчилж, засах боломж бүрдэх юм байна. Бизнес эрхлэгчид ээ, таны санал одоо л хэрэгтэйОндоо багтааж 81 хуультай холбоотой саналуудыг хувийн хэвшлийнхнээр хэлэлцүүлэх ббөгөөд тэднээс гарсан саналуудыг Эздийн холбоо Хууль, зүй дотоод хэргийн яаманд хүлээлгэн өгч байгаа аж. Хэдийгээр холбогдох дөрвөн байгууллага хууль журам цэгцлэх ажлыг 31 хувийн амжилттай хийж чадсан ч цаана нь өч төчнөөн техникийн шинжтэй цэвэрлэгээнүүд хийгдэхийг үгүйсгэхгүй. Тэр үед ч бизнес эрхлэгчдээс дахин санал зөвлөгөө авах юм байна. Цэвэрлэгээний ажлын явцад төрийн болон төрийн бус байгууллагуудтай харьцах нь хамгийн том бэрхшээл учруулж байна гэж Иргэн, эдийн засгийн хууль тогтоомжийн давхардал, зөрчил, хийдлийг илрүүлэх, тэдгээрийн уялдаа холбоог сайжруулах Ажлын хэсгийнхэн хэлж байгаа юм. Бизнес эрхлэгчид “Хууль эрх зүйн орчин муу байна” гэж ерөнхийлөн ярихаасаа илүүтэй яг энэ үед л тухайн хуулийн зүйл заалтын талаар тодорхой санал бодлоо бидэнд илэрхийлээсэй хэмээн Ажил олгогч эздийн нэгдсэн холбооныхон хүсч байгааг уншигчиддаа уламжилъя.Ажлын хэсгийнхэн энэ ондоо багтааж үлдсэн 47 хуулийг цэвэрлэж, тайлангаа Хууль зүй дотоод хэргийн яаманд төлөвлөгөөнд заасан хугацаандаа хүлээлгэн өгөхөөр төлөвлөөд байна. Мөн 2008 онд бичсэн 34 хуульд холбогдох нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэх юм байна. 81 хуулийн “алдаа, завхрал”-ыг зөвхөн дээрх дөрвөн байгууллага дангаараа арилгана гэвэл бас учир дутагдалтайг дахин хэлье. Манай бизнес эрхлэгчид, эрдэмтэн судлаачид үүнийг “Бизнесийн орчны шинэтгэлийн жил”-ийн хүрээнд хийгдэж буй томоохон кампанит ажил гэдэг талаас нь хандаж, саналаа бодлоо нэмэрлээсэй хэмээн “The Mongolian mining journal” уриалж байна. Бизнесийн сайн орчныг бүрдүүлэхийн төлөөх бидний цуврал нийтлэлүүд үргэлжлэх болно.

Өдрийн сонин 2010.04.18

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

0 comments:

Post a Comment