Read my blog's...

This is....
RSS

Ц.ДАВААЖАВ: Бид аль нэг гүрнийг ДАГАХ ЮМ БОЛ ХОХИРНО

Олон улсын тоймч Ц.ДАВААЖАВТАЙ уулзаж сүүлийн үед дэлхий нийтэд өрнөж буй үйл явдлын талаар ярилцлаа.
-Хоёулаа яриагаа дэлхийн ан¬хаарал татсан үйл явдлаас эхлэе. Барак Обама Цагаан ордны тэр¬гүүнээр сонгогдсоноос хойшхи 100 хоногийн ажлаа сая тайлаг¬налаа. Энэ хугацаанд Ж.Бушийн цөөнгүй хатуу алхмыг зөөллөж, эв зүйгээр шийджээ?
-Барак Обама Ерөнхийлөгч болоод 100 хонолоо гэсэн мэдээлэл их гарч байна л даа. Үүнийг ярихаас өмнө Ж.Бушийн бодлогын тухай дурдах нь зүйтэй байх. Ер нь Америкийн нэр хүнд Ж.Бушийн үед их суларсан. Тэрээр НҮБ-ын зөв¬шөөрөл, бусад томоохон орны са¬налыг харгалзалгүйгээр зохиомол шалтгаар Ирактай дайн хийсэн. Тэгээд Саддам Хусейний дэглэмийг унагасан ч Ж.Бушийн зорилго бие¬лээгүй. Харин ч терроризмтой тэм¬цэх нэрийдлээр лалын шашинтай орнуудын эсрэг тэмцэж, хүмүүсийг олноор нь алж хядсан. Терроризмд лалын шашинтай орнууд бүгдээрээ буруутай гэсэн ойлголтыг бусдад төрүүлсэн гэх мэтээр Ж.Бушийг шүүмжилдэг болсон л доо.
-Ж.Бушийн зорилго биелээгүй гэлээ. Үнэндээ Америкийн цаад зорилго нь Иракийн газрын тос гэж нэлээд шуугисан шүү дээ?
-Тийм ээ. Америк Иракаас 100 жилийн хэрэгцээний газар тосоо авахаар бүр тооцоолчихсон гэсэн. Иракийн газрын тос, дараа нь Ойрхи Дорнодод нөлөөгөө бэхжүүлэхийг оролдсон дайн байсан гэж би боддог.
-Ганц Иракт биш америкууд Афганистанд ч хүч алдсан нь ажиглагддаг?
-2001 онд Нью-Йоркт болсон аймшигт халдлагын дараа Афга¬нистанд терроризмын эсрэг урьд¬чилсан дайн хийсэн. Тухайн үед засгийн эрхийг барьж байсан “Талибан” хөдөлгөөний дэглэмийг хүчээр унагааж, оронд нь Америкийн талыг баримтлагч Хамид Карзайг Ерөнхийлөгчөөр сонгосон. Түүнийг ажиглагчид “тавиул Ерөнхийлөгч” гэж нэрлэдэг юм. Афганууд өөрсдөө ч сонгосон юм биш. Тэглээ гээд ардчиллыг терроризмтой тэмцэхийн хажуугаар цэрэг зэвсгийн хүчээр тогтоож чаддаггүй юм байна гэдгийг харуулсан л даа. Ер нь аливаа нэг улсын засгийн эрх мэдлийг унагаа¬гаад яг өөрийн үзлийг баримтлуулах оролдлого биелдэггүй гэдгийг түүх нотлож байна.
-Үүнд олныг жишээлж болох байх. ЗХУ Афганистанаас цэргээ татсан нь ч үүнтэй хол¬боотой юу?
-1979 оны сүүлээр ЗХУ Афганис¬танд цэргээ оруулж, засгийг нь унагасан. Тэгээд Чехид Элчин сайд байсан хүнийг удир¬дагчаар нь тавих гээд бүтээгүй л дээ. Сүүлдээ Оро¬сын цэрэг ялагдаад Афганыг орхин гарсан шүү дээ. Ж.Бушийн үед энэ үйл явдал яг давтагдсан. Америкууд бас Ираныг атомын бөмбөг хийх нь, уран баяжууллаа гэж хардан эдийн засгийн хориг арга хэмжээ авч, олон улсад ганцаардуулах бодлогыг тууштай баримталж ирсэн. Энэ бүхэнд Барак Обама өөрөөр хандахаа амлаж байгаа. Тэрээр бид Ирантай харин ч чөлөөтэй, яриа хэлэлцээрийн журмаар харилцая гэсэн мэдэгдэл гаргалаа. Мөн саяхан Африкийн орнуудын хуралд орол¬цохдоо лалын шашинтай орнуудад найрамдал зарлаад “Хойшид бид нэг холбоо болж ажиллана” гэж хэлсэн.
-Цагаан ордон олон жилийн дайсагнагч Кубатай хүртэл зөөлөн аядуу бодлого баримтлах нь эхнээсээ мэдрэгдээд эхэлчихлээ. Эрх чөлөөний арлыг зорьж буй Аме¬рик иргэдийн хувьд энэ тун таатай мэдээ шүү?
-Америк Кубатай харилцаагаа зөөлрүүлэх алхмыг аажмаар хийж эхэлсэн. Кубад мөнгөн гуйвуулга хийдэг боллоо. Америкт аж төрж байгаа куба гаралтай хүмүүс ах дүү нартайгаа уулздаг боллоо. Гэхдээ Цагаан ордон Кубын хүний эрхийн талаархи бодлогоо хатуу барим¬тална гэсэн шүү.
-Орос, Америкийн харилцаа дэлхийд жин дардаг.Энэ хоёр гүрэн сайн, муу харилцахаас дэлхийн улстөрийн луужин тодорхойлогддог гэдэг?
-Оростой бол Умард Кавказ, ялангуяа Өмнөд Осети, Абхазын асуудлаар нэлээд зөрчилдсөн. Ер нь НАТО-г тэлэх, Дорнод Европын орнуудад пуужингийн довтлогооноос хамгаа¬лах систем байгуулахад заавал Оросын саналыг харгалзан үзэх ёстой гэж Барак Обама зар¬ласан. НАТО-г зүүн зүгт, Оросын хилд ойртуулж, үүндээ Украин, Гүржийг элсүүлэх тал дээр Ж.Бу-шийн засаг захиргаа хатуу бодлого барьж байсан л даа. Үүнийг Барак Обама зөөлрүүлж байгаа. Тиймдээ ч давын өмнө энэ хоёр улсыг НАТО-д элсүүлэх асуудлыг хойшлуулав. Ингэж Орос, НАТО-гийн харилцааг нэг их хурцатгалгүй, үүн дээр түшиглээд Орос, Аме¬рикийг ойр¬туулахыг хичээж байна. Хоёр улсын стратегийн зориулалттай цөмийн зэвсгийг хорогдуулах тү¬рүүчийн хэлэлцээрүүдийн хугацаа дуусч байгаа. Тиймээс Оростой дахиж цар хүрээтэй хэлэлцээ хийж эхэллээ.
-Цөмийн зэвсгийг хорогдуу¬лах өмнөх хэлэлцээр гэж Ро¬нальд Рейган, М.Горбачев нарын 1980-аад онд байгуулсан гэрээг хэлж байна уу?
-Стратегийн давшилтын зэв¬сэглэлийг хорогдуулах тухай нэг, хоёрдугаар гэрээ гэж бий. Нэгнийх нь хугацаа 2009 онд дуусна. Тэгэ¬хээр энэ ондоо багтаагаад шинээр гэрээ байгуулах зорилгоор хоёр улсын шинжээчид хэлэлцээд эхэлчихсэн. Америк, Орост хэчнээн тонн атомын бөмбөг байна, байнд хүрэх зөөгч хэрэгсэл, нисэх онгоц, пуужин хэчнээн байх зэргээр тоог нь тодорхой заасан байдаг. Тэр тоог л хорогдуулах юм.
-Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон тангараг өргөөд хамгийн түрүүнд Азийн орнуудыг зорьсон. Хэтдээ дэлхийн бодлогод Ази тив жин дарна гэж шинжээчид үздэг. Айлч-лалын зорилго үүнтэй холбоотой байсан биз?
-Хиллари Азид айлчлахдаа Ин¬донезид очсон. Зүүн Өмнөд Азид байгаа хамгийн том лалын шашинт улс нь Индонез шүү дээ. Тэгэхээр л лалын шашинтай орнуудтай харил¬цаагаа сайжруулах хандлага энд илэрч байгаа биз. Ер нь Зүүн Өмнөд Ази энэ зууныг хөгжлийн хурдаараа тодорхойлно гэж үздэг. -Азийн бүс нутгаас Хятад л илүү мандан гялалзах дэг ээ?-Хэдхэн жилийн дараа Хятад хөгжлөөрөө, эдийн засгийн чадлаа¬раа Америкийг гүйцнэ гэсэн тооцоо бий. Хятадтай харилцах нь Амери¬кийн геополитикийн чухал бодлого. Цаашдаа Оростой өрсөлдөх том асуудал. 1970-аад онд Америкийн Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй бодлогын зөвлөх Генри Киссенжир “Хятадыг Оросоос хөндийрүүлээд салгаад авчих. Тэгэх юм бол Америк геополитикийн тал дээр болоод явчих юм биш үү” гэсэн санал гаргаж байсан юм шүү. Америк цаашдаа АСЕАН-ы орнуудтай Хятадаар уламжлуулж харилцахыг хүсч байна. Хятад Зүүн Өмнөд Азийн холбооны гишүүн биш ч гэсэн Ази тивдээ хамгийн хүчирхэг улс. Тэгэхээр Хил¬лари Зүүн Өмнөд Азид, тэр тусмаа Хятадад айлчилсан нь тохиолдлын хэрэг биш. Хятадтай Оросоос дутуугүй түншийн харилцаатай байх сонирхол яваад байна л даа.
-Цагаан ордны Азид баримт¬лах бодлогын нэг үзүүр мэдээж Монгол Улсад тусах байх.Танд ажиглагд¬сан зүйл байна уу?
-Америк Монголыг ардчилсан гэдгээр их дэмждэг л дээ. Миний бодож байгаагаар манай ардчиллын тогтолцоо улам боловсронгуй бо¬лоод байвал Монгол, Америкийн харилцаа идэвхжээд л байх болов уу. Тэрнээс биш геополитикийнх нь хүрээнд нэг их татагдаад орох хэмжээний улс биш л дээ, Монгол.
-Геополитикийн хувьд анхаа¬рал татахгүй нь гэж ойлголоо. Гэхдээ өөр сэдэл, өдөөлт бий биз?
-Ардчилал, хүний эрхийг дээд¬лэх гэдэг утгаараа манайх их чухал. Яагаад гэвэл Хятадыг хүний эрх зөрчлөө гэж Америк шүүмжилдэг. Тиймээс Америк манайд дэмжлэг үзүүлж, Монгол хүний эрхийг дээдэлдгээрээ үлгэр жишээ орон шүү гэдэг талаас нь дөвийлгөн Хятадын чихэнд хонх уях сонир¬холтой байдаг гэж би ойлгодог.
-Америкийн Ази дахь өнөө цагийн хамгийн том холбоотон нь Япон, Өмнөд Солонгос. Тиймдээ ч Хиллари Клинтон Азид хамгийн түрүүнд Японд хөл тавьсан нь ажиглагчдын анхаарлыг их татсан?
-Арга байхгүй хоёр том холбоо¬тон нь. Харин Хятад Умард Со¬лонгостой их дотно. Солонгосын хойгийн асуудлаархь “Зургаан талын хэлэлцээр”-ийг Хятад анх санаачилж байсан. Үүнийгээ ч удирдан явуулдаг нөлөөтэй орон л доо. Тэгэхээр Америк Хятадаар дамжуулж Умард Солонгост нө¬лөөлөх бодлого барьж байгаа. Умард Солонгос атомын бөмбөгтэй бол-чихлоо.Саяхан хиймэл дагуул хөөргөх нэрийдлээр алсын тусгалтай пуужин туршлаа. НҮБ-ын Аюулгүй зөвлөл үүнийг буруушаасантай холбогдуулан Пхеньян “зургаан талын хэлэлцээр”-ээс гарчихлаа. Түүгээр ч зогсохгүй атомын бөмбөг дахиж туршина гэж сүрдүүлж байна. Энэ маш аюултай юм шүү. Оросын Гадаад хэргийн сайд С.Лавров сая Умард, Өмнөд Солонгост айлчлаад Ким Чен Ирт Д.Медведев Ерөнхий¬лөгчийн хувийн илгээмжийг гардуулж байсан.
-Ингэхэд Умард Солонгосын дэглэм хэр урт настай вэ. Хоёр Солонгос нэгдэх тухай хэсэг шуу¬гиад нам жим болов. Энэ зүгээр нэг хоосон лоозогнол байв уу?
-Умард Солонгос бол дэлхийн хамгийн сүүлчийн коммунист дэглэмтэй орнуудын нэг. Авторитор дэглэмээр их олон жил явж ирлээ. Ким Чен Ирийн биеийн байдал тун тааруу байна гэж мэдээлж байна. Тэр нэг их удаан амьдрахгүй байх. Одоо түүний залгамжлагч ямар бодлого баримтлахаас их зүйл шалтгаална. Тэрнээс биш ард түмэн нь эрх чөлөөнийхөө төлөө тэмцээд, дэглэмээ хална гэхээр санаанд багтаж өгөхгүй л байна.
-Умард Солонгос гэхээсээ илүү Солонгосын хойг их гүр¬нүүдийн геополитикийн ширүүн тэмцлийн цэг болон хувирч байх шиг?
-Солонгосын хойгийг алдахыг хэн ч хүсэхгүй байна. Том гүрнүү¬дийн эрх ашгийн зөрчил Солонгосын хойгт төвлөрчихсөн учраас Умард Солонгос л хэлмэгдэж, зовж байна даа. Гэхдээ Солонгосын дэглэм мөнх биш ээ.
-Манай мөнхийн хөрш Хята¬дын тухай яриандаа эргэн оръё. Хятад нэг нэгдэхээрээ дор хаяж 200-300 жил ноёрхлоо тогтоод¬гийг түүх гэрчилдэг. Харин даяаршлын өнөө цагт Хятад энэ нэгдлээ хэр хангаж чадах бол. Ирээдүйд энэ улсад их том задрал явагдана гэж ярих юм?
-Хятадын эмзэг асуудлыг хөндлөө. Шинжаан-Уйгарын өөртөө засах орны уйгарууд Хятадаас тусгаарлан Дорнод Туркестан улс байгуулна гэж их сандаргаж байгаа. Үүнээс Хятад ихээхэн сэрэмжилж байна. Олон улсын хэмжээнд гэвэл Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ыг анх байгуу¬лахад “Шанхайн тав” гэж байсан. Хятад, Орос, Киргиз, Тажик, Казакс-тан улс хуралдаад салан тусгаарлах үзэл болон терроризмын эсрэг хамтран тэмцэж эхэлсэн л дээ. Үүний цаад утга нь Шинжаан-Уй¬гарын салан тусгаарлагчдын эсрэг хамтдаа тэмцэх зорилготой байв. Сүүлд энэ байгууллагад Узбекистан нэгдээд Шанхайн хамтын ажил¬лагааны байгууллага болсон. Хятадын нөгөө эмзэг тал нь Төвд. Тиймээс Хятад нэгдлээ бат хан¬гахын тулд Төвд, Шинжаан-Уйгарт эдийн засгийн аргаар хандаж байна уу гэж.
-Чухам ямар аргаар хандаж байна.Тодруулж хэлбэл…?
-Хэдэн жилийн өмнө Хятад баруун бүс нутгаа хөгжүүлэх 12 жилийн төлөвлөгөө гаргасан. Зах хязгаар нутгуудыг эдийн засгийнх нь хувьд маш сайн хөгжүүлэх, байгаль экологийг сайжруулах, хөдөө аж ахуйн нөхцлийг бүрдүүлэх, дэд бүтэцтэй болгох зэрэг бодлого баримталж байгаа. Энэ нь ямар учиртай юм бэ гэхээр зах хязгаар бүс нутагт үймээн гарвал “Бид та нарыг гэдэс цатгалан, мөр бүтэн байлгасан биз дээ” гээд хатуу гараар дарахад хэлэх үгтэй болгох юм уу даа .
-Бараг зэвсэгт мөргөлдөөний ирмэгт тулаад байсан Хятад, Тай-ванийн харилцаа нэг үеэ бодвол арай дээрдэв. Энэ нь Бээжингийн бодлогыг дэмждэг улстөрийн хүчин Тайванийг удирдаж бай¬гаатай холбоотой юу?
-Ер нь Тайваньтай холбоо тог¬тоосон улстай Хятад улстөр,эдийн засгийн бүх харилцаагаа тасалдаг. Тайвань, Хятад хоёрын харилцаанд Америк их нөлөөтэй. Америк Тайваньд их хэмжээний зэр зэвс¬гийн тусламж үзүүлэхээр хэлэлцээ хийж байсан. Хилларийг Хятадад айлчлах үеэр энэ хэлэлцээг зог-соолоо. Хятад, Америк ойртож байгаа хэлбэр нь энэ. Тайвань эх газрын Хятадтай “Хоёр систем нэг хятад” гэсэн бодлого баримталдаг. Хятад өөрийн онцлогтой социализм, Тайвань капитализмаа байгуулах ёстой гэсэн онцлогтой. 2005 онд Хятадын Ардын төлөөлөгчдийн хурал айхтар хууль баталсан.
-Ямар хууль билээ?
-Улс орныг хагалан бутаргахаас сэргийлэх тухай хууль.Улс орны нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалахын тулд тохиолд¬луудад энхийн бус эвээр бусад шаардлагатай арга хэмжээ авахаар заав гээд нэгд, арлын салан тусгаарлах хүчин Хятадаас салгах явдлыг аливаа шалтгаар бодит хэрэг болговол, Тайванийг салан тусгаар¬лахад хүргэсэн ямар нэг том буд-лиан гарвал эцэст нь энх тайвнаар нэгдэх бүх бололцоо барагдвал хүч хэрэглэнэ гэсэн байдаг. Ийм хуультай боллоо шүү дээ. Хятад их гүрэн болоход энэ хууль их чухал. Ерөөс Хятадын тэргүүн зэргийн бодлого бол дотоод нэгдмэл цул байдлыг хадгалах юм.
-Хятад дотоодын нэгдмэл байдлаа энэ мэтээр бэхжүүлж байгаа юм байна. Гэхдээ дэлхийн номер нэг гүрэн болсны дараа Америк шиг энхийг сахиулна гээд энд тэнд очоод цэргийн ажил¬лагаа явуулах вий гэсэн бол¬гоомжлол төрдөг.
-Хятад ийм хандлага гаргахгүй.
-Яагаад. Бид терроризмын эсрэг гээд…?
-Орос, Америк зэрэг том гүрэн байгаа болохоор тэгэхгүй л дээ. Хэрэв ийм явдал гаргавал Хятадад эсрэгээр л тусна. Цаашдаа ер нь Америкийн Ирак, Афганистанд хийсэн алдаа давтагдахгүй болов уу гэж бодож байгаа. Ийм бодлого хэзээ ч амжилтад хүрдэггүй нь Аме¬рикаар дуусгавар болох байх. Дэлхий өөрчлөгдөж байна. Афга¬нистаныг Орос ч дийлээгүй, одоо НАТО ч дийлээгүй л байна. Афга¬нистаныг хэнбугай ч цэргийн хүчээр дийлэхгүй гэж судлаачид үздэг юм билээ. Тийм түүхтэй ард түмэн юм байна.
-Гэхдээ мэдээж их гүрнүүд терроризмтой хийх тэмцлээ орхихгүй нь тодорхой байх, тийм үү?
-Терроризмыг гаргахгүй байх нөхцөл бүрдүүлэх хэрэгтэй. Энэ их маргаантай асуудал. Терроризмтой тэмцэнэ гэдэг аливаа нэг соёл иргэншлийн юм уу,шашны эсрэг дайн биш ээ. Энэ хүрээнд ойлговол террорыг харин ч идэвхижүүлэх аюултай. Жишээ нь, Ирак байна. Хүний нутагт ороод ирсэн цэргийн өөдөөс гранат шидээд, аллага хийс¬нийг терроризм гэх нь маргаантай. Тиймдээ ч НҮБ-ын Аюулгүйн зөвлөл терроризмын эсрэг тогтоолоо одоог хүртэл баталж чадахгүй байна шүү дээ. Харин терроризмтой тэмцэх стратегиэ бол баталсан. Хүний эрх чөлөөг хангаач ээ, бусдын нутаг руу битгий халдан довтлооч ээ гэж заасан. Ингэж байж терроризмыг уг үндсээр нь устгах юм байна л даа.
-Молдав, Гүржийн үймээн олон улсын анхаарлын төвд хэ¬вээр байна. Монголд болсон үйл явдал яг л Молдавт болох шиг санагдсан?
-Молдав Румынтай түүхэн харилцаатай. Нэг язгуур хэл соёлтой гэж үздэг. “Румын бол Молдавын хэл соёлын төв. Тиймээс энэ улсыг Румынтай нэгтгэнэ” гэж үздэг улстөрийн хүчин байдаг. Зөвлөлтийн үед ч байсан. Молдавын парламентын сонгуулиар энэ нам ялагдчихсан. Тэгээд л Румыны тугийг барьж жагссан хэрэг. Оростой их дотно нам ялсан. Сонгуулийн саналын хуудсыг эрх баригчид дахиж тоолуулаад ялсан нь ямар ч маргаангүйг но¬толлоо шүү дээ. Молдав эдийн зас¬гийн хувьд их хүнд, олон мянган хүн Орост хө¬дөлмөр эрхэлж байгаа. Гүржийн тухайд Ерөнхийлөгч М.Саакашвили ямар ч тохиромжгүй үед буруу бодлого баримталж Өмнөд Осети, Абхаз руу зэвсэглэж халдаад энэ хоёрыг Орост алдсан. Гүржийн нутаг дэвсгэрийн 20-25 хувь нь Оросын мэдэлд очсон. Үүнээс болж М.Саа-кашвилиг огцруулах жагсаал өрнөөд сар гаруй болж байна.
-Ж.Бушийн засаг захиргаа М.Саакашвилийг нэлээд дэмждэг байсан. Харин Барак Обамагийн хувьд түүнийг нэг л тийм үл тоосон шинж ажиглагдаж байна?
-Цагаан ордон Гүржийг НАТО-д элсүүлэх асуудлыг түр хойшлуул¬чихлаа. Ж.Бушийн үед Гүрж Умард Кавказад Америкийн нөлөөг бэх¬жүүлэхийг оролдож байсан. Оростой Оросгүй, Америкийг дагаад явчихад болчих юм байна гэсэн бодол тэр үед Саакашвилид байсан л даа. Энэ нь бүтэхээ болилоо л доо. Нутгаа үүрээд явчих биш дээ, Америкийн далбаан доор удаан явж болохгүй юм байна гэдгийг ойлгосон болов уу. Оросоос зуун хувь хөндийрөх буруу гэж Гүржийн сөрөг хүчин үзэж байна шүү дээ.
-Гүрж, Молдавын хэрэг яв¬далтай холбоод асуухад Монгол ч гэсэн хуучин Зөвлөлтийн дагуул улс байсан. Харин сүүлийн үед манай улсыг Орос, Америк зэрэг их гүрнүүдийн эрх ашгийн талбар боллоо гэж зарим судлаач үздэг. Өнгөрсөн долдугаар сарын 1-ний үйл явдлыг үүний нэг тод илрэл байсан ч гэх юм?
-Долдугаар сарын 1-ний үйл явдлыг Орос их эмзгээр хүлээж авсан шүү дээ. Хятад огт дэвэр¬гээгүй. “Үймээнийг тайван замаар шийднэ гэдэгт итгэж байна” гэсэн ганцхан үг хэлсэн. Америк ч мөн “Энэ бол дотоодын асуудал. Ард¬чиллын замаар шийдэх байх” гэж байсан. Харин Оросууд үүнийг Америкийн түлхээсээр, барууны шахалтаар өнгөт хувьсгал хийх гэж байна гэх хатуу мэдэгдлүүд хийж байв. Орос манайхыг Америкт хамар дороосоо алдах нь гэж болгоомжилж байна уу гэж би ойлгосон ш дээ. Үнэндээ энэ үйл явдлыг Америк хатгаагүйг та бид мэдэж байгаа шүү дээ.
-Гэхдээ л Монгол Улс их гүр¬нүүдийн ашиг сонирхлын зөрчил дундаас яавал өөрсдийгөө эвтэй¬хэн авч гарах вэ гэж бодох нь буруу биш болов уу?
-Тэр маш чухал. Хамгийн гол нь манай улс бүх улстай найрсаг харилцах хэрэгтэй гэж боддог. Олон тулгуурт гадаад бодлого бий шүү дээ. Үүнийгээ л тууштай баримтлах ёстой. Бид аль нэг гүрнийг дагах юм бол хохирно. Бүгдтэй нь найрсаг харилцвал хожино. Их гүрнүүд манайхыг хэн нэгэнд алдахыг хүсэх¬гүй байгаа энэ үед эвийг сахих нь чухал юм даа.
-Оросын төрийн тэргүүнүүд удахгүй манай улсад айлчлах гэж байна. Ерөнхий сайд В.Путин энэ сарын 13-нд хүрэлцэн ирнэ гэж хэвлэлээр мэдээллээ. Энэ айлч¬лалын талаар та ямар бодолтой байна вэ?
-Хоёр улсын харилцааг хэвийн байлгаж хөгжүүлнэ ээ. Монголтой бид эрх ашиг нэг шүү гэдгээ Халх голын 70 жилийн ойгоор далимдуулж нэг сайн харуулах гэж байна шүү дээ. Нөгөө талаар бид та нарт хүнд үед чинь тусалж явсан шүү гэж сануулах нь. Орос, Хятадын Ерөн¬хий сайд нарын жил бүрийн уламжлалт уулзалт Бээжинд болдог юм. В.Путин тэр далимаар, Хятадад очихын өмнө Монголд ирээд “Танай манай хоёр сайн хөрш шүү. Санхүүгийн хямралын үед хамтран ажиллая” гэдгээ дэлхийд харуулах нь гэж бодож байгаа.

Үндэсний шуудан 2009.05.04 №106 /508/


  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

0 comments:

Post a Comment