Read my blog's...

This is....
RSS

....


ХҮН ГЭДЭГ ГАЙХАМШИГ ХҮҮ МИНЬ ЧИ АЗТАЙ


Намхан бор аав минь саравчтай малгайн дор дугариг хар нүдээ гялал¬зуулан өнөө хэдэн шүлгээ хүүхэд шиг хөөрчихсөн уншаад зогсч бай¬дагсан…Яагаад ч юм аавыгаа дурсахаар хамгийн түрүүнд энэ л төрх нь нүднээ ургаад ирнэ. Агуу Пушкиний “Хүний гараар босгошгүй хөшөө дурсгалаа босгов би” гэсэн алдарт мөртийг бардам хэлэх гавьяаг аав минь хорвоод амьдарсан дөчин хоёрхон насандаа бүтээжээ, одоо эргээд бодохноо. Хүүхдийн зохиолч цөөхөн байдаг юм шигээ. Том хүн бүр хүүхэд шиг сэтгэж, инээж, уйлж, хүүхдийн гэнэн, гэгээн ертөнцөд амьдарч, тэр ертөнцийн агаараар сэтгэл дүүрэн амьсгалж чаддаггүй болохоор тэр юм болов уу. Хүн гэдэг дэндүү мар¬там¬хай амьтан юм. Бага байхдаа аав, ээжийгээ яагаад гэсэн түмэн асуул¬таар булдаг байсан хэрнээ хүү-гийнхээ сониучхан асуултад “Аав нь ядраад байна. Багшаасаа асуу л даа” гэж бултахдаа сэтгэл төвдөхгүй. Хамтдаа тоглох зав гаргаж чаддаггүй. Нөгөө л ажил ихтэй гэдэг үгээр бамбай хийчихнэ. Яагаад ч юм томчууд хүүхдийн ертөнц ийм ялих¬гүй шалтгаар зааглагдчихдаг. Харин хүүхдийн зохиолчдын хувьд өөр. Хүүхэд шиг сэтгэж байж бичсэн шүлгийг нь хүүхэд уншина. Тэд адтай нь аргагүй шүлэг бичдэгийн нууц нь энэ ч байж болох. Сэтгэлийн ертөнцдөө хүүхэд гэдэг ариухан орчлыг бий болгож чадсан цөөхөн уран бүтээлчийн нэг бол аав минь. Шүлгийн номыг нь эргүүлж байхнаа нээрээ л тийм дээ гэж бодохоор хөөрхөн зураглал, хөгжимлөг өнгө аялгуу мэдрэгддэг.

Хацар нь улаан алим шиг
Хараацай жаахан дүү минь
Хараарай, хараарай наашаа
Хайр гэрэлтсэн нүдэт минь
Инээх нь мөнгөн хонх шиг
Эрвээхий жаахан дүү минь
Ирмээрэй, ирмээрэй наашаа
Ирээдүй гэрэлтсэн нүдэт минь.../Өхөөрдөл/
Буурал аавд морины нь
Олмыг чангалж өгтөл
Бууж мордох үед нь
Ойчих вий гэж түштэл
“Гялайлаа, хүү минь
Зуу насал” гэлээ
Гялайлаа би
Зуун настай боллоо
Эмээ ээжид өрхийг нь
Эргүүлж татаж өгтөл
Ээдэм ааруул тавихад нь
Элбэж тусалж өгтөл
“Гялайлаа, хүү минь
Зуу насал” гэлээ
Гялайлаа би
Зуун настай боллоо
Хөгшдөд тус хийвэл
Хүүхэд бүхэн зуу насална
Хөх цэнхэр гаригийн
Хүн бүхэн урт насална... /Ерөөлийн нас/Манайх Баянхонгор аймгийн Заг су¬манд амьдарч байв. Уг нь аавын төр¬сөн нутаг Баянцагаан сум. Хали¬маг тавьсан, гонжоом энэ тэр болсон намхан цагаан залууг багшаар анх очиход Заг сумынхан “Говийн залуу” гэдэг байж. Социализмын бүтээн байгуулалт гэж улс нийтээр оволзож байх үед аав шиг юм юм оролддог хүн хэрэгтэй л байсан биз. Ид зав-гүй байж байтал хайрлаж хүндэл¬дэг багш нь иржээ. Хүүхдийн нэртэй зо¬хиолч Самбуугийн Надмид гэж олны танил, аавын хайртай багш. Уулзаж чадаагүйдээ аавын сэт¬гэл нэг хэсэг¬тээ л жаахан тиймхэн яв¬сан гэж хожмоо дурсан ярьж бай¬сан. Аавын бор цүнхэнд хадгалаастай буй багш шавийн захидлаас дэлгэе.-Багш аа би сумын төвөөс гарч явмаар байна. Уг нь уран зохиолын хамаг дүрслэгдэхүүн суманд, энэ сай¬хан хөдөөд л байна. Наяад онд та нэг ирсэн дээ. Заг суманд сургуу¬лийн зургаан пийшин барих даал¬гавар¬¬тай, шавартай ноцолдож байсан тул тантай жаахан ч цуг байж чадсан¬гүй. С.Надмид зохиолчтой уулзалт зо¬хион байгуулъя гэж хичээлийн эрх¬лэгч¬дээ хэлсэн боловч “Намын үү¬рээс юм хэлээгүй гээд халгаасангүй” гэсний хариуд:-Надаар онцын сонин зүйлгүй шив дээ. “Хар нүдэн”-гээ хэвлэлд шил¬жүүл¬сэн. “Ялимгүй маргааны төгсгөл” түүвэр удахгүй худалдаанд гарна. Энэ номын талаар шүүмж, сэтгэгд¬лээ бичвэл сайнсан. МЗЭ-ээс намайг тоож төрийн соёрхолд нэр дэвшүүлж байна билээ. Баярлаж л байлаа. Дэвш¬сэн нь наддаа шагнал болно доо. Шүл¬гээ бич. Сайн бич, дүү минь… гэ¬жээ. Аав минь өөрийн сүүлчийн шүл¬гэн түүвэр “Ерөөлийн нас”-ыг хэв¬лүү¬лэх эрхийг мөн л багшдаа даат¬¬ган үл¬дээж байсансан. Хүүхдийн зохио¬лын нэрт төлөөлөгч, аавын анд Ж.Даш-дондог гэж мундаг ах. “Аранзал зээрд”-ийг нь миний нас¬ныхан бүгд л цээ¬жилж өссөн шүү дээ. Бор цүнхэн дэх бас нэгэн захидал... Ж.Дашдондог зохиолч аавд бич¬сэн захидалдаа “Уулзсангүй үнэхээр удлаа. Урт үстэй хүн таныг сураглаад явсан гэж гадаа тоглож байсан хүүхдүүд надад хэлсэн. Хэн юм бол эргэлзэж байлаа. Тэр нь чи биш байгаа. Бас нэг удаа гадуур яваад иртэл хүн сураад явсан гэнэ. Хэрэв тэр хүн мөн бол чи бид хоёр орж гарч зөрөөд л байжээ. Хүүхдийн зохиолын сонин гаргая гээд хүмүүсээс мате¬риал автал тийм ч сайн юм олдохгүй байна. “Унага” сэтгүүл бэлдэх явцад ч тийм зовлон эдлэв. Үүнээс үзэхэд манай хүүхдийн зохиол ямар зог-сонги байдалд орсон нь тодорхой. Шүлгийг чинь үзлээ. Сайн болж. Бичлэг чинь жигдэрч уяа сойлго нь таарч буйд баяр хүргэе. Ямар нэг санааг хүүхдэд хэлэх гэсэн чинь сэтгэлд нийцтэй байна” гэсэн урмын үг хайрласан байх юм. Яруу найргийн, тэр тусмаа хүүхдийн шүлгийн ертөн¬цөд аав өчнөөн олон найзтай явжээ. Туулын бургасанд П.Ба¬дарч¬ най¬рагчтай лонх юм султгангаа шинэхэн шүлгүүдээ сонирхуулж, Данигайн Давааням, Загдын Түмэнжаргалтай зовлон жаргалаа хуваалцаж явсан гэгээн дурсамж аавын тэмдэглэлийн дэвтэрт л үлджээ. Шинэ ном нь уншигчдын хүртээл болно гэдэг яруу найрагчийн баяр бахдал болой. Аавд нэг өдөр яг ийм жаргалтай мөч тохиов.
-Тэр ээ, хөөе. “Хөөг хөөг, сөөг сөөг” номын минь зургийг хар даа. Ц.Байды зураач ямар гоё зурж өгөө вэ. Довон дээгүүр тэмээ унаж яваа хүү яг миний бага нас” гэж аав хэлээд учиргүй инээд алдав. Байсхийгээд л өнөө номоо цүнхнээсээ гаргаж ирээд хавтсыг нь хараад суучихна. Бага насаа дурсч байна уу гэлтэй хэсэгтээ нам жим бодол болно. Миний аавын бага насны дурсамж тийм ч гэгээн биш байсан юм билээ. Номын хав¬тасны зураг харчихаад “яг миний бага нас” гээд инээж байсан хүн тийм гунигтай өссөн гэж яаж санахав. Сүүлд, бурхан болсон хойно нь аавынхаа бага насны амьдралын жинхэнэ үнэнийг мөн л “шүлгийн цүнх”-нээс нь олж билээ. Нямбай нь аргагүй бичсэн арав гаруй бичгийн цаас дурсамж нь өмнө минь дэл¬гээтэй байна. Миний аав ядуу эмэгтэй Бүн¬чингийн зургадугаар хүү. Ядуу хүний, тэр дундаа олон хүүхэдтэй ганц бие бүсгүйн зовлон барагдах биш. Ямар сайндаа л төрөөд удаагүй улаан нялзрай амьтнаа явуулын хүнд өгөөд явуулахав. Сүртэй том үзүүрсгэн дээлтэй идэр насны эр “Хүүг чинь өргөж авъя” гэж хэлээд тэр дороо хэл үг тохиролцон хүүг нь өвөртлөөд давхисан тэр л үеэс аавын минь гунигтай бага нас эхэлжээ. Нутаг усандаа шаггүй баянд тооцогддог, Бээжин Жанчхүүд жин тээдэг хүнд өргөгдсөн нь энэ.Баян айлын хар бор ажлыг нуруун¬даа үүрч явсан жаахан хүүд үеийн¬хэнтэйгээ тоглох зав ч гардаггүй байж. Нэг удаа аав нь хааяахан нуу¬цаар сөхөж үздэг байсан англи хэл¬ний сурах бичгийг нь олж үзчи¬хээд “Чиний англи хэл сурна гэж юу бай¬сан юм. Малдаа яв” гэж зандран гал руу хийчихэж. Хөндлөнгийн хүмүүст баян айлын ганц хүү гэж харагддаг хэрнээ сургуульд ороход нь дотуур байр олдохгүй, хэдэн сараар хичээ¬лээ тасалж байсан гэдэг. Бага насных нь хүнд амьдрал аавын минь эрүүл мэндийг авчихсан юм билээ. “Би бага нас-ны дээгүүр дэвхрэг шиг харайгаад өн¬гөрсөн болохоор надад хүүхэд бүхэн хөөрхөн, хайрлахгүй байхын аргагүй энхрий харагддаг. Энэ ариун, үнэнч, энхрий ертөнцийг улам бүр танин мэдэхийг хичээж явна. Хүүх¬дийг зовоож, дарангуйлж байгаа хү¬мүүс¬тэй тэмцэх сэтгэлийн гал цээ¬жинд минь байдаг” хэмээн бичиж үл¬дээжээ. Нээрээ ч хүүхдийн сайн сайх-ны төлөө чадах бүхнээ хийсэн гэж боддог. Өөрөө хүүхэд шиг сэтгэл¬тэй болоод ч тэр үү, бидэнтэй ямар дотно харилцана гээч. Тийм болохоор бид ааваасаа эмээдэггүй, сэтгэлд байгаа бүхнээ уудлан ярьж чаддаг байв. Магадгүй, хүүхдийн дотоод ертөнц рүү ингэж өнгийж байснаараа найзуудынх нь хэлдгээр, бага насны хүүхдийн бодол санааг илэрхийлсэн шүлгүүд ундран төрдөг байсан болов уу. Хээр хамт явж байгаад аав надад “Хоёулаа барилдах уу хө” л гэлээ. Би гайхна биз. Аав надтай жаахан “ноцолдсон” болоод өөрөө унаад өгөв. Тэгснээ өврөөсөө дэвтрээ гаргаж ирээд ямар нэг юм бичээд суучихав. Бэлчээр дээр уулзангуутУралдах уу хөө гэнэБие биеийгээ танихгүй ч Барилдах уу хөө гэнэУяач эцгийн хүүхдүүдУралдах гэлгүй яах вэБяртай ахын дүү нарБарилдах гэхээс яах вэ.Даанч жаахан наснаасааДааган мориор уралданаДаахин хонгор нялхаасааДаацтай мэхэнд суралцанаНоцолдох гээгүй харинБарилдах гэсэн юм ааНомхон мориороо ч гэсэн Уралдах гэсэн юм ааНайз аа хоёулааБарилдах уу?Наашаа ир дээУралдах уу?...”Уралдах уу, барил¬дах уу” шүлэг нь ингэж төрсөн түүх¬тэй. Манайх гэж хүний хөл тасар¬даггүй бужигнасан айл. Аав хэдэн муусайн найзтайгаа хааяахан шил¬тэй цэнхэр задлаад тэрүүхэндээ “бут авна аа”. Жаахан халамцаад ирэ¬хээрээ “Шүлгээ уншина” гэж хөөрнө. Би нэртэй хүний зүстэй ГонгорБилиг авъяасаа билүүдсэн хонгорГазарт шингэн цэцэг болон дэл¬гэрнэГадаад далайг зорьж Ганган сувд хэлхэнэ гэж ирээд өндөр дуугаар уншихад нь эгч бид хэд ичиж холоо очоод суучихаж билээ. Харин найзууд нь “Сайхан уншлаа” гэж хөгжөөж хөөрөгдөөд л тэрүүхэндээ жүжиг шийрхүү юм болдог байв. Яруу найрагчид аа гэж. Аав минь тэдний л нэг юм чинь ингэх нь арга байж уу дээ хэмээн би том болсон хойноо ухаарсан хэрэг. Ардчиллын салхи сэвэлзэж эхэлж байсан үе. Хүмүүс яах ийхээ мэ¬дэх¬гүй үймэлдээд, яг л олон ааштай хав¬рын өдрүүд шиг цаг. Сумын хэдэн за¬луус аавтай ардчилал энэ тэр ярина гээд орой үдшийн цагаар хашаа даван манайд цугладаг болов. Шөнө¬жин элдвийг хөөрнө. Бодвол аавын улстөрийн талаархи яриа сумын залуу¬сыг шөнөжин манайд уядаг бай¬сан байх. Намрын нэг өдөр бай¬сан санагддаг. Аав босч суугаад нэг л тогтож өгөхгүй, хальт харсан хүнд хаашаа ч юм нэг зүйлд яараад байгаа юм шиг. “Аймгийн захиргаан дээр том хурал болж байна. Ард¬чилсан на¬мынх¬ныг бут ниргэж байна гэнэ” гэсэн яриа аавын чихэнд хүрчихсэн нь тэр байж. Гэнэтхэн л “Би очиж үгээ хэлдэг хэрэг ээ” гээд босоод ирэв. Баян-Овоо сумаас аймгийн төв ороход гуч гаруй километр.Ардчилал ярьдаг эсэргүү нөхрийг унаандаа дайх хүн олдсонгүй. Гэлээ гээд аав шантарсангүй. Ганцаараа түнэр шөнөөр аймгийн төв рүү алх¬чихав. “Тэр олон буцалж бужигнасан хүний дунд аав шиг чинь зоригтой, хурц ярьж, ардчиллын талд дуугарсан хүн цөөхөн байсан шүү” гэж хожим су¬мын нэг ах ярьж байсан нь санаанд тод үлджээ. Хожмоо “Цагаан лавай” гэдэг сонин гаргаж, Аймгийн ард¬чил¬сан намын анхны дарга болж, Ард¬чил¬сан холбооны анхны их ху¬ралд төлөөлөгчөөр оролцож, хүүхдийн зо¬хиолч Гонгор ардчиллын Гонгор бол¬сон түүх энэ. Тэр үед Ардын их хур¬лын сонгуульд жүжигчин Д.Сосор¬барам Баян-Овоо сумын МАХН-ын хорооны дарга Бүдээтэй өрсөлдөж билээ. Баян-Овоо сумын унаган хүү ардчилал гээд ид шуу¬гиулж явсан цаг л даа. Аав сонгуу¬лийн ажилд нь туслалцаж, гавьяат манайхаар орж гарч явсан нь 19 жилийн тэртээх юм. -Чш, намдуухан. Хүүхдүүд унтаж байна. Наад тамхины утаагаа. “Дор¬нын цагаан саран”-гаа та нарт дуу¬лаад өгье гэсээр Сосорбарам гуай гитараа намуухнаар эгшиглүүлэв. Гэр дүүрэн зочид шөнөжин дуулж, ардчиллын тухай амттай яриа өр¬нүүлж байсан нь миний санаанаас гардаггүй. МЗЭ-ийн гишүүн, “Алаг чулуутай нутаг”, “Шинэ сурагчийн үг”, “Хөөг хөөг, сөөг сөөг”, “Ерөөлийн нас” зэрэг дөрвөн номоо бяцхан жаалууддаа барьсан аавын тухай өгүүлье гэхнээ тийм ч амар хэрэг биш юм. Бичье гэх сэтгэл дутсандаа бус, сачий минь хүрэх вий гэж өдий хүртэл эмээж ирсэндээ тэр л дээ. Тээр холоос Их Богдын нуруу дүнхийж цэнхэртээд… зундаа таана хүмүүлийн үнэр хамар цоргиж, царцаа шаргисан их шаргал тал. Аавын нутаг хэчнээн сайхан гээч. Аавынхаа нутгийг зорьж очилгүй хэчнээн ч оныг үдэв дээ. Гэсэн ч нэг л өдөр нутаг усаа санасан хүлэг морь шиг давхиад л очно. Тэгээд их өвгөд шиг ханхайж хүглийх их уулстай нь аавынхаа тухай шивнэн шивнэн ярилцана…
Хүн гэдэг чинь төрсөн өдрөө
Хөхсөн сүүнээсээ жаргал амсдаг юм
Хөлд, хэлд оруутаа сайхныг
Хүсэж тэмүүлж өөдөлж явдаг юм
Хүй цөглөсөн анхны мөчөөс
Хүсэл мөрөөдлөө дагаж өсдөг юм
Хөөтэй, гайтай өөдгүй бүхнийг
Хүүхэд багаасаа тойрч явдаг юм
Хүн гэдэг чинь агуу гайхамшиг
Хүү минь чи азтай, азтай
Хүрэх зорих маргааш чинь саруул
Хүлэг морь чинь эмээлтэй, эмээл¬тэй/Аавын бүүвэй шүлгээс нь/
Үндэсний шуудан 2009.03.13

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

0 comments:

Post a Comment