Read my blog's...

This is....
RSS

Шагдайн Цэнд-Аюуш:Г.Доржсамбуу надад “Хайран хугацааг дэмий алджээ” гэж байсан

“Далдын хар малгайт”, “Хүлээх өрөөний эзэгтэй” зэрэг Монголын анхны шог, хошин романуудыг бичсэн шог зохиолч Шагдайн ЦЭНД-АЮУШТАЙ уулзаж ярилцлаа.
-Сайн байна уу, Цэнд-Аюуш гуай. Хожуу ч гэсэн Монголын зо¬хиолч¬дын эвлэл байгуулагдсаны 8О жилийн ойн мэнд хүргэе. Ойгоо ямар уран бүтээлээр угтав, шинээр ямар ном туурвиж байна вэ?
-Зохиолчдын эвлэлийн наян жилийн ой, миний жаран нас давхцаж байгаа юм. Тиймээс дурдатгал мая-гийн “Чигэстэйн сансрын буудал” гэдэг ном бичиж хэвлүүллээ. Гэхдээ яг дурдатгал гэхэд хаашаа юм бэ, хүний хувь тавилан гэж юу юм бэ, өөрөөс хамаардаг уу, зайлшгүй зүйл үү гэдгийг өөрийнхөө өнгөрсөн амьдрал, энэ талаар сүүлийн үед гарч байгаа шинж¬лэх ухааны мэдээ сэлт зэргийг харь¬цуулан бичсэн. Надад хувь заяанаас гажих гэвэл ямар нэг хүчин залруу¬лаад байх шиг санагддаг тухай барим¬таар өгүүлсэн. Бас утга зохиол, инээдмийн урлагийн талаар үзэл бодлоо оруулж, бурхан, сүнс, зэргэцээ ертөнц зэргийн талаар уншиж, дуулснаа энэ бүхэнтэйгээ холбосон. Одоо “Монгол комеди “ нэртэй зохиол бичиж байна. Хураангуй байдлаар нэг их удахгүй олны хүртээл болгох санаатай. Уншигчид хэрхэн хүлээн авах байдлыг харж байгаад боломж олдвол дараа нь дэлгэрүүлж, ном байдлаар гаргана.
-Та сүүлийн жилүүдэд ажил хийхгүй гэртээ байгаа гэсэн. Яагаад ингэх болов?
-Би албан тасалгаанд биш гэртээ суух болоод таван жил болж байна. “Тоншуул” сэтгүүлийн эрхлэгч байсан Х.Цэвлээ гуай надтай тааралдаад,-Яагаад ажлаасаа гарчихсан юм бэ? Нас чинь яагаа ч үгүй байхад гэр¬тээ бүгээд… гэж зэмлэж байна лээ. Энэ ч яахав миний төлөө хэлж байгаа үг. Танил хүмүүс утастаж “Зүгээр сууж байхаар бие чинь гайгүй бол манайд ажиллаач” гэх нь байдаг. Би Багшийн дээдийн хэл, уран зохиолын ангийг төгсөөд Москвад Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуулийн дээд курсэд зохиол бичих онол, практик заалгаж мэргэжлийн үнэмлэх авсан. Нэг үгээр би мэргэжлийнхээ дагуу үндсэн ажлаа хийгээд л сууж байгаа хүн. Гуч орчим жил сэтгүүлч, зо¬хиолч гэсэн хоёр ажлыг хавсарч хийж явлаа. 2004оноос нас явлаа, шөнө орой болтол суухаар бие ядрах болж, хоёр ажил оронцоглосноос нь нэгд хүчээ өгье гэж шийдсэн. Тэгээд 16 настайгаасаа утга зохиолд хөл тавьж үүнийг амьдралынхаа зорилго болго¬сон болохоор зохиол бичихээ сонгоё гэж шийдсэн юм. Зохиол бичих миний үндсэн ажил. Хэвлэгдэж байгаа ном зах зээлийн хэллэгээр миний үйлд¬вэрлэж байгаа бүтээгдэхүүн.
-Шог зохиол бичнэ гэдэг амаргүй. Тиймдээ ч энэ төрлөөр бичдэг зохиолч хуруу дарам цөөхөн байдаг байх. Та хэдийнээс хошин шогтой холбогдов. Шог зохиол бичих төрөлхийн авьяас гэж байна биз?
-1967 онд, одоогоос 42 жилийн өмнө, намайг арван найман настай байхад “Тоншуул” сэтгүүлийн ха¬риуц¬ла-гатай нарийн бичгийн дарга, зохиолч Б.Жамд дуудаж уулзан сэтгүүлийнхээ дэргэдэх “Алиа шогч¬дын клубт” яваач гэснээр хошин шог зохиол дагнан бичих болсон доо. Өмнө нь би шүлэг, өгүүллэг янз бүрийн л юм бичдэг байсан. Хошин, шогийн төрөлхийн авьяас гэж байдаг байх л даа. Олон түмнээ инээдээр баяс¬гаж явсан манай авьяаслаг жү¬жигчин Цэвээнжав гуай, Латиф нарыг харахад яг энэ төрөлд заяагдсан юм шиг байдаг. Ямар ч байсан надад зохиол бичих авьяас тодорхой хэм¬жээ¬гээр байсан юм шиг . Энэ нь миний төрөлхийн зан араншинтай нийлэн хошин шог зохиол туурвихад илүү нийцтэй байдаг байх. Ямар нэг юманд дургүй хүрэхээр тэр юмны сөрөг талууд товойж, инээдэмтэй дүр төрхүүд харагдаж, үгээр илэрхийлж гаргахгүй бол болохгүй оргиод байдаг.
-Та улсын хэмжээнд зарласан шог зохиолын олон уралдаанд тү¬рүүлж байсан. Харин түрүүлсэн өгүүллэгийг тань хэвлэхээс тат¬галзаж , таны өөр шог өгүүллэгээр сольж байсан гэдэг. Яагаад тэр вэ?
-Миний “Хэцүү амьтан” гэдэг шог өгүүллэг дээр ийм явдал тохиолдсон. Энэ тухай “Хар дэвтэр” гэдэг номонд тодорхой бичсэн. Бас хоёр шог өгүүллэгийг комисс нь тэр¬гүүн байрт оруулсан ч мэргэжлийн шог зохиолч гэдгээр ухрааж шагналт байр болгосон. Гэсэн хэр нь зөвхөн шог хошин гэлтгүй улсын хэмжээнд зарласан уран зохиолын уралдаанд дөрвөн удаа тэргүүн байр авч, найман удаа эхний гуравт орж байлаа . “Хо¬вор хүмүүс” гэдэг кино хүртэл улс тун¬хагласны 60 жилийн ойг тохиолдуулан зарласан кино зохиолын уралдаанд хоёрдугаарт орсон юм. Нэгдүгээр бай¬ранд орох зохиол алга гэж комисс үзсэн юм билээ.
-Монголын утга зохиолд таны нэртэй холбоотой “Анхны” гэсэн үг сонсогддог. Олон улсын шог хо¬шин зохиолын уралдаанд түрүүлж анхны алтан медалийг ч авчирч байсан. Бас анхны шог, хошин романуудыг туурвисан. Ингэхэд роман туурвих, тэр тусмаа шог, хошин роман туурвина гэдэн маш хүнд хөдөлмөр?
-Мэдээж роман туурвих хэцүү байлгүй яахав. Зүгээр техник ажил талаасаа гэхэд л хэцүү шүү дээ. Тэр үед ямар компьютер байсан биш. Гурав, дөрвөн зуун хуудсыг хэд дахин хуулан бичих шаардлагатай болно. Тэгээд тэр олон баатрууд, үйл явдлын шугамууд, дүрийг бий болгоно. Дээр нь шог хошин роман учраас инээдэмт байдал байнга бий болж байх учир¬тай. Бас тэгээд энэ романаа бичиж байхад захиргаадалтын нийгэм ноёр¬хож байлаа. “Хүлээх өрөөний эзэгтэй” хошин роман л гэхэд хүнд суртлын нийгмээс залхаж шинэ сайхан үеийг хүлээж байгаа бүсгүйн дүр гардаг. Энэ ч учраас “Хүлээх өрөөний эзэгтэй” нэртэй. Бичиж байгаа роман маань хэвлэгдэж олны хүртээл болж чадах болов уу гэж эмээнэ. Хэвлэгдвэл ямархуу яриа хөөрөө гарч, дарамт шахалт ирэх бол, энэ хэсэг дээр иймэрхүү яриа гарвал тийм тайлбар хэлнэ гэж зохиолоо бичихийн хажуу¬гаар бас давхар дараагийнхаа юмыг бодно.
-Компьютер бий болж, үзэл суртлын хүлээс тайлагдсан шүү дээ?
-Өнөө үед ч роман бичих амаргүй. Хэрхэн бичсэнээ ярихаа байя. 2006 онд хэвлэгдсэн “Дан майхны хаад” романаа бичихийн тулд би ямарч байсан хувийн их дээд сургуулийн түүхийн ангийг төгссөн хүнээс илүү ч байж мэдэх маш их материал унш¬сан. Энэ бол зөвхөн роман бичих бэлтгэлээ хийж байгаа хэрэг.
-80 жилийн ой гээд баахан овол¬зоод намжлаа. Цөөнгүй зохиолч ч шагнуулав. Гэтэл та их энгийн да¬руу, уран бүтээл чимээгүйхэн туурвиад л сууж байх юм. Үүнээс тань болдог юм биш биз. Таныг шагнасангүй гэж сонин дээр хүмүүс бухимдан бичсэн байсан. Яагаад шагнаагүй гэж бодож байна?
-Би юм бичихээрээ гадна дотнын элдэв юмыг мартаж түүндээ улайрдаг нь үнэн. Яагаад шагнаагүй гэдгийг дарга нар л мэднэ шүү дээ. Зохиолч¬дын хорооны дарга нарын энд тэнд янз бүрийн хүмүүст ярьсан нь дам байдлаар сонсогдож чих дэлссэнээр бол нэгдүгээрт “ Өөрөө хөөцөлдөхгүй юм гэлээ “ гэсэн. Би бол шагналыг хөөцөлдөхгүйгээр олгогддог зүйл гэж ойлгодог. Гэсэн хэр нь “Яаж хөөцөлд¬дөг юм бэ” гэж туршлагатай нэгнээс асуувал хандив мандив өргөдөг, энээ тэрээ болдог янзтай. Надад тийм мөнгө төгрөг байхгүй. Байсан ч түүгээр номоо гаргасан нь дээр. Хоёрдугаарт “Бидэнтэй нийцгүй байдаг” гэсэн байна лээ. Энэ үнэн байж магадгүй. Гэхдээ л би шагналын зарлиг уншиж байхад “Эелдэг зөөлөн, удирдлага¬тай-гаа хувийн дотно харьцаатай тул” гэсэн тодорхойлолт гарч байхыг нэг ч удаа сонсоогүй. Тэгээд ч ааш аран¬шин¬гаа өөрчилж нийцтэй явах гэвэл шог зохиол биш, магтаалын шүлэг туурвидаг болчихож мэднэ.
-Уншигчид маань таныг аль хэ¬дийнэ гавьяат авсан гэж боддог юм билээ?
-Урьд өмнө зохиолчид шагнагдаж л байсан. Би шагнагддаггүй л байсан. Тэглээ гээд би юм боддоггүй, хүмүүс ч тоодоггүй байсан. Сая зуугаад хүнийг бөөнөөр нь шагнаснаас л тэгэх шиг боллоо. Наян жилийн ой болсон орой би сар шинийнхээ баншийг чимхээд гэртээ байж байтал утас дуугарсан. Хамгийн эхлээд Соёлын гавьяат зүтгэлтэн Жа.Пүрэв ярьж, яа¬гаад чамайг шагнасангүй вэ, би Чилаажавт хэлнэ энэ тэр гэж байсан .Тэгээд л маргаашнаас нь янз бүрийн хүмүүс яриад эхэлсэн. Нэг хэсэг нь “Яагаад шагнасангүй вэ “ гэж асуугаад нөгөө хэсэг нь манай амьдайтай андуурч баяр хүргээд байсан. Тэр бүү хэл миний сэтгэлийг засах гэсэн бололтой нэг их танил биш хүн “Гараад ир юм авч өгье” гэсэн. Сүүл¬дээ авгай, бид хоёр утсаа таслахад хүрсэн. Энд Цэнд-Аюуш гэж нэг хувь хүнийг шагнасан, шагнаагүй нь гол биш байх. Ёс суртахуун, шударга үнэний асуудал хөндөгдөж хүмүүс дургүйцэх шиг болно лээ. Тэр олон хүний дотроос миний нэрийг хайж, тэгээд байхгүй байна гэж ундууцах хүмүүс, уншигчид байгааг мэдэрч би баярласан. Энэ бол миний хувьд энгэртээ зүүж болохгүйгээс жинхэнэ шагнал байлаа.
-Наян жилийн ойн дараа та зохиолчдын хорооны удирдлага¬тай уулзсан уу? Юу гэж байх юм бэ?
-Нас ахисан зохиолч, залуу дарга нарын бэлчээр таарахгүй болохоор бараг тааралдана гэж байхгүй л дээ. Сая юу болсон юм бэ, ерээд оноос хойш анх удаа мартын наймнаар хорооноос утастаж, “Жар хүрч байгаа чинь яг үнэн биз” гэж асуугаад “Хэдэн ахмадыг хүлээн авна, ир” гэж байна лээ. Би эмэгтэй, эмэгтэй ч юу байхав чавганц биш болохоороо очоогүй. Наян жилийн ойгоороо охидуудаа, мартын наймнаар өвгөчүүлээ хүлээн авах маягаар манай зохиолчдын хорооны ажил явдаг юм.
-Дөрвөн сарын нэгэн болох гэж байна. Яриагаа хошиг шог зохиол руу эргээд хандуулъя. Хошин хамт¬лагуудын янз бүрийн тоглолтуу¬дын сурталчилгаа телевизээр ца¬цаг¬даад эхэллээ. Хүнийг инээлгэж л байвал хошин, шог гэж зарим хүн ойлгодог. Харин мэргэжлийн зо¬хиолчийн хувьд энэ талаар ямар бодолтой явдаг вэ?
-Одоо хэрэглээний урлаг, арил¬жаа¬ны урлаг гэж нэг юм бий болчи¬хоод байгаа. Энэ үүднээсээ бол ашиг орлого олж л байвал юугаа хийж, яаж байх нь хамаагүй юм шиг байгаа юм. Ер нь урлаг гэдэг сонгодог ойлголт талаасаа бол өөр өнцгөөс харж, янз бүрийн юм хэлж болно л доо. Харин инээд хошин шогийг үнэлэх хэмжүүр мөн гэдэгтэй урлаг судлаачид санал нийлдэг юм билээ. Гэхдээ зөвхөн ганц үүгээр хэмжих нь учир дутагдалтай. Тухайлбал, хэн нэгэн нүүр амаа хачин болгож, үрчийлгэх зэрэгт хүмүүс инээ¬дэг. Инээж байна гээд үүнийг шилдэг бүтээл гэж үзэж болохгүй нь мэдээж. Инээдмийн урлагийн олон төрөл инээд хүргэхгүй ч багтаж ядсан уур хилэн, хурц ухаан, цэцэн цэлмэгийн илэрхийлэл болж, цэнгэл эдлүүлдэг. Бас тухайн уран бүтээлийг ямар хэмжээний боловсролтой, соёлтой , мэдрэмжтэй уншигч, үзэгч сонсогч хү¬лээж авч, таашааж байна гэдэг хоёр дахь хэмжүүр болдог. Бүдүүн бааз¬дуухан нэгэн тун энгийн аар саар, тэр байтугай дур гутмаар юманд инээдэг. Харин хошин шогийн өндөр мэдрэмж, боловсролтой, гоо сайхны таашаалтай, энэ талаар ихийг ун¬шиж, сонсч, үзэж таньсан хүмүүсийг инээлгэх амаргүй. Тэд шинэ шийдэл, нарийн дүрслэл, чадвар зэрэг уран сайхны өндөр төвшнийг шаардана. Гуравдугаарт нийгмийн ямар дорви¬той асуудал хөндсөн, дөрөвдүгээрт цаг хугацааны шалгарлыг хэрхэн давж байна гэх зэрэг олон зүйлс нийлж байж хошин шогийг үнэлэх хэмжүүр болдог .
-Мистер Биний хачин этгээд үйл хөдлөлийг их үзүүлэх болсон. Танд ямар санагддаг вэ? Манай зарим инээдмийн жүжигчид ч дуурайх гэж хичээж байх шиг. Чарли Чаплинтай харьцуулж болох уу?
-Чарли Чаплин онцгой ур чад¬вар¬тай энэ төрлийнхөө хаан нь байсан. Түүнийг давж гарах боломжгүй. Сайн уран бүтээлч, сайн урлагийн бүтээл давтагдашгүй чанартай байдаг шүү дээ. Мистер Бен ч өөрийнхөө үеийн хаан нь гэж боддог. Хамгийн гол нь онц¬¬гой дүрийг бий болгосон. Инээд¬мийн эх үндэс бол тэнэглэл гэдэг. Би-ний гол төрх бол тэнэг мулгуу юм шиг байдал. Тэр тэнэг мулгуу юм шиг төрхөө илэрхийлсэн хүний санаанд орохгүй хачин жигтэй шийдлүүдийг гаргаж, энэ нь инээд хүргэдэг. Ийм шийдэл бодож олно гэдэг инээдмийн жүжигчнээс их ухаан, ур шаардана. Ма¬найхан зүгээр гадна талын даяга¬насан, доёгоносон хөдөлгөөнүү¬дийг нь дуурайн инээлгэх гэж оролддог юм билээ.
-Та хэд хэдэн инээдмийн кино бичсэн. Тэр дотроос “Тэнэгүүдийн орон” гэсэн киноны нэр содон сон¬согддог. Яагаад ингэж нэрлэсэн юм бэ?
-Найруулагч Доржсамбуу надтай 1993 онд Соёлын төв өргөөний тэнд тааралдаад “Инээдмийн жүжиг байна уу, байхгүй ч гэсэн бичиж өгөөч” гэсэн. “Хэзээ хэрэгтэй вэ” гэвэл “Сарын дотор чадах уу “ гэхэд нь “ Би болох байх” гээд “Хар будаа” жүжгээ бичсэн. Бэлэн санаа толгой дотор эргэлдэж явсан юм. Доржсамбуу маань ч шинэ жилээс өмнө гаргах гэж зарим шөнө театр дээрээ хонож байж богинохон хугацаанд Драмын театрын тайзнаа тавьсан. Энэний дараа тэр надад “Чи бид хоёр бие биенээ эртээс таних мөртөө зөвхөн мэндлээд өнгөрдөг байж. Хайран хугацааг дэмий алджээ. Одоо хоёулаа хамтраад хэдэн бүтээл хийе” гэсэн санал тавьсан. Би зөвшөөрсөн . Тэр үед аливааг аль болох хар талаас нь үзүүлсэн бүтээл их гарч байлаа.Тиймээс гэрэлтэй талаас нь харуулсан инээдмийн кино хийе гэж ярилцаад би зохиолоо бичсэн. Тэгээд түүнийг эмнэлэгт хэв¬тэж байхад уншуулж, харилцан ярил¬цаад хоёр дахь хувилбарыг бичсэн. Даанч тэр маань кино болгож амжил¬гүй орчлонг орхисон доо. Сүүлд авгай, хүүхэд нь миний бичсэн анхны хувилбарыг гэрээсээ олоод кино хий¬сэн байна лээ. Киноны нэрний хувьд гэвэл Дауны хам шинж буюу тэнэгрэх өвчин гэж байдаг. Үүнийг нэг үе монголизм буюу монголжих өвчин гэдэг байж.
-Барууныхан биднийг тэнэгүүд хэмээн үзэж байна гэсэн үг үү?
-Энэ бодол чинь буруу шүү гэдгийг бид киногоороо үзүүлэхийг хичээсэн л дээ. Гэтэл цөөнгүй хүн утастаж “Яахаараа эх орноо тэнэгээр дуудаг юм бэ” гэж уурласан. Тэр болгонд би “Эхлээд киногоо үз “ гэдэг байсан.
-Модерн шулмын хоржигнуур” гэсэн таны адал явдалт роман бий. Их ч шуугиан тарьсан. Монголд мафийн сүлжээ бий болж байгаа талаар өгүүлсэн энэ номонд их хурлын гишүүний тухай, мафийн маягийн хүмүүс олон нийтийн байгууллага , хэвлэлийг хэрхэн өөрийгөө далдлахад ашиглаж байгаа гардаг. Энэ бүхэн бодитой явдал дээр үндсэлсэн үү?
-Би “Тоншуул”, “Хууль ёс” сэтгүүлд ажиллаж байсан болохоор нэлээн юм дуулж сонссон. Түүн дээрээ болон хэвлэлийн баримт дээр үндэслэн “Модерн шулмын хоржигнуур” рома¬наа бичсэн. Хуулийн байгуул-лагад насаа¬раа ажиллан, энэ салбарт маш том алба хааж байсан хүнд уншуулж зөв¬лөгөө авсан. Тийм болохоор гарч бай¬гаа үйл явдал үнэнд ойр гэж бол¬но. Халхавч болж байгаа олон ний¬тийн бай¬гууллагад одоо намууд орчи¬хоод байгаа юм биш үү. Өөрийнхөө хар хэ¬рээг цагаанаар будахыг оролдох ажиглагдах юм . Ардын уран зохиолч Т.Галсан “Үндсэн хуулиар зөвшөө¬рөг䬬сөн улс төрийн мафийг нам” гэнэ гэж шоглосон нь ортой юм уу гэхээр болжээ.
Үндэсний шуудан 2009.05.7 №109 /511/

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

0 comments:

Post a Comment