Read my blog's...

This is....
RSS

С.Батсүх: Пуужин гал улалзуулаад маш удаан хөөрдөг юм билээ

1981 оны гуравдугаар сарын 22… Монгол Улсын түүхнээ тодоос тод тэмдэглэгдэн үлдсэн гайхамшигт өдөр. Энэ л өдөр хотол түмнээрээ баяр баясалд умбаж, сансарт ниссэн хүүгээ цагаан сүүний дээжээр үдсэнсэн. Улсынхаа нэрийг тив дэлхийд цуурайтуулсан гайхам үйл явдлыг гэрэл зургийн хальснаа буулгах хүндтэй, бас хариуцлагатай үүргийг гүйцэтгэсэн, манай ахмад гэрэл зурагчдын нэг, МОНЦАМЭ агентлагийн гэрэл зурагчин С.БАТСҮХИЙГ зочноор урилаа.
-Таныг азтай хүн гэж хэл¬мээр байна. Монгол хүн сансарт ниссэн тэр түүхэн агшныг хальснаа буулгана гэдэг хүн болгонд тохиох аз биш шүү?
-Үнэхээр хэзээ ч мартагдашгүй том хувь заяа гэж боддог. Би Улсын Гэрэл зургийн газарт ажиллаж байлаа. 1978 онд юм, гэнэт нэг өдөр намайг Төв хороон дээр ир гэж дуудаад нэг даалгавар өгсөн.
-Ямар даалгавар?
-Улсын нууц гэж байгаад Монгол хүн сансарт нисэхээр болсон гэлээ. Би за л гэлээ.
-Таныг ганцааранг тань сонгосон хэрэг үү?
-Үгүй. Надтай хамт Монгол кино үйлдвэрээс оператор Сүхбаатар, найруулагч, зохиолч Гомбо, телевизээс оператор Дашдондог, найруулагч Жаргал бид хэд л байсан. Сүүлд хүч нэмэгдүүлж өнөө “Мандухай цэцэн хатан” киног найруулсан Балжинням, гэрэл зурагчин Нина нар орж ирсэн дээ. Намайг яагаад сонгосныг ёстой бурхан л мэдэж байсан биз./инээв/
-Сансрын нислэгээс бүр гурван жилийн өмнө та нарыг бэлтгэж эхэлсэн юм байна шүү дээ?
-Бэлтгэх юу байх вэ. Даалгавар л өгсөн. Яг энэ өдрөөс эхлэн надад бүхий л үйл явдлын зургийг авахыг үүрэгдсэн. Тухайн үед нисгэхээр сонгогдсон 12 хүний зургийг би авна. Сайд нарын нэгдүгээр эмнэлэгт тэднийг үзлэгт оруулдаг байсан. Сүүлд мэдэхнээ тэднээс дөрвөн хүн л үлдэж билээ. Сайнцог, Гүррагчаа, Сүрэнхорлоо, Ганзориг. Энэ дөрвийг хаана л явна би дагадаг ажилтай. Хамгийн сүүлд Гүррагчаа, Ганзориг хоёр шалгарч үлдсэн юм даг. Бидэнд сансар огторгуйн талаар хичээл заана. Тэгж тэгж, 1979 оны аравдугаар сараас бид Орос руу явсан даа. Түүнээс хойш л ар гэрийнхэндээ энэ талаар үг ч цухуйлгаж болохгүй гэж дээрээс анхааруулаад сүртэй юм болж байлаа. Би Москвад авсан зургуудаа эх орондоо ирээд угаалгана. Одоогийнх шиг дижитал энэ тэр байсан биш. Нийгмийг аюулаас хамгаалах яамны Дорж хурандаа яг миний хажууд сууж байгаад зураг угаасны дараа хальсуудыг аваад явчихдаг байсан. Төв хорооноос хоёр нисгэгчийн зургийг яг адилхан авах ёстой шүү гэж надад анхааруулна. Нэг удаа Ю.Цэдэнбал дарга “Оддын хотхон”-д очсон юм гэнэ лээ. Тэгээд Ж.Гүррагчааг явуулна гэсэн шийдвэр гарчээ гэж би хожим сонссон.Үнэнийг хэлэхэд тэр үед Ганзориг Жанибековтой хамт ажиллаж байсан юм. Тухайн үед Жанибековыг нэгдүгээр нисгэгч гээд зарласныг санаж байна. Нэг өдөр биднийг яваад очтол манай хоёр нисгэгч солигдчихсон байсан. Гэхдээ монгол хүн л нисч байвал хэн нь ч яах вэ гэсэн бодол надад төрж билээ.
-“Оддын хотхон” гэж мэдээж нүсэр байгууламж бий байх. Та Ганзориг, Гүррагчаа хоёртой тэнд хэр удаан байсан бэ?
-1978 оноос хойш “Оддын хотхон”-д ирж очдог ажилтай байсан. Москвагаас дөч гаруй километр зайд байрладаг газар л даа. Үргэлж тэнд байгаагүй. Долоо, найм хоноод л наашаа ирнэ. Нөгөө хоёрынхоо ар гэртэй уулзаж, бэлтгэл сургуулилт гээд бүхий л зургийг авна. Манай сурвалжлах баг Москвад байхдаа “Оддын хотхон”-оор өглөө нь орчихоод буцдаг байлаа.

-Та сансрын хөлөг хөөрөх агшнаас эхэлж зургаа авсан уу?
-Тэгэлгүй яах вэ. Хөлөг хөөрөх буух агшныг авсан. Гэхдээ би Куба, Вьетнамын сансрын хөлгийн нислэгийг туршлага маягаар өмнө нь үзэж байсан л даа .
-Пуужин яаж хөөрөх юм. Хурд гэж сум шиг л байна биз?
-Кубын нислэгийг хоёр кило¬метрийн зайнаас харж байхад дуу чимээ гэж аймаар. Ж.Гүррагчаа нисгэгчийн хөлөглөсөн “Союз-39”-ийг яг энэ зайнаас дарга нар харсан. Харин гэрэл зурагчдын хувьд 60 килограммаас дээш жинтэй хүмүүс хөлөгт 200 метр л ойртох ёстой. Кубын нислэгийн дэргэд манайхны нислэг дуу чимээ нь арай гайгүй. Хожим асуухнээ, пуужингийн даралтыг газрын гадаргуу дээр өгдөг байсныг газрын гүн рүү өгдөг болгосон гэж тайлбарласан юм даг. Пуужин гал улалзуулаад маш удаан хөөрдөг юм билээ. Сум шиг хурдан хөөрчих байх гэж би бодоод гал маналзаад ирэнгүүт бүтэн 36 хальс дарж дуусган, дахин цэнэглээд амжихад хөөрөөгүй дөнгөж л өндийж байсан. Физикийн хуулиар ийм удаан хөөрдөг юм байна л даа. Хурдан хөөрвөл эргээд уначихдаг гэдгийг хожим мэдсэн.
-Ж.Гүррагчаа, Жанибеков нарыг нисэхэд сэтгэл нь хөдлөөгүй монгол хүн гэж байгаагүй байх. Тэр тусмаа монгол хүн сансрын уудмыг зорьж байхад?
-Монгол хүн зах хязгааргүй огторгуйг зориход бахархах сэтгэл төрөлгүй яахав. Үнэнийг хэлэхэд дотроо бас айж, Ж.Гүррагчаагийн араас санаа зовж л байлаа. Ж.Гүррагчаа маань 101 дэх нисгэгч шүү дээ.
-Таныг сансрын хөлгийг газардахад буугч аппаратад гараа хүргэж байсан гэж сонссон юм байна. Бас л аз юм даа?
-Тэднийг газардахын өмнөхөн дөрвөн нисдэг тэрэгтэй угтах хэсэг явсан юм. Аврах баг, сэтгүүлчид, гэрэл зурагчид гээд. Тэгтэл та нар яг одоо газард гээд буулгачихлаа. Нислэгийг удирдах төвөөс хөлөг сүүлчийн тойргоо хийлээ, одоо буугч аппарат пуужингаас саллаа гэж дамжуулж байснаа гэнэтхэн л чадсангүй гэдэг юм байна. Зүрх зогсох шахсан. Тэгтэл хорь, гучин минутын дараа “саллаа” гэдэг байгаа. Гүррагчаа, Жанибеков хоёр дахин нэг илүү тойрог хийгээд пуужингаасаа салж газардсан. Гэхдээ буугч аппарат товлосон газраа буугаагүй л дээ.
-Яагаад тэр вэ?
-Буугч сууриараа биш дээшээ хараад, эсрэгээрээ буучих¬сан. Аврах баг очиж ажилласны дараа сэтгүүлчдэд очих зөвшөөрөл өгсөн юм. Тухайн үед монгол хүн бүр л айж балмагдсан байх даа.
-Гүррагчаа нисгэгч буугч төхөөрөмжөөс гарч ирэхэд ямар харагдаж байх юм. Энэ агшин мэдээж таны хальсанд буусан л байгаа?
-Буугчийн шүхэр дэлгэгдээд ирж байгааг дурандахад том улаан хүрэн юм л харагдаад байсан. Казакстаны Жезказганд газардсан юм ш дээ. Нэг их шороотой, салхитай өдөр. Биднийг буух талбай руу явахад урт түрийтэй усны гутал, хөвөнтэй зузаан хүрэм өмсүүлсэн. Зуун метр хэртээ газар гүйгээд өнөө газар ирлээ. Буугч аппаратад гараа хүргэтэл хав халуун. Шатаад л буудаг юм байна л даа. Ж.Гүррагчаа сүүлд “Цонхоор харсан чинь улаан гал дүрэлзэж байсан” гэж ярьж билээ. Санаанд үлд¬сэн нэг зүйлээ хэлэхэд Ж.Гүррагчаа буугчаас жаахан ядрангуй байдалтай, хоёр талаасаа хүнээр түшүүлээд гарч ирсэн юм даг. Гэсэн ч тэрхэн агшинд бид хэдийн дэвтэрт гарын үсгээ зурж өгсөн дөө.
-Сэтгэлд хоногшсон өөр дурсамжаасаа хуваалцвал…?
-Аа, тийм. Эх орон руугаа буцахын түүс. Гэтэл Москвад хорин хэд хонох хэрэг гарсан. Яасан бэ гэхээр, манай хоёрт ЗХУ-ын баатар цол өгөх гээд удчихдаг байгаа. Тэр үед Брежнев дарга Чехослаовакад айлчилж ирэнгүүт бие нь муудсан юм билээ. Бид хэд чинь зочид буудалд шагнал гардуулахыг хү¬лээ¬¬гээд байдаг. Шийдвэр гардаггүй. Баяраа тэмдэглэж ганц нэг зуу татмаар байдаг. Бүр барахаа бай¬гаад, нэгийгээ утсан дээр жижүү¬рээр үлдээ¬чихээд ойролцоохь ресторан руу гүйдэг байсан маань санаанд үлджээ.
-Гоё дурсамж юм аа. Та яах аргагүй манай ахмад гэрэл зурагчдын нэг. Гэрэл зураг сонирхож эхэлсэн үеэ дурсвал?
-1970 оноос гэрэл зураг авч эхэлсэн. “Таксин цоохор машин”-ыг дуулдаг байсан Цэнд-Аюуш гуай Барилгачдын соёлын ордонд анх гэрэл зургийн дугуйлан байгуулж билээ. Тэр дугуйлангаас их зүйл сурч авсан. Яахав, сүүлд Намын дээд сургуулийн сэтгүүлчийн ангийг оройгоор дүүргэсэн хүн. Далаад оноос хойш МОНЦАМЭ-дээ л ажиллаж байна даа. -Улсын гэрэл зургийн газарт хэзээнээс ажилласан юм бэ?-Тэр үед Улсын гэрэл зургийн газар гэдэг чинь Соёлын яамны харьяа, их том газар. МОНЦАМЭ-г гэрэл зургаар хангадаг байсан юм. Ах нь 1973 оноос хойш Цэдэнбал, Батмөнх, Очирбат гээд томчуулыг дагаад гадаад, дотоодоор их явсан. Очоогүй газар тун ховор.
-Хуучин нийгмийн үед гэрэл зураг авна гэдэг том хариуцлага, ёс зүй энэ тэр байсан байх. Мэргэжлийн гэрэл зурагчны хувьд одоогийнхтой харьцуу¬лахад ямар санагдах юм бэ?
-Өө, их ялгаа бий. Тэр үед хальсаар авдаг байсан. Гэрэл зургийн газарт нэг том лабора¬торитай. Телефото гэж юм байлаа. Байнгын ажиллагаатай байх үүднээс бид зургаа телефотогоор дамжуулна. Удаан л даа. Хоёр гурван цаг шаардагдана. Одоо бол захын хүүхэд л зураг авч байна. Гэрэл зураг гэдэг бугуйн цаг бол¬чихож. Намайг анх гэрэл зургийн ертөнц рүү ороход зурагчдыг цэрэгт татдаггүй байсан.
-Яагаад?
-Зурагчин ховор. Кино опера¬тор, гэрэл зурагчдыг цэрэгт татах¬гүй. Тусгай албаны хүмүүс гэдэг байсан. Гэрэл зураг гэдэг чинь бие даасан нандин урлаг, бүхэл бүтэн шинжлэх ухаан. Сэтгүүлч хүн сайн бичиж болно. Харин гэрэл зурагчин тэр агшныг яаж харуулах вэ гэд¬гийг шийднэ, тийм үү.
-Гэрэл зургийн “амин сүнс” гэж нэг ойлголт бий. Таныхаар?
-Сэтгэхүй, нүд хоёр л байгаа юм. Би тэгж л ойлгодог.
-Та үүнд жишээ болохоор нэг зургаа нэрлэнэ үү?
-За байз. Баасан авгай нудар¬гаа зангидаад цагдаа руу дайрдаг зураг байдаг даа. Тэр л болов уу. Энэ зураг шагнал авч байсан.
Үндэсний шуудан 2009.03.21

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

0 comments:

Post a Comment